Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 15

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Г.Га-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, санхүүгийн хяналтшалгалтын улсын байцаагч С.Пү-ад холбогдох,

2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 98 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 4 дүгээр сарын 10-ны хооронд манай байгууллагад шалгалтыг хийсэн. Гэтэл шалгалт хийх ажиллагаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл журмыг зөрчсөн байна. Тухайлбал: Тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасан удирдамж хяналтын хуудасны нэг хувийг өгөх, 5.9 дахь хэсэгт хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгнө гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Удирдамж хяналтын хуудас, явцын тэмдэглэлээ манай байгууллагад танилцуулж, гардуулан өгөөгүй бөгөөд ямар баримтыг хуульд заасан үндэслэлээр авах нь тодорхойгүй байсан тул Санхүүгийн хяналт аудитын албаны дотоод аудитор, санхүүгийн хяналтын шалгалтын улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 98 дугаартай нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай актын хавсралтанд дурдсан 5-н зөрчил, төлбөрийн жагсаалтанд холбогдох баримтыг гаргаж өгч чадаагүй. Гаргаж өгсөн баримтуудыг хүлээн аваагүй манай ажилтны урдаас шидсэн байдаг. Шалгалтын явцад тэмдэглэлийг манайд ирүүлээгүй мөртлөө дүнгийн хурлын дараа буюу 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн үдээсс хойш шалгалт хийсэн дүнгийн тухай тэмдэглэлийг ирүүлсэн байдаг. Энэ тэмдэглэлийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасан тэмдэглэл гэж үзэх боломжгүй бөгөөд дүнгийн хурлын тэмдэглэл гэж үзэхээр байна. 2. Намайг Төсвийн тухай хуулийн 6.4.1 Төсвийн үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, 16.5.5 Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 41.2.2 Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7-д анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Хэлтсийн дарга Г.Га-ын томилолтын хуудас байхад баримтгүй гэж үзсэн ******* ХХК-иас бараа материалын үндсэн баримт, тайлан, төлөвлөгөө, төсөв байхад үндсэн баримтгүй зарцуулсан гэх ******* ХХК-нд шилжүүлсэн сургалтын хоолны зардлын үндсэн баримт, тайлан төлөвлөгөө, төсөв байхад үндсэн баримтгүй гэж үзсэн. *******, ******* ХХК-д шилжүүлсэн сургалтын үдийн хоолны үнийн анхан шатны баримт, тайлан, төлөвлөгөө байхад баримтгүй гэж үзсэн, төсөв төлөвлөгөөнд хүлээн авалт хийхэд ямар ч зардал төсвөөс гараагүй. Татварын хэлтсийн албан хаагчид ажлын ачаалал ихтэйгээс үүдэн ажлын өдрүүдэд албаны машинаар явж татвар хураалт хийж амьждаггүй. Тиймээс амралтын өдрүүдэд албаны машинаар явж татвар хураалт хийх тохиолдлыг харгалзан үзэхгүйгээр амралтын өдрүүдэд замын хуудас бичиж бензин илүү зарцуулсан гэж акт тавьж байгаа нь ойлгомжгүй бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй бол Санхүү, төрийн сангийн хэлтэс гүйлгээ хийхгүй батлагдсан төсвийг зориулалтын дагуу, зардлын зүйл анги солихгүйгээр гүйлгээ хийхэд нь төрийн сан хяналт тавьдаг. Тавьсан хяналтын дагуу гүйлгээ хийгдсэн. Иймд Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны дотоод аудитор, санхүүгийн хяналтын шалгалтын улсын байцаагч С.Пү-ын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 98 дугаартай нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын хэлтэс дээр 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 04 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд хяналт шалгалт явуулсан байдаг. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нөхөн төлбөр тогтоосон акт тавьсан. Дээрх шалгалт нь хууль, журамд нийцүүлэн явуулсан уу? гэдэг асуудал гарч ирнэ. Нэхэмжлэгч талаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан хяналт шалгалт явуулах нийтлэг журам зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбар гаргахдаа манай гол баримталдаг хууль бол Төрийн хяналт шалгалтын тухай гэж хэлсэн. Боловсруулж гаргасан удирдамжиндаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2.4-т зааснаар шалгалтын хүрээ, шалгалтад хамрагдах аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, объектын нэрийг тусгаагүй. Зөвхөн зорилт хэсэгтээ байгууллагын нэрийг тусгасан нь зөрчилтэй байна. Мөн өмнө хийсэн шалгалтын талаар тусгах ёстой гэж заасан байхад тусгаагүй байна.

Шалгалт эхлэхээс өмнө байгууллагын удирдлагад удирдамж, шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, улсын байцаагч үнэмлэхээ үзүүлэхээр байгаа. Гэтэл , ******* нар удирдамжаа танилцуулаагүй, шалгалтын зорилгоо танилцуулаагүй, бүрэлдэхүүнээ танилцуулаагүй. Мөн хяналтын хуудсаа өгөөгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хяналтын хуудас, шалгалтын явцын тэмдэглэлийг нэг юм шиг тайлбарлалаа. Энэ бол хоёр өөр ойлголт юм. Хэрвээ хяналтын хуудсыг хөтөлсөн байсан бол маргаан гарахгүй байх байсан. Ийм учраас зөрчилтэй акт тогтоосон байна. Мөн хариуцагч тал удирдамжаа хүргүүлсэн эх сурвалжаа зааж чадахгүй байгаа. Нягтлан бодогч нь төрийн үйлчилгээний ажилтан. Энэ хүнд удирдамжийн нэг хувийг хүргүүлэх нь зүйтэй. Харин нь удирдамжийг даргадаа танилцуулна гэсэн хуулийн заалт байхгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.9 дэх хэсэгт Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараахь үндсэн мэдээллийг тусгана гэж заасан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа шалгалтын тэмдэглэлийг Сангийн яаманд тус тусд нь өгөөд, Татварын хэлтэст шалгалтын тэмдэглэлээ нэгтгээд өгсөн гэж хэлсэн. Энэ нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна. Мөн шалгалтын тэмдэглэлийг явцын тэмдэглэл гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл акт тавихаас өмнө танилцуулагдаж тухайн байгууллагын санал, дүгнэлтийг тусгах ёстой. Түүнээс биш актаа 04 дүгээр сарын 12-ны өдөр тавьчихаад, 04 дүгээр сарын 19-ний өдөр танилцуулж байгаа тэмдэглэлийг хурлын тэмдэглэл гэж үзнэ. Нөгөө талаар тэмдэглэлийг Татварын хэлтэст хүргүүлээгүй гэдгээ хариуцагчийн төлөөлөгч хэлсэн. Мөн гийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээс харахад явцын тэмдэглэлийг хурал дээр танилцуулсан зүйл харагдахгүй байгаа. Тиймээс явцын тэмдэглэлийг хөтлөөгүй, шалгуулагч этгээдэд өгөөгүй гэж үзэж байна.

Маргаан бүхий акт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна. Акт гаргахдаа Төсвийн тухай хуулийн 6.4.1-т заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, мөн хуулийн 16.5.5-т зааснаар батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, мөн хуулийн 41.2.2-т зааснаар батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах гэсэн заалтуудыг үндэслэсэн. Тухайлбал батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргаагүй бол төрийн сан гүйлгээ хийхгүй. Завхан аймгийн Төрийн сангийн хэлтэс нь нягтлан бодогчтой, хяналт шалгалт явуулдаг байцаагчтай. Мөн төсвийг үр ашиггүй зарцуулсан зүйл байхгүй. Жил болгон хийдэг сургалтандаа зарцуулсан. Мөн хагас, бүтэн сайн өдрөөр замын хуудас гарсан гэж тайлбарлалаа. Татварын хэлтэст нь улсын төсвийг арвижуулахын тулд томилолтоор болон орлого хураах ажлаар явсан байдаг. Тэгэхээр төсвийг үр ашиггүй зарцуулсан биш, харин төсвийг арвижуулах, нэмэгдүүлэхийн тулд хийсэн ажил юм. Тийм учраас Төсвийн тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн зүйл алга.

Дараагийн үндэслэл бол Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7-д зааснаар анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэх, тайланд тусгахыг хориглоно гэх заалтыг баримталсан. Зөрчлийн тухай хуульд зааснаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг заасан. Энэ хариуцлагыг хэн оногдуулах эрхтэй вэ? гэхээр нягтлан бодох бүртгэлийн байцаагч оногдуулна. Гэтэл нь нягтлан бодох бүртгэлийн байцаагч биш. Завхан аймгийн хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн байцаагч нэг байдаг. Тэгэхээр анхан шатны баримт бүрдүүлээгүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн гэдэг асуудлаар акт тавих үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл дээрх үндэслэлээр акт тогтоолоо гэхэд дараа нь нягтлан бодох бүртгэлийн байцаагч , нарт холбогдуулан акт тогтоовол нэг зөрчил дээр хоёр удаа акт тогтоолгох нь зөв үү гэдэг асуудал гарч ирнэ.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2-т аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэсэн заалтыг үндэслэж Тогтоох нь гэсэн. Энэхүү актыг хэн тогтоосон бэ? гэхээр юм. Тэгэхээр маргаан бүхий актыг ******* тогтоосон гэж үзэх боломжгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2-т заасан актыг хэн тогтоох эрхтэй вэ? гэхээр Сангийн сайд, улсын ахлах байцаагч, улаан үнэмлэхтэй эрх бүхий этгээд тогтоох эрхтэй. Гэтэл улсын байцаагч нь өөрт олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлэн акт тогтоосон байна.

Г.Га-, Д. нар хэнд хохирол учруулсан бэ? гэж асуусан. Үүнд хариуцагчийн төлөөлөгч хариулахдаа төсөвт гэж хэлсэн. Төсвийг аж ахуйн нэгж байгууллага зарцуулах ёстой. Үүнийг зарцуулснаараа хохирол учруулсан гэж үзэх боломжгүй. Санхүүгийн баримтанд ямар нэгэн зөрчил байж болно. Гэхдээ нөхөн төлбөр тогтоох хэмжээний зөрчил биш юм. Өөрөөр хэлбэл Г.Га-, нар төсвийн мөнгийг хувьдаа зарцуулсан, шилжүүлсэн зүйл байдаггүй. Төсвийн мөнгийг ямар ямар зүйлд зарцуулсан нь тодорхой байгаа тохиолдолд нөхөн төлбөр тогтоох акт тавих боломжгүй... Хариуцагч тал процессын алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Мөн процессын алдаа нь актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж хэллээ. Тэгэхээр шалгаж байгаа болон шалгуулж байгаа байгууллагад эрх, үүрэг байдаг. Энэхүү хоёр байгууллага ойлголцохын тулд шалгалтын процесс хуульд нийцэж байх ёстой. Шалгалтын процесс хууль, журамд нийцээгүй бол акт өөрөө хуульд нийцээгүй байх ёстой. Иймд маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх заалтыг зөрчсөн гэх тухайд: Сангийн сайдын болон санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2, нийт 3 төрлийн удирдамжийг Б. ахлах байцаагчаар ахлуулсан ажлын хэсгийнхэн С.Пү- миний бие Татварын хэлтсийн даргын ажлын өрөөнд 3 дугаар сарын 19-ний өдрийн 14 цаг20 минутанд хэлтсийн даргын ажлыг орлож үлдсэн гэх Татварын улсын ахлах байцаагч М.*******д гардуулан өгч шалгалт хийгдэх тухай танилцуулж ажлаа эхэлсэн болно. Ямар баримтыг хуульд заасан үндэслэлээр авах нь тодорхойгүй гэсэн тухайд: Сангийн сайдын баталсан нэгдсэн удирдамжийн дөрөв, тавдугаар хэсэгт ямар ямар баримт материал гаргаж өгөх, юу шалгахыг тодорхой бичсэн байгаа бөгөөд удирдамжийн хүрээнд санхүү аж ахуйн үндсэн баримт, холбогдох бусад баримтанд тулгуурлан шалгалт хийгдсэн болно.

Тус хэлтэс нь нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын 2014 оны 201 дүгээр тушаалаар баталсан журамд заасан хугацаанд буюу тухайн оны санхүүгийн тайлан гаргаж аудитаар баталгаажуулан санхүүгийн баримтын хамт дараа оны 2 дугаар сарын 20-ны дотор бүрэн үдэгдэж архивт хүлээлгэн өгөх хуулийн хугацаатай. 2016-2017 оны санхүүгийн баримт үдэгдэж архивлагдсан баримтыг татаж шалгалт хийгдсэн. Шалгалтын явцад нягтлан бодогч Д., Д.******* нарыг ажлын цагаар нэмэлт материал гаргуулах, шалгалтанд холбогдох тайлбар гаргуулах, нэмэлт тодруулга авах зорилгоор 5 өдөр дараалан дуудаж хамтарч ажилласан болно. Төлбөр тавигдсан зөрчилтэй холбогдуулан Д.гаас санхүүгийн баримтыг нэмэлт байдлаар авахаар удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй байхгүй гэсэн тайлбарыг өгч байсан авчраагүй байж даргадаа худал мэдээлэл өгсөн байна... Шалгалтын тэмдэглэлийг сүүлд нь өгсөн гэсэн тухайд: Санхүүгийн хяналт шалгалтын акт, танилцуулга нь баримт бүрэн үзэж, шалгалт дууссаны дараа үйлдэгдэг тул Сангийн сайдын 2016 оны 107 дугаар тушаалаар баталсан стандартын дагуу ажлын дараалал ёсоор хийгдэн шалгалтын дүнгийн хурал дээр танилцуулагдсан болно. Дүнгийн хурлын тэмдэглэл хөтлөгдсөн. Өөрөөр хэлбэл шалгалт эцэслэн дуусаагүй байхад дүнг танилцуулах боломжгүй юм. Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд акт, танилцуулга, тэмдэглэл үйлдэгдэж сангийн яаманд мөн шалгагдсан байгууллагад хүргэгдсэн болно. Г.Га-ын томилолтын тухайд: 3 удаагийн томилолтоор ажилласан тухай хуудасны 2 нь огт байхгүй, дуудсан бичиг буюу гүйцэтгэх ажлын удирдамжгүй ажилласан тухай тайлан байхгүй, илгээсэн эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан гарын үсэггүй 1 нь өөрийн сумын байцаагчийн тэмдэг гарын үсгээр баталгаажуулсан байсан нь зөрчилтэй томилолтын хуудас байхгүй байсныг нягтлан бодогч Д.д хэлэн актаас чөлөөлж нэг удаагийн томилолтын хуудас болон холбогдох баримтыг шалгалтын хугацаанд авчирч өгөөгүйд төлбөр тогтоосон юм. Зүй нь томилолтоор ажилласан тухай удирдамж, дуудсан бичиг, томилолтоор ажилласан тухай гүйцэтгэсэн ажлын тайлан зэргийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан баталгаажуулан зурж санхүүгийн баримтад үдэгдэж цэгцэлсэн байх ёстой. Энэ нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дах заалтыг зөрчсөн. ******* ХК-аас авсан бараа материалын үнэ 2.0 сая төгрөгийг 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зөвхөн барааны зарлагын падаанаар гүйлгээ хийгдсэн. Нэхэмжлэхийн баримтгүй, их хэмжээгээр ус-600 ширхэг, ундаа-400 ширхэг, торт-300 ширхэг, печень-90 ширхэгийг авсан байх бөгөөд уг зардлыг хичээл үйлдвэрлэлийн зардлаас гаргасан нь зориулалт бус зардал мөн зарцуулалтын баримт байгаагүй, удирдамж, гэрээ төсөвлөгдсөн зүйлгүй, төлөвлөгөөгүй зэрэг нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоолыг болон дор дурдсан хуулиудын заалтыг зөрчсөн. ******* ******* ХХК-д 1,2-р хоолны үнэ тус бүр 50 хүнээр тооцон 1.0 / шинэ жилийн арга хэмжээнд зориулан/ сая төгрөг хийчээл үйлдвэрлэлийн зардлаас шилжүүлсэн нь Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 147 дугаар тогтоолоор Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээнийтухай журам, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоол,Төсвийн тухай хуулийн 6.4.1.. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах 16.5.5..Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах 41.2.2...Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах мөн нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7-д... анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчснийг актанд заасан болно. Дээрх гурван шилжүүлгийн баримтыг тухайн санхүүгийн баримтад байсан бүрдүүлбэр баримтын хамтаар хуулбарлан авч нягтлан бодогч Д.д танилцуулан гарын үсгээр баталгаажуулж авсан болно. Бензин шатахууны баримтын тооцоог жилийн турш бүх амралт, баяр ёслолын өдрүүдэд бензин зарцуулснаар замын хуудас бичигдсэнийг нягтлан бодогч Д.гаар өөрөөр нь түүлгэж, дүнг 50% хөнгөлж акт тогтоосон. Татварын хэлтсийн санхүүгийн баримтанд замын хуудас бий. Уг автомашин нь албан тушаалын унаа бус албан ажлын унаа бөгөөд замын хуудсанд гарыг үсгийг үүрэг гүйцтгэгч Г.Га- зурж баталгаажуулсан байсан. Нэхэмжлэлд гадуур татвар хураахад явсан гэсэн байгаа нь баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд хэрэв байцаагч нар татвар хураах болон бусад ажлаар Улиастай суманд ажилласан бол дотоод томилолтоор ажиллаж үр дүнг тооцуулсан байх мөн тэд замын хуудас дээр баталгаажуулсан байх ёстой юм. Энэ нь Засгийн газрын 2015 оны 181 дүгээр тогтоолыг зөрчсөн. Санхүүгийн шалгалт хуулийн хүрээнд удирдамжид заагдсан асуудлын дагуу хийгдсэн болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Хяналт, шалгалтын удирдамжийг хүргүүлэх талаар нарийн зохицуулсан эрх зүйн акт байхгүй. Удирдамжийн нэг хувийг шалгуулагч байгууллагад хүргүүлнэ гэсэн байдаг. Тухайн үед дарга Г.Га- Улаанбаатар хот руу албан ажилтай явсан байсан учраас удирдамжийг хүргүүлсэн. Манайх удирдамжаа танилцуулах гэж хоёр ч удаа явсан. Гэтэл хүмүүс нь ажил дээрээ байхгүй гэж байсан. 5 дахь өдөр дарга нар нь байхгүй байна гээд хоёр ч удаа ирсэн. Тэгээд шалгалтын хугацаа тулчихаад, нягтлан бодогчид нь удирдамжаа өгсөн байсан. Тэгэхээр Татварын хэлтсийн ямар нэгэн албан тушаалтан удирдамжтай танилцаад зөвшөөрсөн учраас байр гаргаж өгч, шалгалтыг эхлүүлсэн гэж ойлгож байгаа. Батдорж байцаагчтай нь уулзсан байна лээ. Тэгэхэд нь манай даргын өрөө эзэнгүй байгаа. Тиймээс энд суугаад ажлаа хийж болно гэсэн байдаг... Шалгалтын явцад хяналтын хуудсыг хөтлөх ёстой. Энэ нь шалгалтын процессыг тусгаж байгаа зүйл юм. Гэтэл Сангийн яамнаас хяналтын хуудасны загвар баталж ирүүлээгүй учраас хяналтын хуудсыг хөтлөх боломжгүй юм. Манай шалгалтын процесст алдаанууд байна. Энэхүү алдаагаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ жижиг алдаа болгоныг хайгаад байвал төрийн ажил явахгүй. Бид нар гаргасан алдаан дээрээ анхаарч ажиллана. Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Төрийн ажлыг явуулахад итгэлцэл гэдэг зүйл байдаг. Ийм ч учраас удирдамжаа нягтланд ч бай, даргад ч бай хүргүүлээд шалгалтаа хийдэг байсан. Төрийн санд хийгдсэн гүйлгээ болгон зөрчилгүй, түүнийг шалгах шаардлага байхгүй гэж үзэж болохгүй. Гэтэл төрийн сан дээр алдаатай гүйлгээ хийгддэг. Энэ алдааг хянуулахын тулд Сангийн яамнаас бид нарыг ажиллуулж байгаа. Тэгэхээр шалгалтын процессын алдаанууд нь актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй байх...Анхан шатны баримтыг бүрдүүлээгүй байна гэсэн утгаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн заалтыг актанд баримталсан байгаа. Түүнээс биш Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримталж акт тавиагүй юм. Өөрөөр хэлбэл актын үндэслэл биш. Акт тавьж байгаа үндэслэл нь Төсвийн тухай хуулийн 3 заалт юм. Мөн улсын байцаагчийн акт гэж байдаггүй, улсын ахлах байцаагчийн акт гэсэн бланк л хэрэглэдэг юм... Төсвийг захиран зарцуулсан нэг, хоёрдугаар гарын үсэг зурж байгаа албан тушаалтнууд гэдэг утгаараа дарга, нягтлан бодогч нарт буруутай үйл ажиллагааг хариуцуулсан байгаа. Тиймээс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 98 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Завхан аймгийн Татварын хэлтсийн дарга /албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/ Г.Га- нь тус аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч С.Пү-ын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 98 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-д заасан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх бүрэн эрхийн хүрээнд Сангийн сайдаас баталсан 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Татварын ерөнхий газар, харьяа газруудын үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж-ийг[1] үндэслэн Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаас тус аймгийн Татварын хэлтсийн 2016-2017 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийхээр 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар удирдамжийг[2] боловсруулан баталсан байна.

Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч С.Пү- энэхүү төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэн, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 98 дугаар актыг[3] гаргажээ.

Уг актаар анхан шатны баримтгүй хөрөнгө зарцуулсан, амралтын өдрүүдэд албан бус ажилд бензин шатахуун зарцуулсан, томилолтын хуудасгүй албан томилолт олгосон, төсвийн хөрөнгөөр хүлээн авалт зохион байгуулж, төсвийн бус зарцуулалт гаргасан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1 Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 16.5.5 Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, 41.2.2 Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7-д Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно. гэсэн заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.12.2 Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж, улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэж заасныг үндэслэн шалгалтаар илэрсэн нөхөн төлбөрийн 4 111 800 төгрөгийг холбогдох хүмүүсээр төлүүлж, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор хураан барагдуулж, тайлан ирүүлэхийг Татварын хэлтсийн дарга Г.Га-, нягтлан бодогч Д. нарт хариуцуулжээ.

С.Пү- нь акт тавих эрх хэмжээгүй бөгөөд дээрх хяналт шалгалтыг явуулахдаа хууль, тогтоомжид заасан арга, журмыг зөрчсөн, удирдамжийг танилцуулаагүй, санхүүгийн баримтуудыг бүрэн дүүрэн шалгаж үзээгүйгээс 2018 оны 98 дугаар акт үндэслэлгүй тавигдсан хэмээн нэхэмжлэгч тал маргаж байна.

Хариуцагч тал Хяналт шалгалт хийх тухай удирдамжийг Завхан аймгийн Татварын хэлтэст биечлэн хүргэсэн, удирдамжийн хүрээнд санхүү аж ахуйн үндсэн баримт, холбогдох бусад баримтанд тулгуурлан Сангийн сайдын 2016 оны 107 дугаар тушаалаар баталсан стандартын дагуу шалгалтыг явуулахад шалгуулагч байгууллага нь төсвийн хөрөнгийг зориулалт бусаар, үр ашиггүй зарцуулсан, анхан шатны баримтгүй ажил гүйлгээ хийсэн, нэмэлт баримт материал болон холбогдох тайлбарыг хугацаанд нь гаргаж өгөөгүй нь тогтоогдсон хэмээн тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч талын тайлбарын дараах хэсгүүд үндэслэлгүй байна.

1.Шалгалтын удирдамжийг хүргүүлээгүй, шалгалтын зорилго болон шалгалт хийх бүрэлдэхүүнийг танилцуулаагүй гэх тухайд:

Шүүхээс үзлэг хийсэн 2018 оны 06 дугаар сарын 20, 20-ны өдрүүдийн тэмдэглэлүүдээс[4] харахад Завхан аймгийн Татварын хэлтсийн 2016-2017 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай Санхүүгийн хяналт, шалгалтын 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар удирдамжийг байгууллагын бичиг хэргийн ажилтнаар дамжуулаагүй, ирсэн, явуулсан албан бичгийн бүртгэлд тусгаагүй байна.

Гэвч хариуцагчаас уг хяналт шалгалтын удирдамжийг Завхан аймгийн Татварын хэлтэст биечлэн хүргүүлсэн нь гэрч Д.[5], Д.*******[6], Т.*******[7] нарын мэдүүлгээр нотлогдож байх тул удирдамжийг шалгуулагч байгууллагын удирдлагад хүргүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т зааснаар ерөнхий нягтлан бодогч нь байгууллагын хөрөнгийн орлого, зарлагын баримт болон санхүүгийн тайланд хоёрдугаар гарын үсэг зурах эрх бүхий этгээд байх ба 20.2.9-д зааснаар байгууллагын удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар хуулиар эрх олгосон этгээдээс санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн талаар шаардсан нэмэлт тайлбар, тодруулгыг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гаргаж өгөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагчаас санхүүгийн үйл ажиллагаанд хийх холбогдох хяналт шалгалтын удирдамжийг шалгуулагч байгууллагын дээрх үүрэг бүхий нягтлан бодогчид тусгайлан хүргүүлсэн байх ба энэ талаар нягтлан бодогч Д. хүлээн мэдүүлж байгаа тул шалгуулагч байгууллагад хяналт шалгалтын удирдамжийг хүргүүлээгүй, танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ийнхүү нягтлан бодогчид биечлэн хүргүүлсэнийг буруутгах боломжгүй юм.

Дээрх 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар удирдамжинд шалгалтын зорилгыг Завхан аймгийн татварын хэлтсийн 2016-2017 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийх, холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн актын хэрэгжилтийг хангуулах, стандарт заавар журмын хэрэгжилт, төсвийн өмнө хүлээсэн үүргийн биелэлт зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний санал боловсруулахад оршино гэж, хяналт шалгалтыг дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Б.*******, улсын байцаагч С.Пү- нар хийж гүйцэтгэх талаар тус тус тусгажээ.

Иймд шалгалтын зорилго, шалгалт хийх бүрэлдэхүүнийг шалгуулагч байгууллагад танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх хэмжээ хариуцагчид олгогдсон эсэх тухайд:

Хариуцагч С.Пү- нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байх ба уг эрх нь Монгол Улсын Сангийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5 дугаар тушаал, түүний гуравдугаар хавсралтаар 2 жилийн хугацаагаар сунгагдсан байна.

Маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 98 дугаар актыг Улсын ахлах байцаагчийн акт гэх хэвлэмэл хуудсаар гаргасан хэдий ч Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д зааснаар улсын байцаагч нь ...албаны болон хувийн дугаар бүхий тэмдэг...акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэхээр байх бөгөөд хариуцагч С.Пү-ын ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлын байрны гол үйл ажиллагааны 2.4-д зааснаас харахад тэрээр санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт бичих эрхтэй байх тул ...С.Пү- нь акт тавих эрхгүй... гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Гэвч дараах үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэстэй байна гэж үзлээ.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, санхүүгийн хяналт шалгалтын стандарт болон Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/413 дугаар захирамжаар батлагдсан Санхүүгийн хяналт, аудитын албаны дүрэмд[8] заасан агуулгаас харахад санхүүгийн хяналт шалгалтын гол зорилго нь шалгуулагч байгууллагын үйл ажиллагаан дахь зөрчил дутагдлуудыг олж тогтоох, таслан зогсоох тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөн туслах ажиллагаа байна.

Хариуцагчаас Завхан аймгийн татварын хэлтсийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж тайлбарлаж байгаа боловч уг ажиллагаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд...хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй ил тод байх зарчмыг хангаагүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг Засгийн газар тогтоохоор, 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар яам агентлаг нь Засгийн газраас тогтоосон нийтлэг журмыг үндэслэн харьяа байгууллага, аж ахуйн нэгж өөрийн аппаратад дотоодын хяналт шалгалтыг зохион байгуулах журмыг батлан мөрдүүлэхээр байна.

Энэ зохицуулалтын хүрээнд Сангийн сайдын 2016 оны 107 дугаар тушаалаар санхүүгийн хяналт шалгалтыг явуулах журмыг тогтоож Санхүүгийн хяналт шалгалтын стандарт-ыг батлан гаргажээ.

Санхүүгийн хяналт шалгалтын стандартын 3.2.4-т зааснаар хяналт шалгалтанд хамрагдвал зохих бүхий л баримт материалын тоо, хэмжээ, хуудасны дугаарыг нэг бүрчилэн тоолж, эрх бүхий хүмүүсээр гарын үсэг зуруулан авч албан ёсоор буцааж өгнө, мөн хяналт шалгалтыг зөв, бүрэн гүйцэт хийж баталгаажуулж, нотолсон байхаар байна.

Хяналт шалгалтын явцад нэмэлт баримт шаардаагүй гэж нэхэмжлэгч тал, холбогдох баримт, материалыг бүрэн гаргаж өгөөгүй гэж хариуцагч тал тус тус маргаж байх боловч дээрх стандартад заасны дагуу баримт материал хүлээлцсэн болон нэмэлт баримт гаргуулахаар шаардсан талаар нотлогдохгүй байна.

Хариуцагч санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч С.Пү- нь удирдамжийн хүрээнд дээрх хяналт шалгалтыг хийхдээ шалгуулагч байгууллагаас ямар, ямар баримтуудыг гаргуулан авсан, нэмэлт баримтуудыг шаардсан эсэх нь тодорхойгүй, илэрсэн зөрчлийн талаар нотолгоожуулсан баримтгүй, зөвхөн зарлагын баримт, төлбөрийн хүсэлтүүдийг[9] хуулбарлан авч нягтлан бодогч Д.гийн гарын үсгээр баталгаажуулсан үйлдлээр хязгаарласан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9-д Хяналт шалгалтын явцад улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана. 5.9.1.шалгалтын явц болон шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, 5.9.2.улсын байцаагчийн санал, дүгнэлт, 5.6.3.шалгуулагч этгээдийн санал, хүсэлт гэжээ.

Дээрх зохицуулалтаас харахад хяналт, шалгалтын явцад шалгалтын тэмдэглэл үйлдэхээр байх ба хариуцагч улсын байцаагч нь дээрх тэмдэглэлийг үйлдээгүйгээс маргаан бүхий актад тусгагдсан буюу шалгалтаар тогтоогдсон гэх зөрчлүүдийн талаар шалгуулагч байгууллагад мэдэгдсэн, уг зөрчлүүдийн талаар шалгуулагч байгууллагын санал, хүсэлтийг сонссон, холбогдох тайлбарыг авсан, шалгалтанд хамрагдах баримтуудыг бүрэн дүүрэн үзэж судалсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шалгуулагч байгууллагаас холбогдох баримтуудыг удаа дараа шаардсан боловч гаргаж өгөөгүй гэх тайлбараа хариуцагч шүүхэд баримтаар нотлож чадахгүй байна.

Мөн Санхүүгийн хяналт шалгалтын стандартын 3.2 буюу баримт мэдээллийг үнэлж дүгнэх гэх хэсгийн 3.2.6-д Улсын байцаагч нь ... удирдамжинд заасан асуудлаар хяналт шалгалтыг үнэн зөв бүрэн гүйцэт хийх үүрэгтэй, 3.3 буюу хяналт шалгалтын ажлын нотолгоо гэх хэсгийн 05-д Хяналт шалгалтыг хийж гүйцэтгэх явцдаа...нотолгоо, батлах баримтын илрэн гарч байгаа учир шалтгааныг тогтоохын дээр тэдгээр нь өөр бусад зүйлүүдтэй ямар холбоотой болохыг олж тогтоохыг зорих хэрэгтэй...Үүнд: Хяналт шалгалтын болон тухайн байгууллагын тухайн цаг үеийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг цуглуулах... гэж заасныг хариуцагчаас хэрэгжүүлээгүй байна гэж үзэхээр байна.

Тодруулбал, хариуцагчаас дээрх үүргүүдийг бүрэн биелүүлээгүйн улмаас шалгуулагч байгууллагад нөхөн төлбөр тавигдах, төлбөрийн хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдсэн байх тул хариуцагчийг буруутгах үндэслэлтэй байна.

Тухайлбал, маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 98 дугаар актын хавсралтын 1-д дурдсан Г.Га-од томилолтын хуудасгүй 7 хоногийн томилолт олгосон гэх зөрчилд холбогдох баримт болох Завхан аймгийн засаг даргын орлогч Д.*******аас олгож, Татварын ерөнхий газарт 12 дугаар сарын 14-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл ажилласнаар эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан томилолтын хуудсыг[10] үзэж шалгаагүй, хавсралтын 2, 3, 4-д заасан ******* ХХК, ******* ХХК, ******* ******* ХХК-уудад шилжүүлсэн хоол, бараа, материалын зардлыг үндсэн баримтгүй, төсвийн зориулалт бусаар зарцуулсан гэх зөрчилд холбогдох удирдамж, төсөв, хөтөлбөрүүдийг батлагдсан эсэхийг судлаж тогтоогоогүй, мөн 4-д заасан амралтын өдрүүдэд замын хуудас бичиж, бензин зарцуулсан гэх зөрчлийг баталгаажуулаагүй, холбогдох этгээдүүдээс тодруулаагүй, энэ талааар баримтжуулаагүй байна. Гэрч болох Завхан аймгийн Татварын хэлтсийн нягтлан бодогч Д.гаас мэдүүлгийнхээ үндэслэл болгож ирүүлсэн баримтуудаас тухайн байгууллагын дарга, нягтлан бодогчдын өөрсдийн гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан баримтуудыг шүүх үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Завхан аймгийн Татварын хэлтсийн дарга /албан үүргийг түр орлон гүйцэтгэгч/ нь хууль бусаар орлого олсон, бусдад хохирол учруулсан нь баримтаар тогтоогдоогүй байхад хариуцагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх... гэж заасныг баримталж акт тогтоосон нь хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасан актыг улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч үйлдэхээр байх тул хариуцагч улсын байцаагч нь маргаан бүхий актад дээрх хуулийн заалтыг үндэслэсэн нь буруу бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэстэй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэж үзвэл хариуцагч санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч С.Пү- холбогдох хяналт, шалгалтыг хуульд заасан арга, хэлбэрээр явуулаагүй байх тул түүний үйлдсэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 98 дугаар акт үндэслэлгүй байна.

Тодруулбал, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9, 5.10-д заасан шалгалтын явцын тэмдэглэлд санал, хүсэлтээ тусгуулах, уг тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах талаарх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол дээрх маргаан бүхий захиргааны актын улмаас зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 98 дугаар актыг нэхэмжлэгч, хариуцагч талаас 2 өөр байдлаар[11] гаргаж өгсөн байх боловч доторх агуулга адилхан бөгөөд тэдгээрийн акт тогтоосон гэх баталгааны хэсэгт хариуцагч улсын ахлах байцаагч С.Пү- гарын үсэг зурж, тэмдэг дарсан байгаа учир уг актуудыг хүчинтэй захиргааны акт байна гэж үзсэн болно.

Хариуцагч талаас гаргаж өгсөн актанд улсын ахлах байцаагч Д.******* нэмж хянаж баталгаажуулж, гарын үсэг зурж, тэмдэг дарсан ялгаатай болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.6, 5.9, 5.10, 7 дугаар зүйлийн 7.2, 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.11, 10.12.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дотоод аудитор, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч С.Пү-ын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож, төлүүлэх тухай 98 дугаар актыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Г.Га-од олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ТУНГАЛАГ

 

 

[1] Хавтаст хэргийн 78-80 дугаар хуудсанд

[2] Хавтаст хэргийн 57-58 дугаар хуудсанд

[3] Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд

[4] Хавтаст хэргийн 149-164 дүгээр хуудсанд

[5] Хавтаст хэргийн 106-108 дугаар хуудсанд

[6] Хавтаст хэргийн 124-125 дугаар хуудсанд

[7] Хавтаст хэргийн 128-129 дүгээр хуудсанд

[8] Хавтаст хэргийн 94-95 дугаар хуудсанд

[9] Хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудсанд

[10] Хавтаст хэргийн 111 дүгээр хуудсанд

[11] Хавтаст хэргийн 5-7, 59-61 дүгээр хуудсанд