Захиргааны хэргийн давж шатны шүүх - Анхан шатны журмаарийн Шийдвэр

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 221/ШШ2018/0010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И з н нам.

Хариуцагч: Сонгуулийн ерөнхий хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож, И з н намаас Монгол улсын Их хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд  дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн И з н намыг бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И з н нам  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...И з н намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний хороо 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хуралдаад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дангаар оролцохоор шийдвэрлэсэн.

Улмаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дангаар оролцохоор шийдвэрлэсэн тогтоолыг Улсын Их Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн.

Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “Аль нэгэн нам, ... гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно”, 19 дүгээр зүйлийн 1-д заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”. 2-т “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. ..” заалтыг үл тоомсорлон Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсгийн үндэслэн И з н намыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзав.

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн Их суудлын хуралдаанаар “...Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах эрхтэй төрийн байгууллага атал түүнд улс төрийн нам, эвслийг өмнөх сонгуулийн зардлын тайланг ирүүлээгүй, хугацаанд нь ирүүлээгүй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзаж сонгуульд оролцох эрхийг хасах эрх хэмжээг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтаар олгосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна...” гэж үзээд “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “...Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэснийг хүчингүй болгосугай гэсэн шийдвэрийг зөрчжээ.

Сонгуулийн зардлын тайлан нь сонгуульд оролцсон улс төрийн нам, тус намаас нэр дэвшин оролцсон нэр дэвшигчийн тайлан гэсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа.

Тус намыг сонгуульд оролцуулахыг бүртгэхээс татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, шүүхийн шатанд үүссэн маргаанаас хамааран, хугацаа ихээхэн алдсаны улмаас Намын сонгуулийн зардлын дансанд нэг ч төгрөгийн орлого орж, зарлага хийгдээгүй, нэр дэвшигч бүр өөрийн нэр дээр нээсэн дансаар сонгуулийн орлого, зарлагын гүйлгээг хийсэн юм.

Тухайлбал намын дарга Ц. Г миний бие 2016 онд И з н намаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 64 дүгээр тойрогт нэр дэвшин, сонгуулийн зардлын данс нээж, Улсын Их Хурлын сонгууль явагдсаны дараа Сонгуулийн зардлын тайлангаа “Б а” ХХК байгууллагаар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр баталгаажуулан Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн.

Намын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Х Сонгуулийн хуульд заасан хугацаанд намын зардлын дансны гүйлгээний мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэлгүй хариуцлага алдсан учраас И з н нам  Үндэсний хорооны хурлаараа хариуцлага тооцон, намын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт албан тушаалаас огцруулсан.

Намын хариуцлагагүй ажилтны алдаанаас болж бусад гишүүд болон ирээдүйн гишүүд, дэмжигч нарын ардчиллын үнэт зүйл болох сонгох, сонгогдох эрх нь хязгаарлагдах ёсгүй юм.

Сонгуулийн ерөнхий хороо нь төрийн сонгуулийг зөв удирдан зохион байгуулахдаа Монгол Улсын Үндсэн хуулийг мөрдөн ажиллах төрийн үйлчилгээний байгууллагынхаа эрх хэмжээг хэтрүүлэн улс төрийн намыг Монгол Улсын Их хурлын нөхөн сонгуульд оролцох эрхийг нь эдлүүлэхгүй И з н намыг хохироосон явдал боллоо.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 тоот тогтоолыг эс зөвшөөрч, уг тогтоолыг хүчингүй болгон, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно”, 19 дүгээр зүйлийн 1-д заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. 2-т, Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. ...” заалтыг хэрэгжүүлэн И з н намыг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...И з н намаас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 76 дугаар тогтоолоор И з н намыг Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн. Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар сонгуульд оролцсон нам, эвсэл нь санал хураалт явагдаж дууссан өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайлан гаргаж, Сонгуулийн төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй юм. Гэтэл И з н нам нь Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцсон сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд тус хороонд ирүүлээгүй.

Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” гэж заасан. Иймд Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолоор И з н намыг Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан болно.

2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5-д заасан дээрх заалтыг хүчингүй болгосон эсхүл Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцээс уг заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар ямар нэгэн дүгнэлт байхгүйг дурдах нь зүйтэй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

И з н намаас:

 1/ Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,

2/ И з н нам аас Монгол Улсын Их хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд  дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн И з н намыг бүртгэхийг даалгах гэсэн 2 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх дээрх шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

1. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Маргаан бүхий Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 22 дугаар тогтоол нь “Бүртгэхээс татгалзах тухай” тогтоол байх бөгөөд И з н намыг Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан байна.

И з н намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний хороо 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хуралдаад Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дангаар оролцохоор шийдвэрлэсэн. Улмаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дангаар оролцохоор шийдвэрлэсэн тогтоолыг Улсын Их Хурлын сонгуульд оролцохоор бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн хамт Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

2005 оны Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” нам, эвслийг бүртгэхээс татгалзах тухай зохицуулалт байжээ. Энэхүү заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор  хүчингүй болгосон байна. Уг тогтоолд  дээрх заалтыг “Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “...Аль нэг нам, ...гишүүний хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэж байжээ.

Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт “Хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй бол тухайн нам, эвсэл, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй” хэмээн өмнөх хуулийн заалтыг агуулгын хувьд дахин сэргээн баталсан байна. Хуулийн энэхүү заалтыг баримтлан Сонгуулийн ерөнхий хороо маргаан бүхий 22 дугаар тогтоолыг гаргасан нь буруу.

Учир нь Сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” хэмээн эрх зүйн эх сурвалжийг заажээ. Дээд эрэмбийн буюу илүү хүчин чадал бүхий эрх зүйн эх сурвалж нь энэ тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль байна. Иргэд сонгуульд оролцох санал өгөх, нэр дэвших гэдэг нь Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж буй баталгаа болж буй бөгөөд энэ тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо иргэдийн эрхээ тэгш, жигд, хэрэгжүүлэх баталгаа болж,  эрхийн эдлэх зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэх юм. Хэрвээ Сонгуулийн ерөнхий хороо энэ үүднээсээ асуудалд хандсан бол 22 дугаар тогтоолыг гаргахгүй, харин И з н намыг бүртгэсэн шийдвэр гаргах боломжтой байжээ.

2. И з н намаас Монгол Улсын Их хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд  дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн И з н намыг бүртгэхийг даалгах шаардлагын тухайд:

Монгол Улсын Их хурал 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”  62 дугаар тогтоолыг гаргасан байна. Уг тогтоолоор нөхөн сонгуулийг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг мөн оны 10 дугаар сарын 07-ны өдрөөр тогтоосон байна. И з н нам  нь энэхүү 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр явагдах нөхөн сонгуульд оролцохыг хүсэж, энэхүү “бүртгэхийг даалгах” гэсэн шаардлагыг гаргаж байна.

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 сарын 22-ны өдрийн 10 дугаар дүгнэлтээр “Монгол Улсын Их хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна” гэж дүгнэсэн. Улмаар Монгол Улсын Их хурлын 62 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ.

Өөрөөр хэлбэл, И з н намын оролцохыг хүсэж байгаа, бүртгүүлэхийг хүсэж байгаа “42 дугаар тойргийн нөхөн сонгууль” явагдах эрх зүйн үндэслэл болсон Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол нь өөрөө түдгэлзсэн байна. Иймд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо одоогоор И з н намыг бүртгэх үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.

Иймд И з н намаас Монгол Улсын Их хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд  дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн И з н намыг бүртгэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13, 112 дугаар зүйлийн 112.1.3, 113.1, Сонгуулийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.6-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И з н намын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн “Бүртгэхээс татгалзах тухай” 22 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх “И з н намаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд дангаар оролцохоор бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн И з н намыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэх” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч И з н намаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                           ШҮҮГЧ                                                  Э.ЗОРИГТБААТАР

                           ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН

                           ШҮҮГЧ                                                  О.НОМУУЛИН