Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 0712

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Д.Ганчимэг, хохирогч Д.Л, шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00693 0242 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овгийн Н.Б, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Дарив суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “***” ХХК-д бетон зуурагч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Дарив сум, ** дугаар баг Жавхлант Сутайн ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагаас 22 цагийн орчимд иргэн Д.Л-гийн өмчлөлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар түүний эзэмшлийн Хаан банкны данснаас 1,151,428 төгрөгийг Хаан, Голомт банкны АТМ-аас авч, бусдад 1,159,456 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагаас 22 цагийн орчимд иргэн Д.Л-гийн өмчлөлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар түүний эзэмшлийн Хаан банкны данснаас 1,151,428 төгрөгийг Хаан, Голомт банкны АТМ-аас авч, бусдад 1,159,456 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Н.Б-ы шүүх хуралдаанд өгсөн: “...Би их мөнгө аваагүй. Голомт банкны камерыг шалгуулаад өгөөч гэж урьд хэлж байсан. Би 50,000-60,000 мянган төгрөг л авсан байх. Хохирогч өөрөө намайг архи аваад ир гээд пин кодоо хэлж өгсөн байх. Би картыг хулгай хийж аваагүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Д.Л-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Б бид хоёр 0.5 литрийн архи уугаад сууж байсан чинь Б ирээд нэг шил архи нэмж уусан. Дараа нь дэлгүүрээс хоёр тамхи, хоёр ундаа нэг шил архи авсан. Нийтдээ 15,000 төгрөг болсон. Тэгээд намайг автобусны буудал хүргэж өгсөн гэсэн. Тэр үед л миний картыг авсан байх. Маргааш нь эхнэр нь чи 0.75 литрийн архи авна гэсэн гэнэ, тэгэхэд нь Б чиний картыг булаагаад авсан байна гэж ярьсан. Би гэртээ хариад утсаа асаахад, утсанд 2 удаа 20,000 төгрөгөөр, дараа нь 500,000 төгрөгөөр, 300,000 төгрөгөөр тус тус зарлага гарсан мэдээ ирсэн. Би Б руу яриад чи авсан бол өгчих гэхэд аваагүй, цагдаад өг гээд байсан. Картаа яаж алдсанаа мэдэхгүй байна. Дэлгүүрт Б-тай хамт зогсож байсан, тэгэхэд худалдагчаас авсан байж магадгүй...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Д.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дүү Б-ын гэрт 1 шил архи уугаад сууж байтал гаднаас Б ирэхээр нь дахин 0.33 литрийн Ерөөл нэртэй архи авхуулж, нийт хоёр шил архийг би өөрийн халаасанд байсан бэлэн мөнгөөр авсан. 16 цагийн үед Б бид хоёр Б-ын гэрээс гарч тэдний гэрийн хажууд байрлах дэлгүүрээс юм авч 15,400 төгрөгийн гүйлгээг Хаан банкны виза картаараа хийсэн. Түүнээс хойш би картаараа ямар нэгэн гүйлгээ хийгээгүй. Б бид хоёр тухайн дэлгүүрийн гадна авсан нэг шил архиа хувааж уугаад, Саппорогийн автобусны буудал орж автобусанд суугаад гэртээ ирээд утсаа цэнэглээд үзэхэд миний данснаас зарлага гарсан мессеж ирсэн...Би сайн дураараа Б-д виза картаа өгсөн зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-15, 83-84 дүгээр хуудас);

4. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн архийг бид гурав хувааж уугаад байж байтал 15 цаг 50 үед Л, Б хоёр гэр лүүгээ явлаа гэж хэлээд манайхаас хамт гарсан, удалгүй би унтчихсан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудсанд);

 Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн:            “...Б-д бэлэн мөнгө өгч гаргаж архи авхуулаад тухайн архийг бид гурав хувааж уугаад байж байгаад Л, Б хоёр гэр лүүгээ явлаа гэж хэлээд хамтдаа 15 цаг 50 минутын үед гараад явсан...” гэсэн мэдүүлэг;

5. Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 28 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 22-24 дүгээр хуудас);

6. Шүүгдэгч Н.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 32 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан нотлогдвол зохих байдлууд нотлогдон тогтоогдоогүй байна. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн тодорхой хэсэг буюу 172,000 төгрөгийг авсан гэдгээ Б хүлээн зөвшөөрдөг. Үлдсэн 970,000 гаруй төгрөгийг харин хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг прокурор тогтоогоогүй. Шүүгдэгч мөнгөний ихэнхийг аваагүй гээд эх сурвалжийг шууд заасан мэдүүлэг өгсөн байхад прокурор энэ талаар лавлаж шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн бол гэм буруутайд тооцох боломжгүй гэж заасан байдаг. Хулан гэдэг дэлгүүрээс гараад хуушуурын газар очсон байхад тухайн газрын хүнээс Б орж ирсэн үү, үгүй юу гэдгийг асуугаагүй. Мөн Б-ы гэр хэрэг болсон гэх газар хоёр 1-2 км зайтай байхад Б-ыг хэзээ гэртээ орсон талаар эхнэрийг нь асуугаагүй байна. Хамгийн сүүлийн гүйлгээнээс хойших 40 гаруй минутын маршрутыг шалгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь заасан прокурорын үүрэг биелэгдээгүй тул хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Н.Б нь хохирогч Д.Л-гийн төлбөрийн картыг нууцаар хууль бусаар авч явсан болох нь хохирогчийн мэдүүлгээр, тухайн картыг ашиглан бэлэн мөнгө авсан болох нь эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт диск дэх дүрс бичлэгээр тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм. 

Гэмт хэргийн улмаас биет байдлаар 1,151,428 төгрөг алдагдсан, хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллагаас Хаан банкны картыг 5000 төгрөгөөр үнэлсэн ба шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 1,159,456 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Н.Б-ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Б-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан 1,159,456 төгрөгийн хохирлоос 1,147,000 төгрөгийг төлсөн, 12,456 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул шүүгдэгч Н.Б-аас 12,456 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Л-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.Б нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 10 минутын хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан талаар хохирогч Д.Л нь шүүхэд илэрхийлсэн тул шүүгдэгч Н.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хохирогч болон шүүгдэгч аль аль нь архидан согтуурч, бие биедээ итгэж эд хөрөнгөө хайхрамжгүй орхисон хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн. Иймд миний үйлчлүүлэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Ажил хөдөлмөр эрхэлдэг учир хамгийн доод хэмжээгээр шийтгэж өгнө үү...” гэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс өмгөөлөгчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овгийн Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Б-д сануулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий хоёр ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА