Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1120

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2020         06         16                                    2020/ШЦТ/1120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,   

Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

Шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Эт холбогдох эрүүгийн 2006 02152 1237 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 23 дугаар гудамжинд П.Батболдын нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                            

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],

 

Шүүгдэгч Н.Э яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинжээчийн 4763 дугаартай дүгнэлт дээр бичигдсэн П.Батболдын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч П.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр би ус авах гээд гудамжиндаа явж байхад манай хажуу талын айлын хүмүүс гудамжинд угаадсаа асгачихсан байхаар нь би тэр айлын хаалгыг нь нүдээд танайх битгий угаадсаа гудамжинд асгаад байгаач гэж хэлээд байж байтал Н.Э ус авчихсан ирээд намайг үгийн зөрүүгүй нүүр лүү гараараа 5-6 удаа цохихоор нь би Н.Эыг зуураад авсан. Тэгтэл Н.Э намайг газарт унагаагаад хэвлий хэсэгт 2 удаа өшиглөхөөр нь би гэртээ ороод цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг[3],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4763 дугаартай:

“1. П.Батболдын биед зүүн дээд зовхи, дээд уруулд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[4],

Иргэний үнэмлэхийн лавлагаа[5],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[6]

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 3/18236 дугаартай албан бичиг[7],

Таслан шийдвэрлэх тогтоолууд, Шийтгэх тогтоолын хуулбар[8] зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 23 дугаар гудамжинд П.Батболдтой маргалдан улмаар нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд зовхи, дээд уруулд шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Н.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй”[9] гэх,

Шүүгдэгч Н.Эын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Батболдын биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн “...”[10] гэх,

Хохирогч П.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н.Э ус авчихсан ирээд намайг үгийн зөрүүгүй нүүр лүү гараараа 5-6 удаа цохихоор нь би Н.Эыг зуураад авсан...”[11] гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 4763 дугаартай дүгнэлт[12] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтайгаар, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүгдэгч Н.Эын үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогч хохиролгүй болсон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Н.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч П.Батболд нь “Н.Эт санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...”[13] гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Н.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр саналын хүрээнд 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Н.Э нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд торгох ял биелүүлэх хугацаа дуусаагүй байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эын эрүүл мэндийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар биелүүлэхийг даалгаж шийдвэрлэлээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Эыг  260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 488 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эт нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт эдлэх ялыг дөрвөн цагаар биелүүлэхийг даалгаж, хуульд зааснаар ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                               М.ТҮМЭННАСТ        

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 28 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 37-43 дугаар хуудас

[9] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[10] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн  дугаар хуудас