Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван даргалж, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаартай “Ч.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд  ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай” шаардлага бүхий Ч.Г-н нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

               Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлээ  дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 10 дугаар сард Солонгос улс руу ар гэрийн нөхцөл байдлын улмаас яваад ирэх хүсэлтээ өөрийн биеэр Х.Г даргад тавьсан. Өргөдөл бичээд учир байдлаа хэлэхэд чамд чөлөө өгөхгүй гэж хэлсэн. Манай хүүхэд өмнө нь том хагалгаанд орсон өнгөрсөн хавар 12 дугаар анги төгсөөд хавар нь эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул үүний үндсэн дээр санхүүгийн асуудлаа шийдхээр виз өгсөн нь гарсан байсан. Би аймгийн Засаг даргад хүсэлтээ тавьсан аймгийн Засаг дарга намайг яваад ир гэсэн. Тэгээд би Солонгос улс руу яваад ирэхэд намайг ажлаас чөлөөлсөн байсан. Энэ талаар урд нь надад ярьж, мэдэгдэж байсан зүйл байгаагүй. Би 2017 оны 1 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод ирээд эмнэлэгийн ажлаар охиныхоо эмчилгээг хөөцөлдөөд Мөрөнд ирсэн. Тэгээд 2017 оны 01 сарын сүүлээр Х.Г даргатай орж уулзахад би чамайг ажлаас чөлөөлсөн байгаа гэж хэлсэн. Дараа нь 3 сард орж уулзахад чамд би тушаал төлөвлөсөн байгаа. Гэхдээ одоо алга эргээд 7 хоногийн дараа ир гэсэн. Би энэ байгууллагад 4-5 жил ажилласан болохоор арай ч эцсийн байдлаар ажлаас гаргачихгүй байлгүй дээ гээд учир байдлаа Х.Г даргад хэлэхэд чи явдаг газраараа яв гэсэн. Тэгээд 7-8 хоногийн дараа яваад очтол 3 сард бүтцийн өөрчлөлт гараад ажлын байр чинь байхгүй болсон гэсэн. Тэгэхээр нь би бүтцийн өөрчлөлт гараад ажил албан тушаал маань байхгүй болчихсон юм бол нэгэнт миний буруу юм чинь тэтгэмж аваад болъё гэдгээ хэлсэн. Намайг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгд гээд 5 дугаар сард намайг ороход Б/01 гэсэн тушаал өгсөн. Тэрнээс хойш би Төрийн албаны салбар зөвлөлд өргөдлөө гаргасан. Шүүхийн байгууллагаар явах эрх нээлттэй гэсэн учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний эрх ашиг хөндөгдөж байгаа учраас энэ байдлыг маань үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Захиргааны ерөнхий хуульд захиргааны үйл ажиллагааны зарчмыг заасан байгаа. Тус хуулийн 26 дугаар зүйл 27 дугаар зүйлд оролцогчийг сонсох ажиллагааг зааж өгсөн. Захиргааны байгууллага үйл ажиллагаанд заасан үндсэн зарчмын дагуу сонсох ажиллагаа явуулах нь тодорхой байна. Сонсох ажиллагаа явуулахдаа ямар сонсох ажиллагаа явуулах талаараа мэдэгдлээ хүргүүлээд мэдэгдлийн дагуу тухайн оролцогчийг сонсоод саналыг авах ёстой. Санал авах захиргааны байууллага бол тухайн шийдвэр гаргах үйл ажиллагаандаа тусгах болон тусгахгүй байх эрх нь нээлттэй байгаа. Төрийн албаны хуульд зааснаар сахилгийн шийтгэл бол цалингийн хувиас эхлүүлээд шийтгэл оногдуулах гэж заасан байгаа. Мөн хуульд зааснаар шат дараалсан арга хэмжээ авах шаардлагагүйгээр ч заасан байгаа. Үнэхээр хүүхдийн бие нь муу ийм байдалтай байгаа талаар сонсох ажилллагаа явуулаагүй. Учир байдлаа аймгийн Засаг даргад хэлэхэд явчихаад ирээ би Х.Г даргад учирлаад хэлье гэсэн байдаг. Сонсох ажиллагаа хийгдэх ёстой гэсэн зарчмийг зөрчсөн байна. Ч.Ганцэцэгийг төрийн албанд 1 жилийн хугацаагаар ажиллах эрхгүйгээр халсан тушаал байсан. 1 сарын сүүлээр Ч.Г, Х.Г даргын өрөөнд ороход тушаал танилцуулаагүй. 3 сард ороход өөрөө хүсэлтээ өгөх үү? гэсэн байдаг. 5 сард ороход тушаалыг нь гардуулж өгсөн байдаг. Үүнээс өмнө яагаад тушаал гардуулж өгөөгүй талаараа захиргааны байгууллага өөрөө тайлбарлах биз. Гэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг мэдэгдэх үүрэг захиргааны байгууллагад байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно гэж заасан байгаа. Мэдэгдэх ажиллагаа хийгдээгүй. Үүнээс гадна албан ёсны баталгаат шуудангаар мэдэгдэх ёстой байдаг. Ч.Г-т ямар нэгэн баталгаат шуудан ирээгүй учраас захиргааны актанд гомдол гаргахтай холбоотой хууль ямар нэгэн байдлаар зөрчигдөхгүй. 5 дугаар сард захиргааны актыг мэдэгдэх зарчмаар мэдэгдэж улмаар Ч.Г урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хангуулж шүүхэд хандаж байгаа энэ процесс бол хуульд заасан хугацааг зөрчихгүй. Ганцэцэг 2016 онд ямар нэгэн байдлаар үр дүнгийн үнэлгээ хийлгээгүй байна. Ямар нэгэн баримт алга гэсэн байгаа. Гэтэл хавтаст хэргийн 107-108 дугаар хуудсанд Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын Тамгын газрын даргад ирүүлсэн нотлох баримт байгаа. Үүнд 2016 онд Г үр дүнгийн үнэлгээгээр шилдэг ажилтан болсон байдаг. Хавтаст хэргийн 117 дугаар хуудсанд 250,000 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон баримт байгаа. Тэгэхээр 2016 онд үр дүнгийн үнэлгээ хийгээгүй гэдэг нь үндэслэлгүй байна. 2015 онд Г удирдлагын академд сурч байсан. 2017 онд хагас жилийн үр дүнгийн үнэлгээг үнэлүүлсэн харамсалтай нь үнэлгээ үнэлүүлсэн баримтан дотор байхгүй байгаа. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлэх журамд зааснаар тухайн үнэлгээг ажил олгогч баталгаажуулж өгсөн зүйл байхгүй. Гараар бичсэн үр дүнгийг гэрээ байсан. Ажлаас халж байгаа энэ факт нь үндэслэлгүй гэж үзээд маргаан үүсгэж байгаа. Нэхэмжлэлээ дэмжиж байгаа гэв.

               Хариуцагч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Г нь манай Төрийн захиргаа удирдлагын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан. Ингээд 10 сард Солонгос улсад явж ажиллах тухайгаа надад хэлсэн. Явж ажил хийнэ гэж хэлж байснаас хүүхдийн бие хаа өвдсөн талаар надад хандаж хэлээгүй. Аймгийн Засаг дарга төрийн албан хаагчийг Солонгос явахыг хориглосон үүрэг өгч байсан. Манай байгууллагаас Солонгос явах тухай хүсэлтийг Г анх удаа над дээр гаргасан. Чөлөө өгөхгүй үед ажил хаяж явбал хөдөлмөрийн дотоод журмын дагуу арга хэмжээ хариуцлага тооцно гэж хэлсэн. Жилийн эцэс болж байгаа тул ажил их байгаа талаараа сануулж хэлсэн. Г аймгийн Засаг даргад орж аргагүй байдлаа ярьсан юм байна лээ. Аймгийн Засаг дарга дараа нь надад хэлэхэд би нэгэнт өгсөн чиглэл байгаа хууль дүрмийнхээ дагуу явсан дээр байх аа гэдгээ хэлж байсан. Энэ хүн хэрвээ ажлаа таслаад явбал хариуцлага тооцогдох талаар хэлсэн. Г-ийг албан ёсны чөлөө аваагүй хүн явахгүй байх гэж бодож байтал Г ажилдаа ирэхгүй харагдахгүй байсан. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Цэнд-Аюушийг дуудаад Ганцэцэг ажилдаа ирсэн үгүйг асуутал Солонгос явсан гэсэн. Ц дарга өөртэй нь холбогдож хэлж байгаа талаараа надад хэлсэн. Явцын дунд Ц даргад би хэд хэдэн удаа уг асуудлаар тавьж байсан. 12 сарын орчим түүний аав Ч гуай надтай орж ирж уулзаад яах аргагүй энэ хүн ажлаасаа чөлөөлөгдөх нөхцөл байдал үүсэж байгаа юм байна. Ажлаас нь чөлөөлөөд нийгмийн даатгалаас тэтгэмж авах бололцоог нь хангаж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Би судлаж үзэх тухайгаа хэлсэн. Би 1 сарын 22 хүртэл Г-ийг хүлээсэн. Ц дарга над дээр орж ирэхэд нь ийм тушаал гаргаж байгаа талаар хэлсэн.  2 сард надтай ирж уулзаад тэр үед шийдвэрээ гаргасан тухайгаа хэлэхэд уйлаад гараад явсан. 3 сард орж ирээд чи өөрөө ч гэсэн охин хүүхэдтэй хүүхэд чинь яачиж яваа билээ гэж хэлсэн тэгээд маргаан үүсэж ярьж тохирох боломжгүй гэдгээ хэлсэн. Сонсох ажиллагааг би анхнаас нь өөрт нь сануулж хэлж байсан. Ингээд 5 сард мэргэжилтэн маань орж ирээд шийдвэрээ гардуулж өгсөн. Хэлтэсийн даргад нь бас удаа дараа хэлж байсан. Нэгэнт ажлаа таслаад хөдөлмөрийн дотоод журамд заасан дүрмийг ноцтой зөрчсөн. Удаа дараагийн ажлаа дүгнүүлээгүй байдал нь энэ хүнийг ажлаас гаргах зайлшгүй нөхцөл бий болгосон учраас шийдвэр гаргасан. Үр дүнгийн гэрээ дүгнэсэн асуудал тухайн ажлынхаа үр дүнг дүгнүүлэх нь журамд тодорхой туссан байдаг. Тэгэхээр энэ хүн бол ямар нэгэн шалтгаанаар тайлагнахгүй байх боломжгүй. Үр дүнгийн гэрээг 3 хувь үйлдэхийг, хувийн хэрэгтээ хийж баяжуулахыг шаарддаг. Үр дүнгийн гэрээг хувийн хэрэг дотроос нь авч хүргүүлсэн байгаа. Ч.Г-т эх хувь нь байгаа байх. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч  Ч.Г ”Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаартай “Ч.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгчээс “урьд  ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүсч, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.  

Шүүх, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Ч.Г-ийг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар  Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн эрх зүйн акт /шийдвэр/-ын биелэлтийн хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнийн үүрэгт ажлаас чөлөөлж, Төрийн захиргааний удирдлагын хэлтсийн сум, баг, агентлагийн бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн ёслолын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилон, ТЗ-5-3 дугаар шатлалаар цалинжуулж, урьд авч байсан нэмэгдлүүдийг үргэлжлүүлэн тооцож олгож байжээ.  /хх-99 дэх тал/

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаартай “Ч.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4,  Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, аймгийн ЗДТГ-ын  байгууллагын дотоод журмын 5.5.7 дахь заалтыг үндэслэн Ч.Г-ийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн сум, баг, агентлагын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн ёслолын асуудал хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан байна.

Маргаан бүхий актыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч: “...ажиллаж байх хугацаандаа ажил үүргээ алдаа зөрчил гаргаж байгаагүй бөгөөд ажил тасалсан тухайд намайг буруутгаж болох ч надад мэдэгдэлгүйгээр  ажлаас халсанд гомдолтой...” гэж,

 Хариуцагчаас маргаан бүхий актын үндэслэлийг “...Ч.Г нь  албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдлагын зөвшөөрөлгүй Солонгос улсад ажиллахаар явж, ажил тасалсан тул ноцтой зөрчил гаргасанд тооцон сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй” хэмээн  тус тус маргаж байна.

Нэг. "Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Ч.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/01 дугаартай тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэг. Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо Хөвсгөл аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандан  гаргаж, Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3/1455 дугаар албан бичгээр түүнд “ ... сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй, ... гомдолтой бол хууль хяналтын байгууллагад хандах эрх нээлттэй болно” гэсэн хариу өгснөөр нэхэмжлэгч Ч.Г нь Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн байна.

Хэдийгээр Ч.Г нь өмнө нь ажлаас халагдсан  тухайгаа мэдэж байсан гэх  болон 2018 оны 01 сарын 22-ны өдөр гарсан шийдвэрийг 2018 оны 05 сарын 21-ны өдөр гардаж авсан  боловч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч гомдлыг хянах эрх бүхий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсаны улмаас түүнд  2018 оны 7 сарын 02-ны өдөр хариу өгснөөр түүний шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэх бөгөөд түүнийг  гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй болно.

Өөрөөр хэлбэл: Төрийн албаны салбар зөвлөлөөс түүнд хариу өгсөн өдрөөс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээгдэж, тэр өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг эхлэн тоологдох учиртай.    

Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн сум, баг, агентлагын бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн ёслолын асуудал хариуцсан мэргэжилтэн  Ч.Г-ийн 2017 оны хагас жилийн үйл ажиллагааны үр, дүнгийн гэрээний биелэлтийг “Илтгэх хуудас”-аар үнэлэх дүгнэсэн /хх-139-147 дах тал/ гэх, түүнчлэн түүний үр дүнгийн гэрээний биелэлтэд хийсэн тухай” Хяналт-Шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дүгнэлтээр “... Ч.Г нь тайлант 2017 оны эхний хагаст болон оны эцэст Үр дүнгийн гэрээний биелэлтээ албан ёсоор тайлагнах тухай Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-д болон байгууллагын дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй байна”, “...хоёр улирал дараалан хариуцсан ажлын биелэлтийн тайлангаа журмуудаар тогтоосон хугацаанд тайлагнаагүй, улмаар ажлаа үнэлүүлж, дүгнүүлээгүй мэргэжилтэн Ч.Г-т ... хариуцлагын арга хэмжээ тооцох саналыг ... Төсвийн шууд захирагчид санал болгох нь зүйтэй” гэжээ. 

 Ийнхүү дээрхи дүгнэлтээ гаргахдаа хэрхэн дүгнэсэн талаар тодорхойгүй, тэмдэглэл үйлдээгүй, түүнчлэн гэрээний нэг тал болох Ч.Г-т энэ талаар мэдэгдээгүй, ажилтны ажлын байрны чиг үүрэгт заасан үүргээ хэрхэн гүйцэтгэсэн, үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн талаархи гүйцэтгэлийн баримтуудыг  шалгасан талаархи дүгнэлтээ эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулаагүй, мөн түүнчлэн  энэ талаар Ч.Г-т сонсгох, мэдэгдэх, тайлбар гаргаж өгөх, нотлох баримтууд цуглуулах эрхээр хангаагүй, Ерөнхий менежерийн баталгаажуулаагүй баримт буюу “илтгэх хуудас”-аар дүгнэсэн дүгнэлт гаргасан, үр дүнгийн  гэрээг дүгнэсэн тухай хамт олны  болон нэгжийн дарга нарын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүйгээр шууд хариуцлага тооцсон нь  тогтоогдож байна. /хх-107-100 дах тал/

Энэхүү дээрхи нөхцөл байдал Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам-ын 4.2-ын 4.2.2.-д “...Ерөнхий менежерт өгч баталгаажуулан”, 4.2.7-д “үр дүнгийн гэрээ дүгнэх, дүгнүүлэхтэй холбогдсон асуудлыг ... нэгжийн дарга нарын ... зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх буюу холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно” гэж заасантай нийцэхгүй байна.

Хариуцагч маргаан бүхий захиргааны акт буюу Ч.Г-т сахилгын шийтгэл оногдуулж үүрэгт ажлаас нь халсан тухай актыг гаргахдаа дээрхи үйл баримтын болон ...байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд заасан, дээр дурьсан  зохих заалтуудыг үндэслэл болгоогүй нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” зарчмыг зөрчжээ.

 Хариуцагчаас:  Ч.Г-ийг албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн  байх боловч  Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 7-д зааснаар “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор удаа дараа /2 ба түүнээс дээш/ биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь  баримтаар нотлогдохгүй байхад албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж ажлаас халсан нь үндэслэлгүй байна.

Мөн Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам-ын -ийн 6.5.2-д  “Үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж “F”  үнэлгээ авсан, үр дүнгийн гэрээг 2 удаа “Дутагдалтай” үнэлгээтэй дүгнүүлсэн тохиолдолд ажлаас халах үндэслэл болохоор зохицуулсан байхад энэхүү заалтыг  зөрчин,  хариуцагч өөрөө шууд ажлаас халахаар шийдвэр гаргасан нь  үндэслэлгүй. 

Хоёр: Ч.Г нь “... Солонгос явах нэрийдлээр зөвшөөрөлгүй ажил тасалсан нь хариуцагчийн тайлбар, ирцийн бүртгэл, гэрч Х.Ц-ийн тайлбар, мэдүүлгээр нотлогдож байх авч  “... байгууллагын хөдөлмөрийн дотоод журманд заасан “ноцтой зөрчил гаргасан” гэж үзэн ажил олгогчийн санаачлагаар албан тушаалаас нь халж сахилгын шийтгэл оногдуулсан…" гэж хариуцагчаас  тайлбарлах  боловч энэхүү дээрхи нөхцөл байдлыг хариуцагч захиргааны акт гаргахаасаа өмнө холбогдох эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байхад, маргаан бүхий захиргааны актаар сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас нь халсан тухай шийдвэрийг   түүнд  гардуулж өгсөн нь хууль бус байна.

Учир нь: Ч.Г-ийг “Ноцтой зөрчил гаргасан” гэж үзэн ажил олгогч өөрийн санаачлагаар сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай үйлдэл нь Төрийн албаны тухай хууль болон байгууллагын Дотоод журмыг зөрчин  хэрэглэсэн байх бөгөөд аливаа албан тушаалтаны үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, журмаар нийцүүлэн шийдвэр гаргах учиртай.

Тухайлбал: Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журам-ын 5.9-д “байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасан “Ноцтой зөрчил” гаргасан албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу төрийн албанаас халах”-аар зохицуулсан, мөн журмын 6.5.2-д “Ноцтой зөрчил”-д  тооцогдох бөгөөд уг зөрчил нотолгоожсон байх, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нь  Ёс зүйн хорооны хурлаар батлагдсан нөхцөлд ажлаас халах үндэслэл болно” гэсэн зохицуулалтыг зөрчиж хариуцагч өөрөө шууд тушаал  гаргасан нь хууль бус юм.

Иймд дээрхи хэргийн нөхцөл байдал болон холбогдох хууль, журмын  зохицуулалтуудаас үзэхэд нэхэмжлэгч Ч.Г-т сахилгын шийтгэл оногдуулж,  ажлаас халсан тухай Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаар тушаал /маргаан бүхий захиргааны акт/ нь хууль бус болох нь тогтоогдож байна.

Гурав. Иймээс дээрх маргааны үйл баримтууд болон шүүх хуралдааны оролцогчдын болон гэрчийн тайлбар, мэдүүлгээс дүгнэхэд:

 а/. Захиргааны байгууллага буюу хариуцагчийн үйл ажиллагаанд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчлэх бөгөөд түүнчлэн  Захиргааны  Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “ хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчмуудыг баримтлаагүй ;

б/.Захиргааны Ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачлагаар , ... шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэсэн заалтыг зөрчсөн зэрэг хуулийн заалтуудыг хэрэгжүүлэлгүйгээр  захиргааны акт гаргасан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, түүнийг эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр: Нэхэмжлэгчийн ...ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд;

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ... олгоно" гэж заажээ.

Иймд нэхэмжлэгч урьд авч байсан сүүлийн 12 сарын дундаж цалин хөлсийг тодорхойлоход 6.403.751 /хх-125хуудас,Ч.Г-ийн цалингийн карт/ төгрөг болох бөгөөд дундаж цалин хөлсийг сараар тооцоход 533.646 төгрөг болох ба түүний ажилгүй байсан бүх хугацаа /2018 оны 01 дүгээр сараас 22-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл/ 7 сар, ажлын 11 хоногийн дундаж цалин хөлсийг /533.646 х21,5 = 24.821 х 165 хоног/-оор тооцвол нийт 4.095.465  төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговор тооцогдох боловч нэхэмжлэгчээс 3.745.000 гаргуулахыг хүссэн тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд  шийдвэрлэв.

 Ч.Г-ийн 2014, 2015, 2016 онуудын Үр дүнгийн гэрээний биелэлт, түүнийг дүгнэсэн үзүүлэлтүүд, шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт, сэлт нь  маргаан бүхий захиргааны акт гаргахаас өмнө болсон үйл явдлыг нотлох бөгөөд тухайн маргаан бүхий захиргааны актыг хянах үндэслэлд хамааруулан үнэлээгүй болохыг дурьдаж байна.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дугаарт “Ч.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан буюу орон тооны цомхотголд орсон  уг албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажилд томилон ажиллуулахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г-т  даалгасугай.

            2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Г-ийн ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 22-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажлын 165 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин / төгрөг/-ийг  ажлын  өдрөөр тооцож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.745.000  /гурван сая долоон зуун дөчин таван мянган төгрөг/-ийн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож,  олгохыг хариуцагчид  даалгасугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ЭНХТАЙВАН