| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/06173/И |
| Дугаар | 169 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 169
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 24А байр, 1 тоотод оршин суух, Боржигон овогт Болдын Цолмон, /РД:ХЕ63042960/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, энэбишийн гудамж, 21 дүгээр байр, 144 тоотод оршин суух, Боржигон овогт Майдаржавын Төр-Амгалан /РД:ЖИ80012111/-д холбогдох,
М.Төр-Амгалантай 2012 оны 07 сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг болон 2012 оны 06 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны өмчлөх эрхийг Б.Цолмонгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд:
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч, хариуцагч М.Төр-Амгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн өмгөөлөгч Г.Орхон, гэрч М.Төгсжаргал, Ц.Алтангэрэл, н.Наранчимэг, Х.Ванданрагчаамаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цолмон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2001 оны 7 дугаар сард их сургууль дөнгөж төгссөн ажлын туршлага огт үгүй М.Төр-Амгаланг найзынх нь хүсэлтээр өөрийн компанидаа үндсэн ажилтнаар ажилд авч, ажил амьдралын гарааг нь эхлүүлж байсан. Өнөөгийн манай боловсролын тогтолцоогоор бэлтгэгдэн гарч буй ялангуяа компьютер техникийн чиглэлээр дээд боловсрол эзэмшин төгссөн төгсөгчдийн мэдлэг чадвар тухайн салбарт ажиллаж буй компаниудын хэрэгцээ шаардлагыг хангаж чаддаггүй, компаниуд өөрсдийн хөрөнгө зардлаар шинээр төгсөгчдийг бэлтгэн сургаж мэргэшүүлдэг. Энэ ерөнхий тогтолцооны дагуу төгсөж ирсэн М.Төр-Амгаланд програмчлалын хэл, өгөгдлийн сангийн системийн хичээлүүдийг системтэйгээр зааж сурган 3 жилийн хугацаанд компанийн хуучин програм хангамжуудыг судлуулж, тэдгээрийг дуурайлган хийлгэх, нябо бүртгэлийн мэдлэгийн эзэмшүүлэх зэргээр сургалт явуулж бэлтгэсэн. 2001-2003 онуудад миний бие үйлчилгээний ажилчид, харилцагчидтайгаа хамтран олон хүний идэвх зүтгэл, хамтын ажиллагааны үр дүнд "SCoffice" програмыг зохиож, энэ ажилд М.Төр-Амгалан кодлогчийн үүрэгтэйгээр оролцсон. Энэ бүх хугацаанд компаний зүгээс түүнд өөрсдийн боломж бололцооныхоо хирээр дэмжин тусалж ирсэн бөгөөд зээл хүсэхэд нь хөнгөлттэй нөхцлөөр 10 гаруй удаа олгож байсан. Компани түүний мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр нь анхаарч Америкийн төслийн сургалт, BPN-ийн гурван шатны сургалт, мэргэжлийн ур чадвар дээшлүүлэх "Инженер Софт"-ийн сургалтуудад компаний зардлаар сургасан ба магистрийн сургалтанд суралцах хугацаанд хөдөлмөрийн хуульд заасан бүтэн цалин хөлс олгож, сурч боловсрох бололцоог бүрэн хангаж, дэмжин ажиллаж ирсэн. Тэрээр 2001-2015 онуудад тус компанид програм зохиогчоос эхлээд програм хангамжийн албаны дарга, дэд захирал зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас гарсныхаа дараа тэрээр "Гүүк Софт" ХХК-д ажилд орж, манай ажилчдыг өөртөө элсүүлэн компанитай өрсөлдөх ажлаа ил тод явуулж эхэлсэн. Компаниас гарсан ажилчид нэгдсэн зохион байгуулалтад орж "Гүүк Софт"ХХК-ийн баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулж, бүгд хувьцаа эзэмшигчид болсон бөгөөд одоо манай компанийг дампууруулах, хэрэглэгчдийг булаах, хууль бус ажиллагааг идэвхтэй явуулж байна. Төр-Амгалан нь ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллыг цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнгээр авч байсан. Анх тэрээр хотоос зайдуу гурвалжингийн гүүрний ойролцоо амьдралын тав тух муутай нөхцөлд гэрт амьдардаг болохыг нь мэдээд өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрж, тусалж дэмжих сэтгэлийн үүднээс өөрийн өмчлөлд байдаг орон сууцанд үнэ төлбөргүй, зөвхөн хэрэглэсэн цахилгаан дулааны мөнгөө төлөөд амьдран суух боломж олгосон нь залуу хүнийг ая тухтай амьдарч, ажлаа тогтвор суурьшилтай хийх, өөрийнхөө мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх бололцоог хангаж өгсөн явдал юм. Түүнийг компанидаа үнэнч шударгаар, тогтвор суурьшилтай, сэтгэл зүтгэл гарган ажиллах байх гэсэн бодлын үүднээс би 2012 оны 7 сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 19 хороо, 3-р хороолол, 24-р байрны 144 тоот 2 өрөө өөрийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэх бэлэглэлийн гэрээ түүнтэй байгуулж энэхүү гэрээний үндсэн дээр уг байрны өмчлөх эрх түүнд шилжсэн билээ. Байр орон сууцтай болоод компанийхаа төлөө идэвх зүтгэл, үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах байх гэж итгэж байтал харин тэр дотроо өөр бодолтой явсныг тухайн үед би мэдээгүй юм. Одоо эргээд түүний гаргасан үйлдэл бүрийг эргэцүүлэн нягтлан үзэхэд М.Төр- Амгалан нь манай компанид ажиллаж байх хугацаандаа өөрөө хувийн бизнестэй болох үйл ажиллагааг урт хугацааны турш бэлтгэсэн болох нь тодорхой харагдаж байна. Сангийн яамнаас 2013 оны 5 сард даалгасан “Leader Мониторинг" програмын дараагийн хувилбар гаргах төслийг тэрээр Програм хангамжийн даргын хувиар удирдан ажилласан. Төслийн явцын талаар асууж лавлахад хэвийн сайн явагдаж байгаа гэж худал хэлдэг байсан ба төслийн хугацаа дуусах дөхсөн үед Сангийн яамнаас намайг дуудан, төслийн явц хангалтгүй байгааг дуулгасан. Төслийн явцыг шалган үзэхэд дөнгөж 30-40 хувьтай байсан тул би өөрөө бүтэн сар гаран дээрх төсөл дээр ажилласан боловч цаг хугацаа хэтэрхий оройтсон байсан. Иймд захиалагч арга буюу төслийг зогсоож, гэрээг цуцалсан бөгөөд үүний улмаас компани гэрээнээс орж ирэх 8000 ам.долларын орлогоо алдаж, уг ажил хугацаа хэтэрснээс болж 4-5 сая төгрөгийн илүү зардал гаргасан. Дараагийн чухал ажил "Төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ" програм зохиох төслийг мөн л Програм Хангамжийн албаны даргын үүрэгт ажлын хувиар хариуцаж ажилласан. Төслийн гол зорилго нь улсын төсвийн бүх байгууллагууд төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг уг програмаар онлайнаар нэгтгэн гаргах явдал. Уг төслийг амжилттай гүйцэтгэснээр компанид лизенцийн хураамж гэж жилдээ дор хаяж 20-50 сая төгрөгийн орлого оруулах төсөл байсан. Гэтэл энэ ажил бас л хугацаандаа дуусаагүйгээс гадна чанарын шаардлага огт хангахгүй байсан.
Сүүлд Сангийн Яамнаас зарласан "Төсвийн гүйцэтгэлийн нэгтгэлийн програм" зохиох тендерт "Инженер Софт" ХХК-иар туслуулахаар харилцан тохиролцож манай талаас М.Төр-Амгалан хариуцан ажилласан боловч уг ажлыг мөн л хугацаанд нь хийгээгүйгээс болж 20 сая төгрөгийн өртөгтэй гэрээт ажил 40 сая төгрөг болон өсч, эндээс хэрэгцээтэй ямар ч програм бид гаргаж авч чадалгүй дээр дурдсан хэмжээний үргүй зардал гаргасан. Энэ мэтчилэнгээр компаний ажлыг унагаж байсан төдийгүй шинээр програм зохиохыг элдвээр эсэргүүцсээр ирсэн. Хэдий бид Компаний тухай хуулийн 85-р зүйлийн 85.2-т заасан компанийн эрх бүхий албан тушаалтан өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас компани, хувьцаа эзэмшигчдэд учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөс нөхөн төлнө" гэсний дагуу хохирлоо шаардаж болох байсан ч миний зүгээс залуу хүн байна ажлын туршлага дутаа биз, алдаагаа засна байх гэж түүнд байсан тул сахилгын шийтгэл болох програм хангамжийн захирлаас ахлах программист болгон албан тушаал бууруулж шийтгэсэн.
Гэтэл дээр дурдсан үйл ажиллагаанууд ямар нэг ур чадвар, туршлага дутсандаа биш өөр зорилго агуулж байсан нь цаашдын түүний үйл ажиллагаанаас тодорхой болсон юм. Тэрээр энэ компаниас авч болох бүхнээ авлаа, мэдэж болох бүхнээ мэдлээ, сурч болох бүхнээ сурлаа одоо цаг нь боллоо гэсэн хандлагаар хандаж компанийн цаашдын хувь заяа ямар байх нь түүнд огт хамааралгүй болсон юм. Түүний үйл ажиллагааг дүгнэн үзэхэд компаний эсрэг ажиллагааг дараах 3 үе шаттайгаар хэрэгжүүлсэн байдаг. Эхлээд компанийн хэвийн ажиллагааг алдагдуулахад чиглэсэн үйл ажиллагаа. Тэрээр програмын алдаа доголдлыг зориуд засварлахгүй орхигдуулах, доголдолтой хийх, компаниас санаачилж буй аливаа шинэ санаачлагыг янз бүрийн шалтаг тоочин эсэргүүцэх зэргээр үйлчилгээг хүндрүүлж, ачааллыг ихэсгэх, хэрэглэгчдийг бухимдуулах зэргээр компанийн үйл ажиллагаанд доголдол учруулж байсан. Харин өөрсдийн программдаа манай програмд байгаа сул тал болон алдаа доголдлыг бүгдийг нь засч сайжруулан хийсэн байсан. Үүнийгээ манай программтай харьцуулан өөрсдийнхөө давуу тал болгон хэрэглэгчдэд идэвхтэй сурталчилж байна.
Мөн түүнчлэн манай компанид байхдаа програмын шинэчлэл, засвар үйлчилгээг хэрэглэгчдэд чирэгдэл ихтэй гар аргаар буюу компани дээр олон дахин ирдэг байдлаар зориуд зохион байгуулсан. Өөрсдөө компани байгуулж дээрх гар аргаар хийдэг шийдлийг онлайн хэлбэрт шилжүүлэн хэрэглэгчдэд ая тухтай байхаар зохион байгуулсан бөгөөд үүнийг Санхүүгийн Тооцоолохын сул тал болгон сурталчилж байгаа нь тэдний зориудын санааг илтгэн харуулж байна.
Дараа нь програм зохиогч, инженер техникийн ажилчдын сэтгэлийг урвуулах, ажлаас гаргах ажлыг зохион байгуулалттайгаар хийж компанийг дампууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан байна. Төр-Амгалан нь ажилчдыг ажлаас гаргах үйл ажиллагааг цаг хугацааны хувьд хүртэл нарийн тооцоолсон байсан. Учир нь жилийн эцэст, яг оргил ачааллын үе буюу тайлан тэнцэл гаргадаг үед М.Төр-Амгалан болон түүний нөхөд намайг хүн хүчээр дутаах, хэрэглэгчдийн үйлчилгээг доголдуулах, хэрэглэгчдийн сэтгэл санааг үймүүлэх, компаний талаар сөрөг ойлголт өгөх, өөрсдийгөө орлох ажилтан бэлтгэх боломж олгохгүй байх зорилгоор янз бүрийн шалтаг тоочин цувран ажлаас гарсан. Тэдний ажлаас гарсан хугацаа нь: Ц.Алтангэрэл 2015 оны 8 сар, М.Төр-Амгалан 2015 оны 9 сар, Г.Жүгдэрнамжил 2015 оны 12 сар, Б.Энхбаяр 2016 оны 01 сар тэдний гаргасан өргөдлийн шалтгаан, хугацаа зэргүүдийг шинжлэн үзэхэд тэд урьдаас үгсэн тохиролцож үйлдсэн болох нь тодорхой байна.
Төр-Амгалан нь 2016 оны 02 сараас өөрийн танил найз болох Дундговь аймгийн Төрийн сангийн эрх бүхий албан тушаалтантай тохиролцож тус аймгийн хэрэглэгчдийг булаах ажиллагааг хэрэгжүүлснээр зах зээлийг шударга бусаар булаан авах хууль бус ажиллагаагаа эхлүүлсэн юм. Дундговь аймгийн төсвийн байгууллагын програмуудыг сольж байгаа талаар бидэнд мэдээлэл ирсэн боловч энэ бүхний цаана гол зохион байгуулагч нь М.Төр-Амгалан байгааг мэдээгүй, тэгнэ ч гэж бодоогүй юм. Дараа нь 2016 оны 3 сард Говь-Алтай аймгийн Төрийн сангийн эрх бүхий хүмүүстэй үгсэн хуйвалдан тус аймгийн төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн програм хангамжийг нягтлан бодогч нарын хүсэл зоригийг үл харгалзан хүчээр өөрсдийн программаар солих ажлыг зохион байгуулсан. Тэдний энэ зүй бус ажлыг эсэргүүцсэн Говь-Алтай аймгийн нягтлан бодогч нар бид хуучин хэрэглэж сурсан программаа хэрэглэмээр байна Та бүхэн аймгийн Төрийн сангийн эрх бүхий хүмүүстэй энэ талаар ярилцаж өгөөч гэсэн хүсэлтийг бидэнд мэдэгдснээр хууль бус энэ ажиллагааны талаар анх мэдсэн юм. Үүнийг мэдээд учрыг тодруулахаар би Говь-Алтай аймгийн Төрийн сангийн ерөнхий нягтлантай уулзаж ярилцахад, тэрээр надад "танайд ажиллаж байсан М.Төр-Амгалан бидэнтэй уулзаад "бид тусдаа компани байгуулсан", "манай програм Санхүүгийн Тооцоолохынхоос илүү сайн", "бид хурдан шуурхай үйлчилгээ үзүүлнэ", "хамаг сайн програм зохиогчид нь гарсан тул Санхүүгийн Тооцоолох юу ч хийж чадахгүй болсон" гэж ярьсан. Ер нь тэгээд ч, танай програм алдаа ихтэй, үйлчилгээ чинь ачааллаа даахгүй байгаа тул бид тэднийг сонгож болохгүй зүйлгүй" гэж тэр хэлсэн.
2016 оны 05 сарын 03-нд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд тухайн аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст тайлан өгдөг, төсөвт байгууллагуудын нягтлангуудын ашигладаг Асоlоus 3.0 програмыг сольж өөрсдийн Ахрlоrеr 3.16 програм тавьж, сургалт зохион байгуулахад нь манай компанид хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Мөнхбат очиж оролцсон бөгөөд тэд програм солих болсон талаар асуусан нягтлангуудын асуултад "Сангийн яамнаас энэ програмаар соль" гэсний дагуу програмыг сольж байгаа юм гэж хариулсан байна. Тиймээс энэ талаар тодруулга авахаар 2016 оны 5 сарын 03-ны өдөр Сангийн яаманд албан бичгээр хүсэлт гаргахад 2016 оны 5 сарын 16-ны өдрийн хариу бичигтээ бид тийм чиглэл зааварчлага өгөөгүй гэж Сангийн яамнаас мэдэгдсэн. Дээрх үйлдэл нь эрх бүхий Төрийн байгууллагын нэрийг барин дээрх аймгуудын Төрийн сангийн эрх бүхий албан тушаалтантай үгсэн хуйвалдан хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, хууль зөрчсөн ажиллагаа болох нь тодорхой юм. Тэд энэ бусармаг ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэх гэж байгааг тэдний нэг болох Жүгдэрнамжилийн манай ажилтанд "Санхүүгийн Тооцоолох бүх аймгуудаа алдсан юм биш үү" гэж хэлсэн үгнээс тодорхой ойлгогдохоор байгаа бөгөөд энэ байдлаар цааш үргэлжилбэл олон жилийн хөдөлмөрөөр бий болгосон манай зах зээлийг богинохон хугацаанд хууль бус аргаар булаан авч, компаний оршин тогтноход заналхийлж байгаа ноцтой үйлдэл болж байна. Үүнээс гадна компанид ажиллаж байгаа ажиллагсдын сэтгэл санааг үймүүлж компанийн тогтвортой ажиллагаанд заналхийлж байгаа хууль бус үйлдэл юм. Аль ч салбарт өрсөлдөөн байдаг. Бид үйл ажиллагаандаа үүнийг мөрдлөг болгон ажилласаар ирсэн. Гэхдээ тэдний хууль зөрчин, үгсэн хуйвалдан, худал хуурмаг мэдээ түгээж харилцагчдыг төөрөгдүүлж буй энэ үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн арвандолдугаар зүйлийн 1-т заасан "Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", мөн зүйлийн 2-т заасан "хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх", Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасан "өрсөлдөгчийн болон түүний бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах,....худал зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах" зэрэг заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл болно. Дундговь аймагтай гэрээ зогссоноор 18,190,100 төгрөг, Говь-Алтай аймагтай гэрээ зогссоноор 24,500,200 төгрөг, Өвөрхангай аймгийн гэрээ зогссоноор 17,717,650 төгрөг нийт 60,407,950 төгрөгийн борлуулалтын орлогыг алдсан. Энэ бүх ажлыг голлон зохион байгуулсан хүн нь М.Төр-Амгалан байсан гэдгийг олж мэдээд миний бие гүн шоконд орсон билээ. Ямарч ажлын туршлагагүй, сургуулын ширээнээс шууд ирсэн, сурсан мэдлэгээ шууд ажилд хэрэглэх бололцоогүй ийм хүүхдийг ажилд аван зохих технологийг сургаад, дадлагажуулаад, нарийн мэргэшилтэй болгон олон түмэнд таниулан, нэр хүндтэй нэгэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн миний эсрэг, төрөлх гал голомт нь болсон компанийхаа эсрэг ийм бусармаг ажиллагаа явуулж байгаад нь маш их гомдож байна. Сүүлд ажлаас гарахад нь хүртэл хар буруу саналгүй сайныг ерөөгөөд хүлээн авалт хийж, бэлэг дурсгал гардуулан өгч байсан бөгөөд түүнийг ийм зүйл хийсэн гэхэд хэлэх ч үг олдохгүй байна. Энэ бүхний эцэст миний сэтгэл санаа маш их хямарч, нойр хоол муудаж, ажлаа хийж чадахгүй болсон бөгөөд ийнхүү нэг хэсэгтээ л сэтгэл санаа тогтворгүй болж, хэнд ч итгэж чадахаа больж, бие өвдөж, ходоод хямарч, зүрхээр хатгуулдаг болсон. Үүний уршгаар саяхан хагалаанд орж, одоо тэнхрүүлэх эмчилгээ хийлгэж байгаа болно. Түүний надад учруулсан сэтгэл санааны хохирлыг хэмжихийн аргагүй.
Тиймээс дээрх бүх үйлдэл нь намайг ноцтой гомдоож байгаа тул өөрийн бэлэглэсэн байраа эргүүлэн авах, мөн энэ хүнээс болж эрүүл мэндээрээ хохирч, сэтгэл санааны хүнд дарамтанд орсон тул энэ их хохирлыг мөнгөн төлбөрөөр гаргуулж, бага ч болов өөрийнхөө гомдлыг барагдуулах хүсэлтэй байна.
Иймд би Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2, 280 дугаар зүйлийн 280.1, 280.2, 280.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасны дагуу М.Төр-Амгалантай 2012 оны 07 сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулж, орон сууц өмчлөх эрхийг Цолмон миний нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч М.Төр-Амгаланд даалгах, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.1, 497 дүгээр зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг үндэслэн мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.1-т заасны дагуу гэм хор учруулснаас үүссэн эмчилгээний төлбөр 3,163,416 төгрөг, сэтгэл санааны хохирлын төлбөрт 5,000,000 төгрөг, нийт 8,163,416 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож, зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад:
Нэхэмжлэгчийн эрүүл мэнд сэтгэл санаанд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, дүгнэлт гаргуулсаны дараа тусад нь шүүхэд нэхэмжлэл гаргах учраас хохирол нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаа татан авч байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үүргийн дагуу орон сууц өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Цолмонгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах болгож, өөрчилж байна гэжээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
Нэхэмжлэгч Б.Цолмонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй” гэж заасны дагуу тус дүүргийн шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага дараах байдлаар нэмэгдүүлж байна. Халхавчлагдаж буй худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 245.2 болон 109.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул уг гэрээ нь мөн хуулийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Цолмон болон хариуцагч М.Төр-Амгалан нар нь бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлд байдаг 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн. Гэхдээ бодит байдал дээр нэхэмжлэгч хариуцагч нар нь бэлэглэлийн гэрээ байгуулаагүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу хариуцагч нь байрны мөнгийг төлсөн тухай баримт хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан байдаг. Нэхэмжлэгч Б.Цолмон нь хариуцагчид хөнгөлөлттэй үнээр орон сууцаа худалдаж, бэлэглэлийн гэрээгээр халхавчилсан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсаны татварыг төлөхгүй гэсэн зорилгоор уг бэлэглэлийн гэрээг байгуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн 2 өрөө байрны өмчлөх эрх бэлэглэлийн гэрээний дагуу хариуцагчид шилжсэн. Мөн нэхэмжлэгч, хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахдаа бичгээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй байдаг. Иймээс хууль зөрчиж хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, халхавчлагдаж хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг гэрээний дагуу өмчлөх эрх нь шилжсэн 2 өрөө орон сууцыг хариуцагчаас буцаан гаргуулах хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд бэлэглэлийн гэрээ бичгээр байгуулагдсан хэдий ч уг гэрээ нь талуудын хүсэл сонирхлын үндсэн дээр байгуулагдсан эсэхийг тогтоох нь зүйтэй. Нэхэмжлэгч М.Төр-Амгаланг “Санхүүгийн тооцоолол групп” ХХК-иас орон сууцаар шагнаж байна гэсэн “Батламж бичиг” хэрэгт авагдсан байдаг. Бэлэглэлийн гэрээг иргэн Б.Цолмон, иргэн М.Төр-Амгалан нар байгуулсан болохоос нэхэмжлэгч нь “Санхүүгийн тооцоолол групп” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Талууд уг байрны үнэ гэж мөнгө өгөлцөж, авалцсан баримт хэрэгт авагдсан байгаа. Бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөргүй гэрээ байдаг бөгөөд хариуцагч нь байрны үнийг нэхэмжлэгчид төлсөн байдлаар тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэдэг нь нотлогдож байгаа юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байхын тулд талуудын хооронд 2 гэрээ байгуулагдсан байхыг шаарддаг. Худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй байгаа нь уг гэрээг огт байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Зөвхөн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар батлуулна гэсэн хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй гэрээ байгуулсан юм.
Нэхэмжлэгч нь хариуцагч М.Төр-Амгалантай Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасны дагуу бэлэглэлийн гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь надаас хууль зүйн зөвлөгөө авахад нь тэдний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу уг хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болгож, өөрчлөх нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгсөн юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар уг гэрээг огт хийгдээгүй гэж үздэг учраас хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй байдаг. Талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд бодитойгоор хийгдсэн худалдах, худалдан авах гэрээг халхавчилж хийгдсэн гэрээ юм. Анхнаасаа нэхэмжлэгч хариуцагч нар нь худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан учраас уг хэлцлийн үндсэн дээр талууд Иргэний эрх зүйн харилцаанд оролцсоныг шүүх анхаарч үзнэ үү. Шүүх шийдвэрээ гаргахдаа хэн хэний хооронд ямар харилцаа үүссэнийг сайтар шалгах нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагчийг байраар шагнах батламжийг компани гардуулсан бөгөөд нэхэмжлэгч Б.Цолмон, хариуцагч М.Төр-Амгалан 2-ын хооронд худалдах, худалдан авах гэрээ л байгуулагдсан. Хариуцагчийн хувьд уг батламжийн дагуу байраа хуулийн этгээдээс шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч нь уг компанийн тухайд нийт хувьцааны 52 хувийг нь эзэмшдэг юм. Иргэн Б.Цолмонгийн эд хөрөнгө нь “Санхүүгийн тооцоолол групп” ХХК-ийн эд хөрөнгөтэй холилдоогүй тусдаа тооцоотой байдаг. Ямар ч компанийн хувьд 50 хувийн хувьцаа эзэмшигч нэг хүн уг компанийн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжгүй юм. Хариуцагчтай байгуулсан бэлэглэлийн гэрээ гэж хийсэн уг гэрээндээ нэхэмжлэгч автаад тус гэрээг үндэслээд анх шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцохдоо нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчлүүлсэн юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар талууд хүчин төгөлдөр бус хэлцэл анх байгуулахдаа уг гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг мэдэж байгуулсан байж болдог. Мэдээгүй ч байгуулсан байж болдог. Би өмгөөлөгч хүний хувьд шүүхийн өмнө үндэслэлтэй зүйл ярих гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлүүлсэн юм. Нэхэмжлэгч Б.Цолмон нь компанийн өмнө ямар үүрэг хүлээж, уг байраа хариуцагчид өгсөн талаар хууль зүйн үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүй. Худалдах, худалдан авах гэрээ нь заавал бичгээр байгуулсан байхыг шаарддаггүй гэрээ юм. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсөн гэрчүүд нь хариуцагчийг байрны үнэ төлсөн талаар нотолсон. Мөн уг компанийн нягтлан бодогч нь 5,700 доллар хариуцагчаас компанид орж ирсэн талаар мөн уг мөнгийг тушаасан хүн нар гэрчилсэн гэж үзэж байна гэв.
Хариуцагч М.Төр-Амгалан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие “Санхүүгийн тооцоолох” ХХК-д 2001 оноос хойш 14 жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаад 2015 оны 9 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн билээ. Тус компанид ажиллах хугацаандаа “SCoffice” програмаас гадна Acolous 3.0 зэрэг өөр бусад программуудыг ганцаараа болон хамтран зохиож, компаниа санхүүгийн программын худалдаагаар улсдаа монополь компани болоход үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс намайг өөрийн компанид нь ажиллаж байх хугацаанд "Программаа сайн бичээд, компанидаа тогтвор суурьшилтай ажиллавал байраар шагнана” гэсэн бөгөөд миний зохиосон Acolous 3.0 программ нь тус компаний голлох бүдээгдэхүүн болж, төсөвт байгууллагын НББ-ын зах зээлд амжилттай нэвтэрсэн. Иймд компаний зүгээс 2012 оны наадмаар буюу 2012 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 21-144 тоот 2 өрөө орон сууцаар намайг шагнасан билээ. Нэхэмжлэгчийн зүгээс тус шагналыг олгохдоо М.Төр-Амгалан нь манай компанид 2001 оноос 11 жил тасралтгүй тогтвор суурьшилтай, идэвхи зүтгэл, үр бүтээлтэй, сэтгэл гаргаж ажиллан, компанийхаа хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж Баянгол дүүргийн 15 хороо 3 хорооллын 21-144 тоог 2 өрөө орон сууцаар шагнан урамшуулж байна. хэмээн байгууллагын хамт олны хурал дээр нийтэд зарлан, маргаан бүхий байраар шагнасан. Түүнчлэн миний бие “Санхүүгийн тооцоолох” ХХК-д 2001 оноос 2015 оны 09 сар хүртэл ажиллахдаа нэхэмжлэлд дурдсан шиг компаний ажлыг унагах нь бүү хэл, харин ч өөд нь татах олон ажлуудыг хийж гүйнэтгэсэн. М.Төр-Амгалан миний бие Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 21-144 тоот 2 өрөө орон сууцаар шагнуулахаасаа өмнө ажлуудыг хийж, “Санхүүгийн тооцоолох” ХХК-д их хэмжээний ашиг орлогыг оруулсан. Үүнд: Scoffice 1.0 Нягтлан бодох бүртгэлийн програм, Sclnsurance-Монгол даатгал компаний захиалгаар даатгалын бүртгэлийн систем, Асоlоus 3.0- Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн систем, SCKass-Кассын бэлэн мөнгөний орлогын бүртгэлийн систем, PlanTD-Төсвийн ерөнхийлөн захирагчийн зардлын төлөвлөлт гүйцэтгэлийн програм сангийн яаманд, PCost-Төсөвт байгууллагын бүтээгдэхүүн нийлүүлэлт зардлын төлөвлөлтийн програм, Memorial-Төрийн сан банкны Мемориалын ордерийн бүртгэлийн програм, Investment-Төсвийн ерөнхийлөн захирагчийн зардлын төлөвлөлт гүйцэтгэлийн програм /обьектоор, Нийслэлийн ЗДТГазар/, Эмийн зардал-Эмийн зардлын тооцооны програм, Мөн орон сууцаар шагнуулсанаас хойш буюу 2012 оноос 2014 онуудад дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: “Төрийн Тусгай хамгаалалтын газар нутгийн орлого зарлагын гүйцэтгэлийн тайланг боловсронгуй болгох” ажлыг, Оюутны сургалтын төлбөрийн орлогын программыг, Treasury-Төрийн сангийн бүртгэл тооцооны програм /Сангийн яам, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт зориулсан санхүүгийн тайлагналын / программыг, 2014 онд лицензийн төлбөр тооцооны үйл ажиллагааг санаачлан Acolous 3.0 програмд гардан хийж, хэрэглэгчдэд нэвтрүүлсэнээрээ богино хугацаанд 200-аад сая төгрөгийн орлогыг нэхэмжлэгчийн “Санхүүгийн тооцоолох” ХХК-д оруулсан. Дээрх ажлуудыг миний бие хийж гүйцэтгэснээр тус компани нь байнгын орлогын эх үүсвэртэй болж, улмаар нэхэмжлэгч н.Цолмонг гомдоох биш, баярлуулсан үйл явдал болж байсан. Компаний удирдлагын зүгээс баримталж буй бодлого нь чадварлаг ажилчиддаа эд хөрөнгө амлаж бага цалингаар цөөн хүнийг өндөр бүтээмжээр, олон жил ажиллуулах нь компаний удирдлагад ашигтай боловч, ажилчдыг туйлдуулах, тууштай ажиллах хүсэл сонирхолгүй болгох зэрэг сөрөг үр дагавартай байсан. Мөн тус компаний удирдлагын багийн уур амьсгал илт өөрчлөгдөж, тав тухтай ажиллах нөхцөл, бололцоог олгохгүй. Хов жив ихсэж, сэтгэл зүйн дарамт учруулж эхэлсэн.
Иймээс би аргагүйн эрхэнд өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлийг өгч, 2015 оны 9 дүгээр сард ажлаас халагдсан болно. Түүнээс нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шиг хар буруу санаа өвөрлөж ажлаасаа гараагүй, мөн компаний бусад ажилчдыг уруу татсан зүйл байхгүй юм. Иргэн бүр МУ-ын үндсэн хууль 16-р зүйлийн 16.4-д заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, аж ахуй эрхлэх эрхтэй” гэж заасны дагуу өөрийн ажиллах газар, ажлын байраа өөрсдөө чөлөөтэй сонгох эрхтэй. Энэ эрхээ эдэлж “Санхүүгийн тооцоолох” ХХК-иас гарсан ажилтан тус бүрийг надтай холбож байгаа нь огт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь миний авьяас чадвараа дайчлан олон жилийн оюуны бүтээлч ажиллагааныхаа үр дүнд бий болгосон “оюуны үнэт зүйл”-ийг минь 14 жил худалдан борлуулж, олон зуун сая төгрөгийн үр шимийг нь хүртчихээд, эцэст нь орох оронгүй болгох, мөн нэр хүндийг минь гутаан, ажил хөдөлмөр эрхлэх эрхийг минь зөрчих гэсэн увайгүй сэтгэл гаргаж байгаад гүнээ харамсаж байна.
Мөн нэхэмжлэгч нь Ө.Ууганбаярын /миний шинээр ажилд орсон компанийн захирал/ оюуны бүтээл болох Ахрlorer санхүүгийн програм миний зохиосон Acolous 3.0 програм хэмээн хардаж байсан бөгөөд харилцагчид зах зээлийн чөлөөт сонголтын зарчмаар Ахрlоrer санхүүгийн программыг сонгон, хэрэглэж байгаа явдлыг “манай харилцагчдыг урвуулан татаж байна” хэмээн ойлгож, тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл М.Төр-Амгалан миний бие нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон, түүний компани болох “Санхүүгийн тооцоолох” ХХК-ийн ашиглаж буй Acolous 3.0 програмыг ашигласан, нэхэмжлэгч эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан үйлдэл гаргасан зүйл байхгүй болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Төр-Амгалан нь 2001-2015 он хүртэл 14 жилийн хугацаанд нэхэмжлэгч Б.Цолмонгийн компанид ажилласан байдаг. Нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа тус компанид голлох бүтээгдэхүүн болох санхүүгийн программ, бусад программуудыг бүтээж өгсөн. Нэхэмжлэгч Б.Цолмонгийн “Санхүүгийн тооцоолол групп” ХХК нь хариуцагчийн зохиож өгсөн нягтлан бодох бүртгэлийн программаар голлох бүтээгдэхүүнээ хийж, ашиг орлого олж, үйл ажиллагаа нь явагдаж байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагч М.Төр-Амгаланг өөрийнх нь компанид олон жил тууштай сайн ажилласныг нь үнэлж, хувийнхаа зүгээс 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр компанийн ажилчдынхаа өмнө Баянгол дүүрэгт байрлах 2 өөрөө орон сууцыг бэлэглэж, шагнасан байдаг. Энэ шагналтай холбоотой хариуцагчид олгосон “Батламж бичиг” хэрэгт авагдсан байгаа. Хариуцагчийг шагнаж байгаа үйлдэл нь бэлэглэлийн гэрээгээр хэлбэржсэн. Ийм учраас бэлэглэлийн гэрээ нь талуудын хүсэл сонирхлын үндсэн дээр байгуулагдсан гэрээ юм. Хуульд заасны дагуу аливаа гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгоход гэрээг байгуулахад талуудын хүсэл зориг нь ямар байсныг анхаарч, шийдвэр гаргах нь зүйтэй байдаг. Хариуцагч М.Төр-Амгалан нь нэхэмжлэгчийн компаниас гарч, компанийн бусад ажилчдыг урвуулсан тул бэлэглэлийн гэрээг цуцлах хүсэлтэй байгаагаа нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байгаа. Нэхэмжлэлийн нэг шаардлага болох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нь хангагдах боломжгүй юм. Анхнаасаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөх эрх нь шилжсэн уг байрыг Б.Цолмон гэдэг хүн хариуцагч М.Төр-Амгаланг зүгээр явж байхад нь өгчихөөгүй юм. Нэхэмжлэгч Б.Цолмон нь “Санхүүгийн тооцоолол групп” ХХК-ийн захирал нь учраас олон жил ажилласан сайн ажилчнаа урамшуулж, байраар шагнасан бөгөөд энэ тухай нотлох “Батламж бичиг” хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч нь 10 гаруй жил уг компанид ажиллаж, ашиг орлого олох эх үүсвэр болсон программыг зохиож, үүний хариуд байр бэлэглэсэн. Уг байртай холбогдон гарах зардлыг хариуцагчаар төлүүлснийгээ худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн мөнгө гэж үзэж болохгүй. Нэхэмжлэгч нь анх бэлэг авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон учраас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгч Б.Цолмон нь бэлэглэлийн гэрээний дагуу хариуцагчид байр бэлэглэсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлгээр нотлогдоно гэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж, шүүх шийдвэр гаргадаг. Нэхэмжлэгч талын хувьд өөр гэрээг халхавчилж хийгдсэн хэлцэл учраас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Бодит байдал дээр үнэхээр халхавчилж хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ байгаа эсэхийг шүүх анхаарч үзнэ үү. 2012 оны 07 дугаар сард нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээ байгуулж, уг гэрээний дагуу орон сууцыг хариуцагчид бэлэглэсэн байдаг. Б.Цолмон гэдэг хүн ямар сэдлээр М.Төр-Амгаланд байр бэлэглэх болсон асуудал нэн чухал. Компани хариуцагчид байр бэлэглэх батламж өгсөн байхад М.Төр-Амгаланд иргэн Б.Цолмонгоос орон сууц бэлэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлах нь энэ хэрэгт огт хамааралгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Цолмон нь хүсэл зоригийнхоо хүрээнд М.Төр-Амгаланд уг орон сууцыг бэлэглэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч тал уг байрыг хариуцагчид худалдсан гэдгээ нотолж чадаагүй байгаа. М.Төр-Амгалан гэдэг хүн байрны үнэ тушаасан гэсэн ганцхан баримтаар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзээд байгаа. Гэтэл уг мөнгө тушаасан баримтыг үйлдсэн хүн нь компанийн нярав, мөнгө тушаасан хүн нь н.Ванданрагчаамаа юм. Нярав мөнгө тушаасан баримтан дээр “байрны үнэ” гэж бичсэн байдаг. Мөнгө тушаасан н.Ванданрагчаамаа “байрны үнэ” гэж бичээгүй. Энэ факт нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Мөн мөнгө тушаасан баримтын хувьд үйлдсэн байдал нь нэг талын буюу нэхэмжлэгч талын үйлдсэн баримт юм. Бэлэглэлийн гэрээг төлөөлөөд байгуулсан, гол нөхцлөө тохирсон гэх факт нотлогдоогүй. Хариуцагчийн хувьд 10 гаруй жил уг компанид ажиллаж, гол бүтээгдэхүүн болон санхүүгийн программыг бүтээсэн юм. Ингэж ажилласан байдлыг нь шагнаж, хариуцагч М.Төр-Амгаланд нэхэмжлэгч нь байр бэлэглэсэн. Бэлэглэлийн гэрээний дагуу гарах зардалд 5,700 ам доллар тушаагаарай гэж нэхэмжлэгч нь хэлсний дагуу М.Төр-Амгалан баярлаад юу ч асуулгүй уг мөнгийг тушаасан байдаг. Б.Цолмон гэдэг хүн орон сууц бэлэглэх хүсэл зоригоо хэрэгжүүлж, хариуцагчид орон сууц бэлэглэчихээд 4,5 жилийн дараа яагаад шүүхэд нэхэмжлэл гаргах болсон тухайгаа анх гаргасан нэхэмжлэлдээ тодорхой дурдсан байдаг. Бэлэглэлийн гэрээг талууд бичгээр байгуулаад энэ байрыг шижлүүлсэн нь хөдлөшгүй нотлогдож байгаа. М.Төр-Амгалан нь уг байрыг худалдаж авах сонирхол байгаагүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байгаа учраас үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга тодорхой биш, нэхэмжлэлийн шаардлага батлагдахгүй байна.
М.Төр-Амгаланг урвуулсан гэх ажилчид нь хариуцагчийг уг ажлаас гарахаас нь өмнө нь ажлаасаа гарчихсан байсан хүмүүс байдаг. Нэхэмжлэгч нь н.Жүгдэрнамжилд бас байр бэлэглэсэн хэрнээ бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр биш байсан юм бол яагаад н.Жүгдэрнамжил, н.Ууганбаяр нараас өгсөн байраа нэхэхгүй байгаа юм бэ гэж гайхаж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цолмон нь хариуцагч М.Төр-Амгаланд холбогдуулан 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, орон сууцны өмчлөх эрхийг Б.Цолмонгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах, сэтгэл санаа, гэм хорын хохиролд 8,163,416 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн талуудын хооронд 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор өөрчилж, 2012 оны 06 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан гэх худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Мөн сэтгэл санаа, гэм хорын хохиролд 8,163,416 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШТ2016/00888 дугаартай тогтоолоор баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд М.Төр-Амгалантай 2012 оны 07 сарын 12-ны өдөр байгуулсан орон сууц бэлэглэлийн гэрээг болон 2012 оны 06 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан гэх худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг Б.Цолмонгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин мэтгэлцэж байна.
Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “... талуудын хооронд 2012 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Улсын бүртгэлийн Ү-2205005678 дугаарт бүртгэгдсэн БГД-ийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 144 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулсан ба уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсаны татварыг төлөхгүй гэсэн зорилгоор 2012 оны 07 сарын 12-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээг байгуулсан байдаг. Иймд талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Мөн энэ гэрээний цаана халхавчлагдаж байгаа худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага болох бичгээр байгуулагдаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм ...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ“... хариуцагч М.Төр-Амгалан нь нэхэмжлэгч Б.Цолмонгийн “Санхүүгийн тооцоолох” ХХК-д 2001-2015 оны хооронд нийт 14 жил ажилласан. Энэ хугацаанд хариуцагч М.Төр-Амгаланг өөрийнх нь компанид олон жил тууштай сайн ажилласныг нь үнэлж, захирал нь хувийнхаа зүгээс 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр компанийн ажилчдынхаа өмнө Баянгол дүүрэгт байрлах 2 өөрөө орон сууцыг бэлэглэж, шагнасан байдаг. Энэ шагналтай холбоотой хариуцагчид олгосон “Батламж бичиг” хэрэгт авагдсан байгаа. Хариуцагчийг шагнаж байгаа үйлдэл нь бэлэглэлийн гэрээгээр хэлбэржсэн. Ийм учраас бэлэглэлийн гэрээ нь талуудын хүсэл сонирхлын үндсэн дээр байгуулагдсан гэрээ юм. Талуудын хооронд ямар нэгэн худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна ...” гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.Цолмон “Санхүүгийн тооцоолох” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд тэрээр тус компанийн ажилтан М.Төр-Амгалангийн тус компаний хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, өөрийн өмчлөлийн БГД-ийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 21 дүгээр байрны 144 тоот 2 өрөө орон сууцаар шагнахаар батламж олгосон болох нь 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн батламж, гэрч н.Алтангэрэлийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Цолмон нь компанийн захирлын хувиар өөрийн өмчлөлийн байраар хариуцагч М.Төр-Амгаланг шагнахаар компанийн хамт олны өмнө батламж гардуулсныг уг орон сууцыг түүнд бэлэглэх хүсэл зоригоо илэрхийлсэн байна гэж үзнэ.
Уг хүсэл зоригыг хариуцагч М.Төр-Амгалан хүлээн авч, тэдний хооронд 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулагдсаныг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар нь нотлох баримт болно.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдагдсан “...Түүнийг компанидаа үнэнч шударгаар, тогтвор суурьшилтай, сэтгэл зүтгэл гарган ажиллах байх гэсэн бодлын үүднээс би 2012 оны 7 сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 19 хороо, 3-р хороолол, 21-р байрны 144 тоот 2 өрөө өөрийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэх бэлэглэлийн гэрээг түүнтэй байгуулж энэхүү гэрээний үндсэн дээр уг байрны өмчлөх эрх түүнд шилжүүлсэн...” гэх тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...хариуцагч нь энэ компанид 11 жил ажилласан. Улсын төсвийн байгууллагуудын хэрэглэдэг нягтлан бодох бүртгэлийн программыг хариуцагч нь компанидаа бүтээж өгсөн учраас тус байрыг бэлэглэсэн...” гэх тайлбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...надаас хууль зүйн зөвлөгөө авахад нь тэдний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу уг хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болгож, өөрчлөх нь зүйтэй гэсэн зөвлөгөө өгсөн юм...” гэх тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Цолмон нь хариуцагч М.Төр-Амгаланд Баянгол дүүргийн 19 хороо, 3-р хороолол, 21-р байрны 144 тоот 2 өрөө өөрийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэх хүсэл зоригтой байсан болох нь тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлд заасан Бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн байх ба уг гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүйгээр шилжүүлнэ гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч тал болох Б.Цолмонд БГД-ийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 21 дүгээр байрны 144 тоот 2 өрөө орон сууцыг бэлэг хүлээн авагч тал болох М.Төр-Амгаланд шилжүүлэх үүрэг үүссэн бөгөөд энэхүү үүргээ биелүүлж, БГД-ийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 21 тоот байрны 144 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бэлэг хүлээн авагчид 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн болох нь орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийг хийгч тал нь түүнийг хэрэгжүүлэх ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байдаг. Гэтэл зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд талууд бэлэглэлийн гэрээний дагуу эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байсан болох нь тогтоогдохгүй байх тул 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй байна.
Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр бэлэглэлийн гэрээний үндсэн дээр БГД-ийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 21 дүгээр байрны 144 тоот 2 өрөө орон сууц хариуцагч М.Төр-Амгалангийн өмчлөлд шилжсэн байх тул талуудын хооронд уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч тал ...“Санхүүгийн тооцоолох” ХХК-д 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр М.Төр-Амгалангаас 5,700 ам.долларыг байрны үнэд гэх гүйлгээний утгатайгаар тушаасныг болон уг мөнгийг тушаасан гэх гэрч Б.Ванданрагчаамаа, мөнгө тушаасан баримтыг шалгаж, баталгаажуулсан гэх гэрч Г.Наранчимэг нарын мэдүүлгийг үндэслэн талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний дагуу иргэн М.Төр-Амгалан иргэн Б.Цолмонгоос орон сууц худалдаж авсан юм бол уг орон сууцны үнийг иргэн Б.Цолмонд төлөх үүрэгтэй болохоос “Санхүүгийн тооцоолох” ХХК-д төлөх үүрэг үүсэхгүй.
Иймд 2012 оны 06 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан гэх БГД-ийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 21 дүгээр байрны 144 тоот 2 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр хариуцагч М.Төр-Амгаланд холбогдуулан гаргасан 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр, 2012 оны 06 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан гэх худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг Б.Цолмонгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Цолмонгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Төр-Амгаланд холбогдуулан гаргасан талуудын хооронд 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээг болон 2012 оны 06 дугаар сарын 29-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, БГД-ийн 15 дугаар хороо, 3 дугаар хорооллын 21 дүгээр байрны 144 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.Цолмонгийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Цолмонгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Цолмонгоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686,167.08 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА