Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оросоогийн Нарангэрэл |
Хэргийн индекс | 135/2016/01779/и |
Дугаар | 50 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 50
ХААН банкны Дархан салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2016/01779/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Энхжаргал, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 76 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч М.Д-, И.Э- нарт холбогдох
“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 8.391.214.90 төгрөг, зээлийн хүү 811.415.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31.734.50 төгрөг, нотариатын зардал 3000 төгрөг нийт 9.237.365.19 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг
Хариуцагч И.Э-ын давж заалдсан гомдлыг үндэслэн
2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранчимэг, хариуцагч И.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранчимэгээс:
М.Д-, И.Э- нар нь тус банкнаас 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ЗГ/3124 тоот зээлийн гэрээ байгуулж, 11,297,947 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 2,906,732.16 төгрөг, хүүнд 1,948,805.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5293 төгрөг, нийт 4,860,830.45 төгрөг төлсөн байна. Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг 2016 оны 03 сар хүртэл хэвийн төлж байгаад 2016 оны 04 дүгээр сараас хойш төлөлт хийгдээгүй байна.
Иймээс зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 8,391,214,90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 811,415.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 31,734.50 төгрөг, нотариатын зардал 3,000 төгрөг, нийт 9,237,365.19 төгрөгийг хариуцагч М.Д-, И.Э- нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Д-гээс:
2015 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ХААН банкнаас цалингийн зээл авсан. Зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлж байгаад 2016 оны 06 дугаар сараас зээл төлөлтөө хийж чадаагүй. Тухайн үед нэг байранд зэргэлдээ орцонд амьдардаг И.Э- ахыг гуйж хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед авсан зээлээ өөрийн хэрэгцээнд зарцуулсан. 2016 оны 09 сараас эхлэн ажил эрхлээгүй байгаа ба 2017 оны 1 сараас ажилд орохоор болсон. Тодорхой эрхэлсэн ажилтай болсон үедээ цалингийн зээлээ төлөх боломжтой болно. Өөрийн авсан цалингийн зээлээ би өөрөө хариуцаж төлнө гэжээ.
Хариуцагч И.Э-оос:
Миний бие М.Д-г танина, зэргэлдээ орцонд амьдардаг. 2015 оны 3 дугаар сард ХААН банкнаас цалингийн зээл авах гэж байгаа юм, та хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зураад өгөөч гэж гуйснаар нь гэрээнд гарын үсэг зурсан. Би мөнгийг авч, хэрэглээгүй тул ямар нэг байдлаар хариуцахгүй. М.Д- өөрөө хариуцна. Тухайн үед би ажилтай яарч байсан тул хэдэн төгрөгийн зээл авч байгааг ч мэдээгүй. Иймээс би энэ зээлийн гэрээнд хариуцлага хүлээхгүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 76 дугаар шийдвэрээр,
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан Хаан банк, М.Д-, И.Э- нарын байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/3124 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.Д-, И.Э- нараас нийт 9,234,365.19 төгрөгийг гаргуулж, Хаан банкны Дархан салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 162,748 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д-, И.Э- нараас улсын тэмдэгтийн хураамжид 162,699 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банкны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч И.Э- давж заалдсан гомдолдоо:
М.Д- нь охин Улаанбаатар хотод ажиллаж байгаа гэж гуйхаар нь зөвшөөрөөд зээлийн гэрээнд нь гарсан үсэг зурсан. Гэтэл тухайн үед 5.0 сая төгрөгийн цалингийн зээл авсан байсан ба энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг авч хэрэглээгүй, 5.0 сая төгрөг ч авсан гэж хэлээгүй. Одоо энэ төлбөрийг надаар төлүүлэх нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх зохигчдын дунд банкны зээлийн гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж, Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг маргаантай харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар нь хариуцагч М.Д-, И.Э- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9.237.365,19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хариуцагч И.Э- эс зөвшөөрч зээлийн мөнгийг би захиран зарцуулаагүй, хэдэн төгрөгийн зээл авсныг мэдээгүй гэх үндэслэлээр маргаж давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан зээлийн гэрээг шинжлэн судалбал И.Э- нь М.Д-гийн хамт банктай зээлийн гэрээ байгуулж зээлийн мөнгийг М.Д-гийн дансанд хийхийг зөвшөөрсөн нөхцөл болон зээлийн гэрээнээс үүдэлтэй хүлээх үүрэг хариуцлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж банкны өмнө зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болохоо баталж гарын үсэг зурсан байна.
Хамтран үүрэг гүйцэтгэгчид нь үүрэг гүйцэтгүүлэгчтэй зээлийг хэн хэдэн хувиар хариуцан төлөх талаар болон үүрэг гүйцэтгэх дарааллыг гэрээгээр тохиролцоогүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь үүрэг гүйцэтгэгч нараас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 болон 242.3 дахь хэсгүүдэд заасантай нийцэж байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хамтран зээлдэгч нь зээлдэгч М.Д-г хэдэн төгрөгийн зээл авч байгааг мэдээгүй 1 сая төгрөг авсан гэж ойлгосон гэх тайлбараа нотлоогүйгээс гадна түүний дээрх тайлбар нь хэргийн 9-12 дахь хуудсанд авагдсан зээлийн гэрээ эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтуудаар няцаагдсан байна.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хариуцагч И.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 76 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч И.Э-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.700 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.АМАРСАНАА
ШҮҮГЧИД С.ЭНХЖАРГАЛ
О.НАРАНГЭРЭЛ