| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2020/0141/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/160 |
| Огноо | 2020-05-07 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч М.Берикбол,
Иргэний хариуцагч Л.Н-,
Хохирогч Ж.У-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч Г.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Э-тод холбогдох эрүүгийн 2038001460135 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Э-,
Шүүгдэгч Г.Э- нь 2020 оны 2 дугаар сарын 10-ны оройн 19 цагийн үед өөрийн эзэмшлийн Зил-130 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Улаанмод гэх газрын уулын ам дагасан жалгаар гарах явцад машин цасанд хий эргэхэд хамт зорчиж явсан Т.С-гаар машины чиргүүлийг салгуулж, жалгаар гарахаар машинаа зүтгүүлж байх үед машин нь хойшоо гулсаж Т.С-г дайрсан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас иргэн Т.С-гийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Э- нь 2020 оны 2 дугаар сарын 10-ны оройн 19 цагийн үед өөрийн эзэмшлийн Зил-130 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа буюу Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Улаанмод гэх газрын жалгаар өгсөж гарах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж чиргүүл салгахаар буусан Т.С-гийн амь насыг хохироосон гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ж.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр Т.С- ... эхнэр хоёр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг байсан. ...манайх 2.400.000 төгрөгийн банкны зээлтэй байсан. Тэр зээлийг маань Н- гэдэг хүн төлж өгсөн. Мөн өмнө нь Мөрөн орохоор явахад Н- бензин тосны мөнгө хийгээрэй гээд надад 140.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р хуудас/ Иргэний хариуцагч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би Г.Э-той найз нөхдийн холбоотой нэг нутгийн хүмүүс байгаа юм. Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр талийгаач Т.С-гийн малчны зээл болох 2.420.000 төгрөгийг өөрийн С-чилгаар төлж барагдуулсан. Талийгаач Т.С-гийн аав Түмэнжаргал гэдэг хүнд малчны зээлийн урьдчилгаа төлөлтөд нь 2.700.000 төгрөг хувиасаа төлж барагдуулсан” гэх мэдүүлэг,/хх-ийн 26-27-р хуудас/
Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Н- ах ирээд “нөгөө хоёр чинь замдаа болохоо байсан байна, хоёулаа явах уу” гээд надад хэлэхээр нь талийгаач Т.С-гийн төрсөн дүү “Нээгүү” гэж дууддаг залууг дагуулаад Н- ах бид гурав буцаж явсан. Тэгээд бид нар 20:00 цаг өнгөрч байхад осол болсон газар ирэхэд жалганд машины чиргүүл хөндөлссөн, Зил-130 маркийн ... улсын дугаартай машин чиргүүлээ мөргөж зогссон, талийгаач Т.С- чиргүүлний дунд хэсэгт дор нь газар дээр дээш харж хэвтсэн. Толгойн дороос нь цус урсаж гарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 28-29-р хуудас/
Гэрч Т.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...уулын ам дагасан жалганд ирэхэд машин жалгын цаад тал руу өгссөн байдалтай зогссон бөгөөд Зил-130 машины тэвш хөндөлдөж зогссон чиргүүлтэй наалдсан байсан. 3 Тэгээд очоод хартал манай ах Т.С- чиргүүлэн доор дээш харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд толгойн доод хэсгээс нь цус гарсан, мөн зүүн шанаа хэсэг нь цус болсон, толгой нь хойгуураа задарсан юм шиг тойроод нөжирсөн байдалтай харагдсан. Би өнгөрчихсөн гэдгийг нь ойлгоод дээлээ тайлж хучсан. Бид нар ЦагаанҮүр сумаас хэрэг осол болсон жалганд ирэхэд харанхуй болсон байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р хуудас/
Гэрч Я.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... зам тосоод нэг эрэгтэй хүн гарч ирсэн. Тэр хүн бид хоёртой тааралдаад “би одоо хүн алчихлаа шүүдээ” гээд нилээн сандарчихсан байсан. Би яав юу болов гээд тэр хүний дагуулаад Сүхбаатартай гурвуулаа хэрэг болсон гэх жалганд ирэхэд чиргүүл нь жалганд хөндөлссөн, Зил-130 маркийн машины чиргүүлээ мөргөж зогссон байсан.Би машиныг нь тойрч харахад чиргүүл тэвш хоёрын мөргөлдөж зогссон тушаа дор гэдэргээ харж хэвтсэн эрэгтэй хүн байсан. ...жолооч гэх хүн ярихдаа “жалгын өгсүүр өөд гарах гэж байгаад машин хий эргэсэн, манай өнгөрдөг хүн чиргүүл салгах гээд буусан, хөөе гэсэн чинь чимээгүй болчихоор нь гараад хартал ийм асуудал болсон байна” гэж л ярьсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 33-34-р хуудас/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаартай “...Т.С-гийн цогцост гавал тархины хавсарсан гэмтэл, баруун дунд чөмгөнд хугарал, нүүр дух хэсэгт шарх, баруун өвдгөнд зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн хэт хүчтэй үйлчлэлээр амьд ахуйд үүсгэгдсэн бөгөөд нас барахад шууд нөлөөлжээ. Т.С-гийн цогцост учирсан гавал тархины хавсарсан гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн байна” гэх дүгнэлт, /хх-ийн 51-р хуудас/
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Мягмарсүрэнгийн 2020 оны 02 дугаар сарын 22- ны өдрийн 09 дугаартай дүгнэлтийн 1 дэх заалт: “жолооч Г.Э-ийн гаргасан үйлдлийг зам тээврийн осол мөн гэж дүгнэв. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.2.17-д “Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасныг /зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг/, 2 дахь заалт: Зил-130 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Э- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн 4 эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, 4 дэх заалт: Тухайн орчны нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй, жолооч тээврийн хэрэгслийн онцлогоос шалтгаалан өөр замыг сонгож хөдөлгөөнд оролцох боломжтой байсан, 6 дахь заалт: Жолооч Г.Э- нь хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангаагүй, мөн анхаарал, болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоноос уг зам тээврийн осол үүссэн гэж дүгнэв” гэх дүгнэлт, /хх-ийн 58-60-р хуудас/,
Шүүгдэгч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг 3-р багийн нутаг, Улаан мод гэдэг газарт уулын ам дагасан жалгаар гарах гэж байтал машин хий эргэж хүч алдсан. Машин тэр жалгаас яг гардгийн даваан дээр хий эргээд хойшоо ч үгүй байрандаа гацчихсан. Би тэгэхээр нь Т.С-д чиргүүлээ салгаарай гэхэд С- буугаад чиргүүлээ салгасан. Тэгээд машин хойшоо гулсаад чиргүүл рүү тулж зогссон. Би машинаа хаазлаад дахиад зүтгүүлэхэд жаахан яваад хий эргээд буцаад гулсаж чиргүүлтэйгээ наалдсан. Тэгэхээр би С-д хандаж “урагшаа явахгүй юм байна, гинж хийнэ” гэхэд С- машин урдуур тойрч ирээд кабинаас дугуйны гинж аваад машины урд талаар тойроод жолоочийн талаар хойшоо явсан. Угаасаа жолооч талын дугуй хий эргээд байсан болохын тэр талын хойд дугуйнд гинж хийх гэж явсан юм. Тэгээд Т.С- надад яваарай гээд дохио өгөөд хашгирахаар нь хаазалсан чинь хальт урагшаа хөдлөөд буцаад хойшоо гулсаж чиргүүлдээ тулаад зогссон. Тэгээд С- чимээгүй болчихоор нь би нөгөө дугуйны гинжийг хийх гэж байгаа юм байх гэж бодоод кабиндаа сууж байснаа “яасан бэ” гэхэд хариу дуугарахгүй байсан. Тэгээд би буугаад тойроод болж байна уу гээд очиход Т.С- тэвш, чиргүүл 2-ын тушаа дор дээш харсан байдалтай хэвтэж байсан. Би очоод татаж үзэхэд хамаг бие нь суларчихсан байхаар нь би болохоо байчихаж гэж айгаад сандраад зам тосож гүйсэн...надад өмнөх мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Залруулж ярихад би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, миний хажууд сууж явсан тиалийгаач Т.С- л нэг шил архи авчихсан тэрийгээ уунгаа явж байсан юм. Надад ганц хоёр өгөхөөр нь хальт уруулаа хүргээд амсах төдий ёслоод буцаагаад өгсөн. Би өөрөө жолоо барьж явсан, хүний ажилд явж байгаагаа мэдэж байсан болохоор архи согтууруулах ундаа хэрэглэхээс ер нь бол зайлсхийсэн. Миний зүгээс хохирол нөхөн төлбөр гэж талийгаачийн ар гэрт албан ёсоор мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Намайг ажилд авч явсан Н- гэж хүн талийгаач Т.С-гийн ар гэрийнхэнд өр зээлийг нь дарж хэдэн төгрөг өгсөн байна. Н-ид би дараа нь ажил хийж өгч өр зээлээ барагдуулах байдлаар явахаар тохирсон” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 68- 69-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3- 7-р тал/ Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ххийн 8-10 тал/ Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14-р тал/ Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар т тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16-19-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72, 77-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагдсан. Зам тээврийн осол, хохирогчийн амь хохирсон шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаагүй, мөн анхаарал, болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол гарган зорчин явсан Т.С-гийн амь насыг хохироосон гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Г.Э-ийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг 6 зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлүүлэхдээ чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаагүй, анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Э- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Г.Э- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Э-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Иргэний хариуцагч Л.Н- нь хохирогч Т.С-гийн банкны зээл 2.420.000 төгрөгийг төлж, түүний аав Б.Түмэнжаргалд 2.700.000 төгрөг өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бичгийн бусад баримтаар тогтоогдож байна. Мөн хохирогч Ж.У- нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э-, иргэний хариуцагч Л.Н- нар нь цаашид хоёр хүүхдийг минь харж, хандаж явна гэсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2038001460135 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.Э-ийн ... дугаартай, В, С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, мөн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2,3-т зааснаар шүүгдэгч Г.Э-ийн жолдоодох эрх хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Эийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Г.Эт хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч Г.Ээрх хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ авсан үеэс хугацаа тоолохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн 2038001460135 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Г.Э ... дугаартай, В, С ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.
8. Эрүүгийн 2038001460135 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Этод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР