| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1036/Э |
| Дугаар | 1051 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 1051
2020 06 04 2020/ШЦТ/1051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Нарийн бичгийн дарга Б.Тэргэл,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Х холбогдох эрүүгийн 2006 02223 1363 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0759 УБЯ улсын дугаартай “Prius 20” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлэгч иргэн М.Мөнхбатыг согтоод машинд нь унтсан байхад “Iphone XS max” маркийн гар утас, мөнгөн гинж, кулон, Голомт банкны зэс карт болон Худалдаа хөгжлийн банкны алтан карт зэрэг эд зүйлсийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 2,110,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Хы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Таксинд найзынхаа машинтай явж байсан. Тэгээд явж байхад согтуу унтсан байсан, тэгэхээр нь утас мөнгөн гинж карт гэх зүйлсийг нь авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг[1],
Шүүгдэгч Б.Хы яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 21 цагийн үед найз Баатарсүрэнгийн эзэмшлийн “Prius 20” маркийн 0759 УБЯ улсын дугаартай автомашиныг таксинд явъя гэж гуйж аваад таксинд авж байгаад 23 цагийн үед МУИС-ын дотуур байрны урд талаас согтуу 3 залуу машин барьсан түүнээс 1 залуу нь машинд суугаад тэр залуу нь Нарантуул зах руу явъя гэхээр нь би Нарантуул зах чиглэлд явсан. Тэгээд халдварт дээр иртэл нөгөө залуу шал согтуу унтаж байхаар нь гар утас, мөнгөн гинж, Виза карт 2 ширхэгийг авчихсан...” гэх мэдүүлэг[2],
Хохирогч М.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 сарын 22-нд ажлаа тараад хамт ажилладаг ах болох Батмөнхийн гэрт очиж виски уусан. Тэгээд би согтуу гэр лүүгээ явна гэж гараад такси бариад гэр лүүгээ явсан би тухайн үед согтуу байсан болохоор машин дотор ороод унтаад өгсөн, нэг сэрэхэд би дамжаад өөр такси руу суусан байсан. Тэгээд миний “Iphone XS max” маркийн гар утас болон 3 ширхэг банкны карт хүзүүнд байсан бүдүүн мөнгөн гинж чонон кулон байхгүй байсан. ...Эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[3],
Гэрч М.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Б.Х машинаа өгөөч найз нь ганц нэг тойроод ирье гэж хэлээд миний машиныг аваад явсан. Тэгээд шөнө 02 цагт миний машиныг байрны гадаа тавьсан гэж хэлээд түлхүүр оруулж ирж өгсөн...” гэх мэдүүлэг[4],
Гэрч С.Дайриймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 4 сарын 22-ны өдөр гадуур таксинд явж байсан. Тэгээд шөнө 00 цаг орчимд Хурд хотхонд нэг хүн буулгачихаад буцах замдаа халдвартын автобусны буудал өнгөрөөд “Баясах трейд”-ийн тэр хавьцаанаас 2 талын халаасаа үзээд байгаа бололтой нэг эрэгтэй хүн зогсож байсан. Би хажууд нь очоод “такси авах уу” гэж асуухад тэр залуу “сайн байна уу, ардын эрх орно” гэж хэлээд суусан. Тэгээд ардын эрхийн автобусны буудал дээр очиход “эгчээ уучлаарай би гэртээ харих ёстой юм байна, кино үйлдвэр рүү явчих” гэсэн тэгээд кино үйлдвэр дээр ирэхэд “та буцаж эргээд Сод Монгол шатахуун түгээх станцын хажууд зогс, энд манай бацаан байгаа, би ийшээ орлоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 7,5 км гарсан байна “чи мөнгөө төл” гэхэд надад задгай 500 төгрөг 5 ширхэг, 1000 төгрөг нийт 5,500 төгрөг өгсөн. Тэгээд “дутуу байна” гэхэд “миний гар утас, виза карт, гинж алга байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи гэр лүүгээ найз руугаа залга” гэхэд миний утаснаас 88115648 гэх дугаар луу залгаад “миний түлхүүр алга” гэж яриад байсан тэгэхэд би “чиний түлхүүр гарт чинь байна, чи гар утсаа болон картаа асуугаач, чи түрүүхэн хүнд өгсөн гэж ярьж байсан биздээ” гэж хэлсэн тэгээд тэр утсаа тасалсан. Тэр залуу замын цагдаагийн урагшаа заагаад “манай гэр тэнд байгаа би тийшээ явмаар байна” гэсэн би тэр зам харанхуй байсан болохоор буцаж эргээд цагдаагийн хэлтсийн хойд талд буулгасан. Тэгээд би толиндоо харахад цаашаа зүгээр алхаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг[5],
Хөрөнгийн үнэлгээний тайлан[6],
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[7],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8],
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[9],
Шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт[10],
Иргэний үнэмлэхийн лавлагаа[11]зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 0759 УБЯ улсын дугаартай “Prius 20” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд М.Мөнхбатад үйлчилж явахдаа түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн машинд нь унтаж байхад 1,990,000 төгрөгийн үнэ бүхий “Iphone XS max” маркийн гар утас, 60,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн гинж, 35,000 төгрөгийн үнэ бүхий кулон, 10,000 төгрөгийн үнэ бүхий Голомт банкны зэс карт, 15,000 төгрөгийн үнэ бүхий Худалдаа хөгжлийн банкны алтан карт зэрэг нийт 2,110,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Б.Хы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Таксинд найзынхаа машинтай явж байсан. Тэгээд явж байхад согтуу унтсан байсан, тэгэхээр нь утас мөнгөн гинж карт гэх зүйлсийг нь авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”[12] гэх,
Шүүгдэгч Б.Хы яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...халдварт дээр иртэл нөгөө залуу шал согтуу унтаж байхаар нь гар утас, мөнгөн гинж, Виза карт 2 ширхэгийг авчихсан...”[13] гэх,
Хохирогч М.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний “Iphone XS max” маркийн гар утас болон 3 ширхэг банкны карт хүзүүнд байсан бүдүүн мөнгөн гинж чонон кулон байхгүй байсан. ...Эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан надад ямар нэгэн гомдол санал байхгүй”[14] гэх,
Гэрч М.Баатарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Б.Х машинаа өгөөч найз нь ганц нэг тойроод ирье гэж хэлээд миний машин аваад явсан...”[15] гэх,
Гэрч С.Дайриймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний гар утас, виза карт, гинж алга байна гэж хэлсэн...”[16] гэх мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан[17], эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[18] зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу “тодорхой ажил үүрэг гүйцэтгэх”, 2.5-т заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасны дагуу “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналтайгаар, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Хы үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Х нь бусдын эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид хохирлыг нөхөн төлж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Хы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Б.Мөнхбат нь “Iphone XS max” маркийн гар утас болон 300,000 төгрөгийг хүлээн авсан болох нь “Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн”[19] тухай тэмдэглэлээр тогтоогдож байна. Мөн хохирогч Б.Мөнхбат нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...эд зүйлээ бүрэн бүтэж хүлээж авсан надад ямар нэгэн гомдол санал байхгүй...”[20] гэсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Хы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу “тодорхой ажил үүрэг гүйцэтгэх”, 2.5-т заасны дагуу “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасны дагуу “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Х тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг анхааруулах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн хэрэгт прокурорын санал гарган танилцуулахдаа, яллагдагчид яллах дүгнэлтийн хувийг гардуулсан тэмдэглэл үйлдэж, уг тэмдэглэлд давхар бичиж танилцуулсан байна.
Иймд прокурорын зүгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргаж, яллагдагчид танилцуулах ажиллагаа болон яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар тус тусдаа хийгдэх ажиллагаа болохыг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Х бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар тэнссэн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Х тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 9, 32 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 18-19, 22-23 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 27 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 43-47 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 50 дугаар хуудас
[12] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[13] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 9, 32 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас
[16] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 18-19, 22-23 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас