Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1145

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2020         06         19                                    2020/ШЦТ/1145

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч Ж.Хишигт,

Нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч О.Баярсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандал,

Хохирогч Н.Мөнхзориг,

Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжигэн овогт Түвшинтөрийн Т.Тт холбогдох эрүүгийн 2006 02147 1149 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ...... тоотод хохирогч Н.Мөнхзоригийг унтаж байхад түүний цээжин тус газар нь хутгаар хатгаж цээжний зүүн доод хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий хий хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн үед маргалдсанаа санадаг, хутга бариад дээр нь гарч байсан гэдгээ санахгүй байна, согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Н.Мөнхзориг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Т.Т бид 2 БЗД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн тасгийг хамт засаж үүрээр дуусаад, шөнө нь архи уугаад гэртээ очсон. Өглөө нь архи гүйцэд гараагүй байхдаа дахин нэмж 3 шил архи уусан. Тухайн үед би Т.Тт хандан найз нь саяны хийсэн ажлаас хөлс авахгүй миний 2 найз тусдаа байр түрээслээд гарчих гэж хэлээд хэсэг хугацааны дараа уг асуудлын улмаас бид 2 маргалдаж ийм зүйл болсон” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн үед Н.Мөнхзориг бид 2 хоёулаа архи уусан байсан. Н.Мөнхзориг нь манай эхнэр Жавзандуламыг “хоол хий, хувцас угаа” гээд дарамтлаад, Жавзандулам бид хоёрыг сал гээд дарамт үүсгээд байхаар би ширээн дээрээс мах хэрчих гээд тавьсан байсан хутгийг аваад, Мөнхзориг урдаа дэр барьсан байсан бөгөөд урдаас нь хутгаа явуулж байснаа л санаж байна, тэгтэл Н.Мөнхзориг газар суугаад “ийшээ орцон байна ш дээ” гээд хартал түүний зүүн талын хөхний доод талаас цус гоожиж байсан. Тухайн үед манайд Н.Мөнхзоригийн дүү унтаж байсан, манай эхнэр Жавзандулам харж байсан” гэх мэдүүлэг[1],

 

Хохирогч Н.Мөнхзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... гэртээ сууж байтал миний найз Т.Т эхнэртэйгээ усанд явж ирэхдээ 1 шил архи аваад ирсэн. Тухайн үед манай дүү Болд байсан ба бид 4 архиа хувааж уусан. Архиа уучихаад ямар ч маргаан болоогүй, би тэд нарт хандаж одоо унтаж амарцгаая гэж хэлсэн чинь Т.Т нь айлд байх ямар дарамттай юм бэ гэж хэлээд цээжин тус газарт хутгалчихсан. Би тухайн үед хэвтэж байсан. Хутгалчихаад би хутгийг нь барьж аваад байж байтал гаднаас нийтийн байрны жижүүр орж ирээд салгасан.” гэх мэдүүлэг[2],

 

Гэрч В.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... сууж байсан чинь нийтийн байрны 1 тоот өрөөнд хүмүүс орилолдоод эхэлсэн. Очоод хаалгыг нь тогшиход хаалга онгорхой байсан. Тэгээд ороод үзэхэд 2 залуу хоорондоо зодолдож байсан ба 1 залуу нь дээр нь гарчихсан гартаа варены шил бариад доороо байгаа залуугийнхаа толгойг цохиж байсан. Би шууд гүйж очоод болиулаад тэнд байсан хүний утсаар 103 дуудсан. Доор нь байсан толгой руугаа цохиулсан залуу нь цээжин тус газартаа хутгалуулсан байсан. Тэр өрөөнд тэр 2 залуугаас гадна 1 эмэгтэй бас 1 эрэгтэй байсан. Тэр эрэгтэй нь юу ч мэдэхгүй согтуу тасарчихсан унтаж байсан. Эмэгтэй нь одоо яана аа гээд орон дээр чарлаад сууж байсан.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Ц.Жавзандулам мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр би, Н.Мөнхзориг, Т.Т, Болдоо бид 4 хамтдаа 2 шил 0,5 литрийн “Их Монгол” нэртэй архи хувааж уучихаад Т.Т, Н.Мөнхзориг бид 3 үсээ засуулаад дахиж 1 шил архи аваад гэртээ хувааж ууж байтал Т.Т нь Н.Мөнхзориг руу хандаж “бид 2-г дандаа дарамталдаг, бидний мөнгийг ашиглах гээд байдаг” гээд уурлаж байгаад тэр 2 нэг нэгийгээ заамдаж авсан байсныг би дундуур нь орж салгаад Н.Мөнхзориг нь газар зассан орон дээрээ хэвтээд унтаж байсан бөгөөд Т.Т нь уурлаад ширээн дээрээс урт цагаан, цэцэгний зурагтай хутга аваад Н.Мөнхзоригийг зүүн талын мээмний доод тал руу түүнийг хэвтэж байхад нь 1 удаа хутгалсан. Үүнийг би хараад эхний удаад ноцолдоод авч чадаагүй, дахиад Т.Т нь Н.Мөнхзоригийг 1 удаа хутгалахаар нь би Т.Ттай ноцолдож байж байгаад хутгыг нь аваад үүд рүү шидсэн. Тэгж байтал Н.Мөнхзориг нь босч ирээд Т.Ттай барилцаж аваад гараараа Т.Тын зүүн талын хацар луу 2 удаа цохиход манай нөхрийн хацарнаас нь цус гарсан байсан. Н.Мөнхзоригийн зүүн талын мээмний доод талаас цус гоожиж байхаар нь би нийтийн байрны эзний дүү Отгоо гэх залууг дуудаад тусламж дуудсан. Т.Т, Н.Мөнхзориг, Болдоо нар нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг[4],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5205 дугаартай:

“1. Н.Мөнхзоригийн биед цээжний зүүн доод хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, харин баруун далны зулгаралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун далны зулгаралт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх  дүгнэлт[5],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[6],

Зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл[7]

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Таслан шийдвэрлэх тогтоол болон шийтгэх тогтоолын хуулбарууд[8] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[9] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Т нь ..... тоотод Н.Мөнхзориг, Б.Болд, Ц.Жавзандулам нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Н.Мөнхзоригтой маргалдан, улмаар цээжин тус газар нь хутгалж цээжний зүүн доод хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндий хий хуралдалт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Н.Мөнхзориг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би Т.Тт хандан найз нь саяны хийсэн ажлаас хөлс авахгүй миний 2 найз тусдаа байр түрээслээд гарчих гэж хэлээд хэсэг хугацааны дараа уг асуудлын улмаас бид 2 маргалдаж ийм зүйл болсон” гэх[10],

Шүүгдэгч Т.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнхзориг урдаа дэр барьсан байсан бөгөөд урдаас нь хутгаа явуулж байснаа л санаж байна, тэгтэл Н.Мөнхзориг газар суугаад “ийшээ орцон байна шдээ” гээд хартал түүний зүүн талын хөхний доод талаас цус гоожиж байсан...” гэх[11],

Хохирогч Н.Мөнхзоригийн мөрдөн шалгах ажилллагаанд өгсөн: “...Т.Т нь айлд байх ямар дарамттай юм бэ гэж хэлээд цээжин тус газарт хутгалчихсан. Би тухайн үед хэвтэж байсан...” гэх[12],

Гэрч В.Отгонбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хаалгыг нь тогшиход хаалга онгорхой байсан. Тэгээд ороод үзэхэд 2 залуу хоорондоо зодолдож байсан ба 1 залуу нь дээр нь гарчихсан гартаа варены шил бариад доороо байгаа залуугийнхаа толгойг цохиж байсан. Доор нь байсан толгой руугаа цохиулсан залуу нь цээжин тус газартаа хутгалуулсан байсан...” гэх[13],

Гэрч Ц.Жавзандулам мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Т нь уурлаад ширээн дээрээс урт цагаан, цэцэгний зурагтай хутга аваад Н.Мөнхзоригийг зүүн талын мээмний доод тал руу түүнийг хэвтэж байхад нь 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлгүүд[14], Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5205 дугаартай дүгнэлт[15] зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” бол гэж уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг зааж өгчээ.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Т.Т нь хохирогч Н.Мөнхзоригийн цээжин тус газар нь хутгалсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Н.Мөнхзоригт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 5205 дугаартай шинжээчийн дүгнэлтээр цээжний зүүн доод хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий хуралдалт, баруун даланд зулгаралт гэмтэл тогтоогдсон байх бөгөөд дээрх цээжний хөндийд нэвтэрсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн Тайлбар: “-Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

 

Хутга нь бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх зориулалттай ба хүйтэн зэвсэгт хамаарах тул шүүгдэгч Т.Т нь хохирогч Н.Мөнхзоригийг зэвсэг хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үзнэ.

 

Шүүгдэгч Т.Т нь хохирогч Н.Мөнхзоригийн цээжин тус газар нь хутгалсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

 

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг авч үзвэл, шүүгдэгч Т.Т нь Н.Мөнхзориг, Б.Болд, Ц.Жавзандулам нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хохирогч Н.Мөнхзоригийн гэрт Т.Т, Ц.Жавзандулам нар нь хамт амьдардаг ба “гэрээсээ хөөсөн, Ц.Жавзандуламыг дарамталсан” гэх шалтгааны улмаас маргалдаж гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Иймд шүүгдэгч Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Н.Мөнхзориг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжилж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд “Нэхэмжилж байгаа хохирол байхгүй, гомдол саналгүй, шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгөөч...”  гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.Т гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч Т.Тт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ял эдлүүлэх саналыг,

харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Т.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөргүй, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Шүүгдэгч Т.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэм буруугийн санаатай хэлбэрээр, хутгаар буюу хүйтэн зэвсэг хэрэглэж бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу амь насанд аюултай гэмтэл учруулсан.  

 

Хувийн байдлын хувьд гэмт хэрэгт холбогдохоос өмнө удаа дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан[16], мөн өмнө нь 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж байсан[17] ба 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 129 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 7 жил 06 сар 01 хоногийн  хорих ялаас чөлөөлж, 100,000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хүчингүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байхад дахин гэмт хэрэг үйлдсэн байгаа нь хувийн зан араншингийн хувьд нийгэмшээгүй, гэмт үйлдэл эрх зүйн зөрчил үйлдэхгүй байх талаар ухамсар, төлөвшил бүрэн гүйцэд суугаагүй байгааг илэрхийлж байна.

 

Иймд шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Тын  2020 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хавтас хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар зэвсэг хэрэглэн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Тыг 6 жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тт оногдуулсан 6 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Тын  2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Т.Т нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ,

     ШҮҮГЧ                               М.ТҮМЭННАСТ

 

ШҮҮГЧИД                           Ц.МӨНХТУЛГА

 

                                                 Д.МӨНХТУЯА       

 


[1] Хавтас хэргийн 90 дүгээр хуудас

[2] Хавтас хэргийн 12 дугаар хуудас

[3] Хавтас хэргийн 18 дугаар хуудас

[4] Хавтас хэргийн 20 дугаар хуудас

[5] Хавтас хэргийн 27-28 дугаар хуудас

[6] Хавтас хэргийн 36 дугаар хуудас

[7] Хавтас хэргийн 42-50 дугаар хуудас

[8] Хавтас хэргийн 51, 54-67 дугаар хуудас

[9] Хавтас хэргийн 15 дугаар хуудас

[10] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[11] Хавтас хэргийн 90 дүгээр хуудас

[12] Хавтас хэргийн 12 дугаар хуудас

[13] Хавтас хэргийн 18 дугаар хуудас

[14] Хавтас хэргийн 20 дугаар хуудас

[15] Хавтас хэргийн 27-28 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 42-50 дүгээр хуудас

[17] Хавтаст хэргийн 51, 54-67 дүгээр хуудас