Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 201/МА2017/00010

 

М.Алтангадасын нэхэмжлэлтэй,

Т.Баттөмөрт холбогдох хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 138/ШШ2017/00067 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч М.Алтангадас, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах гомдлоор М.Алтангадасын нэхэмжлэлтэй, Т.Баттөмөрт холбогдох гэм хорын хохирол 16930000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 02 сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Алтангадас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 10 сарын 07-ны өдөр эхнэр Бямбажаргалтай гэр бүл болж хуримаа хийсэн. Биднийг айл гэр болж байгаа учир манай аав, ээж хоёр бидэнд 6х8 хэмжээтэй дүнзэн байшин бэлэглэж, гал голомт тасалж өгсөн. Мөн эхнэр бид хоёрыг хуримаа хийх үед хоёр талын ах дүү, хамаатан садангууд нийлж хуримын бэлгэнд айл гэрт байж болох бүхий л тавилга, цахилгаан хэрэгслүүд бэлэглэж байсан. Бид хоёр хүүхэдтэйгээ 4-үүлээ амьдарч байсан. Эхнэр маань бие давхар болж 2014 оны 10 сард төрөх байсан. 2014 оны 7 сарын сүүлээр намайг гэртээ байж байхад нутгийн танил ах Т.Баттөмөр ирээд “ах нь танай хойно газар авсан. Одоо нүүж ирнэ. Танайхаас тог авах гэсэн юм” гэж гуйсан. Би өөрөө цахилгааны мэргэжилтэй тул “та хүчтэй зүйл залгахгүй биз дээ, хүчдэл дийлэхгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд Баттөмөр нь “ах нь зөвхөн зурагт, чийдэн 2-ыг л асаана” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд сумын цахилгаанчинд /монтёрт/ хэлсэн. Цахилгаанчин зөвшөөрсөн. Баттөмөрт цахилгаан залгаж өгснөөс хойш 3 хоногийн дараа би “Шин шинь” компани дахь ажил руугаа явсан. Энэ үед эхнэр маань аймгийн төв рүү жирэмсэн эхийн үзлэгт орох гээд бага охинтой явсан байсан. Гэрт миний эмээ, хүү Түвшинжаргал нар үлдсэн. 2017.07.31-ний өдөр намайг ажил дээрээ байхад манай ажлын Өвөрмонгол ажилтан над дээр ирээд “ахын дүү гэр рүүгээ явахгүй бол болохгүй болсон байна. Танай гэр шатсан гэж байна” гэж хэлсэн. Тэгээд манай компаний удирдлагаас надад чөлөө олгосон. Намайг гэртээ ирэхэд гэр маань юу ч үгүй шатаж, үнс болсон байсан. Юу болсон талаар албаны хүмүүсээс асууж тодруулахад Баттөмөр нь манай гэрийн пускателийг сольж өөр пускатель дур мэдэн солиулсан байсан. Би Баттөмөрөөс яагаад пускатель сольж байгаа юм бэ гэхэд цахилгаан хөрөө, цахилгаан таслагч, цахилгаан дрилл гэх мэт цахилгаан багажнууд ажиллуулахад танай пускатель байн байн буугаад байсан. Тэгэхээр нь өндөр чадалтай пускатель тавьсан гэж байсан. Гэр ахуйн зориулалттай пускатель нь өчүүхэн бага масс үүсэхэд цахилгааныг автоматаар салгаж, цахилгааны утсанд халалт үүсч гал гарах аюулаас сэргийлдэг учиртай. Харин өндөр хүчин чадалтай пускатель нь масс үүсэхэд цахилгааныг салгадаггүй юм. Тиймээс өндөр хүчин чадал даах зориулалтын бус ахуйн зориулалтын цахилгаан утас нь массыг дийлэлгүй гал гаргасан байсан. Ийнхүү гал гарсны улмаас манай байшин бүрэн шатаж, байшин дотор байсан гэрийн бүх тавилга, бидний хувцас, бичиг баримт гэх мэт хэрэгцээт бүхий л зүйлс шатаж устсан. Мөн байшин дотор байсан манай эмээ, том хүү 2 маань арай гэж галд өртөлгүй эсэн мэнд гарсан байсан. Тус галын улмаас манайд учирсан хохирлыг цагдаагийн байгууллага шалгах явцад нийт 16930000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Хэрвээ Баттөмөр нь манай гэрийн пускателийг дур мэдэн сольж өөр өндөр хүчин чадалтай пускатель тавиагүй байсан бол манай гэрийн цахилгааны утсанд масс халалт үүсэж гал гарахгүй байх байсан. Байшин бүх юмаа шатаалгаснаас болж бид маш их сэтгэлийн дарамтанд орсон бөгөөд 2014 оны 10 сарын сүүлээр төрөх байсан эхнэр маань төрөх хугацаанаасаа 1 сарын өмнө гэнэт өвдөж төрсөн боловч хүүхэд маань хүн болж чадалгүй эндсэн. Яагаад хугацаанаасаа өмнө төрсөн талаар асууж тодруулахад эмч “Сэтгэл санааны цочролоос болж хугацаанаас өмнө төрөлт явагдсан” гэж хэлсэн. Баттөмөр нь бидэнд туслана гэж хэлдэг боловч ганц ч төгрөгийн тусламж үзүүлээгүй өдийг хүрсэн. Эхнэр, хүүхдүүд бид одоо болтол өөрийн гэсэн орон гэртэй болж чадаагүй бөгөөд айл айлын тогоо өнгийн амьдарч байна. Иймд Т.Баттөмөрөөс 16930000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Т.Баттөмөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2014 оны 5 сарын 9-нд Алтангадасын хойд талд буусан. Бид Алтанхуяг гэдэг айлаас тог авах гэж байтал тэднийх салгаад байна даа манайхаас авчих гэж Алтангадас өөрөө хэлсэн. Манайх анх тэнд буухдаа тог татуулъя гэж цахилгаанч Батмөнхөд хэлэхэд ойрхон айлаас авчихгүй юу гэж хэлсэн юм. Ингээд Алтангадас өөрөө манайд тог залгаж өгсөн. Манайх 2014 оны 6 сарын 10-нд байшингаа барьж дууссан. Алтангадасын пускателийн пурш нь сулардаг юм уу, яадаг юм байн байн буудаг, залгаад эргэхэд л ямар ч масс үүсээгүй байхад буудаг болчихоод байхад нь би шинэ пускатель авч Лувсандорж гэдэг хүнээр тавиулсан юм. Пускатель солихын өмнө тэдний дүү Хумбаан цахилгааны утас муудчихаад масслаад пускатель унаад гээд холбоод лентээр утсыг ороож байсан. 7 сард пускатель сольсон, түүнээс хойш нэг ч цахилгаан хөрөө мэт зүйлүүдийг хэрэглээгүй. Тиймээс пускатель сольсноос болж гал гарсан мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Тийм ч өндөр хүчтэй пускатель тавиагүй. Гэхдээ би хэдэн вольтын хүчин чадалтай пускатель тавьсныг мэдэхгүй байна. Монгол хүний хувьд, хөрш залгаа байсны хувьд чадах ядахаараа тусалсан. Гэтэл намайг огт туслаагүй гэж байна. Тэднийд гал гарах үед манай тог унтраагүй, тэднийх хэд хэдэн пускательтай. Миний солиулсан пускатель гадна нь байдаг. Хүүхдийнх нь хэлснээр тэдний гэрэл манас гээд л хөх гал гарсан тэгээд шатсан гэдэг. Иймд юунаас болж шатаж гал гарсныг шалгуулж, тогтоолгох ёстой байтал үүнийг тогтоосон зүйл байхгүй байна. Харин тэдний гэрлийн утас муудсан гэдгийг галын байцаагчийн дүгнэлтэд тодорхой бичсэн байсан учир түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 138/ШШ2017/00067 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Т.Баттөмөрөөс гэм хорын хохирол 16930000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Алтангадасын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөн болохыг дурдаж ... шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч М.Алтангадас давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх миний нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ “Т.Баттөмөр 65-ын өндөр хүчин чадалтай пускатель сольсноос М.Алтангадасынд гал гарсан нь нотлогдохгүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2014 оны зун Т.Баттөмөр манай гэрийн ард нүүж ирсэн. Манайх цахилгааны шугамнаас 100 гаруй метрийн зайд байрладаг ба 2013 оны 10 сард аймгийн цахилгаан станцаас зөвшөөрөл авч газраар цахилгаан татаж авсан. Баттөмөрийнх цахилгааны шугамнаас 200-аад метрийн зайд байсан учир манайхаас цахилгаан салаалж авъя гэж гуйсан. Тэрээр надад хэлэхдээ “гэрлийн нэг чийдэн, зурагт хоёрыг л асаана” гэж хэлсэн. Би гэрэл цахилгаангүй, харанхуй байж үзсэн учир Баттөмөрийн гэр бүлд тус болъё, цахилгаантай болгоё гэсэн үүднээс өөрийн гэрээс цахилгаан салаалж авахыг зөвшөөрсөн. Би цахилгаан тавиулахдаа цахилгаан станцаас айл өрхийн зориулалтын монтаж утас, тоолуур, пускатель зэргийг авч тавьсан. Баттөмөр нь хэлсэн ёсоор нэг чийдэн, зурагт хоёрт цахилгаан хэрэглээгүй бөгөөд том хөлдөөгч, цахилгаан тогоо байнга хэрэглэж байснаас гадна мужааны цахилгаан багаж хэрэглэж байсан. Үүний улмаас айл өрхийн зориулалттай 16-тай пускатель буюу автомат гал хамгаалагч байн байн бууж цахилгаан гүйдлийг салгаж, богино холболт үүсэхээс сэргийлдэг байсан. Сүүлдээ манай пускатель ачааллаа даахаа больж буудаж, эвдэрсэн байсан. Би “Шин Шинь” компанид ажилладаг байсан ба 2014 оны 07 сард уурхай дээр ажиллаж байсан. 2014 оны 07 сарын 21-ний өдөр ээлж солихоор болж ээлжийн машиныг би жолоодож явсан. Ажилчдаа сумын төв дээр буулгаад гэр рүүгээ очсон. Гэртээ орж явахад гэрийн зүүн талд байдаг пускатель суурилуулсан байсан мод харлаж, түлэгдсэн байсан. Эхнэрээсээ учрыг нь асуухад “Баттөмөр ах цахилгаан багаж хэрэглээд, цахилгааны ачааллыг дийлэлгүй пускатель буудсан. Баттөмөр ах ирж шинэ пускатель тавьсан” гэж хэлсэн. Би өөрөө цахилгаанчин мэргэжилтэй тул очоод харахад манай 16-тай пускателийн оронд 65-тай буюу өндөр хүчин чадалтай пускатель тавьсан байсан. Би Дашбалбар сум руу ээлж солигдсон ажилчдыг хүргэж өгөх гээд ажилтай байсан учир эхнэртээ хандаж “Баттөмөр ахад 65-тай пускателиа сольж 16-тай пускатель тавиарай. Манай утас дийлэхгүй, хайлна шүү” гэж хэлүүлсэн. 2017.07.31-ний өдөр манай гэрийг шатсан гэж надад хэлүүлсэн. Би гэртээ ирээд юу болсон талаар асуухад өндөр хүчин чадалтай пускатель нь цахилгааны ачааллыг мэдэрч, цахилгаан гүйдлийг салгаагүйн улмаас манай цахилгааны разетканд гал авалцаж, байшин шатсан болохыг мэдсэн. Пускатель буюу автомат гал хамгаалагч нь цахилгааны ачаалал үүсч халалт бий болоход уг халууныг пүршээрээ мэдэрч цахилгаан гүйдлийг салгаж, монтаж утсанд халалт үүсч гал гарахаас сэргийлдэг зарчмаар ажилладаг. Манай монтаж утас нь айл өрхийн зориулалттай нарийхан утас байсан. Иймд монтаж утсанд 16-тай пускатель суурилуулдаг. Гэтэл Т.Баттөмөр нь 65-тай буюу том голтой  цахилгааны утсанд суурилуулдаг өндөр хүчин чадалтай пускатель суурилуулснаас цахилгааны ачааллын улмаас үүссэн халалтыг мэдрэлгүй, цахилгаан гүйдлийг зогсоогоогүй учир цахилгааны утас, разетканд халалт үүсч гал гарсан байсан. Баттөмөр нь өөрөө мэдэхгүй байж мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваагүй, мөн намайг пускатель солиорой гэж эхнэрээрээ хэлүүлсээр байхад солиогүйгээс болж манай гэрийг шатаасан гэдгээ тухайн үед ойлгож, манайд монгол гэр өгнө, шинэ барьсан байшингаа өгнө гэж хэлж байсан боловч юу ч өгөөгүй. Би түүнийг 2 жил гаруй хугацаанд харсан. Юм өгөхгүй байсан учир шүүхэд хандсан. Гэтэл тэрээр анхан шатны шүүх дээр өөрийгөө огт буруугүй гэхээс гадна Алтангадас нь өөрөө гуйж ирээд манайд цахилгаан салаалж өгсөн гэж хэлээд зогсож байсан. Баттөмөрийн болгоомжгүй үйлдлээс болж эхнэр бид 2 гал голомтоо бадраагаад жил ч болоогүй байсан орон гэр, эд хөрөнгөө шатаалгаж маш ихээр хохирсон. Иймд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 00067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо: ...Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх М.Алтангадасын нэхэмжлэлтэй Т.Баттөмөрт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ “Нэхэмжлэгч тал ...хариуцагчийн эсэргүүцэн маргаж буй тайлбарыг үгүйсгэж, нотлох баримтаар няцааж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.Баттөмөр 65-ын өндөр хүчин чадалтай пускатель сольсноос нэхэмжлэгч М.Алтангадасынд гал гарсныг нотлоогүй байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Алтангадасын пускатель буудахад Баттөмөр нь шинээр пускатель авчирч, хүнээр солиулснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэдтэй пускатель тавих талаар огт мэддэггүй бөгөөд хэдтэй пускатель авчирч суурилуулснаа ч мэддэггүй. Түүнийг пускатель сольснийг гэрч Бямбажаргал хэлдэг. Алтангадасынд Баттөмөр нь 65-тай пускатель авчирч тавьсныг Алтангадас мэдсэн ба эхнэрээрээ дамжуулж пускателиа солиорой, 16-тай пускатель тавиарай гэж хэлүүлснийг түүний эхнэр болох гэрч Бямбажаргал мэдүүлсэн. Мөн айл өрхийн хэрэгцээнд 16 ампертай пускатель хэрэглэх ёстой. 16-аас өндөр хүчин чадалтай пускатель нь масс, халалт үүсэхэд буухгүй буюу цахилгаан гүйдлийг салгахгүй байх магадлал өндөртэй бөгөөд энэ тохиолдолд богино холболт үүсч, гал гарах аюултай байдаг талаар Дорнод аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын байцаагч Б.Цогтбаяр гэрчээр мэдүүлэг өгсөн. Эндээс харахад Т.Баттөмөр нь М.Алтангадасынд өөрийн дураар мэргэжлийн хүнээс асууж, зөвлөгөө авалгүйгээр айл өрхийн зориулалтын бус өндөр хүчин чадалтай пускатель суурилуулснаас цахилгааны ачаалал үүсч, цахилгаан утсанд масс, халалт бий болоход цахилгаан гүйдлийг зогсоогоогүйн улмаас богино холболт үүсч, гал гарч Алтангадасын байшин, эд хөрөнгө галд шатаж хохирол учирсан болох нь тогтоогдож байна. Иймд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 00067 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, М.Алтангадасын нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.Алтангадас нь хариуцагч Т.Баттөмөрөөс гэм хор учруулсны хохирол 16930000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2014 оны 07 сарын 31-ний өдрийн 12 цагийн орчим Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн иргэн М.Алтангадасын байшинд гал гарсан үйл баримт Дорнод аймгийн онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 34 дугаар акт болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. / хх-ийн 9, 36-37,40-41,47-48 дахь талууд /

Уг гал түймрийн улмаас нэхэмжлэгч М.Алтангадасынд 16930000 төгрөгийн хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтуудаар тогтоогдсон ажээ. / хх-ийн 53 дахь тал /

Нэхэмжлэгчийн байшин цахилгаанаас /тогноос/ гал гарч шатсан, үүнээс улбаалж хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан улсын хяналтын байцаагчийн 34 тоот акт, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр цахилгааны системийг стандартын дагуу мэргэжлийн шаардлага хангахгүй түвшинд нэг айлаас /өөрийн гэрээс/ салаалж хариуцагч Т.Баттөмөрийнд тавьж өгсөн.

 Гэвч нэхэмжлэгч зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн цахилгааныг салаалж өгснөөр өөрт учирсан хохирлыг 100 хувь хариуцна гэж үзэхэд учир дутагдалтай байна. Учир нь нэхэмжлэгч хариуцагчийн тусын тулд цахилгааныг салаалж өгсөн ба үүнээс хойш цахилгааны  автомат хамгаалагч / пускатель / байн байн буух асуудалтай болсон байна. Мөн автомат хамгаалагч шатаж, хариуцагч Т.Баттөмөр сольсон бөгөөд солихдоо мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй нь хариуцагчийн тайлбар, иргэн Лувсандоржийн тодорхойлолтоор нотлогддог тул нэхэмжлэгчид гэм хор учрахад  хариуцагчийн гэм буруу зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. / хх-ийн 18, 70 дахь талууд /

Мөн нэхэмжлэгч ахуйн хэрэглээнд тохирохгүй автомат хамгаалагч тавьсныг харсан атлаа солихгүйгээр орхиод явсан зэрэг хайхрамжгүй байдал, учирч болох эрсдэлийг мэдсэн атлаа хөнгөмсгөөр найдаж орхисноос болж хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчид гэм хор учрахад нэхэмжлэгч, хариуцагч нарын гэм буруу зохих хэмжээгээр нөлөөлсөн, хариуцагч Т.Баттөмөрийн хайхрамжгүй үйлдэл, хохирогчид учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо байх тул Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2,  497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Т.Баттөмөрт гэм хорын хохирлын 50 хувийг хариуцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч М.Алтангадас, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2017 оны 01 сарын 12-ны өдрийн 138/ШШ2017/00067 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ Монгол Улсын Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Баттөмөрөөс гэм хорын хохиролд 8465000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Алтангадаст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8465000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Баттөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 150390 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.” гэсэн нэмэлт оруулан, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч М.Алтангадас нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлөх 242600 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

              

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.НАРАНБАЯР

      ШҮҮГЧ                                                                     Д.БАЙГАЛМАА

                                                                                      З.ЭНХЦЭЦЭГ