| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0139/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/145 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Т.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.О-од холбогдох эрүүгийн 2038001220171 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Т.О-,
Шүүгдэгч Т.О- нь хохирогч С.О-ын итгэмжлэн хариуцуулсан хонь, ямаа нийлсэн 735 тооны бог малаас 2019 оны 9 дүгээр сарын 29-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын хоороонд 30 тооны хонь, 9 тооны ямааг завшиж 2.790.00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.О- нь хохирогч С.О-ын итгэмжлэн хариуцуулсан хонь, ямаа нийлсэн 735 тооны бог малаас 2019 оны 9 дүгээр сарын 29-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын хоороонд 30 тооны хонь, 9 тооны ямааг завшиж 2.790.00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038001220171 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч С.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-нд би өөрийн малаа тус сумын 3 дугаар багийн иргэн Т.О- гэдэг хүнд хонь 314, ямаа 421 нийт 735 ширхэг малыг хөлсөөр маллуулахаар хүлээлгэн өгсөн. Энэ хүнд сарын цалин хөлс 400.000 төгрөг өгөхөөр тохирсон. Эхний 1 сар буюу 09 сарын цалин гээд 400.000 төгрөг бэлнээр Т.О-од өгсөн. 10 сард эхнэр Уранбаярт 200.000 төгрөг цалин хөлс гэж өгсөн. Мөн Т.О- жолооны курст сууж байгаа гээд мөн цалин хөлсөнд нь тооцож аймгийн БХТН-ийн жолооны багшид 180.000 төгрөг шилжүүлсэн. Мөн өөрийнхөө малнаас 1 эр ямааг алж өгсөн. Т.О- нь манай нөхрийн эзэмшлийн пронтер маркийн машиныг зарчих гэхээр нь би энэ хүнд тэгвэл чи цалин хөлснөөсөө 200.000 мянган төгрөгийг суутгаад 2 жилд манай малыг хар гэж хэлэхэд Т.О- өөрөө хүлээн зөвшөөрсөн. Одоо болтол манай машиныг Т.О- эзэмшиж байгаа. Мал хүлээлгэж өгсөнөөс хойш 12 дугаар сарын 01-ний үед би малаа тоолж үзэхэд 6 хонь 2 ямаа дутсан байсан. Дараа нь бас 12 дугаар сарын сүүлээр манай хүү Т.О-ын очоод малаа тоолоход 15 хонь дутсан байсан. Тэгээд 02 сарын 01-нд тоолоход нийт 36 хонь, 20 ямаа зэрэг дутсан байсан...Т.О- 2.500.000 төгрөгийн хохирол өгсөн. Үлдэгдэл 290.000 төгрөгийг мал маллуулсан цалинд суутгаж байгаа болохоор бид нарын хооронд хохирлыг бүрэн бүтэн хүлээж авсан” гэх мэдүүлэг./хх-ийн 12-16-р хуудас/
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манайэхнэр Т.О-ынд очоод малаа тоолж үзэхэд 36 хонь, 19 ямаа дутлаа гэж хэлсэн. ...2019 оны 09 дүгээр сард Т.О-од мал хүлээлгэж өгсөнөөс хойш 2020 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд 19 тооны ямаа, 36 тооны хонь алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/
Гэрч Д.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн Түмэнбилэг гэдэг хүний хүүхдүүдийн нэг нь нэрийг нь сайн мэдэхгүй байна. Мөн бэр нь гэх Д- хамт явж байсан. Д-ы нөхрийн нэрийг нь сайн 3 мэдэхгүй нутгийн хүмүүс Ааяа гэж дууддаг тэр хүн хамт явж байсан. Нөхөр нь машинаас бууж ирээд машины арын хаалгыг онгойлгоод “та энэ хонио буулгаж аваарай” гэж хэлэхээр нь би уг 2 тооны хонийг аваад малынхаа хашаа руу хийсэн. Би малын мөнгийг нь өгөхдөө Д- нь машиныхаа цонхыг бага зэрэг онгойлгохоор нь тэр завсараар нь 140.000 төгрөг өгөөд би буцаад гэртээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/
Шүүгдэгч Т.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Бинагац эгч С.О- хүргэн ах Ц.Б- нараас хонь ямаа нийлсэн 725 малыг 2019 оны 09 дүгээр сард хүлээж авсан. Тэгээд би малаас нь 2019 оны 11 дүгээр сарын дунд үед мал мах авч байгаа гээд Улаанбаатар хот руу тууж явсан 2 хүнд 28 хүнь, 9 ямааг өгч нийт 2.500.000 төгрөгөөр өгсөн. Одоо тэр хүмүүсийн утас, нэрийг мэдэхгүй. Тэгээд 2019 оны 12 дугаар сард С.О- эгч хүүгийн хамт ирж тоолсон. Ингэж тоолохоос өмнө зарсан өөрийн 28 хонь, 9 ямааг улаан охор түрлэж гүйцээсэн. Ингээд 2020 оны 01 дүгээр сард өөрийн малаа буцааж шар өнгөөр будаж тэмдэглэсэн. 2020 оны 01 дүгээр сард Д.С- гэдэг хүнд 2 төлөг нийт 140.000 төгрөгөөр зарсан. 2019 оны 11, 12 сард нийт 16 хонь Ц.Б-, С.О- ахын малаас чононд идүүлсэн. Би Д.С- гэдэг хүнд 6 хонь зарсан гэж, Д- эгч ямаа ач гээд байсан гэж Ц.Б- ахаас айхдаа буруу ярьсан байсан. Одоо би яг үнэн зөв мэдүүлж байна. 2020 оны 02 дугаар сард С.О- эгчтэй тоолсон чинь 46 хонь 9 ямаа дутсан, Тэгээд 16 хонь чононд идүүлсэн юм байна гээд 30 хонь, 9 ямааг төлж өгөхөөр болсон. Би 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр С.О- эгчид төгрөг бэлнээр тоолж өгч эвлэрлийн гэрээ хийсэн. Хохирлын үлдэгдэл 290.000 төгрөгийг С.О- эгч мал хариулсан хөлсөндөө тооцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн4-р тал/ Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 55-56-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагааиргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-72-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргээс үзэхэд Т.О- нь 2019оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын хоороонд хохирогч С.О-ын итгэмжлэн хариуцуулсан 30 тооны хонь, 9 тооны ямааг завшсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнмэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчийн мэдүүлгээр батлагдсан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хууль бус шинжтэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалдүндэслэн шүүгдэгч Т.О-ын гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг нөхцөл байдал нь гэмт хэрэггарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Т.О- ньхохирогч С.О-ын 2.790.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч гомдол саналгүй болсон тухай мэдүүлэг, эвлэрлийн гэрээ /хх-ийн 60/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанааршинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн 5 хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Т.О-ыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Т.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038001220171 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Тийн Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Тийн Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Т.Оод хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2038001220171 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Оод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР