| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0156/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/158 |
| Огноо | 2020-05-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2020/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын 2 хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Б-т холбогдох эрүүгийн 2038001400197 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Б-,
Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1-р багийн нутаг “Хуйт” гэх газраас 6,59 куб.метр мод хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн ойн санд 2.135160 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Цагдаагийн ахмад Ч.Энхбат, дэд ахлагч Алтансүх нар эргүүл шалгалтаар явсан. Тэгээд иргэдийн мэдээллийн дагуу 1-р баг Хуурай гэх газар хууль бус мод бэлтгэсэн байна гэсний дагуу очиж үзэхэд Д.Түмэнбаярын гадаа Н.Б- нь хуурай шургааг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан" гэх мэдүүлэг, /хх-ийн 27-28-р хуудас/,
Гэрч С.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н.Б- гэдэг айлд манай хонь байдаг юмаа 2019 оны 09 сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна Н.Б- мод ачилцаад өгөөч гэхээр нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1-р багийн нутаг Хуйт гэх газраас ГАЗ 53 маркийн тээврийн хэрэгслээр жолооч Т.Б-, Н.Б- нарын хамтаар 207 ширхэг шатсан унаанги ачилцаж өгөөд Бунябаярын өвөлжөөнд буулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /ххийн 31-р хуудас/
Гэрч Т.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 10 сарын орчим байх манай хүргэн ах Н.Б- би хэдэн мод хийсэн тэрийг ачиж өгөөч гэсэн. Тэгээд би тэр үед зүгээр ачиж өгсөн. Намайг очиход бэлдээд тавьсан байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-р хуудас/
Х өвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженэр М.Бямбацогтын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай: “...Иргэн Н.Б-ын бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн үнэлгээ 711.720 төгрөг болно. Н.Б-ын бэлтгэсэн мод хэрэглээний бөөрөнхий мод байна. Уг модыг бэлтгэсэн газар нь 1 дүгээр мужид хамаарагдаж байна. Н.Б-ын бэлтгэсэн мод нь Улсын тусгай хамгаалалтай газар биш байна... гэх дүгнэлт, /хх-ийн 37-38-р хуудас/
Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн: Иргэн Н.Б-ын эколиго эдийн засагт 2.135.160 төгрөгийн хохирол учруулсан...гэх дүгнэлт /хх-ийн 43-р тал/
Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн нутаг Хуйт гэх газар намаржаанд буусан. Өвөл болох гэж байсан учраас түймэрт шатсан ойгоос хуурай 70 орчим мод 4 метрээр тайрч бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо хадам аавын газ 53 маркийн авто машинаар ачихдаа Энхээ, Т.Б- нарыг гуйж туслуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/ Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12-р тал/ Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р тал/ Шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 16-р тал/ Шүүгдэгч Н.Б-ын хууль бусаар мод бэлтгэсэн 4 метрийн урттай 207 ширхэг 6,59 куб.метр мод, хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан Газ 53 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /ххийн 21-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний лавлагаа, 5 эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56, 58-64-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 10 дугаар сард Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 1-р багийн нутаг “Хуйт” гэх газраас 6,59 куб.метр модыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэн ойн санд 2135.160 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч Т.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, гэрч С.Энх-Одын мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, гэрч Т.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженер М.Бямбацогтын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт, /хх-ийн 37-38-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-12-р тал/, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р тал/, шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 16-р тал/, шүүгдэгч Н.Б-ын хууль бусаар мод бэлтгэсэн 4 метрийн урттай 207 ширхэг 6,59 куб.метр мод, хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан Газ 53 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 21-р тал/ зэрэг тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн.
Экологи-эдийн засагт учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Шүүгдэгч хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийнүйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэншүүгдэгч Н.Б-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, энэ талаарх хууль тогтоомжийг таниулах урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгдээгүй зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын яллах дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан 7 хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Н.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас ойн экологи-эдийн засагт 2.135160 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр учирсан байна. Шүүгдэгч нь уг хохирлын нөхөн төлсөн талаар 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ХААН банкны банк хоорондын шилжүүлгээр Төрийн сангийн 100170100988 тоот дансанд тушаасан баримт, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/70 дугаартай Н.Б- нь 2.135160 төгрөгийг орон нутгийн дансанд тушааж хохиролгүй болгосон гэх албан бичиг зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, 6.59 метр куб хэмжээний модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгахыг, Мөн хэрэгт битүүмжлэгдсэн Н.Б-ын эзэмшлийн Газ 53 маркийн улсын дугааргүй автомашиныг улсын бүртгэлээс хасагдсан, цаашид сэлбэг, эд ангийн хэрэгцээ байхгүй гэж үзэж байгаа тул үнэлгээ хийх боломжгүй гэх Итгэлт эстимэйт ХХК хөвсгөл салбарын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2 дугаартай баримт бичиг хэрэгт авагдсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр шүүгдэгчийн эзэмшлийн Газ 53 маркийн улсын дугааргүй автомашиныг шүүгдэгч Н.Б-т буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овогт Нансалмаагийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, 6.59 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, улсын дугааргүй Газ 53 маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.Бт буцааж олгосугай.
6. Эрүүгийн 2038001400197 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР