| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0695/Э |
| Дугаар | 0714 |
| Огноо | 2020-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 0714
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Г.Яндаг, шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 0943 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Т.М, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь сүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-ийн агуулах, тээвэр, түгээлтийн албанд түгээгч ажилтай, ам бүл дөрөв, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Шүүхийн шийдвэрийн хотхон ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Т.М нь 2020 оны 05 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.Э-тэй маргалдан улмаар эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овгийн Т.М нь 2020 оны 05 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.Э-тэй маргалдан улмаар эрх чөлөөнд халдаж, түүний бие махбодод “...баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгт цус хуралт, ташаанд зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Т.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүх зүйл үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Н.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...М, Т бид гурав архиа хувааж уусан, Т уугаагүй. М бид хоёр “эмэгтэйчүүдээс авч явж чадахгүй” гэснээс болж маргалдаж би М-ыг “жоохон бацаан минь дуугүй байгаарай” гэж хэлтэл М намайг алгадаад авахаар нь би зөрүүлээд М-ыг алгадчихаад гараашнаас гартал Т, М-ыг өмөөрч миний зүүн шанаа руу алгадсан, гэхдээ гэмтэл учруулахаар цохиогүй. Би гадаа гараад машинд суух гэж байтал Т намайг ороод ирэх гэхээр би буцаад гарааш руу ортол Т гартаа заазуур барьчихсан айлгах гээд заазуураар далайх гэхээр нь би гарыг нь барьж заазуурыг тавиулсан. Тэр үед М миний ардаас толгой руу нэг удаа цохисон. М миний толгой руу автомашины сандал шидэж баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан. Мөн түлхэж өгзөгт цус хуралт, ташаанд зулгаралт үүсгэсэн. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас);
3. Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...С, Э хоёр маргалдаж байхаар нь би дундуур ороод салгах гээд гээд зогсож байтал араас нь М автомашины төмөр жижиг сандал авч Э рүү шидчихсэн. Э-ийн толгойноос цус гараад би 102-т дуудлага өгсөн. Цагдаа ирээд М, С хоёрыг аваад явсан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 11 дүгээр хуудас);
4. Гэрч Ж.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...М гараашинд байсан автомашины суудал өргөж аваад Э рүү шидчихсэн. Э-ийн толгойноос цус гарсан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас);
5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 5784 дугаартай шинжээчийн: "...Н.Э-ийн биед баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгт цус хуралт, ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн гэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-16 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Т.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 49 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 29 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 67-75 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Н.Э-д учруулсан гэмтлийг баруун зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгт цус хуралт, ташаан зулгаралт бүхий гэмтлийг би учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн талаар, хохирогч Н.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 196 дугаартай тогтоолоор хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Э-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Т.М-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Н.Э-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Т.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Т.М нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.М-т оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овгийн Т.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан таван зуун мянган төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.М-т сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.М-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА