Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,

Улсын яллагч М.Берикбол,

Иргэний нэхэмжлэгч Б.Т-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч Д.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж-д холбогдох эрүүгийн 2038002120134 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Ж-,

Шүүгдэгч Д.Ж- нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед Хөвсгөл аймгийн 14 дүгээр багийн 17 дугаар гудамжны урд талын засмал замд өөрийн эзэмшлийн Тоёота карина маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмааас иргэн Б.Т-гийн жолоодож явсан улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн ар талын суудалд явсан хохирогч П.М- нь гавал тархиндаа хүнд гэмтэл авсан буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ж- нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед Хөвсгөл аймгийн 14 дүгээр багийн 17 дугаар гудамжны урд талын засмал замд өөрийн эзэмшлийн Тоёота карина маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмааас иргэн Б.Т-гийн жолоодож явсан улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн ар талын суудалд явсан хохирогч П.М- нь гавал тархиндаа хүнд гэмтэл авсан буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038002120134 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч П.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би юу болсон талаар сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...П.М-ыг зам тээврийн осолд эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл очоод Мөрөн суманд ирсэн. Одоо толгойгоо даахгүй, толгой нь өвдөх зэрэг зовиуртай байна. Мөн янз бүрийн дэмий, дэмий юм яриад хүн загнаад байдаг болчихсон байна. Ямар ч байсан эмчилгээ хийлгэж л байгаа. Одоо баруун талдаа жаахан таталт өгөх маягтай юм яриад байгаа. Анхан байдлаа бодоход биеийн байдал харьцангуй дээрдэж байгаа. Эмчилгээтэй холбоотой асуудлыг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нөгөө хүмүүс нь эм тариаг нь авч өгөөд явж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

Иргэний нэхэмжлэгч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн орчим би Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух гэрээсээ өөрийн эхнэр П.М-ын хамт өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн, улсын дугааргүй мотоциклоор халуун усны газарт очиж усанд орохоор гэрээсээ гарсан. Ингээд Гурван-Эрдэнэ сургуулийн хажуугийн халуун усны газарт очсон чинь очер ихтэй байсан. Тэгээд манай хүүхдийг харж байсан дүү маань хүүхэд уйлаад байна гэхээр нь буцаад гэр лүүгээ засмал замаар ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй явж байтал миний хажуугаар нэг цагаан машин зөрсөн. Тэгээд араас нь гэнэт урсгал сөрж цагаан өнгийн жижиг суудлын машин орж ирээд мөргөлдсөн. Ингээд би ухаан алдсан үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

Гэрч Х.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...нөхөр маань гэнэт Сондор дэлгүүр рүү буюу зүүн гар тийш эргээд эсрэг урсгал руу орсон 3 чинь гэнэт пит пад хийх чимээ гараад машины урдаас цагаан өнгийн зүйлүүд гарч ирээд машин зогссон. Тэгээд юу болов гээд машинаас буугаад иртэл машинаас нэлээн хойно эмэгтэй, эрэгтэй хоёр хүн хэвтэж байсан ба эмэгтэй ямар нэг чимээ өгөхгүй, эрэгтэй нь хөдлөөд байсан. Тэгээд би сандраад тэнд байсан хүмүүсийг цагдаа дуудаад өгөөч гээд тэнд байсан хүмүүс цагдаа дуудах шиг болсон. Тухайн үед зам дээр хэвтэж байсан эмэгтэйн толгойноос нэлээн их цус гарчихсан байсан. Тэгээд удалгүй түргэний машин ирээд тухайн хүүхэн, залуу хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 36-р тал/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр би уг тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос хадам аав Д.Ж-гийн хамт очиж аваад тухайн үед хадам аав иргэний үнэмлэхгүй байсан учир би уг тээврийн хэрэгслийг өөрийн бичиг баримтаар өөрийнхөө нэр дээр шилжүүлж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний хадам аав Д.Ж-гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Бичиг баримтыг нь би өөрийнх нь нэр дээр шилжүүлж өгч амжаагүй байгаа” гэх мэдүүлэг,/хх-ийн 45-46-р тал/,

Шүүгдэгч Д.Ж-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2020 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 11 цагийн орчим Мөрөн сумын 10-04-22 тоотод байрлах гэрээсээ өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр өөрийн эхнэрийн хамт эмийн сан орж эм авахаар гарсан. Ингээд Мөрөн сумын 14 хорооны хөндлөн хийхэд өөдөөс мотоцикль ирж мөргөлдсөн. Миний хувьд өөдөөс мотоцикль ирж байгааг хараагүй бөгөөд эргэх хөдөлгөөн хийсний дараа яах ийхийн зуургүй мотоцикль тулаад тас няс хийх чимээ гарсан. Тухайн үед миний машины дэр задарсан, машинаас буугаад хартал хүн харагдахгүй, машины хажууд мотоцикль байсан. Тэгээд би хүнийг нь машин доор орчихсан юм байх даа гэж бодоод хартал миний машиныг даваад зүүн талдаа маягтаа унасан байсан. Тэгээд яваад очтол нөхөр нь бололтой залуу доошоо харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд дуудахад босоод ирсэн, эхнэр бололтой хүүхэн нөхрөөсөө жаахан зайтай ухаангүй, толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд түргэн дуудаад өгөөрэй гэхэд нэг хүн эмнэлэгт дуудлага өгөөд түргэний машин удаа ч үгүй хүрээд ирсэн. Тэгээд цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 90-93-р тал/

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаартай: “...П.М-ын биед дагз яс, баруун зүүн хөхлөг сэртэн, гавлын урд хөндийг дайрсан шугаман хугарал, лямбадай болон суман заадлан салалт, баруун зүүн чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун зүүн чихний сувагт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. П.М-ын биед үүссэн гавал тархины хавсарсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин бусад хэсгийн цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой...” гэх дүгнэлт, /хх-ийн 57-58-р тал/

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Мягмарсүрэнгийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаартай: “...2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг 17-р гудамжны урд талын засмал замд Тоёото карина маркийн 0154 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Ж- нь МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 10-р зүйлийн 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө’ гэсэн заалтыг мөрдөж хөдөлгөөнд оролцоогүйгээс осол үүссэн гэж үзэв...” гэх дүгнэлт /хх-ийн 62-р тал/

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад М.Баттулгын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн асфальтан замд Т.Карина маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Ж- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дүгээр зүйлд заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Т- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 3.4.в дүгээр зүйлүүдэд заасан “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэнд нөлөөт бодис хэрэглэсэн. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгай зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. Уг осол гарахад зам болон цаг агаарын нөхцөл тээврийн хэрэгслийн эд ангид ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 82-р тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10- р тал/ Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-р тал/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13-р тал/ Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 15-16-р тал/ Итгэлт Эстимэйт ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 69-78-р 5 тал/ Химийн шинжилгээний хариу /хх-ийн 87-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ххийн 97-98, 100-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Ж- нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн үед Хөвсгөл аймгийн 14 дүгээр багийн 17 дугаар гудамжны урд талын засмал замд Тоёота карина маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмааас зам тээврийн осол гарган хохирогч П.М-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагдсан. Зам тээврийн осол, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Шүүгдэгч нь Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан атлаа хор уршигт хүргэсэн, зам тээврийн ослын улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн 6 шүүгдэгч Д.Ж-гийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, өөрийн анхаарал болгоомжгүй нөхцөл байдал, Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Т-гийн хамгаалах малгай зааврын дагуу өмсөх, хохирогчийг хамгаалах малгай өмсөөгүй тээвэрлэсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Ж-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Д.Ж- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрг үйлдсэний дараа хохирогчид 1.110.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогчид учруулсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Д.Ж-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгчийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын 7 арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгчийн гэмт үйлдлээр хохирогч П.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 499 дүгээр зүйлийн 499.1-д заасныг баримтлан эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол, цаашид гарах хохирлыг шүүгдэгч Д.Ж-, иргэний хариуцагч Б.Б- нараас хохирогч П.М- нь нэхэмжлэх үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.П- нь шүүгдэгчээс цаашид гарах эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байх ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажилллагааны явцад хохирогчид 1.110.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийн цаашид эмчлүүлэх эмчилгээний зардлын тооцоо, баримтгүй, сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцож байгаа талаарх баримтгүйгээс тодорхой тооцоог гаргах бололцоогүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны болон хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал 10.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Ж-, иргэний хариуцагч Б.Б- нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт иргэний нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг үндэслэн шүүгдэгч Д.Ж-гээс 463.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Т-д олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038002120134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Ж-гийн .... дугаартай, В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Д.Ж-гийн эзэмшлийн “Тоёота Карина” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид, Иргэний нэхэмжлэгч Б.Гантогоогийн эзэмшлийн Мустанг-5 улсын дугааргүй мотоциклийг эмшигчид нь тус тус буцаан олгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн 2038002120134 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Жхяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жнь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.        

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2,3-т зааснаар шүүгдэгч Д.Ж оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацаа

тоолохыг мэдэгдсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, Д.Ж эзэмшлийн “Тоёота Карина” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчид,

              Иргэний нэхэмжлэгч Б.Тгийн эзэмшлийн Мустанг-5 улсын дугааргүй мотоциклийг эмшигчид нь тус тус буцаан олгосугай.

         8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Жгээс 4.63.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Тд олгосугай.

9. Эрүүгийн 2038002120134 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Д.Ж ... дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.

10. Эрүүгийн 2038002120134 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санааны болон хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал 10.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.Ж, иргэний хариуцагч Б.Бнараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Журьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         М.ЭРДЭНЭ-ОЧИР