Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2017/00050

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 3 дугаар хороо, 44-А тоот байрны 01 тоотод байрлах, “Дүүрэн гялбуу” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгайн 6 дугаар гудамжны 15Б тоотод оршин суух, Боржигон овогт Төмөрхүүгийн Бадамгэрэлд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 525000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

          Нэхэмжлэгч “Дүүрэн гялбуу” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Бадамгэрэл 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тус компаниас 50 дугаартай зээлийн гэрээ байгуулан, 350.000 төгрөгийг барьцаагүй зээлж авсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хүү, зээлээ төлөөгүй.

          Иймд Т.Бадамгэрэлээс үндсэн зээл 350000 төгрөг, хүү 175000 төгрөг, нийт 525000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

          Нэхэмжлэгч “Дүүрэн гялбуу” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тунгалагтамир шүүхэд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэлийн шаардлага 525000 төгрөгнөөс 25000 төгрөгийг хасаж, 500000 төгрөгийг Т.Бадамгэрэлээс гаргуулж авмаар байна гэжээ.

            Хариуцагч Т.Бадамгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “Дүүрэн гялбуу” ХХК-иас 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 350000 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгч нэхэмжилсэн 525000 төгрөгнөөсөө 25000 төгрөгийг хассан байна. Үлдэгдэл 500000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сараас эхлэн сар бүр 100000 төгрөгийг төлж, 2017 оны 7 дугаар сард төлж барагдуулахаар харилцан тохиролцох хүсэлтэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч “Дүүрэн гялбуу” ХХК, хариуцагч Т.Бадамгэрэлээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 525000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 25000 төгрөгнөөс татгалзаж, 500000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 3 дугаар сараас эхлэн сар бүр 100000 төгрөгийг төлж, 2017 оны 7 дугаар сард төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь  хэсэгт  заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “Дүүрэн гялбуу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Бадамгэрэлд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 525000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 25000 төгрөгнөөс татгалзаж, 500000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 3 дугаар сараас эхлэн сар бүр 100000 төгрөгийг төлж, 2017 оны 7 дугаар сард бүрэн төлөхөөр зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16400 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 8200 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Т.Бадамгэрэлээс 8200 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид  олгосугай. 
  3. Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА