| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0689/Э |
| Дугаар | 0706 |
| Огноо | 2020-06-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 0706
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ө овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 0945 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Ө овгийн Б.Б, Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эцэг, эх, хоёр дүүгийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг, ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** дугаар орцны орчимд иргэн Б.Б-ийн автомашинаас буухдаа түүний эзэмшлийн “Самсунг А50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Ө овгийн Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр байрны ** дугаар орцны орчимд иргэн Б.Б-ийн автомашинаас буухдаа түүний эзэмшлийн “Samsung A50” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 450,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Иргэн Б.Б-ээс гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 1-2-р хуудас), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Ц-704 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 16-17 дугаар хуудас);
3. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 11-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** дүгээр байрны ** дугаар орцны гадна ирж Б-ыг буулгахад миний цагаан өнгийн “Samsung A50” загварын гар утас алга болчихсон бөгөөд тухайн үедээ хайгаад ололгүй салцгаасан. Дараа нь 2020 оны 04 дүгээр сард Б-тай фейсбүүкээр дүрсээ харалцан ярьж байхад Б-ын ашиглаж байсан утас нь яг миний алдсан гар утастай адилхан байсан. 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Б-ыг Улаанбаатар хотод ирэхээр нь ярьж байгаад байгаа газар нь буюу 5 шарын Залуус, ** дүгээр хорооллын ** тоотод хоёр цагдаагийн хамт очоод Б-ын ашиглаж байсан утсыг нь шалгаж үзэхэд миний гар утас мөн байсан. Би хулгайд алдагдсан цагаан өнгийн “Samsung A50” маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8 дугаар хуудас);
4. Шүүгдэгч Б.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 27 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 21 дүгээр хуудас),
5. Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...найз Х, Б нарын хамт дөрвүүлээ хамт А-ийн хийд рүү явсан бөгөөд хаалттай байхаар нь 20 цагийн үед буцаад Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, ** дүгээр байрны ** дугаар орцны харалдаа ирээд машинаас нь буухдаа Б-ийн арын суудал дээр байсан гар утсыг нөгөө гуравт мэдэгдэлгүйгээр нууцаар аваад орчихсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 38-39 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн талаар, хохирогч Б.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 199 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох “Samsung A50” загварын гар утсыг 450,000 төгрөгөөр үнэлсэн ба шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 450,000 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч Б.Б-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Б нь гар утсаа биет байдлаар буцааж авсан, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тогтоосон газарт эдлүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ө овгийн Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д хоёр зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас тогтоосон газарт өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоосугай.
4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА