Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2017/00082

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

  Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 83 тоотод оршин суух, Боржигон овогт Дамдинсүрэнгийн Дандарын нэхэмжлэлтэй

  Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн хэсэг “Багануур дулааны станц” ТӨХК-д холбогдох ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дандар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ариунаа, нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

            Нэхэмжлэгч Д.Дандар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Багануур дулааны станц” ТӨХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 156 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөнийг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. 

            1.Төлөөлөн удирдах зөвлөлийн Тогтоолоор компанийн бүтэц орон тоог шинэчлэн тогтоож, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдүүлэхээр гаргасан бөгөөд уг шийдвэрээр “Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга”-ын орон тоог “Захиргаа удирдлагын хэлтсийн дарга” болгон өөрчилсөн.

         Гэтэл гүйцэтгэх захирал Н.Ганбаатар намаас тавьж байгаа шаардлага гэсэн хувийн шалтгаанаар надтай цаашид ажиллах боломжгүй гэж хэлээд, уг албан тушаалд өөр хүн томилон, ажлыг хүлээлцүүлсэн.

          Дээрх шийдвэрийг гаргахдаа Төлөөлөн удирдах зөвлөлийн 26 дугаар Тогтоолд заасан хугацааг зөрчиж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлж, чөлөөлсөн үндэслэлээ “Орон тоо хасагдсан” гэж заасан ба шийдвэр хэрэгжих хугацаа болоогүй, миний ажил албан тушаал хэвээр хадгалагдсаар байтал хууль бус тушаал гаргасан.

          Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаар Тогтоолын хавсралтанд Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын харъяанд бүтээмжийн мэргэжилтэн, хуулийн зөвлөх, захирлын туслах, архивын эрхлэгч гэсэн орон тоонууд байдаг бөгөөд шинэчлэн баталсан Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаар Тогтоолын хавсралтаар нэрийг нь Захиргаа удирдлагын хэлтсийн дарга болгоод харъяанд нь хуулийн зөвлөх, архивын эрхлэгч, захирлын туслах, бичиг хэргийн эрхлэгч, программ хангамжийн инженерийн орон тоог нэмээд, нэр өөрчлөгдсөнөөс чиг үүрэг, орон тоо хэвээр байх тул үүнийг орон тоо хасагдсан гэж үзэх боломжгүй юм. Ажлын байрны тодорхойлолтын тухайд үндсэн чиг үүрэг, хариуцан ажиллах ажил хэвээр, нэмэгдэл заалтууд орсон байна.

    Иймд намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин  гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү, гэв.   

          Хариуцагч “Багануур дулааны станц” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Ариунаа шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. “Багануур дулааны станц” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай Тогтоолыг танилцуулж, шинэчлэгдсэн бүтэц орон тоогоор ажлын байр нь хасагдаж байгаа тул Д.Дандарт “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гардуулсан болно.

          Захиргааны зүгээс “Өөр ажлын байраар хангах тухай” санаачлага гаргаж дүүргийн Засаг дарга болон бусад холбогдох байгууллагад хандсан. Мөн “Ашиглалтын хэсгийн насос”-ны машинчийн сул орон тоо дээр ажиллахыг санал болгосон боловч боломжгүй гэсэн хариу өгсөн.

          Д.Дандар 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр БНСАУ руу явахаар болсон тухай “Тодорхойлолт”-доо гадаад явах болсон мөн хүүхдийн төлбөр төлөхөд их хэмжээний мөнгө шаардлагатай байгаа тул “Хамтын гэрээ”-ний дагуу 6 сарын тэтгэмж авья гэсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрөө уг тушаалыг боловсруулж, гүйцэтгэх захирлаар батлуулсан.

         Мөн Д.Дандар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3, 129.4 дүгээр заалтуудыг зөрчиж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тушаалаа гардаж аваад, шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргаж, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Орон тоо хасагдсан учир Д.Дандарыг ажилд нь эргүүлэн томилох боломжгүй болно гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Дандар, “Багануур дулааны станц” ТӨХК-д холбогдуулан ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх  нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэж маргаж байна.

               Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.         

            1.Нэхэмжлэгч Д.Дандар 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан болох нь “Багануур дулааны станц” ТӨХК-ийн 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” мөн “Багануур дулааны станц” ТӨХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 156 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай”, “Багануур дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

            2.Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад, Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримталсан байх шаардлагатай буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл болдог тул хариуцагчийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 156 дугаартай “Багануур дулааны станц” ТӨХК-ийн Захирлын тушаалаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

          Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” бол хөдөлмөрийн гэрээг цуцална гэж зааснаар хариуцагч шүүхийн хэлэлцүүлгийн үед “компанийн шинэчилсэн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр орон тоо албан тушаал хасагдсан гэж намайг чөлөөлсөн боловч хэлтсийн нэр өөрчлөгдөж, чиг үүрэг, орон тоо бүгд хэвээрээ мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн Тогтоол хэрэгжих хугацаа болоогүй байсан” гэх тайлбарыг гаргасан бөгөөд тухайн үндэслэл болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 26 дугаар Тогтоол, 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих байтал нэхэмжлэгч Д.Дандарыг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 156 дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн болох нь “Багануур дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 156 тоот тушаалаар тогтоогдож байна.

         “Багануур дулааны станц” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай Тогтоолоор бүтэц орон тоо шинэчлэн баталсан байгаа боловч Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалыг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга хэмээн өөрчилсөн, мөн “Багануур дулааны станц” ТӨХК-ийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод Ажлын байрны зорилго хэсэгт “Захиргаа болон хүний нөөцийн удирлагын манлайлалыг хангах”, мөн ажлын байрны гол үйл ажиллагаа зэрэг нь агуулга нэгтэй, нэршил солигдсон боловч гүйцэтгэх ажлын чиг үүрэг нэг байх тул уг заалтыг баримталсан нь үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

          Иймээс нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй байх тул түүнийг урьд эрхэлж байсан Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “...ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь” зүйтэй гэж үзлээ.

          Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын дагуу ажилтны  сүүлийн 3 сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлох нь зүйтэй.

         Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн цалингийн тооцоололын даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн гурван сарын цалинг нэмээд, гуравт хуваахад, 2016 оны 9 дүгээр сарын цалин 1.494.906 төгрөг, 10 дугаар сарын цалин 1.558.074, 2016 оны 11 дүгээр сарын цалин 1.563.474 төгрөгнөөс тооцоход, 4.616.454:3=1.538.818 төгрөг /нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 1.538.818 төгрөг/, дундаж цалингаа ажлын өдрүүдийн дундажаар хуваахад 1.538.818:21.5=71.573 төгрөг, /нэг өдрийн цалин/.

         Нэхэмжлэгч Д.Дандарын ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх хүртэлх хугацаа ажлын 59 хоног,  71573 /нэг өдрийн цалин/ /х59 /хоног/ =нийт 4.222.807 төгрөгийн олговор олгох боломжтой гэж шүүх үзэв.

         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 4.222.807 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж  82.515 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

         Нэхэмжлэгч нь Ажлаас чөлөөлөх тухай 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 156 тоот тушаалаа хүлээн аваад, 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

          Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Д.Дандарыг “Хамтын гэрээ”-ний дагуу ажлаас халагдсаны 6 сарын тэтгэмж авсан гэж тайлбарлаж байгаа боловч тус байгууллага 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01/88 дугаартай албан тоотондоо “ Д.Дандар гадаад явах болсон мөн хүүхдийн төлбөр төлөхөд их хэмжээний мөнгө шаардлагатай байгаа тул Хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 6 сарын үндсэн цалин хөлстэй тэнцэх тэтгэмжийг олголоо” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийг ажлаас халагдсаны тэтгэмж авсан гэж үзэх боломжгүй учраас энэ асуудлаар шүүхэд хандах эрх нь нээлттэйг дурдах зүйтэй.

          Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

        1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Дамдинсүрэнгийн Дандарыг “Багануур дулааны станц” ТӨХК-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоосугай.

         2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 59 хоногийн цалин 4.222.807 төгрөгийг “Багануур дулааны станц” ТӨХК-иас гаргуулж, Д.Дандарт олгосугай.

         3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Дандарын дээрх олговроос нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч, зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл, хураамж төлсөн, бичилт хийхийг “Багануур дулааны станц” ТӨХК-д үүрэг болгосугай.

          4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

           5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 82.515 төгрөгийг гаргуулж,  улсын орлогод оруулсугай.

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

           7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.АРИУНАА