Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 2038001890214 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Б-,

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн Эрээний давхар зураа гэх 2.7 куб метр мод хууль бусаар бэлтгэж экологи эдийн засагт 991.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Улаан Уул сумын 1 дүгээр багийн нутаг Шивлэгийн Эрээний давхар зураа гэх газраас тус сумын иргэн Б.Б- гэх хүн зохих зөвшөөрөлгүй ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн асуудлыг манай экологийн байцаагч, байгаль хамгаалагч нар илрүүлж шалгасан байдаг. Миний ажил үүргийн дагуу манай сумын Засаг дарга захирамж гарган намайг хохирогчоор оролцуулах шийдвэрийг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

Гэрч Ө.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Улаан Уул сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлтэй хамтран 2020 оны 02 сарын 10-13-ны өдрүүдэд 1 дүгээр багийн айл өрхөөр 2020 оны төрөөс баримтлах бодлого чиглэлээр гарсан хууль тогтоомжийг сурталчлах хяналт шалгалт хийж явахад 1 дүгээр багийн иргэн Б.Б- нь Эрээний давхар зураа гэх газраас ойгоос гоожингүй нойтон мод бэлтгэсэн байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/

Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангийн инженэр М.Бямбацогтын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай: “...Б.Б-ийн бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ 991.440 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн: Иргэн Б.Б- нь экологи эдийн засгийн 991.440 төгрөг, ойн санд учруулсан нөхөн төлбөр 2.974.320 төгрөгийн хохирол учруулсан...гэх дүгнэлт /хх-ийн 39-р тал/ Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн Давхар зураа гэх газраас өвсний хашааны мод бэлтгэхээр босоо нойтон 22 ширхэг модыг сүхээр цавчиж бэлтгэсэн. Уг бэлтгэсэн модоо аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р дугаар хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/ Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р тал/ Эд мөрийн баримт битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /ххийн 9-12-р тал/ Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хүлээн авах тухай тэмдэглэл, эд мөрийн баримтыг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14-16-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Засаг даргын 3 тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50, 53-56-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багийн Эрээний давхар зураа гэх 2.7 куб метр мод хууль бусаар бэлтгэж экологи эдийн засагт 991.440 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогч Г.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/, гэрч Ө.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/, Хөвсгөл аймгийн “Баяншишгэд” сум сумдын ойн ангий инженер М.Бямбацогтын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт, /хх-ийн 32-33-р хуудас/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р тал/, эд мөрийн баримт битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 9-12-р тал/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтыг хүлээн авах тухай тэмдэглэл, эд мөрийн баримтыг түр хураан авсан тэмдэглэл /ххийн 14-16-р тал/ зэрэг тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрхүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Экологи-эдийн засагт учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийнүйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, ойн санд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгчийн Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, энэ талаарх хууль тогтоомжийг таниулах урьдчилан сэргийлэх ажиллагаа хийгдээгүй зэрэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ам бүл 4, эцэг эх, эгч нарын хамт амьдардаг шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын яллах дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б-ийн гэм буруутай үйлдлийн улмаас ойн экологи-эдийн засагт 991.440 төгрөгийн хохирол, учирсан байна. Монгол Улсын Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна. Шүүгдэгч нь экологи-эдийн засгийн хохирол, нөхөн төлбөрт 991.440 x3=2.974.320 төгрөгийн хохирлыг нөхөн талаар 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн эвлэрлийн гэрээг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.7 метр куб хэмжээний модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг эрх бүхий байгууллагад даалгахыг, Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2.7 метр куб хэмжээтэй хуурай шинэс модыг хурааж, хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

5. Эрүүгийн 2038001890214 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6. Эрүүгийн 2038001890214 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР