Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 04

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар иргэн Г.Га-ын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Га- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Га- миний бие одоогоор Завхан аймгийн Тэс сумын Зүр багт оршин сууж байгаа бөгөөд миний бие Завхан аймгийн Баянхайрхан сумд төрсөн, энэ нутгийн унаган хүү юм. 2000 оны зуднаар малаа ихэнхийг нь алдаж, мал ахуй муутай болсны зэрэгцээ манайх хүүхэд үрчилж авсан байсан тул би төрсөн нутгаасаа амьдралын зайлшгүй шаардлагаар 2002 онд хадмуудаа даган тус аймгийн Тэс сум руу шилжин суурших болсон. Завхан аймгийн Баянхайрхан суманд буюу төрсөн нутагтаа мал маллан амьдарч байхдаа хэний ч эзэмшдэггүй бор шороогоороо байсан газрыг буюу тус аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн Нурамт гэх газарт 1995 оноос хойш нутаглаж эхэлсэн. Тухайн үед хэн ч өвөлжөөний газрыг тоодоггүй байх үед Баянхайрхан сумын Засаг даргын 1996 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр тус аймгийн Баянхайрхан сумын Нурамт гэх газрын 10000 мкв газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Энэ шийдвэрийн дагуу газар эзэмших гэрчилгээгээ 1997 оны 11 дүгээр сарын 20-нд бичүүлж авсан юм. Тэгээд 2002 он хүртэл уг өвөлжөөндөө нутаглаж ах дүү нарын мал өвөлждөг байж байгаад манай ах дүү нар ихэнх нь хот шилжиж 1 жил айл амьтан буугаагүй байсан. Гэтэл 2007 оны хавар ноолуур авах ажлаар Хөвсгөлийн өндөр *******тай Баянхайрхан сумын Могойн голын Хөх толгой гэх газарт явж байгаад С.*******ын гэрт орж ноолуур сурагласан чинь чиний өвөлжөө айлгүй байгаад байхын нутагтаа иртэл чинь би буугаад байж байя гэхээр нь тэг тэг гэж хэлээд явсан. Тэгээд 2013 оны үед би жоохон малтай болж өвөлжөөндөө бууя гэтэл юу яриад байгаа юм, би тэр өвөлжөөг чинь авсан гэж хэлэхээр нь зохих байгууллагад нь хандсан. Эхлээд сумын Засаг дарга *******т хандсан чинь та байж бай, би наад асуудлыг чинь зохицуулна, хүлээж бай гээд маш удаан хүлээлгэсэн. Тэгээд шийдэхгүй болохоор нь Завхан аймгийн Засаг даргад өргөдөл өгсөн нь хариу өгөхгүй удааж байгаад хариу өгсөн. Хариу өгөхдөө тус аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/43 дугаар захирамжаар Ж.*******ын гэрчилгээ, сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 19 тоот захирамжийг хүчингүй болгосон. Тэгээд ч миний өвөлжөөний газрыг чөлөөлөхгүй удсан учраас газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг тус аймгийн Тосонцэнгэл сумын шүүхэд гаргасан. Тэгээд явж байтал Тэс суманд Тосонцэнгэлийн шүүхийнхэн ирээд таны нэхэмжлэлийг шийдэх боломжгүй боллоо, иргэн *******ын газар эзэмших гэрчилгээг сэргээсэн тус аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан байна, та газар чөлөөлүүлэх нэхэмжлэлээ татан авах хүсэлт бичээд өгчих гэсэн. Тэгэхээр нь бичиж өгсөн. Тэгээд шүүх намайг оролцуулалгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй намайг оролцуулж шийдвэрлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч бүрэлдэхүүнгүй гэдэг шалтгаанаар хот руу шилжүүлсэн боловч нийслэлийн шүүхээс хүсэлтийг хэлэлцэхгүй буцаасан гэж миний төлөөлөгчид хэлсэн учраас танай шүүхэд нэхэмжлэл гарган хандаж байна. Би Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/227 дугаар захирамжийн хуулбарт Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 3 сарын 9-ний өдрийн А/43 дугаар захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай гарсан тул хүчингүй болгож, Ж.*******ын газар эзэмших эрх, гэрээг хүчин төгөлдөр болохыг дурьдсан байна. Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 7 сарын 3-ны өдрийн А/227 дугаар захирамжийн хуулбар хувьд миний Баянхайрхан сумын Засаг даргын 1996 оны 1 сарын 11-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр олгогдсон өвөлжөөний газар эзэмших эрх, гэрчилгээг сэргээсэн Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 3 сарын 9-ний өдрийн А/43 дугаар захирамжийг утга агуулгын илт алдаатай гаргасан гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон нь миний Баянхайрхан сумын Засаг даргын 1996 оны 1 сарын 11-ний өдрийн 02 дугаар шийдвэрээр олгогдсон өвөлжөөний газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 7 сарын 3-ны өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өнөөдрийн шүүх хуралдаанд Г.Га-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч Г.Га-ын эрх ашиг хаана хөндөгдсөн юм бэ? гэхээр 1996 онд тус сумын Засаг даргын захирамжаар Баянхайрхан сумын Асгат багийн Нурамт гэх өвөлжөөн дээр 60 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ олгогдсон байдаг. Өөрөөр хэлбэл Г.Га-т 10 мянган м2 газар эзэмшүүлэхээр өгсөн байна. Нэхэмжлэгч нь тухайн газраа эзэмшиж байгаад 2002 онд өөр нутаг руу шилжсэн. Иргэн хүн өөр нутаг руу шилжихээр газар эзэмших гэрчилгээ нь хүчингүй болно гэсэн заалт Газрын тухай хуулинд байхгүй. Нэхэмжлэгч нь тухайн газраа эзэмшиж байсан бөгөөд өвөлжөөгөө засаж тохижуулж байсан гэсэн тайлбар байдаг. Ийнхүү хуулийн дагуу эзэмшиж байхад нь 2010 онд тус сумын Засаг даргын захирамжаар Ж.******* гэдэг хүнд газар эзэмшүүлэх гэрчилгээ өгсөн байдаг. Үүнтэй холбогдуулан дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргад нэхэмжлэгч нь гомдол гаргасан. Энэхүү гомдлыг нь аймгийн Засаг дарга хүлээн авч 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/43 дугаар захирамжаар Г.Га-ын газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээж, Ж.*******д газар эзэмшүүлсэн гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Гэтэл дээрх захирамжийг 2017 онд аймгийн Засаг дарга хүчингүй болгосон. Ийнхүү хүчингүй болгохдоо утга агуулгын илт алдаатай гэж үзсэн байдаг. А/43 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байна уу? гэхээр харагдахгүй байгаа. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгоогүй, өөр үндэслэлээр хүчингүй болгосон байна. 2016 оны А/43 дугаар захирамжийг харахад утга агуулгын илэрхий алдаа гэж харагдахгүй байна. Утга агуулгын илэрхий алдаа гэдэг нь тухайн зүйл дотроо өөр үйл явдлыг харуулсан, өөр зохицуулалтыг хийсэн тохиолдлыг хэлнэ. А/43 дугаар захирамжаас харахад Г.Га-ын газар эзэмших гэрчилгээг сэргээсэн байгаа. Мөн Ж.*******ын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон агуулгатай байна. Тийм учраас утга агуулгын илэрхий алдаа байхгүй. Зөвхөн сумын нэр солигдсон асуудал байдаг. Өөрөөр хэлбэл А/43 дугаар захирамжийг хэрэгжүүлэх боломжгүй захирамж биш юм. Мөн А/277 дугаар захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй. 1996 оны захирамж хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уг захирамжийн хавсралт байхгүй гэдэг асуудал нь Г.Га-т газар эзэмших эрх үүсээгүй гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл 1996 оны захирамжийг үндэслээд Г.Га-т газар эзэмших гэрчилгээ олгогдсон байна. Тухайн гэрчилгээн дээр төрийн тамга, тэмдэг байгаа учраас маргаан бүхий газрыг Г.Га- эзэмших эрх нь үүссэн. Хамгийн гол нь маргаан бүхий газрыг Ж.******* гэдэг хүнд эзэмшүүлэхдээ өмнөх захирамжийг хүчингүй болгоогүй байж, дараагийн захирамжийг гаргасан асуудал байдаг. Ийм учраас дээд шатны байгууллага нь өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд давхцсан гэж үзээд 2016 оны А/43 дугаар захирамжаар 2010 оны захирамжийг хүчингүй болгосон. Гэтэл аймгийн Засаг дарга нь 2016 оны А/43 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо утга агуулгын илэрхий алдаатай гэж үзсэн. Энэхүү тайлбарыг хүлээн авах боломжгүй. Яагаад гэвэл 2016 оны А/43 дугаар захирамжид маргаан бүхий газрын оноосон нэр, өмнө нь эзэмшиж байсан Г.Га-ын нэр, дараа нь эзэмшиж байсан Ж.*******ын нэр, сумын Засаг даргын захирамжийн огноо, дугаар байгаа учраас зөвхөн сумын нэр буруу гэдэг үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй. Тийм учраас 2016 оны А/43 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл бүрдээгүй гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл дээрх захирамжийг шууд хүчингүй болгох боломжгүй. Иймд аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/277 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/227 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийг хүлээн авч дараах тайлбарыг хүргүүлж байна. Иргэн Г.Га-ын нэхэмжлэлтэй танилцаж холбогдох материалуудыг судлан үзэхэд дараах зөрчлүүд илэрч байна. Үүнд: 1. Аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/227 дугаар захирамжийн хуулбар хувийг иргэн Г.Га-т гардуулах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь иргэн Ж.******* нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2. Аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/43 дугаар захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай байгаа нь Баянхайрхан сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр захирамжийг хүчингүй болгож 1996 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар захирамжийг сэргээх үндэслэл болохгүй. 3. Иргэн Ж.*******д Бүрдийн арын Нурамт гэх өвөлжөөний зориулалттай газар эзэмшүүлсэн нь хууль эрх зүйн хувьд зөрчилгүй байна. Учир нь иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гарч түүний дагуу Засаг даргын захирамж гарсан нь хууль эрх зүйн хувьд зөрчилгүй байна. 4. Иргэн Г.Га- нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул тухайн газрын эзэмших эрх нь хуулийн дагуу хүчингүй болно. 5. Иргэн Ж.******* нь газрын төлбөрөө хуулийн дагу 2010-2017 онуудад жил бүр төлсөн байгаа нь тухайн газрыг бүрэн эзэмших эрхтэй байна. Дээрх үндэслэлүүд нь хууль тогтоомж, нотлох баримтанд тулгуурласан тул хууль эрх зүйн хувьд бүрэн чадамжтай гэж үзэж байна . Иймд иргэн Г.Га-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хоёр удаа тайлбар гаргасан. 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/43 дугаар захирамж нь утга агуулгын илт алдаатай. Яагаад гэхээр Баянхайрхан сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон мөртлөө Асгат сумын гэж оруулсан нь яах аргагүй алдаатай гэж үзсэн. Мөн хуулийн үндэслэлдээ Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6 дахь зүйлийг баримталсан байдаг. Газрын тухай хуулийн 40.1.1-т эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэж заасан. Тэгэхээр 2010 оны захирамжаар маргаан бүхий газрыг Ж.*******д эзэмшүүлсэн байдаг. Үүнээс хойш Ж.******* нь гэрээний үүргийг ямар нэгэн байдлаар зөрчиж байгаагүй. Мөн 2010 оноос хойш маргаан бүхий газрыг төлбөрийг төлж байсан. Хэргийн материалаас харахад Ж.******* нь тухайн өвөлжөөн дээр тогтмол өвөлжсөн байдаг. Газрын тухай хуулийн 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан. Тэгэхээр Ж.******* нь нэгдүгээрт газрын төлбөрийг тогтмол төлсөн, хоёрдугаарт маргаан бүхий газрыг байнга ашиглаж байсан. Үүнийг гэрчийн мэдүүлгүүд нотолж байгаа. Гэтэл 2016 онд аймгийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий газрыг 2 жил ашиглаагүй гэдэг үндэслэлээр Ж.*******ын газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байдаг. Дээрх үндэслэлүүдээр 2016 оны А/43 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзсэн. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/277 дугаар захирамжаар Баянхайрхан сумын Засаг даргын 2010 оны захирамжийг хүчин төгөлдөр гэж үзсэн. Тэс сумын иргэн Г.Га- нь нэхэмжлэлдээ 1996 оны захирамж гарсан гэсэн байдаг. Гэтэл 1996 оны захирамжийн хавсралт сумын архив болон аймгийн архиваас олдохгүй байгаа. Тэгэхээр Г.Га-т 1996 оны захирамжаар Нурамт гэх газрыг эзэмшүүлсэн гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл захирамж бол шийдвэр, харин гэрчилгээ бичигдсэнээр газар эзэмших эрх үүслээ гэж үздэг. Тэгэхээр маргаан бүхий газрыг Г.Га-т эзэмшүүлсэн гэж үзэх нь учир дутагдалтай. Харин Ж.*******д маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ хуулийн дагуу явагдсан байгаа. Ийм учраас Баянхайрхан сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын захирамж хүчин төгөлдөр юм. Эцэст нь дүгнээд хэлэхэд маргаан бүхий газрыг нэг нь түрүүлээд авчихсан. Дараа нь амаараа тохироод, мөнгө цаасаа шилжүүлсэн юм байна лээ. Ийм учраас захирамж, шийдвэрүүд нь гарсан байдаг. Тэгээд байж байснаа 2016 онд нэхэмжлэгч нь гэнэт сэрсэн юм шиг аймгийн Засаг даргад хандсан. Гэтэл аймгийн Засаг даргын 2016 оны А/43 дугаар захирамжаар 2010 оны захирамжийг хүчингүй болгосон байдаг. Ийнхүү захирамж гаргахдаа эрх зүйн хувьд зөрчилтэй захирамж гаргасан. 2016 оны А/43 дугаар захирамжийн хуулийн заалтыг харсан ч, доторх утгыг нь харсан ч эрх зүйн чадамжтай захирамж гэж хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл ямар ч холбогдолгүй хуулийн заалтыг баримталсан байдаг. Ийм учраас 2016 оны А/43 дугаар захирамж нь алдаатай захирамж юм. Энэхүү захирамжийг хүчингүй болгохдоо нэгдүгээр утга агуулгын алдаатай, хоёрдугаарт эрх зүйн зөрчилтэй гэж үзсэн.

Гуравдагч этгээд Ж.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутагт байрлах Бүрдийн арын Нурамт гэдэг газар төрсөн. Нэгдэлжих хөдөлгөөнөөс өмнө хувийн аж ахуйтан байхдаа ээж Жамбаатай хамт хувийн хэдэн малтайгаа байдаг байсан. Хамгийн сүүлд 1956 онд ээж Жамбаатайгаа өвөлжсөн. 1956 оны хавар нэгдэлд малаа нийгэмчилсэн. Бүрдийн арын Нурамт гэх газар олон малтай болж болохооргүй давчуу бэлчээр хомсхон байдаг. Үүнээс хойш нэгдлийн мал маллаж байгаад 1990 онд мал хувьчлагдаж хувийн аж ахуйтан болсон. 11 хүүхэдтэй, хувьчлалаар Сэрвэнгийн нарийн ухаа гэдэг өвөлжөөний модыг авсан. Улмаар хүүхдүүд том болж зарим нэг нь цэрэгт явж, багачууд нь сургуульд орсон. Боломж муутай байсан учир удмын Нурамт гэдэг өвөлжөөгөө төхөөрч авч чадаагүй байж байтал Г.Га-ын ээж Даваажав надтай ирж уулзаад танай удмын бор шороон дээр хүүхдүүдийг чинь томортол түр өвөлжөө засаж өвөлжиж байя гэсэн юм. За тэг хүүхдүүд томорхоор буцааж авъя гэсэн. Г.Га- миний бодож байгаагаар 1997 онд пүнз, бүхээг 2 барьсан. Г.Га- Баянхайрханаас Тэс сум руу шилжихдээ Пунцаг овогтой Дагвасэндэнд 2 эр хонь 1 уут гурилаар зарсан. Нурамтын яг урд талд Гозгор гэх Г.Га-ын эгч Цэнд-Аюушийн өвөлжөө байдаг. Гозгорын баруун талд Өврийн өтөг гэх дүү Баатар-Очирын өвөлжөө, Өврийн өтөгийн ард талд хамаатан Тогтохбаярын Хар өвөр гэх зэрэг ах дүүсийн дунд алга дарамхан удмын бор шороог хүү С.*******ындоо өвлүүлэн эзэмшүүлэх хүсэлтэй байгаа юм. Миний удмын өвөлжөө гэж Асгат багийн иргэд мэддэг учраас 2009 онд багийн иргэдийн Нийтийн Хурлаараа шийдэгдэж олгож өгсөн юм. П.Дагвасэндэн 2012 онд нас барсан ба үүнээсээ өмнө минь хүү С.*******ыг дуудаж миний мэдлийн юм чамайг нэг талд нь багтааж өгье, чи Нурамтын 1 пүнз, 1 бүхээг хоёрыг ав, даага юм уу 250000 төгрөг өгчих гээд худалдаж авсан. Энэ 250000 төгрөгийг охин Д.Алтангэрэлдээ өгөөрэй гэсэн. 2013 онд охин Д.Алтангэрэлд нь 250000 төгрөг өгсөн. 2007 онд С.*******ынх Асгат сумын төвд С.******* 8 жилийн сургууль байрны багш, эхнэр нь эмийн санч хийж байсан. Энэ мэтчилэн дандаа амьд хүнийг гүжирдэж байна. Миний хэдэн хүүхдүүд бүгд малтай хөдөө байдаг. Миний шөлний хэдэн мал хүү С.*******ынд байдаг. 2010 онд гэрчилгээ аваад тэр цагаас хойш газрын татвараа төлж ирсэн. Улмаар хэрэглээний модны гоожин авч 1 үхрийн бүхээг 2 тугалын пүнз, цагаан хашаа, аргал өтөг, өвсний хашаа зэргийг барьж тохижуулан 2009 оноос хойш өвөлжиж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Га- нь Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 3-ний өдрийн А/227 дугаар захирамж түүний өвөлжөөний газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэж өөрийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасны дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухайд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан бүхий Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/277 дугаар захирамжийг нэхэмжлэгч Г.Га-д мэдэгдээгүй, гардуулаагүй гэж тайлбарлаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа хэтэрсэн бол энэ хуулийн 14.6 дахь хэсэг хамаарахгүй гэж зохицуулсны дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг тооцох шаардлагагүй байна.

Маргааны үйл баримтын тухайд: Нэхэмжлэгч Г.Га- нь Завхан аймгийн Баянхайрхан сумын Засаг даргын 1996 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаар захирамжаар тус сумын Нурамт гэх газар өвөлжөөний зориулалтаар 10.000 мкв газрыг 60 жилийн хугацаатайгаар газар эзэмшүүлэх эрхийн 1997 оны /БХ209/ дүгээр гэрчилгээгээр эзэмшсэн байна. Улмаар Баянхайрхан сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр захирамжаар Баянхайрхан сумын Асгат багийн Нурамт гэх өвөлжөөний газрыг иргэн Ж.*******д эзэмшүүлсэн байна.

Нэхэмжлэгч Г.Га- Баянхайрхан сумын Засаг даргын уг захирамжтай холбогдуулан Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргаснаар тус аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/43 дугаар захирамж гарч, уг захирамжаар Баянхайрхан сумын нутагт байрлах иргэн Г.Га-ын эзэмшлийн Нурамт гэх өвөлжөөг иргэн Ж.*******д давхцуулан олгосон нь хууль бус болсон тул Асгат сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр захирамжийн Ж.*******д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон байна.

Улмаар иргэн Ж.******* нь Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/43 дугаар захирамж өөрийнх нь газар эзэмших хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулахаар тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч Завхан аймгийн Засаг дарга хүлээн зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/277 дугаар захирамжаар тус аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/43 дугаар захирамжийг хүчингүй болгож, иргэн Ж.*******ын өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрхийг хүчин төгөлдөр болохыг дурдаж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

Нэхэмжлэгч Г.Га-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл нар нь нэхэмжлэгчид үүссэн 1996 оны Баянхайрхан сумын Засаг даргын захирамжаар Нурамт гэх газрын эзэмших эрхийг сэргээсэн Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/43 дугаар захирамжийг хүчингүй болгосон тус аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/277 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулахаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/277 дугаар захирамж хуульд нийцэж гарсан гэж маргаж байна.

Маргаан бүхий Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/277 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл үүсгэсэн тус аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/43 дугаар захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай, эрх зүйн зөрчил үүсгэж буй тул маргаан бүхий А/277 дугаар захирамжаар хүчингүй болгосон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Хариуцагч маргаан бүхий А/277 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг үндэслэсэн байна.

Дээр дурдсан хуулийн зохицуулалтуудаас харахад Засаг даргын захирамж нь Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Засаг дарга өөрөө хүчингүй болгох эрхтэй байх боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ Засаг дарга газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл баримтыг шалгаж тогтоосны дараа өөрчлөх буюу хүчингүй болгох шийдвэр гаргахаар байна. Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл үүсгэсэн тус аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн А/43 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо энэхүү захирамжид дурдагдсан Г.Га-ын эзэмшлийн Нурамтын өвөлжөөний газрыг иргэн Ж.*******д давхцуулан олгосон гэх үйл баримтыг судлалгүй А/43 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтын Асгат сумын .... гэх бичилтийн алдааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаа үүсгэсэн гэж үзэж илт хууль бус актад тооцох хуулийн зохицуулалт үндэслэн, мөн А/43 дугаар захирамжид үндэслэсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан зохицуулалтын үндэслэл тогтоогдоогүй нь эрх зүйн зөрчил үүсгэж байна гэсэн үнэлэлт өгч А/43 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д захиргааны актын бичилт болон тооцооны ... алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө .... засах эрхтэй ... гэсэн зохицуулалт байхад Нурамтын өвөлжөөний газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд давхцуулан олгосон асуудлыг бүрэн гүйцэт судлалгүй зөвхөн 2010 оны иргэн Ж.*******д газар эзэмших эрх үүсгэсэн тус сумын Засаг даргын 19 дүгээр захирамж, гэрээ, гэрчилгээний хүрээнд үнэлэлт өгч шийдвэрлэснээр хариуцагч нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонгох боломжийг хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Г.Га- нь Нурамтын өвөлжөөний газрыг Баянхайрхан сумын Засаг даргын 1996 оны газар эзэмшүүлэх захирамж, 1997 оны газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заажээ. Гэтэл Баянхайрхан сумын Засаг даргын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 19 дүгээр захирамжаар Нурамтын өвөлжөөний газрыг уг хэргийн гуравдагч этгээд Ж.*******д давхцуулан эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлсон ба тус хуулийн 31.3-д хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж зохицуулжээ. Нэхэмжлэгч нь Нурамтын өвөлжөөний газрыг 1996 оны 02 дугаар захирамж, 1997 оны эрхийн гэрчилгээгээр эзэмшсэнээс хойш түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, мөн нэхэмжлэгчийн эзэмшлийн уг газар бусдад шилжүүлэгдсэн талаар тус сумын Засаг даргын захирамж байхгүй байхад 2010 онд тус сумын Засаг даргын захирамжаар иргэн Ж.*******д давхардуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг зөрчсөн үйлдэл байна.

Түүнчлэн гуравдагч этгээд Ж.*******ын шүүхэд ирүүлсэн тайлбар, гэрч Д.Алтангэрэлийн мэдүүлгээс үзэхэд Баянхайрхан сумын Нурамтын бууц /өвөлжөөний газар/ дээр нэхэмжлэгч Г.Га- 1997 оны үед малын пүнз, бүхээг барьж эзэмшиж байгаад Тэс сум руу шилжихдээ иргэн П.Дагвасэндэнд худалдсан, П.Дагвасэндэн гуравдагч этгээд Ж.*******ын хүү С.*******од уг өвөлжөөг худалдсан гэж тайлбарлаж, мэдүүлж байна. Гэвч гуравдагч этгээд Ж.******* нь уг өвөлжөөний газрыг Баянхайрхан сумын Засаг даргын 2010 оны 19 дүгээр захирамжаар өмнөх эзэмшигчээс шилжүүлэн авалгүй шинээр эзэмшсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Мөн гуравдагч этгээд Ж.******* нь Нурамтын өвөлжөөн дээр малын саравч, пүнз, хашаа нэмж барьсан гэж тайлбарлаж байх тул уг эд хөрөнгөө ерөнхий харьяалалын шүүхээр нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.

Дээрх үндэслэлээр Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/277 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Захирамж хүчингүй болгох тухай А/277 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Га-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР