Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 

 

      Д.Ат холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                              

            прокурор Д.Оюунгэрэл,

            шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Аийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201625031864 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Боржигон овгийн Даваасүрэнгийн Д.А, Улаанбаатар хотод 1973 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 4-58 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: КЮ73111514/

 

Д.А нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Д.Бт “Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Гэгээ 39” хотхонд 2 өрөө байр авч өгнө” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2013 оны 12 дугаар сард 10,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 10,000,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сард 5,000,000 төгрөг авч, нийт 25,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Д.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дүгээр зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Д.Ат 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Д.Аийг бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгын эзэн гэх БНХАУ-ын иргэн Мо Бао Лин, мөн улсын иргэн, зуучлагч Бадрах, Соронзонболд нартай уг барилга дээр очиж, танилцаж байсан. Улмаар хамтран ажиллах талаар тохиролцож, уг барилгад зориулж М.Соронзонболдод хэсэгчлэн 25,000,000 төгрөг өгсөн. Энэ талаар нотариатаар батлуулсан гэрээ бий. Гэтэл тэр аваагүй мэтээр ярьж мэдүүлснийг ойлгохгүй байна. Намайг М.Соронзонболд гүтгэж байна. Иргэн Д.Баас авсан мөнгөө буцаан төлсөн ба “тэрээр гомдол санал байхгүй” гэдгээ амаар болон бичгээр илэрхийлсэн. Түүний хүсэлтийн дагуу нотариатаар орж мөнгө төлөх хугацаа, хүү, алданги зэргийг тохирч иргэний хэлцэл хийж байсан.

М.Соронзонболд нь анх Бадрахтай намайг танилцуулахдаа миний түнш, танил хэмээн ярьж байсан. Бадрах хожим хэлэхдээ М.Соронзонболд өөрийгөө таны авгайн дүү гэсэн хэмээн танилцуулж “мөн хувьдаа хэрэг гарлаа, удахгүй өгнө” хэмээн удаа дараа мөнгө авч байсан тухай ярьж байсан болно. Би гэмт хэрэг үйлдээгүй тул намайг цагаатгаж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч Д.Аийн өмгөөлөгч Г.Нацагдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шийтгэх тогтоол, яллах дүгнэлтээс харахад Д.А нь Д.Баас мөнгө авсан, буцаад тэр хүн нь цагдаад өгсөн, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй зүйл харагддаг. Гэтэл хэрэгт шалгагдаж тогтоогдвол зохих зүйлүүд тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл анхнаасаа яагаад энэ мөнгийг авсан, түүний сэдэлт, зорилго юу байсан бэ, тухайн мөнгийг өгөхгүй байх зорилготой авсан уу, үгүй юу, юунд зориулж авсан талаар шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй. Өөрөөр хэлбэл Д.А, Бадрах, Мо Бао Лин гэх хүмүүс хамтарч ажиллах асуудал яригдсан. Энэ талаар Мо Бао Лин гэх хүний гомдолд дурьдагддаг. Үнэхээр иргэний маргаан байсан уу, эрүүгийн хэрэг байсан уу гэдгийг шалгаж тогтоогоогүй. Д.Б, Д.А нарын хооронд мөнгө өгч, авах талаар гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Энэ баримтаа шүүхэд өгсөн гэдэг ч тэр баримт нь хэрэгт байдаггүй. Тэгэхээр энэ асуудлаар Д.А мөрдөн байцаагчид тухайн үед хэлсэн байдаг. Цагдаа энэ асуудлыг авъя гэж хэлээгүй. Цаг хугацааны хувьд яллах дүгнэлтэд 2013, 2014, 2015 он гэсэн асуудал яригддаг. Ямар үндэслэлээр 2015 онд гэж дүгнэсэн бэ. Энэ талаар гарцаагүй байх ёстой. Д.Б хэлэхдээ “нийгмийн даатгалын хэлтсийн дарга байхад нь өгсөн” гэдэг. Гэтэл 2015 онд төрийн нарийн бичгийн дарга болсон байсан. Тэгэхээр цаг хугацааны хувьд зөрүүтэй асуудал байхад энэ асуудлыг нэг мөр шалгаж тогтоогоогүй. Энэ бүх зөрүүг гаргах, үнэхээр эрүүгийн хэрэг гэж үзвэл юугаар нотлогдож байна вэ гэдэг гарцаагүй нотлох байдлаас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх зорилгоор хэргийг анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.” гэв.

 

            Прокурор Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.А нь “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн гомдол гаргасан. Харин өмгөөлөгч хэрэгт “нэмэлт ажиллагаа хийлгэж өгнө үү” гэсэн өөр байр суурьтай байна. Хэрэгт авагдсан баримтаар хохирогч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр “Д.Ат 2013 оны 12 дугаар сарын сүүлээр 10,000,000 төгрөг, 2014 оны 1 дүгээр сард 10,000,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сард 5,000,000 төгрөг нийт 25,000,000 төгрөг өгч залилуулсан”. Д.А нь Д.Бд “Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Гэгээ 39” хотхоноос 2 өрөө байр авч өгнө” гэж хуурсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон.  Шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон. Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.Ат холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

Д.А нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Д.Бт “Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Гэгээ 39 хотхонд 2 өрөө байр авч өгнө” гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар 2013 оны 12 дугаар сард 10,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард 10,000,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сард 5,000,000 төгрөг авч, нийт 25,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- хохирогч Д.Бын “... Д.А нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Гэгээ 39” гэсэн байрны 3 давхарт 2 өрөө байрыг авч өгөхөөр харилцан тохиролцсон. Ингээд 2013 оны 12 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын өрөөндөө дуудаад “чиний захиалсан орон сууц 2014 оны 1 дүгээр сард ашиглалтад орно” гээд нэг хүний данс өгсний дагуу... 10,000,000 төгрөг шилжүүлсэн. дансны хуулгыг Д.Ат өгсөн... 2014 оны 11 дүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, 5 дугаар сургуулийн хойд талд байх ажлын өрөөнд нь бэлнээр 10,000,000 төгрөг өгсөн. Байраа асуухаар “хүлээж бай”, “удахгүй ашиглалтанд орно” гэж явсаар 2015 оны 3 дугаар сард “нөгөө байр чинь болчихлоо” гэхээр нь “ХААН” банкнаас 5,000,000 төгрөгийн зээл аваад, ажил дээр нь аваачиж өгсөн. Д.А “Гэгээ 39” хотхоны Монгол талын борлуулалтын албаны даргаар ажиллаж байгаа гэсэн. Тэгээд байраа ашиглалтанд орохыг хүлээсэн, юу болж байгааг асуухаар “улсын комисс хүлээж аваагүй байна” гэсээр 2016 он гарсан. Сүүлдээ “хужаагийн компанитай иргэний маргаан гаргаад шүүхдэлцэж байна” гэсэн... “Гэгээ 39” хотхон нь баригдаад дууссан, хүмүүс нь байрандаа орчихсон, одоо ямар нэгэн сул байр байхгүй гэсэн. Д.А гэдэг хүнийг дарга хийдэг байсан учраас өдийг хүртэл итгэж явсан. Сүүлдээ өөрөө шалгасан чинь хятадуудтай шүүхдэлцэж байгаа гэсэн нь худлаа болох нь тогтоогдсон...” /1-р хх-17-18/,

- гэрч М.Соронзонболдын “... Д.А гэх хүнтэй нэг нутгийн хуурай ах, дүү юм.  Д.Б гэх хүнийг танихгүй. Д.А надад бэлнээр мөнгө төгрөг өгч байсан удаа байхгүй, худлаа хэлсэн байна... Лью Бау Лин бид хоёртой Д.А нь ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Харин Лью Бау Лин гэх хүнтэй хамтарч Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ 39” хотхонд 12 давхар, 177 айлын орон сууц барихаар гэрээ байгуулаад хамтран ажилласан. Гэтэл бид хоёрын дунд маргаан гараад Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан байгаа. Үүнтэй Д.А нь ямар нэгэн холбоо хамаарал байхгүй...” /1-р хх-20/,

мөн түүний “... хөдөө ажиллаар явж байгаад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод ирэхэд Д.А надтай уулзаад “... хэргээ хэрэгсэхгүй болгох гэсэн чинь болохгүй байна. Төрийн байгууллагад ажил хийхэд болохгүй юм байна, чи надад туслах хэрэгтэй байна...” гэсэн. Тухайн үед би бодож үзэж байгаад болно гэж хэлсэн. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр намайг дуудаад “би Д.Бд мөнгө төгрөгөө төлсөн байгаа. Ямар ч хохирол байхгүй, чамд ч хамаа байхгүй” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар сургуулийн урд талд нотариатын газар орж, хэлцэл хийгээд надаар гарын үсэг зуруулсан юм...” /1-р хх-133/,

- гэрч А.Мөнхбатын “... Би Д.А гэх хүнийг танихгүй. Харин М.Соронзонболд гэх хүнийг харж байсан... 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №131021 дугаартай орон сууц борлуулалтын итгэмжлэлийн гэрээний талаар мэдэхгүй. Энэ талаар Лью Бау Лин өөрөө хэлэх байх. Надаас гадуур М.Соронзонболд гэх хүнтэй юу гэж танилцсан талаар мэдэхгүй... Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ 39” хотхонд Д.А орон сууц захиалаагүй, хөрөнгө оруулалт хийгээгүй. Харин би 4,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн...” /1-р хх-111, 146/ гэсэн мэдүүлгүүд, 

- Д.Аийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шалгаж, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Анхан шатны шүүхээс Д.Аийг бусдын эд хөрөнгийг хуурч, залилан авсан гэм буруутай талаар хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийжээ. 

 

Шүүгдэгч Д.Аийн “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд Д.А нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэгээ 39” хотхоны барилгын үйл ажиллагаатай ямар нэгэн холбоо, хамааралгүй атлаа уг байрны борлуулалтыг хариуцаж байгаа мэтээр хохирогчийг төөрөгдүүлж “орон сууц захиалж өгнө” гэж хууран мэхэлж 25,000,000 төгрөг авсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон гэрч М.Соронзонболд, А.Мөнхбат нарын мэдүүлгээр хөдөлбөргүй нотлогдсон байх тул Д.Аийн үйлдлийг залилах гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тэрээр “... Мо Бао Лин, Бадрах, Соронзонболд нартай хамтран ажиллах тохиролцоотой байсан. Уг барилгад зориулж М.Соронзонболдод хэсэгчлэн 25,000,000 төгрөг өгсөн. Энэ талаар нотариатын батлуулсан гэрээ бий...” гэдэг боловч энэ нөхцөл байдал нь М.Соронзонболдын мөрдөн байцаалт шатанд өгсөн “Д.А надад бэлнээр мөнгө өгч байсан удаа байхгүй, худлаа хэлсэн байна... Лью Бау Лин бид хоёр болон “Гэгээ 39” хотхонтой Д.А нь ямар нэгэн холбоо хамаарал байхгүй” /1-р хх-20/ гэх мэдүүлэг, болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “шүүгдэгч намайг энэ хэлцлийг хийж өгөөч, ах нь төрийн албанд ажил хийхэд ялтай гэсэн байдал үүсчих гээд байна, би үүнийг хавтаст хэрэгт хавсаргах гэсэн юм” гэж гуйгаад надад Таван толгойд нүүрсний квот хийж өгөөд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод наад бичгийг чинь хийлгүүлж авсан” /1-р хх-203/ гэх мэдүүлэг, гэрч А.Мөнхбатын мөрдөн байцаалтанд шатанд өгсөн “...“Гэгээ 39” хотхонд Д.А орон сууц захиалаагүй, хөрөнгө оруулалт хийгээгүй...” /1-р хх-111, 146/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн болно.

 

Мөрдөн байцаалтын шатанд оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

            Харин Д.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байхад анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн зарчимд нийцэхгүй.  

 

            Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу Д.Аийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг хуурч, залилан авсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 500 дугаар шийтгэх тогтоолд “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ат холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 3, 4, 5 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт “Шүүгдэгч Боржигон овогт Даваасүрэнгийн Д.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “С.Д.Аийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээн, шүүгдэгч Д.Аийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

   4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          Т.ӨСӨХБАЯР

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН