Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1149

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2020         06         22                                    2020/ШЦТ/1149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Л.Галав,   

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Хохирогч Н.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Э.Я нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Яад холбогдох эрүүгийн 2006 00000 1269 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Я нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын талбай дээр ажлаас болж маргалдан иргэн Н.Бат-Эрдэнийн хацар, шанаа, уруул, хүзүү хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар

Шүүгдэгч Э.Я шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай компани хохирогч Н.Бат-Эрдэнийн “Бавгар” ХХК-тай Цагдаагийн ерөнхий газрын хууль сахиулахын 12 давхар барилгыг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр анх гэрээ хийсэн. Энэ хугацаанаас хойш сар гаран болж 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ажил эхэлсэн. “Бавгар” ХХК-иас материал нийлүүлэлтээс шалтгаалаад өнөөдрийг хүртэл 2 давхар барилга цутгасан байгаа. Үндсэндээ энэ хооронд асар их хэмжээний хохирол учирсан. Хамгийн сүүлд хохирогч Н.Бат-Эрдэнэ акт дээр гарын үсэг зуруулах гэж очоод маргалдсан” гэх мэдүүлэг[1],

 

Хохирогч Н.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хасут” консутракшинтай урьд нь ажиллаж байх явцдаа инженерийн зүгээс хүлээж авах ёстой ажлаа л хүлээж авна. Мөнгө цаасны асуудал надад хамаагүй. Урьд энэ компанийн бригадыг ахалж байсан хүн намайг зодож асуудал үүсгэж байсан. Тэгээд цагдаа дээр очоод эр хүмүүст ийм юм байна гээд гомдолгүй гэж хэлээд 100.000 төгрөгөөр торгуулаад салж байсан. 2 хоногийн дараа захирал нь ирээд дахиад асуудал үүсгэсэн. Би зүгээр ажлаа хийж явж байгаа инженер хүн. Энэ  компаниас дараа нь дахиж ийм асуудал үүсгэхгүй гэсэн баталгаа байхгүй болсон” гэх мэдүүлэг[2],

 

Шүүгдэгч Э.Я яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр БЗД-н 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ботаник Хууль сахиулагч-1 хотхоны талбайд ажиллаж байсан. Тухайн хэрэг болсон өдөр “Бавгар” ХХК-ийн инженер Бат-Эрдэнэтэй актан дээр гарын үсэг зуруулах асуудал дээр маргалдсан. Хэрүүл маргаанаас болж уур хүрээд Бат-Эрдэнийн нүүр хэсэгт нэг удаа алгадсан” гэх мэдүүлэг[3],

 

Хохирогч Н.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр БЗД-н 8 дугаар хороонд байрлах Хууль сахиулагч-1 хотхон болох ажлын байран дээрээ өглөөний 9 цагт ирсэн. “Асут” ХХК-ийн захирал болох Э.Я актан дээр гарын үсэг зуруулах гээд ирсэн. В, Г блокийн барилга дээр дагуулж очоод дутуу ажлуудыг нь хэлж өгсөн. Тэгэхэд Э.Я уг дутуу ажлуудыг хийхгүй, манай ажил биш гэх мэтээр эсэргүүцсэн. Ажил үүргийн хувиараар энэ ажлуудыг би актан дээр гарын үсэг зурна гэж Э.Яад хэлсэн. Тэгэхэд Э.Я эсэргүүцэж бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгэхэд Э.Я миний баруун чих рүү гараараа нэг удаа цохисон. Би шууд оффис руу явж байхад араас дагаад хэл амаар доромжилж байгаад миний хацарт нэг удаа алгадсан. Камерт харагдахгүй газар очоод миний уруул, хацар, шанаа руу нийт 3 удаа цохисон” гэх мэдүүлэг[4],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 5663 дугаартай:

“1. Н.Бат-Эрдэнэ биед зүүн хацар, шанаа, уруул, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[5]

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[6],

Зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл[7],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8],

Оршин суугаа хаягийн тодорхойлолт[9],

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа[10] зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Я нь 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын талбай дээр Н.Бат-Эрдэнэтэй актанд гарын үсэг зуруулахаас болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд зүүн хацар, шанаа, уруул, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтууд болох:

шүүгдэгч Э.Я яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хэрэг болсон өдөр “Бавгар” ХХК-ийн инженер Бат-Эрдэнэтэй актан дээр гарын үсэг зуруулах асуудал дээр маргалдсан. Хэрүүл маргаанаас болж уур хүрээд Бат-Эрдэнийн нүүр хэсэгт нэг удаа алгадсан...” гэх[11],

хохирогч Н.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Я миний баруун чих рүү гараараа нэг удаа цохисон. Би шууд оффис руу явж байхад араас дагаад хэл амаар доромжилж байгаад миний хацарт нэг удаа алгадсан. Камер харагдахгүй газар очоод миний уруул, хацар, шанаа руу нийт 3 удаа цохисон...” гэх мэдүүлгүүд[12], Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 5663 дугаартай дүгнэлт[13] зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Э.Яын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Э.Я нь хохирогч Н.Бат-Эрдэнийн нүүрэн тус газар нь цохиж  хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Н.Бат-Эрдэнэд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 5663 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Н.Бат-Эрдэнэ биед зүүн хацар, шанаа, уруул, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Э.Я нь хохирогч Н.Бат-Эрдэнийн нүүрэн тус газар нь цохисон  гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

 

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг авч үзвэл, шүүгдэгч Э.Я нь “Асуд Констракш” ХХК-ийн захирал ажилтай бөгөөд “Бавгар” ХХК-ийн инженер хохирогч Н.Бат-Эрдэнэтэй ажил хэргийн хувьд буюу актан дээр гарын үсэг зуруулах асуудлаас болж маргалдаж, улмаар шүүгдэгчийн тэвчээр алдагдаж хохирогчийн нүүр тус газар цохиж хөнгөн гэмтэл, хохирол учруулжээ.

 

Иймд шүүгдэгч Э.Яын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Н.Бат-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр буюу эмнэлгийн зардлаа нэхэмжилсэн ба холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд шүүх хуралдаанд “... гомдол саналгүй, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8,000 төгрөгийг нэхэмжилж байна...”  гэсэн боловч хэрэгт энэ талаарх нотлох баримт байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Э.Я гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч Э.Яад эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг авч үзвэл, шүүгдэгч Э.Я нь хохирогч Н.Бат-Эрдэнэтэй ажил хэргийн хувьд буюу актан дээр гарын үсэг зуруулах асуудлаас болж маргалдаж, түүнд хөнгөн хохирол учруулсан байна.

 

Хохирогчид учирсан зүүн хацар, шанаа, уруул, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эдгэрсэн ба шүүх хуралдаанд гаргасан тайлбараа “гомдол санал байхгүй” гэсэн.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг хувьд Э.Я нь “Асуд Констракш” ХХК-ийн захирлын ажилтай[14] бөгөөд урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй[15], хүний эрх, эрх чөлөөнд халдсан зөрчил[16] гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Э.Я нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.Яыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Я нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Я нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Э.Яад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Яыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Яыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Я нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Я нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Яад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                           М.ТҮМЭННАСТ        

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 25-30 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас

[14] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[15] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 25-30 дугаар хуудас