Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 0708

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Н.Ундрах, хохирогч Б.Ц, гэрч Г.Х, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Л.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 01206 0128 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Г.Ц, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн *** тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Хустайн ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд:

 Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Ц нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Натур төвийн урд талын зогсоол дээрээс хохирогч Г.Т-гийн эзэмшлийн 6,000,000 төгрөгийн үнэ бүхий 48-63 УБЧ улсын дугаартай “Toyota Corolla” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай унаад өгье гэж хуурч шилжүүлэн авч,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд байрлах Орчлон хороолол ** дугаар байрны орчимд *** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Ц-д улаан мөнгөн ус олж өгнө гэж хуурч 45,000,000 төгрөгийг шилжүүлэн авч,

2017 оны 12 дугаар сарын 17-аас 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Нарантуул зах дотор хохирогч Т.Ж-д хөдөлдөг хар юм зарна урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж хуурч 14,000,000 төгрөгийг тус тус залилж, нийт 65,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Г.Ц нь үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Натур төвийн урд талын зогсоол дээрээс хохирогч Г.Т-гийн эзэмшлийн 6,000,000 төгрөгийн үнэ бүхий *** УБЧ улсын дугаартай “Toyota Corolla” загварын цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 7 хоногийн хугацаатай унаад өгье гэж хуурч шилжүүлэн авсан, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд байрлах Орчлон хороолол ** дугаар байрны орчимд *** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Ц-д улаан мөнгөн ус олж өгнө гэж хуурч 45,000,000 төгрөгийг шилжүүлэн авч, 2017 оны 12 дугаар сарын 17-аас 23-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Нарантуул зах дотор хохирогч Т.Ж-д хөдөлдөг хар юм зарна урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэж хуурч 14,000,000 төгрөгийг тус тус залилж, нийт 65,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Ц-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би Т-гийн авто машиныг зарсан зүйл байхгүй. Т өөрөө машинаа хүлээж авахдаа бичиг баримттай нь авсан. Т-гийн машин эвдрээд үлдээгээд явсан. Би машиныг түрээслээд аваад явсан болохоос анхнаасаа залилах зорилго байхгүй. 2018 оны 7 дугаар сараас О гэдэг хүнийг таньдаг болсон. 2018 оны 7 дугаар сараас 8 дугаар сарын 28 хүртэл буюу хохирогчоор тогтоогдоод байгаа Ц-аас мөнгийг авах хүртэл бид хоёрын дунд өрийн харилцаа бий болохоор дотно танилууд байгаагүй. О гэдэг хүнийг зүс мэдэх хүн. Надад ямар нэг байдлаар мөнгө зээлдүүлж байсан тохиолдол байхгүй. Б-ыг бол танина. 2013 онд Ховд аймгийн Цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр очиход манай эрүүгийн ахлах төлөөлөгч байсан. Б гэдэг хүн надтай эрүүгийн ахлах байсны хувьд сайн танилууд гэхдээ Б-аас 6 сая төгрөгийн машиныг нь худалдаж авсан зүйл байхгүй. Тэр машин ч Булганбаатарын машин биш гэж ойлгож байгаа. Б-ыг тийм машин унаад явж байхыг би хараагүй. Одоо болохоор надаас машиныхаа мөнгийг авах зорилготой байгаа хүн. Б нь О-ын дансанд мөнгө ороход надтай хамт байсан. Хохирогч Ж хүртэл хэлсэн байдаг. О руу мөнгө явуулсны дараагаар Б бид хоёр хамт байж байхад О дансанд орсон мөнгөнөөсөө бид хоёр луу буцааж явуулаад, тэр мөнгөнөөсөө мөн Б-ын эхнэр лүү шилжүүлэг хийсэн. Б энэ талаар сайн мэдэж байгаа. О гэдэг хүн “хар юм”-ны бичлэгийг анх явуулаагүй бол би Ж гэдэг хүнтэй уулзаад “ийм юм надад байна, энэ хүн надад зарах гэж байна, ийм хэмжээний үнэ өртөгтэй зүйл байна” гэж ярихгүй байх байсан. О одоо болохоор өөр зүйл яриад байна. О тэр бичлэгийг явуулснаар Ж-тай уулзах нөхцөл бүрдсэн. Х ахын хувьд бид хоёр 2018 оны 7 дугаар сараас бие биеэ мэддэг болсон. Улаанбаатар хотод Урт цагаан дээр тарвас зарж байна гээд байж байхад нь уулзсан. Тэр үед улаан мөнгөн усны талаар Х ярьсан, гэхдээ надад байна гэж хэлээгүй. Улаан мөнгөн ус гэж ийм зүйл байна гэдэг талаар ярьсан. Х ах 8 дугаар сарын 27-ны өдөр надтай уулзаад “манай нэг ахад наадах чинь хэрэгтэй байна, цаашаа зарахгүй, чи надад олоод өгөөч” гэж яриад надад 50 сая төгрөг өгөхөөр болсон. 7 хоногийн дараа дахиад 50 сая төгрөг нэмж өгнө гэдэг зүйл ярьсан. Орчлон хороололд Х гэдэг хүнээс мөнгө авахад Ц байсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй...“ гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Ц-ын шүүх хуралдаанд өгсөн: “...1,200,000 төгрөгийн тухайд хувцсыг нь нэгжээгүй, Ц өөрөө гаргаж өгсөн. Ингэж худлаа яриад байгааг нь ойлгохгүй байна. Ц  Х-т мөнгө байхгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Ц өөрөө надад таныг залилахын тулд сар гаран бэлдсэн гэсэн. Х-ын ар гэр, амьдрал ахуйг нь Ц сайн мэднэ. Тэднээс 50 сая төгрөг гарахгүйг мэдэж байсан учраас урьдчилж бэлдээд энэ ажлыг хийсэн гэж надад өөрөө хэлсэн. Миний хохирлыг Ц л төлөх ёстой...” гэсэн мэдүүлэг;

3. Гэрч Г.Х-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Ц улаан мөнгөн ус байгаа гэж надад итгүүлсэн. Үүнээс болж Ц гэж хүнтэй танилцуулсан. Ц-тай өмнө нэг амралтад очоод “улаан мөнгөн ус гэж үнэтэй зүйл байдаг юм байна, энэ нь Ц-д байгаа юм байна, зарж борлуулахад ашигтай зүйл байдаг юм байна” гэсэн зүйл ярилцсан. Би тухайн үедээ улаан мөнгөн усны тухай яриагүй. Айгаад хулгайд алдсан гэж мэдэгдэж байсан. Б гэдэг хүнийг танихгүй. О гэдэг хүнийг барьцаалаад зодсон зүйл байхгүй. Барьж аваад цагдаад аваачиж өгсөн. Өөрөө тэр үед хэд хамт байж бай, би удахгүй олж өгнө гэж хэлснийгээ барьцаалсан гэж яриад байна. Зугтаагаад байсан тул гутал, куртикийг нь аваад нууж байсан нь үнэн. Ц бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй, бид хоёр найзууд. Би найзынхаа мөнгийг алдсан учраас өөртөө байдаг объектыг өгсөн.Тэр объект нь зах зээлийн үнээр 30-40 сая төгрөгийн хооронд байгаа байх, гэхдээ ингэж үнэлж өгөөгүй. “Хэдэн төгрөг болно, тэр мөнгөөр нь өр төлбөрөө дарж байгаарай, энэ асуудал шийдэгдсэний дараа хоёулаа болох байлгүй дээ” гэж ярьсан. Би Ц-г танилцуулснаас болж Ц мөнгөө алдсан учраас өөрийнхөө буруу зүйл хийсэндээ гэмшиж объектыг өгсөн. Түүнээс биш би Ц-д итгэл үнэмшил төрүүлээд байсан зүйл байхгүй. “Улаан мөнгөн ус гэдэг зүйл байдаг юм байна, байдаг хүн нь надтай хамт явж байна” гэж хэлж байсан. Тухайн үед Ц-тай хоёулаа хамт явж байсан. Ц ах дүү хамаатан саднаасаа цуглуулаад 45 сая төгрөг өгсөн гэсэн. Би үүнээс нэг ч төгрөг аваагүй. Үнэндээ би бол хохирогч, би хохирчхоод явж байна. Ц надтай мөнгөн усны талаар ярьж байхад О хамт байсан. О Ц-гийн найз, ер нь хамтрагчид байх гэж бодсон. Б-ыг би танина, харин Ж гэх хүнийг мэдэхгүй. Б-тай хөдөлдөг хар юмны талаар ярьж байгаагүй, энэ талаар сонсож байгаагүй. Сүүлд бид О, Ц хоёрыг барьж авахад мөнгийг чинь өгнө гээд байхаар нь хаанаас ямар мөнгөө өгөх гэж байгаа юм бэ гэсэн чинь хөдөлдөг хар юм зарж өгөх гэж байгаа юм аа гэж ярьж байсан. Б-тай хотод уулзахад тэр ганцаараа байсан. Б-ын найз нь манай найз. Бид хоёр гэрт нь очиход таараад уулзаж байсан. Бид нарыг буудалд хүлээж бай гэж хэлэх үед нь “хөдөлдөг хар юм” байдаг юм байна гэж сонсож байсан. Тэгээд би “хаана байдаг юм бэ” гээд яриа үүсгэхэд “таны таньдаг О гээд ахад байгаа” гэхээр нь үнэн худлыг нь нүдэн дээр нь асууя гээд бид спикер дээр тавиад ярьж байсан. О-д “танд ийм зүйл байдаг гэж байна, үүнээс чинь бид хохирлоо барагдуулах юм шиг байна” гээд ярихад О “за хэд хоног хүлээж бай, ер нь болчих байх” гэсэн хэлсэн. О тухайн үед хөдөлдөг хар юмны бичлэг үзүүлж байсан эсэхийг санахгүй байна, ер нь фейсбүүкээр тийм бичлэг их явдаг байсан. О Ц-гийн мөнгийг би төлнө гэж ярьж байсан эсэхийг санахгүй байна. Т Ц-гийн хүзүүнээс хазсан хоолойг нь цаасны хутгаар зүссэн зүйл байхгүй. Арилжаа наймааны асуудлыг Ц л ярьсан. О зүгээр хажууд нь дагаад л явдаг байсан болохоор би мэдэж байгаа юм байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг;

4. Хохирогч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "…Манай найз Х надаас 2017 оны 08 дугаар сарын 20-ын үеэр мөнгө байна уу гэж асуусан. Мөнгө байж болно яах гэж байгаа юм гэхэд бид хоёрын уулзсан Ц гэх хүнд улаан мөнгөн ус байна, чи мөнгө олчихвол хоёулаа тэрийг нь худалдаж аваад цаашаа үнэ хүргэж мөнгө олох ажил байна, дор хаяж нэг хүний 100,000,000 төгрөг олох боломжтой гэхээр нь найдвартай бол хамаагүй, би мөнгө зохицуулж болно, тэгэхдээ би чамд мөнгөө өгч явуулахгүй гэхэд чи өөрөө мөнгөө аваад цуг явж болно гэхээр нь би тэгвэл асуудалгүй гэж хэлээд салсан. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өглөө найз Х залгаад Ц-той өдөр уулзаад нөгөө улаан мөнгөн усаа авах боллоо гэж хэлээд утсаа салгасан. Би өөрийнхөө ажилтан Н, найз Г нарыг дагуулаад 11 цагийн үед хорооллын Өргөө кинотеатрын урд байдаг ХААН банкны салбар дээр очиход Х байсан. Тэгээд 4-лээ банк руу ороод би өөрийн ХААН банкны 5021254218 дугаарын данснаас бэлэн 44,980,000 төгрөг авч, өөрөөсөө 20,000 төгрөг нэмж 45,000,000 төгрөг болгоод Н-аар “Барагшин" гэх эмийн ургамлын хайрцаг дотор мөнгөө хийлгэсэн. Тэндээсээ хөдлөөд Драгон дээр ирэхэд Х надад Ц ирсэн байна, наад 2 хүнээ явуулчих гэхээр нь тэр хоёрыг явуулсан. Намайг дэлгүүр ороод ирэх хооронд Ц миний машины хойд талд суусан, машинд байсан бэлэн мөнгийг хажуудаа тавьсан байсан. Ц ** дүгээр хороолол оръё гээд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Орчлон хорооллыг ** дугаар байрны урд талд зогсоод энд мөнгө бэлэн байна гээд хүнтэй утсаар яриад, би орж байна шүү гэж дахин утсаар яриад 45,000,000 төгрөг аваад буугаад ** дугаар байрны орц руу орсон. Бид 2 хүлээгээд гарч ирэхгүй болохоор тэр хавиар нь хайсан. Х бууж үзээд энэ орц чинь цаашаагаа дэлгүүрээр дамжаад гарчихдаг юм байна гэж ирсэн. Ингээд залилуулснаа мэдээд цагдаад өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 7-10 дугаар хуудас);

Хохирогч Б.Ц-ын дахин өгсөн: “...Анх Г.Ц гэдэг хүнийг Х надтай танилцуулсан. Тэгээд миний мөнгийг өгөхгүй алга болсон учраас би Х-аас Ц-г нэхэж эхэлсэн. Х надад найзын ёсоор чамайг буруу хүнтэй танилцуулаад хохироочихлоо гээд хүн чанар гаргаж объект шилжүүлж өгсөн. Ц бол маш зальтай хүн. Мөнгийг өөрөө авахгүй дандаа хүнээр дамжуулж авдаг. Шүүх хурал дээр ярьж байгааг нь сонсоход өөрөө ямар ч буруугүй зүгээр байхад нь хүмүүс мөнгө аваачиж өгөөд байсан мэтээр ярьж байсан. Ц Х-ыг, бас хуурсан. Х нь Ц-д хууртагдаж итгээд залилуулсан хүн. Тэрнээс хамтарч хэрэг үйлдсэн зүйл байхгүй. Ц одоо болохоор хүн болгон луу хэргээ чихээд өөрөө зүгээр үлдэх гээд байгаад гайхаж байна. Хүн ичих хэрэгтэй. Өөрөө Х бид хоёрыг байхад бэлэн 45,000,000 төгрөг аваад улаан мөнгөн ус байгаа зарна гэж хэлсэн мөртөө одоо болохоор намайг олоод өг гэхээр нь би олж өгөх гэж мөнгийг нь авсан гээд байгаа. Тийм юм бол мөнгийг үрэхгүй буцаагаад өгөхгүй яасан юм бэ. Хүний мөнгийг авч өөрөө ашиглачхаад одоо гэмгүй гээд байгаа юм. Би Ц гэдэг хүнд мөнгө өгөөд одоо болтол авч чадаагүй. Х-тай бид хоёр түүнийг хайсан. Олж аваад мөнгөө нэхэхэд худлаа хэлээд байсан. Хэрэв Х-тай нийлж авсан юм бол тухайн үед нь хэлээд учрыг нь олуулахгүй улаан мөнгөн ус энд тэнд байгаа гэж худлаа хэлж байсан хүн шүү дээ...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 137-138 дугаар хуудас);

5. Хохирогч Г.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 10-ны Ц над руу залгаад машины яаралтай хэрэг гарчхаад байна, чи өөрийнхөө *** УБЧ улсын дугаартай цагаан өнгийн Королла маркийн автомашинаа өдрийн 50,000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай түрээсэлчих гэж хэлэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт Натур төвийн урд байрлах автомашины ил зогсоол дээр уулзаад машинаа хүлээлгээд өгсөн. Түүнээс хойш 7 дахь хоног дээр нь утсаар ярихад Ц гэгч нь хугацаандаа буцааж өгнө гэж хэлж байснаа сураггүй алга болчихсон. Дараа нь цагдаад өргөдөл өгөөд явж байхад Ховд аймгийн Алтай суманд нэг хүнд зарчихсан сураг сонсогдсон...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 230-235 дугаар хуудас);

Хохирогч Г.Т-гийн дахин мэдүүлсэн: “...Г.Ц өөрөө надад хэлэхдээ миний тээврийн хэрэгслийг 7 хоног Улаанбаатар хотод ажил хөөцөлдөөд өгнө гэж  хэлээд өдрийн 50,000 төгрөгөөр тохирч нийт 350,000 төгрөг бэлнээр өгөөд авч явсан. Миний тээврийн хэрэгслийг Ховд аймагт бусдад 1,500,000 төгрөгөөр худалдсан байсныг би өөрөө очиж авсан. Надад худлаа хэлээд залилж  миний машиныг  авч яваад  бусдад зарсан байсан. Би гомдолтой байна, намайг залилсан болохоор гомдож байна...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 139 дүгээр хуудас);

6. Хохирогч Т.Ж-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа чулуу авч борлуулдаг ажил хийдэг бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Б гэх зүс мэдэх хүн надад хэлэхдээ О, Ц гэх хоёр хүн чулуу зардаг гэнэ, чи наад хоёр хүнтэйгээ холбогдохгүй юу даа гээд утасны дугаар өгөхөөр нь би холбогдсон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би Ц гэх залуутай 100 айлын орчим уулзаад би Ногоон оюу гэх чулууг худалдаж авна гэж хэлэхэд бэлэн байхгүй байна, Казакстан улсаас авчирна гэж хэлэхээр нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны **** дугаарын данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед Ц надад хэлэхдээ Ховд явах унааны зардал гэж хэлсэн. Тэрний дараа Казакстан явах гэж байна, дахиад 1 сая төгрөг өгчих гэхээр нь би дахин 1 сая төгрөгийг мобайлаар шилжүүлсэн. Би нийт 14,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 94-96 дугаар хуудас);

 Хохирогч Т.Ж-ы дахин өгсөн: “...Анх над руу Г.Ц өөрөө утсаар яриад хөдөлдөг хар юм байна, зарна гэхээр нь би Ц-той уулзсан. Тэгээд надад нэг бичлэг үзүүлсэн, 1 гр хөдөлдөг хар зүйлийг 150,000 доллароор зарна нийт 17 гр байгаа гэсэн. Надад яг бол биечлэн үзүүлээгүй. Тэгээд Ц өөрөө над руу яриад мөнгөний хэрэг байна гээд бага багаар цувуулж 4,000,000 төгрөг авсан. Мөнгө авахдаа дандаа хүний дансаар шилжүүлж авсан. Өөрийнхөө дансаар бол мөнгө авч байгаа бөгөөд бэлнээр 1-2 удаа өөрөө авч байсан. Дараа нь хөдөлдөг хар юмыг авах гэж байна, үзье гээд Ц-той ярихад урьдчилгаа 20,000,000 төгрөг өг гэхээр нь би мөнгө олдохгүй байна 10,000,000 төгрөг байна гэхэд өгчих гэсэн....О-ын дансны дугаарыг Ц надад өгсөн. Дараа нь О-тай ярихад би чамтай яриагүй. Ц надад өртэй байсан түүнийгээ өгсөн гэж хэлсэн. Надаас бол Ц хөдөлдөг хар юм зарна гэж мөнгө авч байсан. О, Б нар надаас мөнгө шилжүүл гэж хэлж байгаагүй. Ц хэлэхдээ хөдөлдөг хар зүйл нь О-д байгаа бөгөөд энэ зүйлийг дээрэмдүүлж магадгүй гээд цагдаа болох Б-ыг авч яваа гэж байсан. Энэ бол Ц-гийн яриа. Би хамт байсан болохоор нь итгэсэн, гомдолтой байна. Ц-д өгсөн мөнгөө нэхэмжилж хохирлоо барагдуулж авахыг хүсэж байна. Тэрнээс бусад зүйл нь бүгд үнэн зөв. Би өөрөө хөдөлдөг хар зүйлийг харж байгаагүй. Юунд хэрэглэдэг юугаар хийгдсэн зүйл болохыг мэдэхгүй. Ц хэлэхдээ мөнхийн ус Арабчууд үнэтэй авдаг гэж байсан. Би дундаас нь мөнгө унагаах гэж бодож байсан...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 141 дүгээр хуудас);

7. Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2014 онд Ц-той цуг Ховд аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан, тэр үеэс хойш найз нөхөд болсон. 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн үед таньдаг ах Б-ын хамт машинтай явж байхад Ц залгаад хаана байна гэхээр нь Хилчин хотхоны орчим явж байна гэхэд Орчлон хороололд хүрээд ир гэсэн. Тэгээд очих гэж явахад ирсэн үү гэж асуугаад Орчлон хорооллын баруун тал руу орж явахад Ц өөдөөс гарч ирээд машинд суугаад хайрцагтай мөнгө үзүүлээд улаан мөнгөн ус олж хүнд худалдаж авч өгөхөөр 45 сая төгрөг авчихлаа. Одоо улаан мөнгөн ус олно гэж тэр өдрөө хүмүүстэй яриад л явсан. Маргааш нь бас бид 2 цуг явсан улаан мөнгөн ус олдоогүй. Тэгснээ Дундговь аймагт хүнд байгаа гэнээ гээд бид 2 цуг Дундговь аймаг цуг явж хэд хоносон, олдоогүй. Тэнд байдаг найзуудтай нь наргиж  байгаад хотод ирсэн..." гэсэн мэдүүлэг (1хх-ийн 19-21 дүгээр хуудас);

Гэрч Б.О-ын дахин мэдүүлсэн: “...Би Ц-г хохирогч Ц-аас мөнгө авсан гэдгийг мэдээгүй. Эхлээд надад хаанаас хэнээс юун мөнгөтэй болсон талаар хэлээгүй. Дараа нь цагдаа дээр баригдаж ирээд юун мөнгө хэнээс авсан талаар мэдсэн. ...Надад мөнгөнөөс авч ашигласан зүйл байхгүй. Ц-той хамт явж байхдаа хэрэглэсэн. Тэрнээс өөрөө захиран зарцуулж хэрэглэсэн зүйл байхгүй. Надад 10,000,000 төгрөг авч ашигласан зүйл байхгүй. Ц худлаа хэлсэн байна. Ц машин авсан байсан бөгөөд түүнийгээ ломбардад тавьсан гэсэн. Надад 800,000 төгрөгийн пүүз авч өгсөн бөгөөд түүнийгээ 5 хоногийн дараа өөрөө буцааж аваад зарсан...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 143 дугаар хуудас);

8. Гэрч Г.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сард би Ховдоос тарвас зарах гээд Улаанбаатар хотод ирээд байж байхад Ц миний утас руу залгаад ах хотод ирсэн үү гэхээр нь ирсэн байна гээд бид 2 уулзсан. Энэ үед Ц надад улаан мөнгөн усны талаар яриад байхаар би итгээд өөрийн найз Ц-ыг Ц-той танилцуулж мөнгийг нь залилуулчихсан. Ц надад улаан мөнгөн усыг хятадууд сонирхдог юм, та Ц-аар худалдан авах хүн олуулаадах, надад тэр бараа нь байна, хамгийн гол нь  худалдан авагч хэрэгтэй байна гэхээр нь би Ц-ыг хятад хэлтэй болохоор нь хятадуудаас асуулгасан чинь Ц үнэхээр тэр бараа чинь байдаг бол хятадууд авъя гэж байна гэхээр нь Ц наад бараа чинь байдаг юм бол авъя гэж байна гэтэл бараагаа аваад ирье гэсэн. Хэд хоногийн дараа Ц таараад ямар ч мөнгөгүй бол авч болохгүй байна, та хэдэн төгрөг олоодох гэхээр нь Цэрэнжамц дээр очоод Ц-д бараа байгаа юм байна, хоёулаа нэг зуу, нэг зуун сая төгрөг олоод барааг нь авъя гэтэл 100,000,000 төгрөг олдохгүй гэхээр нь Ц-д хэлтэл тэгвэл ядаж 50,000,000 тавин сая төгрөг олчих гэхээр нь Ц-д хэлэхэд хүмүүсээс мөнгө цуглуулж 45,000,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 17-18 дугаар хуудас);

Гэрч Г.Х-ын дахин мэдүүлсэн: “...Хамтарч гэмт хэрэг үйлдсэн асуудал байхгүй. Харин найз нөхөдтэйгөө  хамт залилуулсан. Яагаад тийм мэдүүлэг өгч байгааг  мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 148 дугаар хуудас);

9. Гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаан мөнгөн ус гэж онолын хувьд байхгүй. Мөнгөн ус нь Монгол улсад оруулахыг ашиглахыг хориглосон, бодисын жагсаалтад орсон байдаг. Улаан мөнгөн ус гэж байдаггүй бөгөөд ашигладаг зүйл байхгүй. Метил мөнгөн ус байдаг бөгөөд үүнийг ашигласан зүйл байхгүй. Метил мөнгөн ус нь улаан өнгөгүй. Мөнгөн ус бол ямар ч химийн элементтэй урвалд ордоггүй бодис юм...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 132-133 дугаар хуудас);

10. Гэрч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Ц нь надтай хуурай ах дүү байсан бөгөөд надаас хааяа мөнгө төгрөг зээлээр авдаг байсан. Тэгээд би “мөнгөгүй болчихлоо, мөнгө байна уу” гэхэд Ц надаас миний дансны дугаарыг аваад 9,900,000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь Ц над руу залгаад Б.Г гэсэн хүний данс руу 2,500,000 төгрөг хийлгэсэн. Дахиад нэг хоноод нэг танихгүй данс руу 1,500,000 төгрөг хийлгэсэн. Нэлээн хэд хонож байхад Ж гэдэг хүн над руу яриад миний мөнгийг авсан мөнгө өг гэж дарамталсан. Тэгэхээр нь би чамд өгөх өр байхгүй. Ц-гоос өрөө авсан гэж хэлээд бид хоёр учраа олсон. Би тэр үлдсэн мөнгийг нь Ц-гоос авсан гэж бодоод хэрэглэсэн. Би чулуу болон эд зүйл зарна гэж мөнгө аваагүй. Би Казакстан улс руу явж байгаагүй. Ц надад хэлэхдээ чулуу зарна, авах хүн нь байхгүй байна гэж ярьдаг байсан. Ямар чулуу гэдэг талаар мэдэхгүй. Надад мөнгөн ус зарна, авна гэж ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 135-136 дугаар хуудас);

11. Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Ц-г Ховд аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн үеэс нь таньдаг болсон. О-ыг Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албанд ажилладаг байхад нь танилцсан. Ж гэдэг хүнийг танихгүй, нэрийг нь сонсож байсан. О бид хоёр эгч дүүгийн хүүхдүүд. Х бид хоёр найз нөхдийн холбоотой, Ц-тай нэг нутгийн, нэгэнтэйгээ мэнд устай явдаг хүмүүс. Ц-д янз бүрийн чулуу бол байсан. Тухайн үед ажлаас гарчхаад алт хайх, янз бүрийн чулуу хайх зэрэг зүйл хийж байсан. Надад янз бүрийн чулуу үзүүлдэг байсан, оллоо гэж хэлдэг байсан. Яг ямар чулуунууд байсныг хэлж мэдэхгүй. Зарчхаад машины чинь мөнгийг өгнө л гэдэг байсан. Харин хар хөдөлдөг зүйл, улаан мөнгөн ус байсныг хараагүй. Өөрөө надад бол улаан мөнгөн ус байгаа, зарчхаад таны машины мөнгө төгрөгийг өгнө л гэж ярьж байсан. Ц 2015 онд миний Ниссан Тиррано маркийн машиныг аваад мөнгийг нь өгөөгүй. Тухайн үед 6,500,000 төгрөгөөр тохирч өгсөн. Би ямар нэгэн зүйл зарахаар зуучилж байсан асуудал байхгүй. Би өөрийнхөө дансаар болон бэлнээр дээрх хүмүүсээс мөнгө авч байсан асуудал байхгүй. Харин манай эхнэрийн данс руу машины мөнгө гэж Ц 1,500,000 төгрөг орчим шилжүүлж байсан. Ц тэр хоёр хоорондоо мөнгө төгрөг авалцсаныг би мэдэхгүй. Надад тэр мөнгөнөөс авсан зүйл байхгүй. Надад онгоцны мотороос олж авсан юм гээд улаан өнгөтэй зүйлийн  бичлэг үзүүлж байсан. Зуучлаад байсан зүйл байхгүй. Би Ц-д байгаа гэдэгт итгэдэг байсан. Би эхнэрийнхээ дансаар Ц болон бусад хүнээс 5,000,000 төгрөг авсан зүйл байхгүй. Харин Ц манай эхнэрийн данс руу машины мөнгө гэж 1,500,000 орчим төгрөг хийсэн байх. Би Ц-той хамтарч үйлдсэн гэмт хэрэг байхгүй...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 145-146 дугаар хуудас);

12. Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрөө хувиараа наймаа хийдэг учраас миний дансаар мөнгө орж гарах зүйлүүд их байдаг. Харин манай нөхрийн хамааралтайгаар 5,000,000 төгрөг орж ирж байсан удаа байхгүй. Манай нөхөр Ц гэдэг залууд машинаа зарчхаад араас нь баахан хөөцөлдөж явсан. Тэр үед 1,500,000 төгрөг миний дансанд орсон байх. Манай нөхрөөс машиныг нь авчхаад 2 жил гаруй таг алга болчихсон. Манай нөхөр алдаж онож яваа залуу хүн, тусалж дэмжээд байх хүн байдаггүй юм, тусалж дэмжих зүйл байвал туслаад явъя гэж ярьдаг байсан чинь сүүлдээ өөрийнхөө машиныхаа мөнгийг ч авч чадаагүй үлдсэн...” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 150 дугаар хуудас);

13. Иргэний нэхэмжлэгч Б.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 05 дугаар сарын 20-ны үед гэртээ байж байхад манай төрлийн дүү Б-ы хамт Ц ирж "Би энэ унаж яваа машинаа 1,500,000 төгрөгөөр зарна” гэж гэхээр нь би худалдаж авсан. ...Худалдаж авахад машины хойд гупер байхгүй байсан. Урд гуперийн нэмэлт гэрэл байхгүй байсан. Ц Улаанбаатар хот очсоны дараа хойд гуперийг нь авч өгөөд явуулна гэж хэлсэн....Г.Ц хэлэхдээ машины бичиг баримтыг чиний нэр дээр болгоод янзлаад өгч явуулна гэхээр нь би мөнгө өгөөд машинаа авч үлдсэн. ...Би энэ машиныг 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан, бэлэн өгсөн 1,500,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 129-131 дүгээр хуудас);

14. “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн Тоёота Королла маркийн автомашиныг 6,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ (1хх-ийн 138-140 дугаар хуудас);

15. Шүүгдэгч Г.Ц-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 35 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 29 дүгээр хуудас), шийтгэх тогтоол, магадлал, шүүгчийн захирамж, прокурорын тогтоолын хуулбар  (2хх-ийн 178-204 дүгээр хуудас);

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “..мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй..” гэсэн байдаг. Мөн 2 дахь хэсэгт нь “..хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно..” гэсэн байна. Гэтэл энэ заалттай холбоотой ямар ч ажиллагаа хийгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдож байсан учраас өөрийгөө цагаатгах нотлох баримт гаргах ямар ч боломжгүй байсан. Хамгийн наад захын жишээ нь шүүгдэгчийг Б, О, Х нарт мөнгө өгсөн талаар худлаа яриад байна гэж байна. Учир нь хэрэгт Г гэдэг хүний дансны хуулга аваагүй, Ц-гийн дансны хуулга авагдаагүй. Шүүгдэгч өөрөө мэдүүлээд байна. Өөрийнх нь дансны хуулгаар нотлогддоггүй юм аа гэхэд Б-ын дансны хуулгыг мөрдөн шалгах ажиллагаанд аваагүй юм бэ? О-ийн дансны хуулга хэрэгт авагдсан байдаг, гэхдээ энэ нь дутуу ганц хуудас байна. Ж гэсэн хүн өөрөө л Ц-д өгсөн гэж хэлээд байгаа боловч энэ талаарх дансны хуулга байхгүй. Улаан мөнгөн ус, хөдөлдөг хар юмыг зардаг хүмүүсийг нэлээн судлахад тухайн эд зүйлийг зарна гэсэн хүмүүс бүгд буцааж олгогдохгүй урьдчилгаа мөнгө авдаг. О ч энэ хэлбэрээр мөнгийг авсан. Хохирогч Ц-ын хувьд миний үйлчлүүлэгч 45 сая төгрөг авсан тал дээр маргаагүй. Харин анхнаасаа Ц гэдэг хүнд итгэл үнэмшил төрүүлээгүй, залилан хийх санаа зорилго байгаагүй гэдэг дээр маргаж байгаа. Х гэдэг хүнээс 45 сая төгрөгтэй холбоотой асуудлаа шийднэ гэсэн байр суурьтай байгаа. Шүүхийн  хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан гэрч Хохирогч:-ын мэдүүлэгт “О байнга явж байсан” гэж ярьсан байхад О-оос нэг удаа мэдүүлэг аваад гэрч болгосон нь учир дутагдалтай. Энд яригдаад байгаа данс нь О-ын данс байх магадлалтай. Гэтэл энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. О-д өгсөн мөнгө яагаад Ц-д хамааралтай болчихдог юм бэ. О гэдэг хүн өөрөө Б, хохирогч Ж нарт “надад хар юм байна, энэ цагдаагийн ажилтан” гэж итгэл үнэмшил төрүүлээд энэ 10 сая төгрөг шилжүүлээд авсан байдаг. Энэ яагаад Ц-д хамааралтай болоод Ц залилсан гэж үзээд байгаа юм бэ. Т-гийн асуудал дээр өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд 7 хоногийн хугацаагаар 350,000 төгрөгөө өөрийн дансаар шилжүүлж аваад машинаа түрээсэлсэн. Тухайн машин эвдэрсэнтэй тул Ховд аймагт үлдээсэн. Энд ямар ч худалдан борлуулсан асуудал байхгүй. Эзэмшигчийн зөвшөөрөлгүй итгэмжлэлгүйгээр Ү гэдэг хүн ч өөрөө 1,500,000 төгрөгөөр машин худалдаж авахгүй байх гэж бодож байна. Хэрэгт Ү-гийн дансны хуулга байхгүй. Бэлэн өгсөн гэсэн ч баримт байхгүй. Энэ хэрэгт байгаа нотлох баримтууд эргэлзээ, будилаантай, ямар ч мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох наад захын ажиллагаанууд огт хийгдээгүй байна. Ерөөсөө энэ хүнийг буруутгах, гаргаж ирэхгүй байх санаа зорилго агуулсан. Зөвхөн хохирогч гэрч нарын мэдүүлгээр яллах байр суурьтай орж ирсэнд үнэхээр харамсаж байна. Мөрдөгч, прокурорт дурын байгууллагаас мэдээлэл лавлагаа авах эрх байдаг, гэтэл ажиллагаа хийхгүй байна. 45 сая төгрөгийн хувьд Х гэдэг хүн өөрийн гэм буруугаа ухамсарлаад, тухайн хэрэгт хамааралтай байсан учраас л үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн гэж миний зүгээс үзэж байна. Түүнээс биш ямар ч хамааралгүй, ямар ч шалтгаангүйгээр өөрийн 40 сая төгрөгийн үнэтэй хөрөнгөө шилжүүлэх үндэслэлгүй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой шаардах эрхийн хугацаа 6 жил байдаг. Хадбаатар гарч ирээд энэ хүний өмнөөс мөнгө төлсөн гээд иргэний журмаар мөнгөө нэхээд байвал асуудлыг яаж шийдэх вэ? Эдгээр нөхцөл байдлыг тодруулаад, хэнд, хэдэн төгрөг төлөх ёстой вэ гэдгийг тогтоолгохыг хүсээд байгаа болохоос огт аваагүй гэж хэлээгүй. Иймд хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан хэргийг прокурорт буцаах тухай дүгнэлт, нэмэлт тайлбарт дурдсан асуудлаар анхан шатны шүүх мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ДШМ/92 дугаартай магадлалд давж заалдах шатны шүүх хавтаст хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй хэмээн дүгнэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаах тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.  

Шүүгдэгч Г.Ц-гийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн “бусдыг хуурч эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Ц-г залилах” гэмт хэргийг үргэлжилсэн гурван удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй үлдсэн байх тул шүүгдэгч Г.Ц-гоос нийт 57,730,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ц-д 43,800,000 төгрөг, хохирогч Т.Ж-д 12,430,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ү-д 1,500,000 төгрөгийг тус тус олгохоор тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Ц-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч: “...Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг CD-г хэрэгт хавсаргуулах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэв.

Хохирогч: “...Хэн нэгнийг шоронд явуулахдаа гол биш. Миний хувьд хохирлоо төлүүлэхийг хүсэж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Миний үйлчлүүлэгчийн өмнөх ял нь Өршөөлийн хуулиар цагаатгагдсан учир анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж, ялын доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Ц нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хохирол төлөгдөөгүй нөхцөл байдал, гэмт этгээдийн гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдсан ба 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 601 хоног, нийт 603 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Г.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар залилах” гэмт хэргийг үргэлжилсэн гурван удаагийн үйлдлээр бусдыг хуурч, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ц-д гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-гийн цагдан хоригдсон нийт 603 (зургаан зуун гурав) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-гоос нийт 57,730,000 (тавин долоон сая долоон зуун гучин мянга) төгрөг гаргуулан хохирогч Б.Ц-д 43,800,000 (дөчин гурван сая найман зуун мянга) төгрөг, хохирогч Т.Ж-д 12,430,000 (арван хоёр сая дөрвөн зуун гучин мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Ү-д 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөгийг тус тус олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Г.Ц-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ц-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА