Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2017/00077

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын задгай 10 тоотод оршин суух, Урианхад овогт Бадарчийн Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгийн хүсэлтээр төрийг төлөөлж прокурор Ж.Бүрэнжаргал 

Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороонд байрлах, 142 дугаар цэцэрлэгт холбогдох сонсголын аппаратны үнэ 6500 доллар буюу 16.263.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

          Нэхэмжлэгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний охин Р.Халиун сонсголын болон хэл ярианы бэрхшээлтэй эмнэлэгийн хяналтанд байдаг. Бид охиноо бусад хүүхдийн адил сонсголтой болгохоор 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дунгийн суулгацын хагалгаанд оруулж, Австри улсаас ирсэн эмч нараар чихэн дотор нь гадны биет суулгасан.

           Мөн охиныхоо чихний гадна байрлах сонсголын аппаратыг 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр эмчилгээ хийлгүүлэн тавиулсан. 2014-2015 оны хичээлийн жилд 142 дугаар цэцэрлэгийн Г.Баярцэнгэл, Б.Эрдэнэцэцэг багш нартай бэлтгэлийн “Б” бүлэгт явж байгаад чихний гадна аппаратаа 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ангидаа алга болгосон бөгөөд ангийн багш нар ор хөнжлийн араар унасан байх гээд хайсан боловч олдоогүй.

           Тухайн сонсголын аппарат, хагалгааны нийт 12.000 долларын үнэтэй ба гадна талын алга болсон аппарат 6500 долларын үнэтэй юм. Алга болсон аппаратны үнийг ангийн багш нар хуваалцаж төлнө гэснээ одоо болохоор төлөхгүй гээд байна.

          Иймд аппаратны үнэ болох 6500 доллар буюу 16.263.000 төгрөгийг Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгээс гаргуулж өгнө үү, гэжээ. 

          Нэхэмжлэгч Б.Наранцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Бид ярилцаад, миний зүгээс нэхэмжлэлийн шаардлага 16.263.000 төгрөгнөөс 14.963.000 төгрөгийг хасаж, 1.300.000 төгрөгийг Багануур дүүргийн 142 дугаар цэцэрлэгээс гаргуулж авмаар байна, гэжээ.

            Хариуцагч 142 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярцэнгэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ багасгаж нэхэмжилсэн чихний аппаратны үнэ 1.300.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

          Прокурор Ж.Бүрэнжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Прокурорын байгууллагын тухай хуулийн 16, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу Б.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт төрийг төлөөлж оролцож байна. Нэхэмжлэгч Б.Наранцэцэг, хариуцагч 142 дугаар цэцэрлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярцэнгэл нар харилцан тохиролцон эвлэрч, гэрээ байгуулсан байх тул прокурорын зүгээс татгалзах зүйлгүй гэв. 

ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч Б.Наранцэцэг, хариуцагч 142 дугаар цэцэрлэгээс сонсголын аппаратны үнэ 6500 доллар буюу 16.263.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 14.963.000 төгрөгнөөс татгалзаж, 1.300.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч чихний апапаратны үнэ 1.300.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь  хэсэгт  заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Б.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч 142 дугаар цэцэрлэгт холбогдох сонсголын аппаратны үнэ 6500 доллар буюу 16.263.000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 14.963.000 төгрөгнөөс татгалзаж, 1.300.000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч чихний аппаратны үнэ 1.300.000 төгрөгийг төлөхөөр зохигчид харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.265 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 119632 төгрөг 50 мөнгийг улсын төсвөөс, хариуцагч 142 дугаар цэцэрлэгээс 119632 төгрөг 50 мөнгийг гаргуулан, нэхэмжлэгчид  олгосугай. 
  3. Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА