| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/0561/Э |
| Дугаар | 1183 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 1183
2020 06 26 2020/ШЦТ/1183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сд холбогдох эрүүгийн 1906 02120 0593 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Аюушжавшинэжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Т.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
Хохирогч Д.Аюушжавшинэжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т.Сгаас 2018 оны 11 дүгээр сард салсан бөгөөд өөрийн хүү Сүлдийн хамт амьдардаг байсан. Ингээд би 2019 оны 3 дугаар сард хичээлд явах шалтгаанаар өөрийн хүү Сүлдийг Т.Сд хариуцуулан үлдээсэн. Тэгээд 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүүхдээ буцааж авахаар Т.С руу чат бичтэл, Т.С Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо “Асайт” худалдааны төвийн хойно байрлах тоглоомын талбай дээр байна гэж хэлсэн. Ингээд би хүүхдээ авахаар такси бариад 16-н цагийн үед тус тоглоомын талбай дээр очтол, Т.С хүүгээ тэврээд сандалны хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би “чи дүүгийндээ амьдрахгүй явалддаг хүүхэнтэйгээ хамт амьдарч байгаа юм байна” гэж хэлтэл Т.С хүүхдээ ширээн дээр тавьчихаад “чи муу одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлэн, намайг зүүн хацар луу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “янхан минь, архичин минь” гэж хэлтэл дахин 2-3 удаа миний баруун хацар луу алгадаад үргэлжлүүлээд толгойны дээд хэсэг рүү 2 удаа цохиод мөн хөл болон гар луу 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг[2],
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4004 дугаартай:
“1. Д.Аюушжавшинэжаргалын биед эрүүний мултрал, зүүн бугуй, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[3]
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа[4],
Гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа[5],
Зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл[6],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7],
Шийтгэх тогтоолын хуулбар,[8]
Оршин суугаа хаягийн тодорхойлолт[9] зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[10] нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.С нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Аюушжавшинэжаргалыг зодож эрүүл мэндэд нь эрүүний мултрал, зүүн бугуй, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтууд болох:
Хохирогч Д.Аюушжавшинэжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...намайг зүүн хацар луу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “янхан минь, архичин минь” гэж хэлтэл дахин 2-3 удаа миний баруун хацар луу алгадаад үргэлжлүүлээд толгойны дээд хэсэг рүү 2 удаа цохиод мөн хөл болон гар руу 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,[11] Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4004 дугаартай дүгнэлт[12] зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Т.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Т.С нь хохирогч Д.Аюушжавшинэжаргалын биед халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Д.Аюушжавшинэжаргалд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 4004 дугаартай шинжээчийн дүгнэлтээр эрүүний мултрал, зүүн бугуй, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.С нь хохирогч Д.Аюушжавшинэжаргалын биед халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг авч үзвэл, шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан шүүгдэгч хохирогчийн нүүр тус газар цохиж хөнгөн гэмтэл, хохирол учруулжээ.
Иймд шүүгдэгч Т.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...надад одоо ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй, мөн нэхэмжлэх зүйл байхгүй...”[13] гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Т.С гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жил байна.
2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөгдсөн.
Мөн 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөлдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүлийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заажээ.
Шүүгдэгч Т.С нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх ба Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар хууль буцаан хэрэг зохицуулалт үйлчлэхгүй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
шүүгдэгч Т.Сд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг авч үзвэл, шүүгдэгч Т.С нь хохирогч Д.Аюушжавшинэжаргалтай гэр бүлийн харилцаатай байсан ба дундаасаа 1 хүүхэдтэй бөгөөд хохирогч шүүгдэгчээс хүүхдээ авах үедээ хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнд эрүүний мултрал, зүүн бугуй, баруун гуянд цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан байна.
Хувийн байдлын хувьд хохирогч Д.Аюушжавшинэжаргалыг өмнө зодож, хүндэвтэр гэмтэл учруулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан[14], мөн гэмт хэрэгт холбогдохоос өмнө удаа дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдал алдагдуулсан[15] зөрчил гаргаж байсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Т.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Сд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.С нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 22 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 27, 49-51 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас
[5] Хавтас хэргийн 37 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас
[8] Хавтас хэргийн 41-42 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[10] Хавтас хэргийн 24-26 дугаар хуудас
[11] Хавтас хэргийн 22 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас
[13] Хавтас хэргийн 23 дугаар хуудас
[14] Хавтас хэргийн 41-42 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 49-51 дүгээр хуудас