Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0698

 

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0698

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

                  Я.Э-ийн нэхэмжлэлтэй

                                                захиргааны хэргийн тухай

 

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, гуравдагч этгээд Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын өмгөөлөгч А.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 658 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Я.Э-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 658 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 60 дугаар зүйлийн 60.1.4, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Я.Э-ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасанНийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн 22-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо: Миний бие С.Э нь Я.Э-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 658 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Я.Э нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Барилгачдын 4 дүгээр гудамж, 87а тоот хаягт байрлах газрыг газар эзэмших эрхийн 010440502 тоот гэрчилгээний дагуу эзэмшиж, өмчлөх хүсэлтээ 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 16:00 цагт Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 569 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Барилгачдын 4 дүгээр гудамж, 87а тоот хаягт байрлах 244 мкв бүхий газрыг өмчлүүлэх шийдвэр гаргасан. Уг шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Я.Э нь тухайн газрыг өмчлөх эрх үүсээгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 

2. Сүхбаатар дүүргийн Газрын алба нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэж газрын мэдээллийн санд оруулах ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ”, 22 дугаар зүйлийн 22-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно” гэж тус тус заасны дагуу кадастр хийж, нэгж талбарын дугаар олгож, газрын кадастрын зураглалыг мэдээллийн санд бүртгүүлж баталгаажуулахыг үүргээ эс биелүүлж, кадастр хийгээгүй, мэдээллийн санд бүртгүүлээгүй, нэгт талбар олгоогүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нэхэмжлэгч нь маргаан бүхий газарт кадастрын зураг хийлгээгүй, кадастрын нэгдсэн санд бүртгүүлээгүй буруутай байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Маргаан бүхий газарт Тогтвортой амжиргаа төсөл”-ийн хүрээнд үл хөдлөх эд хөрөнгө баригдаж, тус үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар (хуучин нэрээр)-ын өмчлөлд бүртгэгдсэн нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрч М.Н, Ч.Х нарын мэдүүлгээр хөдөлбөргүй тогтоогддог бөгөөд төрийн байгууллагын зүгээс тус ашиг сонирхол үүссэний улмаас Я.Э-ийн кадастр бүртгүүлэх хүсэлтийг эс хүлээн авах, шийдвэрийг гардуулахгүй байх зэрэг эс үйлдэхүй нь гэрч тухайн үед Сүхбаатар дүүргийн Газрын албанд ажиллаж байсан мэргэжилтэн Э.З-ын мэдүүлгээр нотлогддог. Я.Э-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэг нь газрын маргаан бөгөөд Нийслэлийн Засаг даргын давхардуулан газар олгосон захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх байдалд ямар нэг эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Я овогтой Э нь “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн 22-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Маргаан бүхий А/98 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороонд байршилтай 160 м.кв газрыг Өрхийн эрүүл мэндийн төвийн зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт олгосон байна.

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Я овогтой Э-ээс 2003 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын харилцааны албанд гаргасан хүсэлтийн дагуу мөн өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргаас Я овогтой Э-т Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачдын 4-87а тоот хаягт 400 м.кв талбай бүхий газрыг 2 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 01040502 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон, Я-ийн Э-ээс мөн өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад хандан тухайн газраа өмчилж авахаар гаргасан өргөдлийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 569 дүгээр захирамжаар Я-ийн Э, Я-ийн М нарт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 244 м.кв газрыг өмчлүүлсэн, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 01-08/6402 дугаар албан бичигт “... 569 дүгээр захирамжаар иргэн Я.Э-т газар өмчлүүлэхдээ овгийг “Я” гэж алдаатай бичигдсэнийг Нийслэлийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/737 дугаар захирамжаар залруулсан” гэж дурджээ.

Харин дээрх 01040502 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний газар эзэмшүүлэх үндэслэл гэх хэсэгт Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 64 дүгээр шийдвэр /захирамж/ хэмээн тэмдэглэсэн байх бөгөөд уг захирамж нь нэхэмжлэгчийн 2003 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн гаргасан хүсэлтээс 6 сарын өмнө буюу 2003 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн огноотой, мөн уг захирамжаар Бүрэн дунд боловсрол эзэмшигчдээс 2002-2003 оны хичээлийн жилд улсын шалгалт авах ерөнхий боловсролын сургуулиудын комиссын бүрэлдэхүүнийг баталсан байгаа нь ойлгомжгүй байна.

2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргахаар, хүсэлтдээ мөн хуулийн 32.2.1-д зааснаар овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 32.2.2-т зааснаар хүсэлт гаргахдаа эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хавсаргахаар хуульчилсан.

Мөн нэхэмжлэгч нь түүнээс шалтгаалах буюу 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.1-д зааснаар Кадастрын зураглалын ба газрын кадастрын тухай хуульд заасны дагуу газрын улсын бүртгэлийн кадастрын зураг хийлгүүлэх, 19.2.2-т зааснаар өмчлөлийн газрынхаа заагийг газар дээр тэмдэгжүүлүүлэх, 19.2.3-т зааснаар өмчилж авах газартаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгүүлэх үүргээ биелүүлээгүй, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар газар өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохоо хуульд заасны дагуу баталгаажуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх үйл баримтыг үгүйсгэж маргаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд ... 2003 онд тойм зураг гэдэг зүйлийг гаргаж өгч байсан, газар өмчилсөн талаарх мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулдаг талаар шүүхэд хандсаны дараа” мэдсэн гэж тайлбарлажээ.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 41 дүгээр албан бичгээр  “тус хороонд Барилгачдын 4-87а тоот хаяг байхгүй болох-ыг тодорхойлсон, маргаан бүхий газар дээр 2003 оноос хойш өрхийн эмнэлгийн гэх барилга баригдсан байхад нэхэмжлэгч нь 2003-2019 оныг хүртэл Монгол Улсын хилээр байнга орж, гарч байсан атлаа уг асуудлаар маргаагүй байна.

Захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэрэгт авагдсан хөдлөшгүй баримтад үндэслэн нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг.

Товчхондоо Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч нь ийнхүү газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй тул хариуцагчаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчиж бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулж гуравдагч этгээдэд газар олгосон гэх үйл баримт, кадастрын зураглал хийж, нэгж талбарын дугаар олгож, газрын кадастрын зураглалыг мэдээллийн санд бүртгүүлж, баталгаажуулаагүй хариуцагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байх тул маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/98 дугаар захирамжийн 22-т холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

            ШҮҮГЧ                                                      Д.БААТАРХҮҮ

 

                       ШҮҮГЧ                                                      Г.БИЛГҮҮН

 

                       ШҮҮГЧ                                                      Н.ДОЛГОРСҮРЭН