Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0702

 

 

 

 

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0702

Улаанбаатар хот

 

 

 

 

                                                         

                           “М.А.Т” ХХК-ийн

   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Р.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 692 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “М.А.Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 692 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М.А.Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “М.А.Т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан *А, **А, ***А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа болохыг тогтоож, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчээс гаргасан 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21/11 дүгээр хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу эрдсийн хуримтлал бүхий талбайг дүйцүүлэн олгохыг хариуцагчид даалгаж”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 692 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүрэн хангаж, Засгийн газарт талбайг дүйцүүлэн олгохыг даалгаж шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр хуульд нийцэхгүй байна.

1. Маргаж буй асуудлаар өмнө нь 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2021 оны 45 дугаар тогтоолын 22-т хэргийг хэрхэн дүгнэсэн тухайд.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 9.1.13-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж зааснаас үзэхэд, нэгдүгээрт, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хуульд заасан тодорхой зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа тохиолдолд улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон Энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож боломжтой. Нэхэмжлэгчийн дурдсан тусгай зөвшөөрөл бүхий талбайг хуульд заасан (үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах) зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах үйл ажиллагаа болоогүй, харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан газарт хамаарсан учир цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдал үүссэн буюу өөр талбайг дүйцүүлэн олгох хуульд заасан нөхцөл үүсээгүй тул хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх боломжгүй, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна” гэжээ.

Дээрх дүгнэлтээр Улсын дээд шүүхээс талбайг дүйцүүлэн олгуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй байгааг анхан шатны шүүхээс дахин шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

2. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй этгээд нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нөхөн олговор гаргуулахаар төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх ёстой. Харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд талбайг дүйцүүлэн олгох шийдвэр гаргах эрх хэмжээг Засгийн газарт олгоогүй байхад шийдвэр гаргахыг даалган шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

3. Шүүх нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй тухайд.

Нэхэмжлэгчийн Засгийн газарт хүргүүлсэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх тодруулгыг шүүх хуралдааны явцад яригдсан ч энэ талаар нэмэлт нотлох баримтыг хэлэлцэж, бүрдүүлээгүй.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 692 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.

Тухайлбал Улсын Их Хурлаас 2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг баталж, Засгийн газрын 2010 онд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөх олговор олгох журам”-ыг баталсан. 

Урт нэртэй хуулийн үйлчлэлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн нөхөх олговрын асуудлыг төрөөс дээрх журмаар зохицуулсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн заалтад хамруулан нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор Улсын Их Хурал, Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2-т заасан улсын тусгай хэрэгцээнд авсан тохиолдлууд хамааруулан ойлгож Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг хэрэглэж байгаа тул энэхүү шүүхийн шийдвэр нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг баримтлан шийдвэрлэсэн Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолын шийдвэрээр хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авсан тохиолдолд нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр эрдсийн хуримтлал бүхий талбайг нөхөх олговрын хэлбэрээр олгох зохицуулалттай тул нэхэмжлэгч компанийн урт нэртэй хуульд хамрагдсан 3 тусгай зөвшөөрлийн хувьд хуулийн үйлчлэлд хамаарагдах хууль зүйн боломжгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 692 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “М.А.Т” ХХК-иас “ “М.А.Т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан *А, **А, ***А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа болохыг тогтоолгох, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчээс гаргасан 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21/11 дүгээр хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу “эрдсийн хуримтлал бүхий талбайг дүйцүүлэн олгох”-ыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага бүрийг нягтлан шалгаж үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

1. Нэхэмжлэгчийн “ “М.А.Т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан *А, **А, ***А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 510 дугаар шийдвэрээр “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.А.Т” ХХК-иас Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт тус  тус холбогдуулан гаргасан М.А.Т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан *А, **А, ***А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох, “М.А.Т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан *А, **А, ***А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан атлаа Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг өөрчлөн найруулсныг үндэслэн, мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу “...эрдсийн хуримтлал бүхий талбай”-г тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай дүйцүүлэн олгох шийдвэр гаргахгүй байгаа Монгол Улсын Засгийн газар болон Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, “М.А.Т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан *А, **А, ***А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайг төрийн мэдэлд шилжүүлэн авсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 болон мөн хуулийн 11.1.19-т заасны дагуу “...эрдсийн хуримтлал бүхий талбай” дүйцүүлэн олгох шийдвэр гаргахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор мөн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээрх 45 дугаар тогтоолд дүгнэсэнчлэн нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт Толгойтын эх нэртэй ***А тоот тусгай зөвшөөрлийн 376 га, Хөшөөт нэртэй **А тоот тусгай зөвшөөрлийн 25 га, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт Харганат-2 нэртэй *А тоот тусгай зөвшөөрлийн 46 га талбайнууд нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэсэнд хамаарч, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, талууд уг үйл баримттай маргаагүй байна.

 Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6-д Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх ба холбогдох журмыг Засгийн газар тогтоохоор хуульчилсны дагуу Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ыг батлан гаргасан, нэхэмжлэгч нь уг журамд заасан хугацаанд багтааж нөхөх олговор авах хүсэлтээ хариуцагч захиргааны байгууллагад гаргасан боловч өнөөдрийг хүртэл тухайн хүсэлтийг шийдвэрлэж ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь тогтоогдсон, дээр дурдсан тусгай зөвшөөрлүүд нь хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа зэрэг үйл баримтуудаас үзвэл *А, **А, ***А тусгай зөвшөөрлүүдэд хамаарах талбайн нөхөн олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Иймд анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангасан нь зөв байна. 

2. “Нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчээс гаргасан 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21/11 дүгээр хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу “эрдсийн хуримтлал бүхий талбайг дүйцүүлэн олгох”-ыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” шаардлагын тухайд.

Нэхэмжлэгчээс Монгол Улсын Засгийн газарт хандан 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 23/11 дүгээр албан бичгээр “...*А, **А, ***А дугаартай тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг үндэслэн эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн тусгай зөвшөөрөл олгож, нөхөн олговрыг шийдвэрлүүлэх”-ээр хүсэлт гаргасан, давж заалдах шатны шүүх хуралдаанд “... нөхөн олговрыг мөнгөн хэлбэрээр биш, талбайг дүйцүүлэн авах хүсэлтэй” байгаагаа илэрхийлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтооно.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн, 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэж заасан.

Улсын дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаар тогтоолоор эзэмшиж байсан *А, **А, ***А дугаартай тусгай зөвшөөрлийн талбайнуудыг хуульд заасан (үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах) зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авах үйл ажиллагаа болоогүй, харин Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан газарт хамаарсан учир цаашид үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдал үүссэн буюу өөр талбайг дүйцүүлэн олгох хуульд заасан нөхцөл үүсээгүй талаар тодорхой дүгнэсэн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, дээр дурдсан тусгай зөвшөөрлүүдийн нөхөн олговорт Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасныг үндэслэн “... эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн тусгай зөвшөөрөл олгох” эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй, дурдсан тусгай зөвшөөрлүүдийн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасан зохицуулалтад хамаарахааргүй, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан газарт хамаарсан талбайн нөхөн олговорт “... эрдсийн хуримтлал бүхий талбайгаас дүйцүүлэн тусгай зөвшөөрөл олгох” хуулийн зохицуулалт байхгүй тул шүүх хариуцагчид нэхэмжлэгчээс гаргасан 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21/11 дүгээр хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу эрдсийн хуримтлал бүхий талбайг дүйцүүлэн олгуулах байдлаар хууль зөрчин шийдвэр гаргахыг даалгах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Түүнчлэн хариуцагчаас шүүх хуралдаанд “... холбогдох хуулийн дагуу нөхөн олговор авах асуудал нээлттэй” гэж тайлбарлах ба нэхэмжлэгч нь дээрх тусгай зөвшөөрлүүдэд хамаарах талбайн нөхөн олговрыг авах асуудлаар холбогдох захиргааны байгууллагад хандаж шийдвэрлүүлэх эрхийг үүгээр хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 70200 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 70200 төгрөг, нийт 140400 төгрөг төлсөн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд нэхэмжлэл бүрэн, эсхүл хэсэгчлэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 692 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан “М.А.Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “ “М.А.Т” ХХК-ийн хууль ёсоор эзэмшиж байсан *А, **А, ***А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн талбайн нөхөн олговор олгох эрх зүйн харилцаа үргэлжилж байгаа болохыг тогтоож, хүлээн зөвшөөрч, үлдэх “Нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчээс гаргасан 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21/11 дүгээр хүсэлтийг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу эрдсийн хуримтлал бүхий талбайг дүйцүүлэн олгохыг Монгол Улсын Засгийн газарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, Р.Э нарын гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэнхэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөншүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

 

             ШҮҮГЧ                                                                        Д.БААТАРХҮҮ

 

             ШҮҮГЧ                                                                        Н.ДОЛГОРСҮРЭН