Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 0715

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч С.Энхням, хохирогч Б.Э, шүүгдэгч Э.И нарыг оролцуулан мөн шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Э.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 00000 0815 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Э.И, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эх, эхнэр, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянгол ** гудамжны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч мөн хороо Баянголын **-р байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.И нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянголын ** тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Э-тэй маргалдаж улмаар түүний нүүрэн хэсэгт цохисны улмаас хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Боржигон овгийн Э.И нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Баянголын ** тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.Э-тэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт цохиж, түүний бие махбодод “...хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Э.И шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.Э-ий шүүх хуралдаанд өгсөн: “...Би И-г Таван толгойн шахмал түлш дээр ажиллуулж өдөрт нь цалинжуулсан. Маргааш өдөр нь 12 цаг өнгөрч байхад Г дуудаад байсан Тэгээд ганц пиво уусан. И, Г-д намайг ажил хийлгээд цалингаа өгдөггүй гэж ярьсан байсан. Тэгэхээр нь би хоёулаа гэрт нь очъё гээд И-гийн гэрт нь очсон. Очоод И-д “өмнө ажиллуулчхаад цалин мөнгийг чинь өгсөн биз дээ, юу яриад байгаа юм бэ” гэхэд И учир зүггүй барьж аваад зодсон. Томографын зураг авхуулсан 100,000 төгрөгийн баримтаа гэртээ мартсан байна. Үүнээс гадна хамраа гаргуулсны төлбөр 100,000 төгрөг болсон тул нийт 200,000 төгрөгийг нэхэмжилж байна. Цаашид хамрын муруйгаа засуулна...” гэсэн мэдүүлэг;

3. Иргэн Б.Э-ээс цагдаагийн байгууллагад гаргасан: ”...Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Баянгол ** тоотод зодоон болсон…” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1 дүгээр хуудас);

4. Хохирогч Б.Э-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд Г над руу залгаж хүрээд ирээч гэхээр нь очиход Г гэртээ ганцаараа байсан. ..бид хоёр пиво хувааж ууж байхад Г надад хандаж “чи И гэдэг залуугаар урьд өмнө сангийн ажил хийлгэж байсан юм уу, тэгээд цалин мөнгийг нь өгөөгүй юм уу” гэхээр би И гэдэг залууг урьд өмнө танихгүй,  харин ганц өдөр л 22-ын товчооны ойр байдаг Таван толгойн нүүрс ачилт дээр авч ажиллуулаад 30,000 төгрөгийг өдөрт нь өгсөн гэж хэлсэн. Тэгээд би Г-ыг дагуулаад И-ийн гэрт нь ороход И гэртээ эхнэр А-ын хамт байсан. Би И-д хандаж “би чамайг урьд өмнө ажиллуулж байгаагүй, чи Г-д юу яриад байгаа юм бэ” гэж хэлэхэд И “би таны талаар тэгж яриагүй” гэж хэлсэн. Ингээд бид хоёрын дунд хэрүүл болоод И намайг нүүрэн тус газарт 2-3 удаа баруун гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг  (хх-ийн 30-31 дүгээр хуудас);

5. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4920 дугаартай шинжээчийн: ”...Б.Э-ий биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, хамар, хоёр нүдний дотор буланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 34-35 дугаар хуудас);

6. Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...би Э-д хандаж “чи урьд өмнө И гэх залуугаар сантехникийн ажил хийлгэж байсан юм уу, ажил хийлгүүлчхээд мөнгө төгрөгийг нь өгөөгүй юм уу” гэхэд Э, И-тэй очиж уулзана гээд уурласан. Тэгээд И-ийн гэрт ороход И эхнэрийн хамт байж байсан. Э.И-д хандаж “би чамайг урьд өмнө сангийн ажил хийлгэж байсан юм уу” гээд маргалдаж зууралдаад И, Э-ий нүүрэн тус газарт хоёр удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас);

7. Гэрч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 11-12 цагийн орчим би нөхөр И-ийн хамт Сонгинохайрхан дүүрэг ** дугаар хороо, Баянголын ** тоотод байсан. Г гэх залуу танихгүй залуугийн хамт орж ирсэн. Уг танихгүй залуу манай нөхөрт хандаж маш чангаар “би чамайг урьд өмнө ажиллуулж байгаа биз дээ, юун сангийн ажил яриад багаа юм” гэж хэлэхэд манай нөхөр “би огт ерөөсөө тийм юм яриагүй” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр танихгүй залууг нүүрэн тус газарт нь хоёр, гурван удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Э.И-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 55 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 63 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Э.И-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... Э-д учирсан гэмтлийг би баруун гараараа хоёр удаа нүүр, хамар тус газарт цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 70-74 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Э-ий биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Э.И-гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Э-ий биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.И-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа тул шүүгдэгч Э.И-гээс 108,000 төгрөгийг нэг сарын дотор гаргуулж хохирогч Б.Э-д олгож,  хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.И нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.И нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын заасан байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...Торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөөгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-д гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг дэх “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТГ-т өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овгийн Э.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-д гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүрэг дэх “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТГ-т өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоосугай.

4.Шүүгдэгч Э.И-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.И-гээс 108,000 төгрөгийг нэг сарын дотор гаргуулан хохирогч Б.Э-д олгож, хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тусгасугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.И-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА