| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1049/Э |
| Дугаар | 1067 |
| Огноо | 2020-06-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Батзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 1067
2020 06 08 2020/ШЦТ/1067
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч М.Батзаяа,
Нарийн бичгийн дарга Б.Тэргэл,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 2006 01581 1190 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь ....... гэртээ хохирогч А.Хандсүрэнд агсам тавьж улмаар үснээс нь зулгаах, хөлөөрөө нүүр рүү нь өшиглөх зэргээр хохирогч А.Хандсүрэнгийн биед зүүн хацар ясны нумны хугарал, дух, хоёр зовхи, зүүн хацар, баруун бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би нээх их хэрэглээгүй. Манай ээжийн хамгийн бага дүү Баярсайхан, Бат-Эрдэнэ нэртэй тэтгэврийн насны хүмүүс эмнэлэгт үзүүлэх гээд манай гэрт ирсэн. Хөдөөнөөс ирэхээр нь би 1 литрийн хэмжээтэй архи гаргаж өгсөн. Тэгээд манай ах бүх эгч нараа дуудаарай ах нь золголт хийх хэрэгтэй байна гэсэн тэгээд би дуудсан. Хандаа 20,000 төгрөг, манай бэр эгч 20,000 төгрөг гаргаад архи ууцгаасан. Би нялх хүүхэдтэй хүүхэд маань өвчтэй тураалын 3-р зэрэгтэй учраас тэр өдөр архи уугаагүй. Тэр хэд манай гал зуухны өрөөнд суугаад маргалдаж байсан би тэгээд Хандаа эгчээ таньд хүний амьдрал ямар хамаатай юм бэ гэж хэлээд гарсан чинь Хандаа эгч манай гэрийг бусниулж байсан би өрөөгөө цэгцлээд байж байхад араас үсдэж аваад л тэгээд унахдаа эгчийгээ гэмтээсэн байх ноцолдож байгаад халтирч унахдаа эгчийгээ гэмтээсэн байж магадгүй босоод ирсэн Хандаа эгчийн зүүн талын шанаа хавдсан байсан. Би одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”[1] гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Оын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хөдөөнөөс манай хамаатны ах эгч хоёр болох Баяраа, Хасаа хоёр ирсэн. Ингээд тэр хоёр манай ах дүүсийг манай гэрт дуудсан тул Хандсүрэн эгч нөхөр Батхүүгийн хамт манайд ирсэн тул би нэг шил 1 литрийн архи задалсан. Тухайн архийг Батхүү, Хандсүрэн, Баяраа ах, Хасаа эгч 4 хувааж уусан. Тэгтэл тэр архиа дуусгачихаад дахин архи уухаар болсон тул Хандсүрэн эгч, Хасаа эгч хоёр нийлээд дахин хоёр шил архи авсан. Тэр архинаас нь хамт ууж эхэлсэн ба ширээ тойроод сууж байхад Хандаа эгч Хасаа эгчийг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би хажуу талаас нь Хандсүрэн эгч рүү уурласан бөгөөд түүнд хандан “хүмүүсийн амьдрал таньд ямар хамаатай юм бэ” гэх мэтчилэн уурласан. Тэгсэн Хандсүрэн эгч над руу уурлаж эхэлсэн бөгөөд ширээн дээр байсан аяга таваг гэх мэт зүйлүүдийг ширээнээс унагаасан тул би уурлан Хандсүрэн эгч дээр очтол Хандсүрэн эгч намайг үсдээд авсан. Ингээд бид хоёр газар унасан тул би босч ирээд Хандсүрэн эгчийн нүүр хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Тухайн үед Хандсүрэн эгчийн духны зүүн хэсэгт хавдсан байсан...”[2] гэх мэдүүлэг,
Хохирогч А.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр зайсанд байж байтал манай төрсөн дүү Б.О над руу залгаад “гэрт хүрээд ир хөдөөнөөс Хашаа эгч, Баяраа ах хоёр ирсэн байна. Та ирж золго” гэж хэлсэн. Ингээд би БЗД-ийн 5-р хороонд байх дүү Б.Оын гэрт өдөр 14-н цагийн орчим нөхөр Батхүүгийн хамт очтол Баяраа ах, Хашаа эгч хоёр 0,75 литрийн архи ууж байсан бөгөөд дүү Б.О уугаагүй байсан. Тэгтэл Хашаа эгч надад тус архинаас гурван хундага өгсөн бөгөөд би тэр архийг уугаад байж байтал гаднаас Долгорсүрэн гэх манай төрсөн дүү ирнэ гэсэн. Ингээд би Долгорсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаатай тул Б.От хандан “би гадаа машиндаа суугаад байж байя. Долгорсүрэнг ирчихээд буцаад явахаар нь би ороод ирье гэж хэлсэн. Тэгээд Долгорсүрэн ирчихээд буцаад явахаар нь би нөхрийн хамт буцаад Б.Оын гэрт орсон бөгөөд бид хэд нийлээд 1 шил 0,5 литрийн архи уусан. Тэгтэл Б.О согтоод эхэлсэн гэнэт чанга дуугаар “та нар яах гээд байгаа юм” гэж хэлж агсам тавьж эхэлсэн. Тэгснээ гэнэт босч ирээд намайг үсдээд эхэлсэн тул би буцаагаад үсдсэн. Ингээд би Б.Оыг дийлэхгүй доор нь ортол миний нүүр хэсэгт Б.О 2-3 удаа дэвсэж гэмтэл учруулсан. Энэ үед нь манай нөхөр Батхүү манай дүү Б.От хандан “чи арай ч дээ эгчийгээ зодоод” гэж хэлж нэг удаа цохисон гэсэн...”[3] гэх мэдүүлэг,
Гэрч П.Батхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тус өдөр эхнэр Хандсүрэнгийн хамт явж байтал Хандсүрэнгийн дүү Б.О гэх эмэгтэй утсаар залгаад бид хоёрыг дуудсан бөгөөд хөдөөнөөс Баяраа ах, Хашаа эгч хоёр ирчихлээ цагаан сарын тавагны юм өгөх гээд байна гэж хэлсэн. Ингээд бид хоёр өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байх тэдний гэрт очсон бөгөөд Баясаа ах Хашаа эгч хоёр 1 шил архи хуваагаад ууж байсан ба нөгөө архи нь дуусч байсан. Харин Б.О эрүүл байсан. Тэгтэл Хандсүрэн тус архинаас 2-3 удаа уусан бөгөөд Баяраа ах хийж өгсөн. Ингээд байж байтал Долгорсүрэн гэх Хандсүрэнгийн дүү ирэх сураг гарсан бөгөөд манай эхнэр Долгорсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаатай. Тэгэхээр нь бид хоёр Долгорсүрэнг ирэх бол явлаа гэж хэлтэл Б.О байж бай гэсэн. Ингээд бид хоёр машинтайгаа дэнж гараад хүлээж байсан бөгөөд удалгүй Долгорсүрэн явсан тул бид хоёр эргээд Б.Оын гэрт орсон. Тэгээд Б.О хашааны том хаалгаа онгойлгосон бөгөөд бид хоёр хашаан дотор нь машинаа оруулж тавьсан. Ингээд тэдний гэрт ортол Б.О бид хэдэд хандан та 4 сайхан уу гэж хэлсэн бөгөөд Хандсүрэн надад 20,000 төгрөг л байна гэж хэлсэн. Тэгтэл Хашаа эгч надад 10,000 байна гэж хэлсэн бөгөөд би 30,000 төгрөгийг нь аваад дэлгүүр орж 1 шил 0,75 литрийн архиа задлаад уусан бөгөөд Баяраа ах бараг уугаагүй ба 0,5 литрийн архи дуусах дөхөж байхад Б.О хамт ууж эхэлсэн. Тэгээд 0,75 литрийн архиа задлаад бид хэд уусан бөгөөд манай эхнэр Баяраа ахын талаар ярьж байтал Б.О уурлаж эхэлсэн. Тэгснээ манай эхнэртэй хэрэлдэж эхэлсэн бөгөөд гэнэт “та нар яах гээд байна” гэж уурлан босч ирээд ширээн дээр байсан аяга тавгаа гараараа хамсан. Тэр үед нь аяга тавагнууд нь хагарсан. Тэгснээ үргэлжлүүлээд сандал дээр сууж байсан Хандсүрэн дээр очоод үснээс нь зулгаагаад босгоод ирсэн. Тэгтэл Хандсүрэн буцаагаад үсдсэн бөгөөд хоорондоо үсдэлцээд байхаар нь би хажуу талаас нь салгах гээд байж байтал Хашаа эгч босч ирээд Хандсүрэн дээр очоод “Муухай шулмаа” гэж орилон Хандсүрэнг үсдэж эхэлсэн. Тэгэхээр нь би Хашаа эгчийг “та тавь” гэж хэлэн гарыг нь тавиулаад түлхсэн. Ингээд эргээд хартал Хандсүрэн доор нь орчихсон үсдүүлчихсэн байсан бөгөөд би Б.Оын гарыг тавиулсан. Тэгтэл Хандсүрэн уйлаад шалан дээр хэвтчихсэн. Энэ үед Б.О “хохино муу хулгайч минь” гэж хэлэн углааштай хөлөөрөө нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөөд үргэлжлүүлэн нүүрнийх нь зүүн хэсэгт нэг удаа дэвсчихсэн...”[4] гэх мэдүүлэг,
Гэрч Д.Хас-Эрдэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 3-ны орой Улаанбаатар хотод байрлах Б.Оын гэрт манай нөхөр Баярсайхан бид хоёр очоод байж байтал Хандсүрэн нь нөхөртэйгээ ирээд бид хоёрт золгоод Б.О Хандсүрэн, Хандсүрэнгийн нөхөр, манай нөхөр Баярсайхан бид 5 /тав/ 0,5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архийг хуваагаад уугаад сууж байтал Хандсүрэн нь намайг хэл амаар “хар Хашаа” гээд доромжлоод байсан чинь Б.О нь Хандсүрэнд “та яагаад Хас-Эрдэнэ эгчийг хэл амаар доромжлоод байгаа юм бэ” гэж хэлтэл Хандсүрэн нь босч ирээд Б.Оыг үсдээд авахаар нь би салгах гэж ортол салгаж дийлэхгүй байсан ба Хандсүрэнгийн нөхөр нь Б.О Хандсүрэн хоёрыг “боль” гэж хэлээд салгасан...”[5] гэх мэдүүлэг,
Гэрч С.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод байрлах Б.О дүүгийн гэрт очоод байж байтал Хандсүрэн Батхүү хоёр ирж Б.О, Хандсүрэн, Батхүү, Хас-Эрдэнэ бид тав 0,5 литрийн архийг ууж байгаад би том өрөө рүү ороод Б.Оын 2 настай хүүхдийн хамт унаад өглөө сэрсэн юм...”[6] гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3313 дугаар:
“1. А.Хандсүрэнгийн биед зүүн хацар ясны нумны хугарал, дух, хоёр зовхи, зүүн хацар, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[7],
Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт[8],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9] зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 43 дугаар гудамжны 43 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ А.Хандсүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан үснээс нь зулгааж, нүүр рүү хөлөөрөө өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн хацар ясны нумны хугарал, дух, хоёр зовхи, зүүн хацар, баруун бугалганд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох:
Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би одоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна”[10] гэх,
Шүүгдэгч Б.О яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хандсүрэн эгчийн нүүр хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Тухайн үед Хандсүрэн эгчийн духны зүүн хэсэгт хавдсан байсан...”[11] гэх,
Хохирогч А.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний нүүр хэсэгт Б.О 2-3 удаа дэвсэж гэмтэл учруулсан...”[12] гэх,
Гэрч П.Батхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.О “хохино муу хулгайч минь” гэж хэлэн углааштай хөлөөрөө нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөөд үргэлжлүүлэн нүүрнийх нь зүүн хэсэгт нэг удаа дэвсчихсэн...”[13] гэх мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3313 дугаартай дүгнэлт[14] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Оын үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.О нь бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч А.Хандсүрэн прокурорт гаргасан хүсэлтдээ “...өөрийн төрсөн дүү Б.Отай сайн дураараа эвлэрч, гомдол саналгүй...”[15] гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаанд авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.От 1 жилийн хугацаанд тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож өөр төрлийн ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.От 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 1 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.От 1 жилийн хугацаанд тогтооосон хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож өөр төрлийн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[10] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[11] Хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 59 дүгээр хуудас