| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0136/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/137 |
| Огноо | 2020-04-23 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2020/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч С.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2038001820160 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Б-,
Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Бага хар ус” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газрын жагсаалтанд орсон Хөвсгөл нуурын мөс цоолж торж тавьж зөвшөөрөлгүйгээр амьтан буюу хадран нэртэй 18 ширхэг загасыг агнаж амьтны аймагт 180.000 /нэг зуун наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөлаймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Бага хар ус” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газрын жагсаалтанд орсон Хөвсгөл нуурын мөс цоолж торж тавьж зөвшөөрөлгүйгээр амьтан буюу хадран нэртэй 18 ширхэг загасыг агнаж амьтны аймагт 180.000 /нэг зуун наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038001820160 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл нуурын баруун эргээр хяналт хийж явахад бага Хар ус гэх газар Рэнчинлхүмбэ сумын иргэн С.Б- нь далай дээр мөсийг цоолж цооллого гаргаж тор тавьж загас агнасан, загас барьдаг тороо буцаагаад тавьж байхад нь гаргасан зөрчил дутагдлыг нь хэлж тайлбарлаж өгөхөд үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн. Шалгалтаар надтай хамт явсан байцаагч Ж.А- бид хоёр 18 ширхэг хадран загас, нэг ширхэг загас барьдаг торыг тэмдэглэл үйлдэн хурааж авсан. ... Улсын байцаагч Ж.А-, зөрчил гаргасан С.Б-, бид нарыг байж байхад араас нь нэг залуу ирсэн тэр залууг С.Б- таньж байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 24- 26-р хуудас/
Гэрч Ж.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн“...би 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын даргын баталсан 02-р дугаар удирдамжийн дагуу Байгалийн цогцолборт газрын Хөвсгөл нуурын баруун эргээр хяналт шалгалтыг байгаль хамгаалагч Т.Д-ын хамт хяналт шалгалт хийж явахад Хөвсгөл нуурын баруун эрэг "Бага хар ус” гэх газарт Рэнчинлхүмбэ сумын иргэн С.Б- нь нуурын мөсөн дээр цооллого гаргаж тор тавьж 18 ширхэг Хадран загас барьсан зөрчил илрүүлсэн юм” гэх мэдүүлэг,/хх- ийн 29-30-р хуудас/
Гэрч Д.Т-гийн өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өглөө гэртээ байж байхад манай хадам ах болох С.Б- нь хоёулаа далай дээр гарч загасны сэтик татья цуг яваад өгөөч гэж манай гэрт орж ирсэн. Би гэрийн гадаа байсан Шаахай залгасан мотоциклио асаасан С.Б- ах миний шаахайтай мотоциклийн шаахай хэсэг дээр нь Хүрз, сүх, лоом, шуудайг гэрээсээ авчирч ачсан 3 би цуг далай руу сэтик татахаар явсан. ...би нөгөө талаас харж байхад торноос загасаа гаргаж ирээд шуудайнд хийгээд байсан би тоо ширхэг нь мэдэхгүй байна. Намайг үзүүрт уяа залгаад бариад байж бай гэсэн би бариад зогсож байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-36-р хуудас/
Шүүгдэгч С.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... битороор 18 загас агнасан бол үнэн. Би тороо татаж 18 загас агнаад уутанд хийчихээд байж байхад тусгай хамгаалалтын газрын хүмүүс ирсэн. Би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.Д.Т- бол оролцоогүй. Нөгөө талын цооног дээр сууж байсан. Ямар ч загас агнах гэсэн ойлголтгүй хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн4-р тал/ Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагааоршин суугаа газрын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуулас, /хх-ийн 60-63-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэншалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэргээс үзэхэд Шүүгдэгч С.Б- нь 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх “Бага хар ус” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газрын жагсаалтанд орсон Хөвсгөл нуурын мөс цоолж, тороор зөвшөөрөлгүйгээр амьтан буюу хадран нэртэй 18 ширхэг загасыг агнаж, амьтны аймагт 180.000 /нэг зуун наян мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнмэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлгээр батлагдсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалдүндэслэн Шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж, амьтны экологи-эдийн засагт 180.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг нөхцөл байдал нь гэмт хэрэггарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч С.Б- ньамьтны экологи-эдийн засагт учруулсан хохирлоо барагдуулж эвлэрлийн гэрээ байгуулсанг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанааршинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч С.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт 5 зааснаар шүүгдэгч С.Б-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хадран нэртэй 18 ширхэг загасыг устгасан болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сетик торыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038001820160 дугаартай битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч М овогт Сгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хууль бусаар ан агнах” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай 24.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч С.Бид хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хадран нэртэй 18 ширхэг загасыг устгасан болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сетик торыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Эрүүгийн 2038001820160 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР