Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1146

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2020            06           19                                        2020/ШЦТ/1146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Я.Сансар,   

Нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ганбат /ҮД0346/,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Гэд холбогдох эрүүгийн 1906 01966 0652 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цайз” караокед иргэн М.Ганбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Ц.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ хэрэг 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр болсон. 3 хэрэг байж байгаад Батцэнгэл мөрдөгч нэгтгээд надад “хялбаршуулсан журмаар шийдээд торгуулийн арга хэмжээ авна. Та гэхдээ тэнссэнтэй юм байна гэхдээ тэнсэн дээр чинь нэмнэ” гэхээр нь би хүлээн зөвшөөрсөн. Гэрч гээд байгаа Мөнгөнхуяг нь хохирогчийг зодсон. 2019 оны 3 дугаар сарын 16-ны орой би тэр караокийг түрээсэлж байсан. Тэгэхэд угаалгын өрөөнд хүн ороод гарч ирэхгүй хүмүүс уурлаад “энэ хүнээ гаргаач ээ” гэхээр нь би очоод “хүмүүс бие засах гээд байна. Гараад утсаар ярьчих” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм. пизда минь” гээд намайг цохисон. Тэгээд би дахиад хаалгыг нь тогшоод “чи гараад утсаар яриач” гэж хэлсэн чинь миний араас цохихоор нь би эргэж хараад 1 удаа нүүр лүү нь түлхэсэн. Өөр цохисон зүйл байхгүй. Над руу дайраад байхаар нь би зугтаад буудал руу ороод байж байсан. Хохирогч нь намайг 3 удаа нүүр лүү цохисон гэж мэдүүлсэн. Би хохирогчийг зодоогүй. Нүүр лүү нь 1 удаа түлхээд, 1 удаа өвдгөөрөө цохисон. Миний үйлдсэн гэх 3 хэрэг прокурор дээр 2 хэрэг болоод шүүх рүү шилжсэн. Миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Би Батцэнгэл мөрдөгчид хэлсэн чинь “мэдэхгүй” гээд явсан. Энэ хэрэг гарснаас хойш 8 сар болж байхад мөрдөгч нэг ч удаа дуудаж мэдүүлэг аваагүй. Мөрдөгчид би 2020 оны 4 дүгээр сард нүүрэлдүүлж мэдүүлэх авах хүсэлт өгсөн боловч нүүрэлдүүлж мэдүүлэг аваагүй. Мөрдөгч дээр би өдөр болгон очиж байсан. Тэгж байгаад би толгойн тус газар цохиулаад гэмтэл аваад удаагүй хэрэг шийдвэрлэгдсэн. Би тархиндаа хавдар авч, ээрч муурч унасан. Би магадланд 2020 оны 6 дугаар сард орох гэж байхад 1, 2 сарын дараа намайг дуудсан. Тэр караокед манай эхнэрийг оролдоод “ямар гоё биетэй юм бэ” гээд байхаар нь би дуугүй л байсан. Би мөрдөгчид яагаад намайг ингэж байгаа юм бэ гэж хэлсэн чинь мөрдөгч “таны буруу бол биш ээ хохирогч одоо ирж байна” гэж хэлсэн. Энэ хэргийг цагаатгаж өгнө үү” гэх мэдүүлэг[1],

 

Хохирогч М.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр караокед ороод 1 цагийн орчимд охинтойгоо 00-д утсаар яриад байж байхад тэр газрын бармений нөхөр гэх эрэгтэй намайг 00-д яасан уддаг юм тооцоогоо хий гээд миний зүүн хацар руу 2 удаа, толгойны баруун дээд хэсэгт 1 удаа гараараа цохиход миний толгой хавдаж зүүн хацар хавдаж дотор жавж сэтэрч нэг оёо тавиулсан. Бас миний үүдэн хэсгийн хиймэл шүд хугарч унаад ам болон хацарнаас цус гараад би манараад 00-н өрөөнөөс гараад суудал дээрээ суугаад охин руугаа залгаад энд намайг хүн зодоод алах нь гэсэн...” гэх мэдүүлэг[2],

 

Хохирогч М.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Намайг караокений бармений нөхөр нь гэх хүн намайгй ариун цэврийн өрөөний үүдэнд удаан орлоо гэх шалтгааны улмаас маргалдаж нүүрэн тус газар цохиж гэмтэл уяруулж цус гарсан. Тэгэхээр нь би утсаа гаргаад бичлэг хийх гэсэн чинь бармен утас цохиод унагаачихаар нь тэр эмэгтэйтэй маргалдсан чинь тэнд сууж байсан залуу босч ирээд чангаар орилж хашгирлаа гэж хөл гуя руу өөшиглөсөн бөгөөд миний нүүр лүү түлхсэн учраас гэмт учраагүй. Тэнд сууж байсан 2 залуу намайг цохиж гэмтэл учруулаагүй. Нөгөө хүмүүс тэр хүмүүс рүү чихэж байгаа байх даа...” гэх мэдүүлэг[3]

 

Гэрч Х.Оюунгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би цайз караокед ажлаа хийгээд байж байсан чинь гаднаас настай нэг ах орж ирээд пиво аваад нилээн удаан сууж байгаад 00-н өрөө рүү ороод гарч ирэхгүй байсан чинь үйлчлүүлж байсан хүмүүс тэр хүнийг удаад байсан болохоор энэ хүнээ гаргаач ээ гээд байхаар нь манай хамтран амьдрагч Ганаа орсон. Удаагүй тэр хоёр муудалцаж гарч ирээд тэр танихгүй ах Ганааг нэг удаа нүүр лүү нь цохисон чинь Ганаа зөрүүлээд нэг удаа нүүр лүү нь гараараа түлхсэн /мангадсан/...” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Д.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би цайз караокед цэвэрлэгээ хийж дуусаад текний хажуу талын ширээн дээр суугаад амарч байсан чинь танихгүй настай ах ирээд надад пиво авч өгөхөөр нь, тэрнээс нь хоёр балгачаад дээшээгээ буудал руугаа ороод цагаар буудалд орсон хүмүүсээ шалгаад буцаад доошоо караоке руу ороод буйдан дээр сууж байсан чинь Ганаа ах надад пиво авч өгсөн ахыг тооцоогоо хий гэж хэлсэн чинь хийнэ би мөнгөгүй амьтан шиг харагдаж байна уу? хийнэ гээд гарч гүйгээд хүүхдээ дуудна гээд орж гараад төлөхгүй бол та нар яах юм чаддагийн бол намайг зодчих гээд хүн болгоны ширээ дээр очиж орилоод байсан. Тэгээд тэр ах 00-д орчоод гарч ирэхгүй хүмүүс дугаарлаад байхаар нь Ганаа ах тэр ахад хүмүүс 00 орох гээд байна гараач ээ гэсэн чинь тэр ах мэдэж байна би мөнгийг нь төлөөд сууж байна гээд Ганаа ахыг цохиод авсан. Тэгээд тэр хоёр нэг нэгэнтэйгээ зодолдохоор нь Оюунаа эгч бид хоёр салгасан...” гэх мэдүүлэг[5],  

 

Гэрч А.Гэлэгбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 21 цаг өнгөрч байхад ажлаа тараад 22 цагийн орчим ажлынхаа Мөнгөнхуягийн хамт Цайз захын урд байдаг нийтийн караокед орж нэг нэг пиво уугаад сууж байсан чинь гаднаас нэг танихгүй ах орж ирээд ширээ болгоноор очоод хүн болгонтой муудалцаад яваад байсан. Тэгэхээр нь би тэр ахад та настай хүн байж болио ахаа гэж хэлсэн чинь манай ширээн дээр ирээд суугаад босохгүй байсан. Тэгсэн Мөнгөнхуяг тэр ахыг та явчаач ээ гэсэн чинь тэр ах зөрүүлээд нэг юм хэлсэн чинь Мөнгөнхуяг уурлаад нүүр лүү нь нэг удаа гараараа цохиоор нь би боль гээд салгасан...” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч Н.Мөнгөнхуяг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажлынхаа ах Гэлэгбаярын хамт Цайз захын урд байдаг нийтийн карокед пиво уугаад сууж байсан чинь нэг танихгүй согтуу ах хүн хүн рүү үсчээд ширээн дээр нь суугаад яваад байсан. Тэгээд манай ширээн дээр ирж суучихаад босохгүй шаль шаль хийгээд байхаар нь би нүүр лүү нь нэг удаа цохисон. ...Би нэг удаа гараараа уруул хэсэгт нь цохисон. Надад цохиулсаны дараа шүд уналаа гэж хэлээд утсаар яриад гараад явсан. Удаагүй тэр ах эргэж орж ирээд пиво уугаад та нар хамт нийлж зодлоо гээд хэрүүл хийгээд байсан. Би тэр хүнийг цохихоос өмнө тэр ахын амнаас нь цус гарсан байсан. Намайг цохисны дараа шүд уначихлаа гэж байсан. Надад цохиулахаасаа өмнө тэр ах караокены эзэн гэх ахтай 00-д удлаа гэж маргалдсан гэж тэр баарны ах хэлж байсан...” гэх мэдүүлэг[7],

 

Шинжээч эмч М.Аригуунтөгс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.Ганбаатарын биед учирсан гэмтлүүдээс зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь тус тус Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.” гэх мэдүүлэг[8],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3543 дугаартай:

“1. М.Ганбаатарын биед зүүн хацар шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, баруун хацар, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[9],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10],

Иргэний үнэмлэхийн лавлагаа[11],

Шийтгэх тогтоолын хуулбарууд[12],

Ц.Гийн ялын тооцооны тодорхойлолт[13] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Харин мөрдөн шалгах ажиллгааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[14] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цайз” караокед  М.Ганбаатарыг “тооцоо хийсэнгүй, ариун цэврийн өрөөнд удлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтууд болох:

Хохирогч М.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг 00-д яасан уддаг юм тооцоогоо хий гээд миний зүүн хацар руу 2 удаа, толгойны баруун дээд хэсэгт 1 удаа гараараа цохиход миний толгой хавдаж зүүн хацар хавдаж дотор жавж сэтэрч нэг оёо тавиулсан...” гэх[15],

Гэрч Х.Оюунгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хоёр муудалцаж гарч ирээд тэр танихгүй ах Ганааг нэг удаа нүүр лүү нь цохисон чинь Ганаа зөрүүлээд нэг удаа нүүр дүү нь гараараа түлхсэн /мангадсан/...” гэх[16],

Гэрч Д.Алтанцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр хоёр нэг нэгэнтэйгээ зодолдохоор нь Оюунаа эгч бид хоёр салгасан...” гэх[17]

Гэрч Н.Мөнгөнхуяг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр хүнийг цохихоос өмнө тэр ахын амнаас нь цус гарсан байсан. ...тэр караокены эзэн гэх ахтай 00-д удлаа гэж маргалдсан гэж тэр баарны ах хэлж байсан...” гэх[18],

Шинжээч эмч М.Аригуунтөгс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “М.Ганбаатарын биед учирсан гэмтлүүдээс зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл Г.З.Т.Ж-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлгүүд[19], Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3543 дугаартай гэх дүгнэлт[20] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Г болон түүний өмгөөлөгчийн зүгээс “хохирогч М.Ганбаатарыг цохисон зүйл байхгүй, тухайн караокед үйлчлүүлж байсан өөр хүмүүстэй маргалдаж уг гэмтлийг авсан, гэм буруугүй, цагаатгаж өгнө үү” гэж шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцов.

 

2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цайз” караокед хохирогч М.Ганбаатар нь үйлчилүүлж байсан байх бөгөөд ариун цэврийн өрөөнд орж удсаны улмаас шүүгдэгч Ц.Г нь ариун цэврийн өрөөнөөс гарах, тооцоо хийх шаардлага тавьж, улмаар тэд нар нь хоорондоо маргалдаж шүүгдэгч Ц.Г нь нүүрэн тус газар цохисон, хохирогч нь шүүгдэгч Ц.Гэд цохиулсаны дараагаар тус газарт мөн үйлчилүүлж байсан А.Гэлэгбаяр, Н.Мөнгөнхуяг нартай маргаан үүсгэж, Н.Мөнгөнхуягт дахин цохиулсан үйл баримт тогтоогдож байна.

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3543 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “М.Ганбаатарын биед зүүн хацар шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, баруун хацар, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл” тогтоогдсон ба “дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэж гэмтлийн зэргийг тогтоожээ.

 

Уг шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч М.Аригуунтөгс “...М.Ганбаатарын биед учирсан гэмтлүүдээс зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь тус тус Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэсэн мэдүүлэг өгчээ.

 

Хохирогч М.Ганбаатар нь “...намайг 00-д яасан уддаг юм тооцоогоо хий гээд миний зүүн хацар луу 2 удаа, толгойны баруун дээд хэсэгт 1 удаа гараараа цохиход миний толгой хавдаж зүүн хацар хавдаж дотор жавж сэтэрч нэг оёо тавиулсан...” гэж[21], гэрч Х.Оюунгэрэл нь “...тэр хоёр муудалцаж гарч ирээд тэр танихгүй ах Ганааг нэг удаа нүүр лүү нь цохисон чинь Ганаа зөрүүлээд нэг удаа нүүр лүү нь гараараа түлхсэн /мангадсан/...” гэж[22], гэрч Д.Алтанцэцэг нь “...тэр хоёр нэг нэгэнтэйгээ зодолдохоор нь Оюунаа эгч бид хоёр салгасан...” гэж[23], гэрч Н.Мөнгөнхуяг нь “...Би тэр хүнийг цохихоос өмнө тэр ахын амнаас нь цус гарсан байсан. ...тэр караокены эзэн гэх ахтай 00-д удлаа гэж маргалдсан гэж тэр баарны ах хэлж байсан...” гэж[24] тус тус мэдүүлсэн байх бөгөөд уг мэдүүлгүүдийг шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шинжлэн судалвал шүүгдэгч Ц.Г нь хохирогч М.Ганбаатарын зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Гэрч Н.Мөнгөнхуяг нь хохирогч М.Ганбаатарыг цохисон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч хохирогч М.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...тэнд сууж байсан залуу босч ирээд чангаар орилж хашгирлаа гэж хөл гуя руу өөшиглөсөн бөгөөд миний нүүр лүү түлхсэн учраас гэмт учраагүй. Тэнд сууж байсан 2 залуу намайг цохиж гэмтэл учруулаагүй...” гэх[25], гэрч Н.Мөнгөнхуяг нь “...Би тэр хүнийг цохихоос өмнө тэр ахын амнаас нь цус гарсан байсан. ...тэр караокены эзэн гэх ахтай 00-д удлаа гэж маргалдсан гэж тэр баарны ах хэлж байсан...” гэх[26], шинжээчийн М.Аригуунтөгс “...М.Ганбаатарын биед учирсан гэмтлүүдээс зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь тус тус Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх[27] мэдүүлгүүдээр гэрч Н.Мөнгөнхуягийн цохисон үйлдлийн улмаас хохирогчид учирсан гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоогдохгүй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Г болон түүний өмгөөлөгчийн зүгээс “хохирогч М.Ганбаатарыг цохисон зүйл байхгүй, тухайн караокед үйлчлүүлж байсан өөр хүмүүстэй маргалдаж уг гэмтлийг авсан, гэм буруугүй, цагаатгаж өгнө үү” гэсэн санал хүсэлт үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталжуулсан.

 

Шүүгдэгч Ц.Г нь хохирогч М.Ганбаатарын нүүрэн тус газар нь цохиж  хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч М.Ганбаатарт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3543 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “М.Ганбаатарын биед зүүн хацар шарх, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн хуйх, баруун хацар, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл” тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Г нь хохирогч М.Ганбаатарын нүүрэн тус газар нь цохисон  гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

 

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг авч үзвэл, шүүгдэгч Ц.Г нь “Цайз” караокед үйлчлүүлж байсан хохирогч М.Ганбаатарт “ариун цэврийн өрөөнд удаан орлоо, тооцоо хурдан хийх” гэх шаардлага тавьж, улмаар уг асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх боломжтой байтал хэт түрэмгий хандаж, хохирогчтэй маргалдаж, нүүрэн тус газар цохиж хөнгөн гэмтэл, хохирол учруулжээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч М.Ганбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжилж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд “надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт[28] гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ц.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагдагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хэрэг 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр гарсан байх бөгөөд шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад хамаарч байгаа тул гэмт хэрэг үйлдсэнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаа 1 жил өнгөрсөн байх тул хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг гаргасан.

 

Шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1683 дугаартай шийтгэх тогтоолоор Ц.Г нь 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсэгрт байрлах “Цайз” нэртэй зочид буудалд иргэн Г.Ц.Гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсэгрт байрлах “Цайз” нэртэй зочид буудалд хамтран амьдрагч Х.Оюунгэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүд үйлдсэн болох нь тогтоогдож, ял шийтгэл оногдуулжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж заасан.

 

Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад дахин 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сүүлчийн буюу 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолно.

 

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Гийн 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн гэмт хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.  

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчимыг удирдлага болгож,

шүүгдэгч Ц.Гэд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ц.Гэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Гэд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1683 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 2 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөр тасалбар болгон ялыг тооцоог гаргахад эдлээгүй үлдсэн 6 сар 26 хоног байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заалтад зааснаар Ц.Гэд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногтой дүйцүүлэн тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1683 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сар хорих ялаас эдлүүгүй үлдсэн 6 сар 26 хоног хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу дүйцүүлэн тооцсон 2 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 сар 26 хоног хорих ялаар тогтоож шийдвэрлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Гэд оногдуулсан 8 сар 26 хоног хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Ц.Гэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гийг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дах заалтад зааснаар Ц.Гэд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногтой дүйцүүлэн тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өмнөх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1683 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сар хорих ялаас эдлүүгүй үлдсэн 6 сар 26 хоног хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял буюу дүйцүүлэн тооцсон 2 сарыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 8 сар 26 хоног хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ц.Гэд оногдуулсан 8 сар 26 хоног хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Гийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

7. Шүүгдэгч Ц.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Гэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ,

    ШҮҮГЧ                              М.ТҮМЭННАСТ        

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[3] Хавтаст хэргийн 31 дугаар хуудас

[4] Хавтас хэргийн 40 дүгээр хуудас

[5] Хавтас хэргийн 61 дүгээр хуудас

[6] Хавтас хэргийн 45-47 дугаар хуудас

[7] Хавтас хэргийн 51 дүгээр хуудас

[8] Хавтас хэргийн 118-119 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 122-124, 137-140 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 158 дугаар хуудас

[14] Хавтас хэргийн 53-55 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[16] Хавтас хэргийн 40 дүгээр хуудас

[17] Хавтас хэргийн 61 дүгээр хуудас

[18] Хавтас хэргийн 51 дүгээр хуудас

[19] Хавтас хэргийн 118-119 дүгээр хуудас

[20] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[21] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[22] Хавтас хэргийн 40 дүгээр хуудас

[23] Хавтас хэргийн 61 дүгээр хуудас

[24] Хавтас хэргийн 51 дүгээр хуудас

[25] Хавтаст хэргийн 31 дугаар хуудас

[26] Хавтас хэргийн 51 дүгээр хуудас

[27] Хавтас хэргийн 118-119 дүгээр хуудас

[28] Хавтаст хэргийн 133  дугаар хуудас