Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүхийн тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 13

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очирдаргалж, ерөнхий шүүгч Л.Тунгалаг, шүүгч Н.Амарзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн  сумын Засаг даргад холбогдох,

ХХК-ийн эзэмшлийн XV-018181 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн сумын Засаг даргад даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.

Хариуцагч  сумын Засаг дарга Д.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.

Иргэдийн төлөөлөгч: М.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанид Завхан аймгийн сумын нутаг дахь XV-018181 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГ-ын /одоогийн АМГТГ-ын/ Кадастрын хэлтсээс 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр олгосон билээ. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.3 дугаар заалтын дагуу 2016 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулан, хээрийн судалгааны ажил гүйцэтгэхээр тус компанийн 5 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг 2016 оны 09 сарын 17-нд очсон боловч, тухайн үед Завхан аймгийн Засаг дарга байсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй бөгөөд ажиллах зөвшөөрөл олгоогүй юм.

Иймд хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд геологи хайгуулын судалгааны ажил гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзаж буй хууль бус үйлдэхүйг зогсоож, XV-018181 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан, Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.1, 12.1.3 дугаар заалтуудын дагуу хүлээсэн эрх, үүргээ биелүүлж ажиллахыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлагдаад, Засгийн газраас эрх олгосны дагуу 2016 онд хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байгаа. Үүнээс хойш 2016, 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулах гэж очсон. Гэтэл сумын Засаг дарга нь уг төлөвлөгөөг баталж өгдөггүй. Ийм учраас хайгуулын ажлын төлбөрийг сул төлөөд явж байна. Дээрх нөхцөл байдал үүссэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т зааснаар ХХК-ийн эзэмшлийн XV-018181 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн сумын Засаг даргад даалгах юм. Нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн сумын Тамгат нэртэй газар XV-018181 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу авсан байгаа. Ийнхүү тусгай зөвшөөрөл авснаасаа хойш хоёр дахь жилийн төлбөрөө төлчихсөн, удахгүй гурав дахь жилийн хугацаа болно. Анх 2016 оны 09 дүгээр сард байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө танилцуулаад, зөвшилцөж батлахаар суманд очсон байдаг. Тухайн үед сумын Засаг даргаар гэдэг хүн байсан. гэдэг хүн юу гэж хэлдэг вэ? гэхээр ...би дөрвөн жил сумын Засаг дарга хийхдээ дөрвөн компанийг цагдаагаар хөөж явуулсан, тэгэхээр танай компанийг зөвшөөрөхгүй, хайгуулын ажил хийлгэхгүй гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцаад дотор нь юу байгааг уншихгүйгээр, судлахгүйгээр явуулсан. Тэгэхээр нэхэмжлэгч компанид байгаль орчны менежментийн төлөвлөгөөтэй танилцуулах, зөвшилцөх, санал авах боломж олгоогүй. Ингээд эхний жилдээ нэхэмжлэгч нь хайгуулын ажил хийж чадахгүй буцаад явж байгаа. Ийм учраас нэхэмжлэгч нь хуульд заасан дараа дараагийн шатны ажлаа хийж чадахгүй, тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөд хохироод үлдсэн. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчид ямар буруу байгаа юм бэ? гэдгийг ярина. Гэтэл нэхэмжлэгчид ямар ч буруу байхгүй. Тусгай зөвшөөрлийг авахдаа нэхэмжлэгч нь өөрөө хөөцөлдөөд, өөрөө суман дээр очоод, өөрөө шийдвэр гаргуулаад авдаг зүйл биш. Дээрх бүх ажлыг Ашигт малтмалын газар зохион байгуулдаг. Ийнхүү хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгосон төрийн захиргааны байгууллага байна. Дараа нь 2017 оны 10 дугаар сард суманд очсон. Энэ үед сумын Засаг дарга Д. нь байхгүй байсан. Яагаад очсон бэ? гэхээр хайгуулын ажлаа хийхийн тулд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө заавал батлуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл хайгуулын ажил огт хийж эхлээгүй. Тиймээс өнөөдрийн шүүх хуралдаан дээр хайгуулын ажлын талаар ярих ёсгүй. Үүний өмнөх шат буюу байгаль орчны менежментийн төлөвлөгөөний асуудал яригдана. Ингээд сумын Засаг дарга нь байхгүй байсан учраас хоёр хоног хүлээж байгаад уулзсан. Уулзахад сумын Засаг дарга ...би сонгуульд нэр дэвшихдээ иргэдэд хайгуулын ажил хийлгэхгүй гэж амалсан, тиймээс төлөвлөгөөг баталж өгч чадахгүй гэж шууд хэлсэн байдаг. Энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч надад хэлсэн. Дээрх үндэслэлээр сумын Засаг дарга нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл тэр төлөвлөгөөнд юу байгааг ч хараагүй, үзээгүй, судлаагүй мөртлөө улс доторх улс шиг шууд татгалзсан байдаг. Ийнхүү татгалзсан хариугаа дараа нь бичгээр өгсөн. Энэ хариуг нь аваад Ашигт малтмалын тухай хуулийн 64.1-т заасны дагуу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дараа 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжлэгч компани надтай холбогдсон. Тэгэхээр нь дээд шатны байгууллагад хандах шаардлагатай гэж зөвлөгөө өгсөний дагуу Завхан аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Энэхүү гомдлын хариу нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ирсэн. Завхан аймгийн Засаг даргаас хариу өгөхдөө сумын түвшинд ойлгож шийдвэрлэ гэсэн байсан. Ийм учраас урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэсэн гэж үзэж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.1, 38.1.3-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө сумын Засаг даргаар батлуулах үүрэгтэй. Харин сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 38.2-т зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах үүрэгтэй. Хянан батлах гэдгийг юу гэж ойлгох вэ? гэхээр төлөвлөгөөгөөтэй холбогдуулан асууж тодруулах, уг төлөвлөгөө шаардлага хангаж байна уу? гэдэгт санал бодлоо солилцож, зөвшилцөхийг ойлгоно. Ийм процесс огт явагдахгүйгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь шууд батлахаас татгалзсан. Сумын Засаг даргын тухайд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах үүрэгтэй гэдгээ ойлгодог мөртлөө ямар нэгэн байдлаар батлахаас татгалздаг. Хариуцагчийн тухайд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлээ тайлбарладаг. сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн эс үйлдэхүй байгаа. Тиймээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг сумын Засаг даргад даалгаж өгнө үү.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 29-нд тус суманд  ХХК-ний 1 хүн хүрэлцэн ирж менежментийн төлөвлөгөө баталж өгөхийг шаардсан боловч татгалзсан хариуг албан тоотоор гарган явуулсан болно. Анх удаа 2017 оны 10 дугаар сарын 29-нд  ХХК-ийн бие бүхэлдэхүүнтэй уулзсан болохыг мэдэгдэж байна. ХХК-ийн хайгуулын ХҮ-018181 дугаарын тусгай зөвшөөрлийн талбай нь нэн ховордсон янгирын амьдардаг нутаг төдийгүй түргийн үеийн хэрэгсүүртэй болно. Энэ талбайд нийт 23 өрхийн 7741-н мал сүргийн хаваржаа, намаржааны нутаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-е дэх заалтын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход сумын зүгээс санал өгөөгүй болно. Ийм учраас энэ талбайд хайгуул хийх ямар ч боломжгүй байгааг албан бичгүүдийн хамт хүргүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компани нь 2017 оны 10 дугаар сарын сүүлчээр ирсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. надтай уулзахдаа байгаль орчны менежментийн төлөвлөгөө гэж үзүүлээгүй. Юу гэж хэлсэн бэ? гэхээр манай компани 7 дугаар маягтаа бөглүүлэх ажилтай гэсэн. Тэгэхэд нь би ямар нэгэн бичиг хийж өгөхгүй гэдгээ хэлсэн. Намайг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бичгээ хийж өг гэж хэлэхээр нь бичгээ хийж өгсөн.

Ашигт малтмалын газраас зөвшөөрөл өгөхдөө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдэгдэл хүргүүлсэн байх ёстой. Энэхүү мэдэгдлийг орон нутгийн байгууллага хүлээж авснаас хойш 35 хоногийн дотор хариугаа өгнө. Ингээд татгалзсан хариу өгвөл тухайн хайгуулын талбайд тусгай зөвшөөрөл олгохгүй байх ёстой. Бүр дөрвөн жилийн хугацаанд уг талбайд тусгай зөвшөөрөл олгохгүй гэж заасан. Гэтэл энэ компани дээр дээрх ажиллагаа явагдсан зүйл байхгүй. Хуулийн дагуу үйл ажиллагаа нь явагдаагүй мөртлөө ганцхан өдөр орж ирээд л танай газар дээр ийм хайгуулын ажил хийх гэж байна гэж хэлдэг. Тэгэхээр орон нутгийн байгууллага болон ард, иргэдийг хүндлэхгүй байна гэсэн үг. Нэхэмжлэгч компани нь 2016 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахгүй явсан байж болно. Гэхдээ 2017 онд байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулахдаа эхлээд санал авсан байх ёстой. Энэ санал авагдаагүй, өмнө нь юу ч яригдаагүй. Тэгээд оны эцэс болоод санхүүжилт орох дөхөөд ирэхээр 7 дугаар маягтаа бөглүүлээд авъя гэсэн санаатай ирсэн. Тийм учраас хуулийн дагуу үйл ажиллагаа нь явагдахгүй байна. Орон нутгийн асуудлаа шийдвэрлэдэг иргэд гэж байгаа. Санал авахын тулд ард, иргэдэд төлөвлөгөөгөө танилцуулах ёстой. Мөн байгаль орчинд нөлөөлөх юу хийх талаараа танилцуулах ёстой. Тэр орон нутагт уламжлалт зан заншилын эд зүйлс байна уу? хиригсүүр байна уу? малчдын бэлчээр байна уу? гэдгийг уулзаж судлах ёстой. Зөвхөн дээрээс тусгай зөвшөөрөл өгдөг гэдэг зүйлийг ярьж болохгүй. Мөн сэргээн засах ажлын төлөвлөгөө, хамтран ажиллах гэрээ, орон нутгийг хөгжүүлэх гэрээ байх ёстой. Эдгээр зүйл байсны үндсэн дээр хайгуулын ажил хуулийн дагуу явагдана. Гэтэл хайгуул хийх гэж байгаа компаниуд нь зөвхөн 7 дугаар маягтаа бөглүүлэх сонирхолтой байдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ирэхэд нь ...бид интернет хөгжсөн нийгэмд амьдарч байгаа, тиймээс хайгуул хийх гэж байгаа талбайгаа урьдчилж танилцуулаад, саналаа солилцох ёстой гэж хэлсэн. Тэр орон нутагт амьдарч байгаа ард иргэд, төрийн байгууллагыг хүндэтгэх хэрэгтэй. Бид нарын тухайд ард иргэдийнхээ төлөө ажиллаж байгаа. Ийм учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариугаа хангалттай өгсөн. Хайгуул хийх гэж байгаа талбайд хиригсүүр, цөөхөн тооны янгир, аргал, голын усны бүтэц, булаг шанд, иргэний эзэмшээд авсан өвөлжөө, хаваржаа байгаа. Ийм учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах бүрэн эрхтэй гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: Хариуцагч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт хиригсүүр, өвөлжөө, хаваржаа, усны бүтэц, аргал, янгир нутагладаг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

ХХК нь Завхан аймгийн  сумын Засаг даргын байгаль орчны менежментийн 2017 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгуулах шаардлага гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нараас шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч компани Завхан аймгийн сумын нутаг дахь Тамгат нэртэй, 12933,49 гектар талбайг хамарсан газар ашигт малтмалын хайгуулын ХV-018181 дугаар тусгай зөвшөөрлийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар[1] тогтоогдож байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулахаар байна.

сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/243 дугаар албан бичиг[2], нэхэмжлэгч компанийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 06 дугаар албан бичиг[3] болон хариуцагчийн 2017 оны 10 сард төлөвлөгөө батлуулах тухай албан бичгийг, төлөвлөгөөний хамт авч очиход сумын Засаг дарга хүлээж аваагүй гэсэн тайлбарын агуулгаас харахад хариуцагч сумын Засаг дарга нь ХХК-ийн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариу өгсөн гэж үзэхээр байна.

Хариуцагчаас ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан үндэслэлээ анх хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа сум, орон нутгаас зөвшөөрөл аваагүй, аймгийн Засаг даргаас татгалзсан хариу өгсөн байхад зөвшөөрлийг хууль бусаар авсан, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын Засаг даргад огт ирүүлээгүй, нэн ховорт тооцогдох янгир ямааны бэлчдэг нутаг, иргэдийн өвөлжөө, хаваржааны эзэмшил нутаг, мал, амьтдын ундаалдаг 4 булаг шанд, хиригсүүрүүд давхцаж байгаа гэж маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т зааснаар тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны төв байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэхээр, 19.4-т аймгийн Засаг дарга мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөхөөр байна.

Ашигт малтмалын газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 6/1754 дүгээр албан бичгээр[4]Завхан аймгийн Засаг даргад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 дахь хэсэгт заасан мэдэгдлийг хүргүүлсэн байх ба Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн санал[5], 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2/889 дүгээр албан бичгээр[6]  ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Тамгат нэртэй газарт тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй байгаа талаар саналаа хүргүүлжээ. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдох үед хэрэгжих ажиллагаа бөгөөд ХХК-д нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон тохиолдолд энэ үндэслэлээр төлөвлөгөөг батлахаас татгалзаж байгаа нь хууль бус байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар иргэн Б. сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/116 дугаар захирамжаар 800 м2 газрыг 15 жилийн хугацаагаар, иргэн Б. сумын Засаг даргын 2007 оны 05 сарын 09-ны өдрийн 18 дугаар захирамжаар 800 м2 газрыг 15 жилийн хугацаагаар тус тус эзэмшиж байгаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээ[7], иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр[8] тогтоогдож байх ба мөн тус газар иргэн н.*******, С.*******, Г.*******, н.*******, А.*******, С.******* нарын эзэмшлийн өвөлжөө, хаваржааны газар давхцаж байгааг Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын геодези зураг зүйн мэргэжилтэн Д.******* шинжээчийн дүгнэлтээр[9] тогтоосон байна. ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар иргэдийн өвөлжөө, хаваржааны эзэмшил газар давхцаж байгаа хэдий ч энэ нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл биш байна.

Мөн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг бэлчээр ашиглалтын хэсгүүдтэй гэрээ байгуулж, гэрээгээр ашиглуулж байгаа гэх ба сумын Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар[10] Суваргатай уул, Аргалант, Гэгээн овоот нутаг, Ундрага, Баян чандмань, Уртын гол нэртэй бэлчээр ашиглалтын хэсгүүдтэй бэлчээр ашиглах гэрээ байгуулах-аар шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Бэлчээр ашиглуулах гэрээ-нүүд[11], түүний хавсралт, бэлчээр ашиглагч өрхийн төлөөллийн гарын үсэг, бэлчээрийн газрын экологийн чадавхийн зураг зэрэг баримтуудыг, сумын Баян-Улаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Нутаг бэлчээрийг хамгаалах тухай 01, 05 дугаар тогтоолууд[12], хурлын тэмдэглэлийг[13] тус тус хариуцагчаас ирүүлсэн байх бөгөөд энэ нь ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш гаргасан захирамж, тогтоол, гэрээ байх тул энэ нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэлд хамааралгүй байна. сумын Сайхан багийн Уртын гол нэртэй бэлчээр ашиглах хэсэгтэй байгуулсан гэрээ нь сумын Засаг даргын 2017 оны А/121 дүгээр захирамжийг үндэслэсэн мөртлөө гэрээ байгуулсан огноо нь 2011 оны 11 сарын 27-ны өдөр гэж бичигдсэн байгааг дурьдах нь зүйтэй байна. Хариуцагч нь Суврагатай Уул бэлчээр ашиглалтын хэсэгтэй 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн бөгөөд уг гэрээгээр тус хэсэгт нийт 46587 га бэлчээрийн газрыг ашиглуулсан байна. Бэлчээрийн зориулалтаар ашиглах уг газар нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт хамаарч байгаа нь байгаль орчны хяналтын улсын байцаагч П.*******ын дүгнэлт[14], газрын даамал П.*******ийн танилцуулгаар тогтоогдож байгаа хэдий ч энэ нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болохгүй байна.

Байгал орчны хяналтын улсын байцаагч П.*******ын 2018 оны 01 дүгээр сарын 11-нд гаргасан дүгнэлтээр хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар түргийн үеийн булш, хиригсүүр, тахилгын байгууламж байгааг тодорхойлсон, хариуцагчаас Хурлын цохио, Тамгатын арын хиригсүүр нэртэй хиригсүүрүүдийн зургийг[15] шүүхэд ирүүлсэн байх бөгөөд Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д зааснаар хиригсүүр нь соёлын биет өв буюу түүх, соёлын үл хөдлөх дурсгалд, 3 дугаар зүйлийн 3.1.7-д зааснаар түүх, соёлын үл хөдлөх дурсгал бүхий газар, түүний хэвлий нь түүх соёлын дурсгалт газарт хамаарахаар байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар Ашигт малтмалын тухай хуулийн 401 дүгээр зүйлийн 401.2 дахь хэсэгт зааснаар хайгуул хийхдээ палентологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хайгуул хийхээр, мөн хуулийн 402 дугаар зүйлийн 402.1.2 дахь хэсэгт зааснаар хайгуулын явцад олж илрүүлсэн соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хуульд заасны дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх ба өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэгтэй байна. Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хайгуулын үйл ажиллагааны явцад худаг, өвөлжөө, түүх соёлын дурсгалт зүйлсэд гэм хор учруулсан бол хохирлыг нь өмчлөгч, эзэмшигчид бүрэн хэмжээгээр нөхөн төлөх бөгөөд шаардлагатай тохиолдолд тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг хариуцахаар тус тус зохицуулжээ.

Үүнээс үзэхэд өвөлжөө, хаваржааны газар, түүх соёлын дурсгалт газар хайгуул хийхийг хориглоогүй байх бөгөөд хохирол учруулсан тохиолдолд нөхөн төлөх талаар зохицуулсан байна.

сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 15, 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 43, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 55 дугаар тогтоолуудаар нэр бүхий газруудыг тусгай хамгаалалтад авсан байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, бүртгүүлээгүй байх тул тухайн газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан гэж үзэхээргүй байна. Хариуцагчаас ХХК-ийн 2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг одоо батлах нь цаг хугацааны хувьд ач холбогдолгүй гэж маргаж байх боловч 2017 оны гэх уг төлөвлөгөө нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэгт зааснаар ХХК-ийн тусгай зөвшөөрлийн анхны 3 жилийн хугацаанд хэрэгжих төлөвлөгөө байна. Тиймээс тухайн төлөвлөгөөг баталснаар уг төлөвлөгөө нь батлагдсан үеэс хэрэгжээд явах боломжтой юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 дахь хэсэгт энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж, батлуулах-аар зохицуулсны дагуу ХХК-иас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргад биечлэн хүргүүлсэн байх ба мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар сумын Засаг дарга нь дээрх төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр байна.

Гэтэл сумын Засаг дарга нь дээрх үүргээ биелүүлэхгүйгээр ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас үндэслэлгүйгээр татгалзаж байх тул уг төлөвлөгөөг батлахыг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Тодруулбал, хариуцагчийн дээрх татгалзал нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд  байгалийн нөөц баялгийг ашиглах явцад байгаль орчныг доройтохоос урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, үлдэгдэл нөлөөллийг дүйцүүлэн хамгаалах, нөхөн сэргээх, нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох, түүх соёлын өвийг хамгаалахтай холбогдсон арга хэмжээг тодорхойлон, шаардагдах хөрөнгө зардлыг тооцож, хариуцах этгээд, хэрэгжүүлэх хугацаа, баримтлах хууль, журам, аргачлал, стандартыг тодорхойлж тусгасан эсэх асуудалтай холбоогүй байх бөгөөд түүнчлэн төлөвлөгөөг бодитойгоор хянан үзээгүй байх тул хариуцагч сумын Засаг даргаас ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсаныг зөвтгөх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан ХХК-ийн эзэмшлийн ХV-****** дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Завхан аймгийн сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Завхан аймгийн сумын Засаг даргад даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР

Н.АМАРЗАЯА

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 5-6-р хуудас

[2] Хавтаст хэргийн 7-р хуудас

[3] Хавтаст хэргийн 234-р хуудас

[4] Хавтаст хэргийн 191-р хуудас

[5] Хавтаст хэргийн 193-р хуудас

[6] Хавтаст хэргийн 194-р хуудас

[7] Хавтаст хэргийн 155, 177-р хуудас

[8] Хавтаст хэргийн 156-157, 178-179-р хуудас

[9] Хавтаст хэргийн 214-220-р хуудас

[10] Хавтаст хэргийн 85-р хуудас

[11] Хавтаст хэргийн 86-120-р хуудас

[12] Хавтаст хэргийн 18, 24-р хуудас

[13] Хавтаст хэргийн 19-22, 25-26-р хуудас

[14] Хавтаст хэргийн 27-р хуудас

[15] Хавтаст хэргийн 55, 56-р хуудас