| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1076/Э |
| Дугаар | 1107 |
| Огноо | 2020-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 1107
2020 06 12 2020/ШЦТ/1107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Ч.Батбаатар,
Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
Иргэний хариуцагч Б.Баярчимэг,
Шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Ад холбогдох эрүүгийн 2003 00292 0184 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.А нь 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 16 цаг 52 минутын орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Бимекс Холдинг” төвийн урд замд “Тоёота Ноах” маркийн 22-89 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Бархасыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч А.Агийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
Шүүгдэгч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 17 цагийн орчимд би “Тоёота Ноах” маркийн 22-89 УНВ улсын дугаартай ах Цогбадрахын компанийн эзэмшлийн автомашиныг жолоодоод Цогбадрах ах согтуу жолоочийн хажуу талын урд суудалд суугаад бид хоёр Баянбүрд орчоод буцаад 104.5 FM-ийн ойролцоо түрээсийн байр үзэх гээд явж байтал Цогбадрах ах “Ундрам плаза”-д байрлах Хаан банкнаас мөнгө авна гэхээр нь “Ундрам плаза”-гийн урд байрлах төв замаар зүүнээс баруун чиглэлд уруудаад явж байгаад туслах замаар ороод явж байтал гарц дээр 50-60 орчим насны эмэгтэй зүүнээс, баруун чиглэлд явж байхад би мөргөж гэмтээсэн...” гэх мэдүүлэг[2],
Хохирогч Ж.Бархасын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би “Бимекс Холдинг” төвийн урд талын гарцаар зүүнээс баруун чиглэлд ганцаараа явж байхад эхлээд машин харагдахгүй байхаар гарцаар явтал том цагаан өнгийн автомашин зүүн урд хэсгээр миний баруун хөлний хэсгийг мөргөсөн. Би зам дээр унасан. Намайг мөргөсөн машин дотроос 2 залуу гарч ирсэн. Жолооч нь архи хэрэглээгүй байсан. Жолоочийн хажуу талд явсан залуу нь согтуу байсан. Согтуу залуу жолооч залууд хандаж хэлэхдээ эндээс хүн гарч ирдэг гэж чамд хэлсэн биздээ гээд байсан. Тэр хоёр залуу намайг машиндаа өргөж оруулахаар би гэрийн юм зарж байсан дэлгүүр ороод бэр Энхчимэгт осолд орсон талаар хэлсэн. Намайг тэр залуу машиндаа суулгаад гэмтэл явах замдаа согтуу залуу АТМ-ээс мөнгө авлаа гээд хэсэг алга болоод ирэхээр хэлээд гэмтлийн эмнэлэг орсон. Би гэмтлийн эмнэлэг баруун хөлний рентген зураг авахуулахад 4 газар хугаралтай, мултралттай гээд тэр оройноо эмнэлэгт хэвтсэн. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хөлний хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг[3],
Гэрч О.Цогбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр А.А бид хоёр өөр нийтийн байранд нүүх гээд би түр ажиллаж байгаа “Мөнхжавхлант Өргөө” ХХК-ний ажилтан Баярхүүд утсаар хэлэхдээ “гэрээ нүүлгэх гэсэн юм, машин байна уу” гэхэд Баярхүү “албаны 22-89 УНВ улсын дугаартай “Тоёота Ноах” маркийн автомашинтай очиж болох уу” гэхээр нь “хүрээд ир” гэж дуудсан. Би танихгүй залуутай 1 шил 0,5 литрийн “Хараа” архи уугаад сууж байтал Баярхүү ганцаараа машинаа аваад ирлээ гэж орж ирсэн. Би Баярхүүд ууж байсан архинаасаа өгсөн. Баярхүү архи уучихсан болохоор “би машин барихгүй” гэсэн. Манай хүргэн А.А тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй тул Баярхүү бид хоёр ярилцаад А.Агээр машинаа бариулахаар болоод А.Ад машиныг унуулсан. Баярхүү ажил руугаа явсан. А.А 22-78 УНВ улсын дугаартай “Тоёота Ноах” маркийн автомашиныг жолоодоод Баянбүрд ороод түрээсийн байрандаа орох гэтэл намайг согтуу байсан тул тэр айл нь байрандаа оруулаагүй. А.А бид хоёр буцаад Сансарын колонкийн ойролцоо байр үзэхээр явж байгаад А.А нь 22-89 УНВ улсын дугаартай “Тоёота Ноах” маркийн автомашиныг жолоодож явах үедээ “Ундрам плаза”-гийн туслах замаар дөнгөж ороод эргэтэл явган зорчигч эмэгтэй зүүнээс баруун чиглэлд замын гарцаар явж байхад нь мөргөж гэмтээсэн. Машинаа зогсоогоод бид хоёр хоёулаа буугаад тэр эмэгтэйг машиндаа суулгасан. Машинд мөргүүлсэн эмэгтэйг дүү юм уу, хүүхэд юм уу мэдэхгүй нэг хүүхэн дээр очоод осол болсон талаар хэлсэн. Тэр эмэгтэй гэмтлийн эмнэлэг явж үзүүл гэхээр нь би эмнэлэг явах замдаа АТМ-ээс мөнгө авах гэтэл картгүй байсан тул мөнгө авч чадаагүй. Шууд гэмтлийн эмнэлэг ороод машинд мөргүүлсэн эмэгтэйг үзүүлэхэд баруун хөлийн шагай хэсэг нь хугарсан гэсэн онош гарсан. Тэр өдрөө машинд мөргүүлсэн эмэгтэй гэмтлийн эмнэлэгт хэвтсэн...” гэх мэдүүлэг[4],
Гэрч А.Баярхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр би ажил дээрээ байж байтал хамт ажилладаг Цогбадрах утсаар хэлэхдээ “байрнаасаа нүүх гэсэн юм унааны хэрэг байна” гэхээр нь би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй тул барилгын туслах хийдэг /нэрийг мэдэхүй байна/ залуугаар “Тоёота Ноах” маркийн 22-89 УНВ улсын дугаартай “Мөнхжавхлант Өргөө” ХХК-ийн нэр дээр байдаг автомашиныг бариулаад Цогбадрахын КТМС-ийн ард байдаг 6 давхар байрны гадаа очсон. Барилгын туслах залуу намайг хүргэж өгчихөөд яваад өгсөн. Би Цогбадрахын гэрт орсон. Цогбадрах нэг танихгүй залуутай архи уугаад сууж байсан. Би архи уугаагүй. Цогбадрахын дүүгийн нөхөр гэх залуу ороод ирсэн. Тэр хоёр манай ажлын автомашинд эд зүйлээ зөөчөөд 2 удаа явах юм байна машинаа үлдээчих гэхээр нь би ажлынхаа автомашиныг үлдээгээд ажил руугаа явсан...” гэх мэдүүлэг[5],
Иргэний хариуцагч Б.Баярчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тоёота Ноах” маркийн 22-89 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай “Мөнхжавхлант Өргөө” ХХК-ний эзэмшлийн автомашин байгаа юм. Хохирогчийн эмчилгээний зардлыг манай байгууллагын зүгээс төлж барагдуулна...” гэх мэдүүлэг[6],
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4526 дугаартай:
“1.Ж.Бархасын биед баруун хөлийн гадна, дотор хавчаар ясны хугарал, шагайн үений мултрал, баруун хөлийн шилбэ, шагайн үеэр цус хуралт, зөөлөн эдийн няцрал, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт[7],
Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 275 дугаартай:
“1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн, унасан гэх цэгүүдийн байрлал, тэдгээрийн хоорондын зай, гэрчүүдийн мэдүүлэг, хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4526 дугаартай дүгнэлт, Баянгол Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 0288250 дугаартай оношилгооны дүгнэлт зэргийг үндэслэхэд “Тоёота Ноах” маркийн 22-89 УНВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Алтантөр овогтой А.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн тээврийн хэрэгслийн оношилгооны дүгнэлтээр “...автотээврийн хэрэгслийн баруун зүүн талын хол ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдаатай, баруун хойд хаалганы бариул байхгүй, спидометр ажиллахгүй” зэрэг зөрчлүүд нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй байна.
2. Явган зорчигч Жанцан овогтой Бархас нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэх дүгнэлт[8],
Тээврийн цагдаагийн алба Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч[9],
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[10],
Хохирлын баримт[11],
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, СД-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[12],
Өвчний түүх[13] зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.А нь 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 16 цаг 52 минутын орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Бимекс Холдинг” төвийн урд замд “Тоёота Ноах” маркийн 22-89 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.Бархасыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох:
Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[14],
Шүүгдэгч А.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ундрам плаза”-гийн урд байрлах төв замаар зүүнээс баруун чиглэлд уруудаад явж байгаад туслах замаар ороод явж байтал гарц дээр 50-60 орчим насны эмэгтэй зүүнээс, баруун чиглэлд явж байхад би мөргөж гэмтээсэн...” гэх мэдүүлэг[15],
Хохирогч Ж.Бархасын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 16 цаг өнгөрч байхад би “Би төвийн урд талын гарцаар зүүнээс баруун чиглэлд ганцаараа гарцаар явтал том цагаан өнгийн автомашин зүүн урд хэсгээр миний баруун хөлний хэсгийг мөргөсөн...” гэх мэдүүлэг[16],
Гэрч О.Цогбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А.А нь 22-89 УНВ улсын дугаартай “Тоёота Ноах” маркийн автомашиныг жолоодож явах үедээ “Ундрам плаза”-гийн туслах замаар дөнгөж ороод эргэтэл явган зорчигч эмэгтэй зүүнээс баруун чиглэлд замын гарцаар явж байхад нь мөргөж гэмтээсэн...” гэх мэдүүлэг[17],
Гэрч А.Баярхүү мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр би ажил дээрээ байж байтал хамт ажилладаг Цогбадрах утсаар хэлэхдээ “байрнаасаа нүүх гэсэн, юм унааны хэрэг байна” гэхээр нь би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй тул барилгын туслах хийдэг /нэрийг мэдэхүй байна/ залуугаар “Тоёота Ноах” маркийн 22-89 УНВ улсын дугаартай “Мөнхжавхлант Өргөө” ХХК-ийн нэр дээр байдаг автомашиныг бариулаад Цогбадрахын КТМС-ийн ард байдаг 6 давхар байрны гадаа очсон. ...би ажлынхаа автомашиныг үлдээгээд ажил руугаа явсан...” гэх мэдүүлэг[18],
Иргэний хариуцагч Б.Баярчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Тоёота Ноах” маркийн 22-89 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай “Мөнхжавхлант Өргөө” ХХК-ийн эзэмшлийн автомашин байгаа юм. Хохирогчийн эмчилгээний зардлыг манай байгууллагын зүгээс төлж барагдуулна...” гэх мэдүүлэг[19],
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4526 дугаартай дүгнэлт[20], Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 275 дугаартай дүгнэлт[21], Тээврийн цагдаагийн алба Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч[22], Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[23], Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, СД-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл[24] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч А.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч А.Агийн үйлдлийг Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсгийн “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоосон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.А нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ж.Бархас прокурорт гаргасан хүсэлтдээ “...эмчилгээний зардалд 1,570,000 төгрөг авсан үнэн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...”[25] гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ад торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулав.
Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, мөн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэг хавсаргаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч
А.Аийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.А нь торгох ялыг 3 сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
5. Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтас хэргийн 89 дүгээр хуудас
[3] Хавтас хэргийн 29-31 дүгээр хуудас
[4] Хавтас хэргийн 35 дугаар хуудас
[5] Хавтас хэргийн 38 дугаар хуудас
[6] Хавтас хэргийн 42-43 дугаар хуудас
[7] Хавтас хэргийн 49 дүгээр хуудас
[8] Хавтас хэргийн 78-79 дүгээр хуудас
[9] Хавтас хэргийн 5-6 дугаар хуудас
[10] Хавтас хэргийн 7-11 дүгээр хуудас
[11] Хавтас хэргийн 15-23 дугаар хуудас
[12] Хавтас хэргийн 25-26 дугаар хуудас
[13] Хавтас хэргийн 51-61 дүгээр хуудас
[14] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[15] Хавтас хэргийн 89 дүгээр хуудас
[16] Хавтас хэргийн 29-31 дүгээр хуудас
[17] Хавтас хэргийн 35 дугаар хуудас
[18] Хавтас хэргийн 38 дугаар хуудас
[19] Хавтас хэргийн 42-43 дугаар хуудас
[20] Хавтас хэргийн 49 дүгээр хуудас
[21] Хавтас хэргийн 78-79 дүгээр хуудас
[22] Хавтас хэргийн 5-6 дугаар хуудас
[23] Хавтас хэргийн 7-11 дүгээр хуудас
[24] Хавтас хэргийн 25-26 дугаар хуудас
[25] Хавтаст хэргийн 112 дугаар хуудас