| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0691/Э |
| Дугаар | 0709 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 0709
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Ж.Отгончимэг, гэрч Б.С, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 0587 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Б.М, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Дархан Уул аймгийн Хонгор сумын ** дугаар баг, Шийр гудамж хөдөө тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ** дугаар хорооны Амины орон сууцанд түр оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны орой Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тоосгоны ** дүгээр гудамжны ** тоотод гэртээ иргэн Д. А-тай маргалдаж улмаар гурилын ганжин модоор толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овгийн Б-гийн М нь 2020 оны 03 дугаар сарын 26-ны орой Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Тоосгоны ** дүгээр гудамжны *** тоот гэртээ иргэн Д.А-тай маргалдаж улмаар гурилын ганжин модоор толгойн тус газар нь цохиж, түүний бие махбодод “...зүүн чамархайн цөмөрсөн хугарал, цус хуралт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний гадна булан, хөмсөг, шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт...” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.М-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...А хөдөө байж байгаад манайд ирсэн байсан. А ер нь архи байнга уудаг миний үгэнд ордоггүй, дандаа авгай хүүхэн дагуулж ирж хонодог хүн байгаа юм. Би өмнө цагдаад өгч байсан. Хэрэг гардаг өдөр бид архи уусан. Би М-ийг аваад яв гэсэн чинь явахгүй миний үгэнд орохгүй байсан. Би А-ыг гэр орондоо авч ирснээс болоод ийм хэрэгт холбогдлоо. Битгий айлд хүн авчраад архи уугаад бай гээд хэлээд байхад үгэнд орохгүй байхаар нь гурилын ганжингаар цохисон байна лээ. Миний уур маш их хүрсэн. Миний буруу, би гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг;
2. Гэрч Б.С-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би М-гийн хамгийн том ах нь, М гэр бүлээсээ салаад 10 гаруй жил болж байна. Тэр үеэс хойш би л харж хандаж ирсэн. М багадаа менингит өвчнөөр өвдөж байснаас болоод өөрийгөө илэрхийлэх чадвар муу, бие султай болсон. Хохирогч А-ыг би мэднэ, том биетэй хүн байдаг. Дандаа М-гийн гэрт нь байдаг. Тэгээд М-гийн үгэнд ордоггүй, дээрэлхүү байдалтай ханддаг. Бас авгай хүүхэн авчирч архи байнга уудаг, хэцүү байна гэж М ярьдаг байсан. Сүүлдээ энэ байдалд нь бухимдаад А-ыг цохисон юм шиг байна лээ. Бид хохирлыг бүрэн барагдуулсан. Би дүүгээ өдий хүртэл харж хандаж ирсэн, миний үгнээс гардаггүй, сул дорой хүн. Эрхэм шүүгч, прокурор хөнгөн яо оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хамаатны ах М, дүү М нарын хамт байж байгаад бид хоёр 0.5 литрийн архи хувааж уусан. Архиа ууж дуусаад би хэвтэж байхад М ах М-ийг “чи ахаа аваад зайл” гээд хөөгөөд байхаар нь би босоод боль гэхэд М намайг гурилын элдүүр модоор толгой руу хэд хэдэн удаа цохисон. М бид хоёр гэрээс гараад зугтаасан. Миний толгойноос цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас);
4. Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...А, М ах хоёр архи уучхаад нэлээн согтчихсон. М согтуурхаж “та хоёр манай гэрээс зайл, чи наад А-аа аваад зайл” гэж хэлсэн. А гэрийн баруун талын буйдан дээр хэвтэж байгаад “хоёулаа явъя” гээд бостол М орон дээр хэвтэж байгаад А-ын хэвтэж байсан буйдангийн доод талын шүүгээнээс гурилын ганжин мод аваад учир зүггүй А-ын толгой руу 2-3 удаа цохисон. А явлаа гээд шууд гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22 дугаар хуудас);
5. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...М гэдэг эмэгтэй утсаар ярьж “танай ах А-ыг хамт байсан М гэдэг хүн гэртээ гурилын ганжин модоор толгой руу нь цохиод гэмтээчихсэн. Одоо гэмтлийн эмнэлэгт ухаангүй байна, хүрээд ир” гэхээр нь би 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэмтлийн эмнэлэг дээр яваад очтол миний ах А ухаангүй, гавал тархины тасагт эмчлэгдэж улмаар тархины хагалгаанд орсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас);
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 4183 дугаартай шинжээчийн: “...Д.А-ын биед зүүн чамархайн цөмөрсөн хугарал, цус хуралт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, зүүн нүдний гадна булан, хөмсөг, шилбэнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүгнээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 33-р хуудас);
7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-9 дүгээр хуудас), шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл (хх-ийн 35-36 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Б.М-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 94 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 74 дүгээр хуудас),
9. Шүүгдэгч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”... 2020 оны 03 сарын 26-ны орой М, А бид нар манай гэрт архи уусан. “Манай гэрээс зайл” гэж М, А хоёрыг хөөсөн. Тэгж байгаад А-ыг гурилын ганжин модоор толгой руу нь цохисон. Яг хэдэн удаа цохисноо санахгүй байна. Би А-ыг зодож цохисондоо маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 70-71 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.А-ын бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч ганц бие, айлын хашаа хөлсөлж амьдардаг, даруухан, хэл ярианы хөгжил муутай хүн. Хохирогч А нь М-г элэг барьж, авгай хүүхэн дагуулж ирээд архи уудаг, уухаараа дээрэлхүү ханддаг байсан байхад гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг хангалттай тогтоогоогүй байна. М А-ыг том биетэй учир айдаг талаараа мэдүүлсэн байгаа. Миний үйлчлүүлэгч тухайн үед яаж цохисноо мэдэхгүй байсан боловч сүүлд нь өөрөөс нь өөр хүн байгаагүй юм байна гээд гэм буруугаа хүлээсэн. Өмгөөлөгчийн зүгээс сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хохирогчийг цохисон гэж үзэж байна. Харин санаатайгаар цохих сэдэл, санаа зорилго байгаагүй. Хэрэв А яв гэхэд нь явчихсан бол гэмт хэрэг гарахгүй байх байсан. Хохирогч дээрэлхүү агсам согтуу тавьдаг болохоор шүүгдэгч дургүйцдэг байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэдгээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.М-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал түүнийг тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох бөгөөд өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Түүнчлэн, шүүгдэгч Б.М нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас өөрийгөө хянах, удирдан жолоодох чадваргүй болсон байсан нь нэг талаас санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах сэтгэхүйн харьцаа үүсээгүй гэж үзэх үндэслэл болохын зэрэгцээ энэхүү нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсныг дурдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.М-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.А нь “баримтаар нэхэмжилсэн 1,620,000 төгрөгийг авсан, үүнээс гадна бусад зардалд 2,000,000 төгрөг гарсан нь үнэн” гэж прокурорын шатанд бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.М-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдан, хохирогч Д.А нь бусад зардлын талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд тусгах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг ганжин модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй....” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлд заасныг журамлан торгох ялын доод хэмжээний хоёрны нэг болох 5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна...” гэв.
Шүүгдэгч Б.М нь торгох ялыг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр, хорих ялыг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр хэргийн үйл баримтын хувьд анхнаасаа үнэн зөв мэдүүлж гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан өмгөөлөгчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан торгох ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байна.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлогод нийцүүлэн хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг ганжин модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 1,620,000 төгрөг төлсөн ба энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван сая төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан таван сая төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М-д сануулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.А нь энэ хуралдаанаар хэлэлцээгүй орхисон бусад зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр хохирогчид 1,620,000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг ганжин модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА