Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2017/00009

 

Э.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй,

Дорнод Их Сургуульд холбогдох хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалан, шүүгч Д.Байгалмаа, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан давж заалдах шатны  шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 138/ШШ2017/00047 дугаар шийдвэртэй, Э.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй, Дорнод Их Сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 1644000 төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Р.Ганчулууны давж заалдах гомдлоор  2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч,  ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд оролцсон:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул

Хариуцагчийн төлөөлөгч И.Наранцэцэг

Хариуцагчийн  өмгөөлөгч Р.Ганчулуун

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох

Нэхэмжлэгч Э.Мөнхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод Их Сургуулийн гал тогоонд туслах тогоочоор ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 2-ноос нийт багш, ажилчдын хамт ээлжийн амралтаа эдэлсэн. Миний амралтын хугацаа багш нарынхтай адил урт хугацаатай биш учраас хэзээнээс ажилдаа орох талаар асуухад “амарч бай, дуудна” гэсэн. Зуны турш намайг дуудаж ажилд оруулаагүй. 9-р сарын 1-ний өдөр болоход нь ажлынхаа талаар асуухад “гал тогоог түрээслүүлэх болсон тул тогоочийн орон тоогүй болсон, хална” гэсэн. Ингээд халагдах тушаалаа хүлээж байтал 9 дүгээр сарын 20-нд хүний нөөцийн мэргэжилтэн “гал тогооны түрээсийн асуудал тодорхойгүй боллоо, чи ажиллана биз дээ” гэхээр нь  “би ажиллана, гэхдээ яг одоо хоолойны махаа авахуулсан, эдгэрэхээр нь ажилдаа оръё” гэхэд “за, за” гэсэн. Ингээд 10 сарын 1-нд очтол намайг орон тооны цомхотголоор халсан, чиний оронд өөр хүн авсан, халагдсан тушаалаа маргааш аваарай гээд одоог хүртэл тушаалаа гаргахгүй байгаа хэрнээ ажил хийлгэхгүй байна. Миний ажлын байр байгаа, цомхтголоор халсан гэх боловч миний оронд өөр хүн авчихсан байгаа. Иймээс 2016 оны 7 дугаар сараас хойш ажилгүй, цалингүй хохирч байгаа тул намайг үндсэн ажлаа хийх боломжоор ханган, 7 дугаар сараас хойш ажилгүй байсан хугацааны цалин 1 644 000 төгрөгийг нэхэмжилж байна  гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2016 оны 6 дугаар сард ээлжийн амралт эхлэхээс өмнө “2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн гал тогоог түрээсээр ажиллуулна. Та нар  үргэлжлүүлэн ажиллаж болно” гэдгийг хоёр тогоочдоо хэлсэн. Аль ч сургуулийн гал тогоо зуны амралтын хугацаанд ажилладаггүй бөгөөд 9 дүгээр сарын 1-нээс гал тогоог өөр байгууллага түрээсээр ажиллуулж эхэлсэн. Түрээслэгч байгууллага нь тогоочгүй байсан учир манай хуучин тогооч нарыг ажиллуулаад, сургууль тогооч нарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөд явахаар тохирсон. Ингээд Э.Мөнхтуяагаас саналыг нь асуухад “манай байгууллага биш бол би тэр түрээслэгч байгууллагад ажиллахгүй” гэсэн. Гэтэл түрээслэгч байгууллага 10 сарын 1-нээр тасалбар болгон түрээсийн гэрээгээ цуцалж, гал тогоог ажиллуулахаа зогсоож, сургуульд хүлээлгэн өгсөн. Энэ үеэр Э.Мөнхтуяатай утсаар ярьж, “түрээс больсон, сургуулийн гал тогоонд ажиллах уу” гэдэг санал тавьсан. Э.Мөнхтуяа өгдөг газар нь өгч асуудлыг шийдүүлнэ гэж маргаад ирээгүй тул 10 дугаар сарын 5-ны өдөр хүртэл хүлээгээд, ирэхгүй болохоор нь ажил тасалсан гэж үзэж ажлаас халах тушаалыг гаргасан болно. Түрээслэгч 9 дүгээр сараар бүтэн дуусгавар болгоод гал тогоог хүлээлгэж өгсөн тул Э.Мөнхтуяа нь 10 сарын 1-нээс хойш ажилдаа ирж бүртгүүлж ажлаа хийх, эсхүл эмнэлгийн чөлөөний актаа өгөх байсан.  Иймээс байгууллагын дотоод журмын 7.8-д ажилтан, ажилчид 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцохоор заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхүй байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 138/ШШ2017/00047 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхтуяаг  Дорнод Их Сургуулийн хоолны газрын туслах тогоочийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар Дорнод Их Сургуулиас ажилгүй байсан хугацааны олговор 1180935 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Мөнхтуяад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхтуяад олгох 1180935 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч Дорнод Их Сургуульд үүрэг болгон,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Мөнхтуяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллага Дорнод Их Сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 32892 төгрөг гаргуулан төсвийн орлого болгон ...шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Ганчулуун  давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Э.Мөнхтуяа нь хэзээ, ямар сахилгын зөрчил гаргасан нь тодорхойгүй, сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон баримт байхгүй, хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг тусгайлан заагаагүй, ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарладаг боловч ажлаас чөлөөлөх тухай тушаалд энэ талаар тусгаагүй” гэсэн дүгнэлт хийжээ. Гэвч ажил олгогч ажилтныг чөлөөлөх шийдвэртээ хөдөлмөрийн гэрээний 4.2-ийн “дараах зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж үзнэ” гэснийг баримталсан нь зөв  байна. Тухайлбал хөдөлмөрийн гэрээний 4.2.В, 4.2.Е дэх заалтууд шууд зөрчигдсөн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг шууд цуцалсан нь үндэслэлтэй. Мөн Э.Мөнхтуяа нь хөдөлмөрийн дотоод журмын 3.4.6-ийн ажлын цагийг хатуу баримтлах, 4.2.3-ийн багш, ажилчид 4 хүртэлх цагийн чөлөөг албаны дарга нараас авах, 4 цагаас 3 хоног хүртэлх цалинтай болон цалингүй чөлөөг захирлаас авна, 7.4, 7.6, 7.7, 7.8 дахь заалтыг зөрчсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 заасан ажлаас халах үндэслэл болно. Түүнчлэн шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66-р зүйлийг зөрчиж захирамж гаргасан байна. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Р.Ганчулуун давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66-р зүйлийг зөрчиж захирамж гаргасан” гэж, давж заалдах шатны шүүх хуралдаанд “шүүх иргэний хэрэг үүсгэхдээ зохигчдын нэрийг буруу бичсэн, түүнийг залруулаад хэрэгт хийчихсэн байна” гэж тайлбар гаргажээ. Гэвч дээр дурдсан шүүхийн алдаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй гарахад сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан гэж үзэхэд учир дутагдалтай тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгч Р.Ганчулууны “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй”  гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Ажил олгогч 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн тушаалаар  Э.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, түүнийг туслах тогоочийн ажлаас чөлөөлсөн байна. Ажил олгогч шийдвэртээ Э.Мөнхтуяаг ажлаас халах үндэслэл болсон фактын талаар тодорхой дурдаагүй, харин “Э.Мөнхтуяа ажил тасалсан учраас ажлаас халсан” гэж  шүүхэд гаргасан тайлбартаа дурджээ. Гэвч ажил олгогч Э.Мөнхтуяаг ажил тасалсан гэх үндэслэлээр ажлаас халаагүй болох нь тушаалд энэ талаар огт дурдаагүй байгаагаар нотлогдож байх бөгөөд энэ тухайд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй  байна. Нөгөө талаар Э.Мөнхтуяа нь ээлжийн амралтаа авснаас хойш 9 дүгээр сарын 1-нийг хүртэл, “багш, оюутнууд амралттай байгаа тул гал тогоо ажиллаагүй” гэх шалтгаанаар, 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-нийг хүртэл, “сургуулийн гал тогоог өөр байгууллага түрээсэлж байгаа” гэх шалтгаанаар ажилгүй байсан тул түүнийг дээрх хугацаанд ажил тасалсан гэж үзэхгүй. Түүнчлэн 10 сарын 1-нээс сургуулийн гал тогоо ажиллаж эхэлмэгц Э.Мөнхтуяа ажилдаа ирээгүй, ажлаа хийгээгүй явдал нь түүний буруугаас бус, харин ажил олгогч түүнийг цаашид тогоочоор ажиллуулахгүй гэснээс үүдсэн  тул Э.Мөнхтуяаг энэ хугацаанд ажил тасалсан гэж үзэхэд учир дутагдалтай юм. Энэ нь Э.Мөнхтуяагийн гаргасан тайлбар болон хариуцагч талын гаргасан “ер нь дахин ажиллах шийдвэр гаргаснаас хойш урьд ажиллаж байсан ажилтнуудыг ажиллуулахгүйгээр /дутагдал давтагдана гэж үзээд/ ажил олгогч шийдсэн гэж үзэж болно” гэх тайлбараар /хх-ийн 20-р тал/ нотлогдсон болно.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч Р.Ганчулууны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хариуцагчийн өмгөөлөгч Р.Ганчулууны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 138/ШШ2017/00047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч талаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ЭНХЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                  Д.БАЙГАЛМАА

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.НАРАНБАЯР