| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0140/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/157 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 2038000100117 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ж.Б-,
Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн Бардахын ар гэх газрын нутаг дэвсгэрт Халиун буга тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Сумын Засаг дарга Л.Батцогт дуудаж уулзаад танай хариуцсан багт ховор амьтан болох буга согоо алагдсан байгаа учир нөхөн төлбөр тооцох, уг хэрэгт хохирогчоор оролцуулахаар захирамж гаргалаа гэж мэдэгдсэн. Тэгээд Засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр А/124 тоот захирамж гаргаж, хохирогч, нэхэмжлэгчээр тогтоосон. Тийм учраас би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна. Экологи эдийн засгийн үнэлгээг 7.5 саяыг 2 дахин нэмэгдүүлж нийт 15 сая төгрөгөөр нөхөн төлбөрийг барагдуулна” гэх мэдүүлэг,/хх-ийн 30-32-р хуудас/
Гэрч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хүүгийн ярианаас сонсож байхад Б.О- ах нь нэг гөрөөсний цус уумаар байна гээд манай хүүхдийг дагуулсан юм шиг байсан. Тэгээд манай хүү болон манай төрлийн Б.О-, Энхбат нар Бардахын ар гэх газар руу анд гарсан гэсэн...Манай хүү Арбулаг сумын иргэн Ганхуяг гэдэг хүнээс 2.500.000 төгрөгөөр буу худалдаж авсан байсан. Би энэ талаар сайн мэдэх юм байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/
Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ж.Б- хөөе тэнд нэг хэдэн амьтан гүйж явна гээд суун тусаад буудтал гөрөөсөрхүү амьтан баларлуу /балар ой/ гүйгээд орчихсон. Ж.Б- “ах араас унаа аваад ирээрэй” гээд өөрөө тэр буудсан амьтныхаа зүгрүү гүйгээд явчихсан. Тэгээд намайг мотоцикпь аваад араас нь очиход ахаа би андуураад буруу амьтан алчихаж, одоо яах вэ гэсэн. Тэгэхээр нь нөгөө амьтныг нь харахад гөрөөснөөс арай том амьтан нам уначихсан байсан. Ж.Б- буга согоо гэдэг нь энэ байгаа юм гэсэн. Би гөрөөс, согоо хоёрыг тийм сайн ялгаж мэдэхгүй учир тэгэхэд л мэдсэн” гэх мэдүүлэг,/хх-ийн 37-38-р хуудас/
Гэрч Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Ж.Б- гэх залууд галт зэвсэг зарах болоод бид хоёр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 2.500.000 төгрөгөөр худалдсан. Тэр галт зэвсэг нь Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн Сайга М3 маркийн ан агнах зориулалтын хагас автомат буу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/
Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай: “...Халиун бугыг Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ховор амьтан”-ын жагсаалтад орсон, ...амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэсэн заалтын дагуу Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор эм буга буюу согоог 7.500.000 төгрөг байхаар тогтоосон хэмжээг хоёр дахин өсгөж 15.000.000 төгрөгөөр дээрх үйлдлийн улмаас учирсан хохирлыг тооцож гаргаж байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 51-52-р хуудас/
Шүүгдэгч Ж.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байхад Б.О- утсаар залгаад чононд явъя гэрт хүрээд ирээч гэсэн. Би Б.О-ын гэрлүү мотоцикльтой 3 очсон. Б.О-ын гэрт байхад Б.О- хоёулаа гөрөөсөнд явъя. Би мод үргээгээд өгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр мотоцикльтой Арбулаг сумын 3 дугаар багийн нутаг Бардахын ар гэх газар руу явсан. Бардахын ард очоод Б.О- мод үргээнэ гээд явсан. Би модны талд дунд багцаа, модны сууринд сууж байсан.Б.О- үргээлэг хийж яваад ирэхэд бол ямар ч амьтан гараагүй. Б.О- миний хажууд ирээд доогуур амьтан өнгөрчих шиг боллоо гэсэн.Тэр газраасаа Б.О- бид хоёр мотоцикльтойгоо буугаад буугаа аваад буудсан. Буудсан амьтны зүгрүү гүйгээд очиход согоо агнасан байсан. Араас Б.О- ирэхээр нь хориотой амьтан агначихсан байна одоо яах уу гэсэн. ...би байгаль экологид учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/, Хэргийн газрын үзлаг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р тал/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт устгах тухай мөрдөгчийн санал, прокурорын санал, эд мөрийн баримт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамж, эд мөрийн баримт устгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 11-17, 20,-р тал/ Эд мөрийн баримт битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /ххийн 21-24-р тал/ Ан амьтан экологи-эдийн засгийн үнэлгээ /хх-ийн 49-р тал/ Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 57-58-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Бэлбулаг багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-82,84-85-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ж.Б- нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 3 дугаар багийн Бардахын ар гэх газрын нутаг дэвсгэрт ховор амьтан болох нэг толгой эм халиун бугыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, амьтны экологи-эдийн засагт 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгч Ж.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Б.Н-ын мэдүүлэг /хх-ийн 30-32-р тал/ болон гэрч А.Ж-ийн мэдүүлэг /хх-ийн 36-р тал/, гэрч Б.О-ын мэдүүлэг,/хх-ийн 37-38-р хуудас/, гэрч Ц- мэдүүлэг /хх-ийн 44-р тал/, хэрэгт тусгагдсан Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Даваадоржийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, дээр дурдсан бусад баримтат мэдээллээр нотлогдсон гэж шүүх үзэв.
Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн амьтны экологи-эдийн засагт учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийнүйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, амьтны аймагт хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэжшүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ан агнах хувийн сонирхол, энэ талаархууль тогтоомжийн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанааршинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэм хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх 5 нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа экологи -эдийн засагт учруулсан хохирол болох 15.000.000 төгрөгийг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Ж.Б- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо нөхөн төлсөн ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт: ШүүгдэгчЖ.Б-ын гэмт үйлдлээр амьтны аймаг, экэологи-эдийн засагт 15.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Хасбанкны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөрийн баримт /хх-ийн 69/, Хаан банкны 2020 оны 01 дүгээр сарын 08- ны өдрийн төлбөрийн баримт, 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн мөрдөгчийн эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, улсын яллагчийн дүгнэлт зэргийг үндэслэн /хх-ийн 67-70/ шүүгдэгч Ж.Б-ыг амьтны аймаг, экэологиэдийн засагт учирсан нөхөн төлбөрийг төлсөн гэж үзэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 мөчийг тайрч, гэдэс дотрыг авсан 1 тооны согооны биеийг устгасан болохыг дурдаж, мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сайга М3 маркийн буу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр эдхөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Ж.Б-ын эзэмшлийн улсын дугааргүй Мустанг маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ж.Б-т буцааж олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2038000100117 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гуталч овогт Жийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Гуталч овогт Жийн Быг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гуталч овогт Жийн Быг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Ж.Бт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сайга М3 маркийн буу 1 ширхэгийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж, шийдвэрлэсэн талаарх баримтыг хэрэгт ирүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,4, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Ж.Бын эзэмшлийн улсын дугааргүй Мустанг маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Ж.Бт буцааж олгосугай.
8. Эрүүгийн 2038000100117 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР