| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1181/Э |
| Дугаар | 1199 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 1199
2020 06 30 2020/ШЦТ/1199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч О.Баярсайхан,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т.Бид холбогдох эрүүгийн 2006 00000 1541 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор Д.Эрдэнэ-Очиртой маргалдаж улмаар зодолдож түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Т.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
Шүүгдэгч Т.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 31-ний орой 21:00 цагийн үед хамаатны залуу болох Л.Азжаргал намайг ажлаас ирж авсан. Тэгээд бид хоёр хмат манай гэр лүү явж байтал гэрт тог тасарсан гэхээр нь Азжаргалын гэрээс гаазан зуух авах гээд үеэл эгч болох Л.Ариунбуян руу Азжаргал залгахад “Дарь-Эхэд байна, намайг ирээд авчих” гэхээр нь Азжаргал бид хоёр яваад очсон. Удалгүй Ариунбуянг авах гээд байгаа газарт нь очоод залгахад “намайг гаргахгүй байна” гэхээр нь Азжаргал бид хоёр тэр байр луу нь ороход тэнд Ариунбуян болон түүний эмэгтэй найз мөн хамтран амьдрагч гэх залуу байсан. Тэгтэл тэр залуу нь намайг Ариунбуянтай хардаад хэл амаар доромжлоод байсан бөгөөд Азжаргал бид хоёр тухайн залуутай хамт гарсан. Гадагш гараад машинд суучихаад дахин хэл амаар доромжлоод байхаар нь маргалдаж эхэлсэн. Тэгээд гэнэт тэр залуу намайг нэг удаа алгадсан тэр үед Азжаргал болиулсан. Тэгээд Ариунбуянг дуудаад гарч ирэхээр нь бид нар хөдлөөд явж байхад намайг цамцаар боогоод байхаар нь би нэг удаа алгадахад миний цээжин хэсэгт 2-3 удаа цохиод байхаар нь би нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон мөн дахин нэг удаа нүүрэн хэсэгт нь тохойлдсон...” гэх мэдүүлэг[2],
Хохирогч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед хамтран амьдрагч Ариунбуянтай уулзах гэж Ариунбуяны найз Бямбаагийн гэрт нь очсон юм. Бямбаагийн гэр нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг. /Хаягийг нь сайн мэдэхгүй/ ямар ч байсан нийтийн байр байсан ба доороо тээврийн хэрэгслийн гарааштай юм байна лээ. Тэгээд байж байсан чинь Ариунбуяны төрсөн ах Аззаяа нь найз Т.Б гэх залуутай ирсэн. Аззаяагийн унаж явсан тээврийн хэрэгсэлд /улсын дугаар маркийг нь мэдэхгүй/ суусан. Тэгсэн чинь Т.Б нь чи миний хамаатны дүү болох Ариунбуян дээр ирж дүүг минь зовоолоо гэж над руу дайрсан. Улмаар бид хоёр маргалдаж намайг зодсон...” гэх мэдүүлэг[3],
Гэрч Л.Ариунбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 18:00 цагийн үед манай найз болох Б.Бямбасүрэн /88920389/ дугаараар залгаад “чи манайд хүрээд ирээч ойрд уулзаагүй уулзаж сууя” гэхэд нь би “очиж чадахгүй” гэхэд надаас гуйгаад байхаар нь орой 22:00 цагийн үед Бямбасүрэнгийн гэрт очсон. Тэгээд гэрт нь очиход Бямбасүрэн “Соёрхол” нэртэй архи задлаад надаас “уух уу?” гэж асуухад “уухгүй, аавын бие муу байгаа” гэж хэлсэн. Тэгээд байж байтал Бямбасүрэнгийн утас руу манай хуучин нөхөр Эрдэнэ-Очир залгаад “цамцаа авмаар байна” гэхэд нь би “намайг энд байна гэж хэлээд хэрэггүй” гэхэд “зүгээрээ чи нэг уулзаад үзээч над руу өдрөөс хойш залгасан” гэхэд нь “уулзах шаардлага байхгүй” гэсэн. Тэгтэл удаагүй Эрдэнэ-Очир Бямбасүрэнгийн гэрийн гадаа ирчихээд хаалгыг нь тогшоод байхаар нь би онгойлгоод цамцыг нь өгчихөөд “чи одоо яв” гээд хаалгыг нь хаасан. Тэгээд удалгүй хаалгыг нь үргэлжлүүлэн нүдээд байхаар нь найз хажуунаас нь “чи уулзаад үзээч” гэхэд нь өвлийн хаалгыг чинь эвдэлчихэж магадгүй гэж бодоод онгойлгоход согтуу байсан. Тэр үед Эрдэнэ-Очир надаас уучлалт гуйгаад гар бариад байхаар нь “битгий давраад бай” гэхэд намайг хэл амаар доромжлоод байсан. Би удалгүй ариун цэврийн өрөө орж байхад ах болох Л.Азжаргал /89269089/ залгаад намайг хаана байгаа талаар асуухад нь би “найзындаа байна, энд Эрдэнэ-Очир хамт байна. Тэгээд намайг хэл амаар доромжлоод байна. Та намайг ирээд авчих” гэхэд “за” гээд 30-40 минутын дараа Бямбасүрэнгийн гэрт ах болох Азжаргал, үеэл дүү болох Т.Бийн хамтаар ирсэн. Тэгээд Т.Бтай намайг хардаад хэл амаар доромжлоод байсан бөгөөд манай ах “одоо айлд уугаад яахав” гээд ах Азжаргал болон Т.Б нар аваад гарсан би удаагүй араас нь гарсан. Тэгээд ахын машинд суугаад явж байтал намайг хэл амаар доромжлоод татаж чангаагаад байхад манай дүү Т.Бтай Эрдэнэ-Очиртой харилцан зодолдоод цохилцож байхад нь ах машинаасаа буугаад салгаж байсан...” гэх мэдүүлэг[4],
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 6628 дугаартай:
“1. Д.Эрдэнэ-Очир-н биед баруун, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[5],
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа[6],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7]
Хорооны тодорхойлолт[8],
Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл[9] зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[10] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор Д.Эрдэнэ-Очиртой маргалдаж улмаар зодолдож түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх[11],
Шүүгдэгч Т.Б яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би нэг удаа алгадахад миний цээжин хэсэгт 2-3 удаа цохиод байхаар нь би нүүрэн хэсэгт нь нэг удаа гараараа цохисон мөн дахин нэг удаа нүүрэн хэсэгт нь тохойлдсон.” гэх[12],
Хохирогч Д.Эрдэнэ-Очир мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Б нь чи миний хамаатны дүү болох Ариунбуян дээр ирж дүүг минь зовоолоо гэж над руу дайрсан. Улмаар бид хоёр маргалдаж намайг зодсон...” гэх[13],
Гэрч Л.Ариунбуян мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай дүү Т.Б Эрдэнэ-Очиртой харилцан зодолдоод цохилцож байхад нь ах машинаасаа буугаад салгаж байсан...” гэх мэдүүлгүүд[14], Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6628 дугаартай дүгнэлт[15] зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Т.Б нь хохирогч Д.Эрдэнэ-Очирын нүүрэн тус газарт гараа цохих, тохойлдох зэргээр хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Д.Эрдэнэ-Очирт Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 6628 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алиманд цус хуралт, хүзүүнд зулгаралт” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Т.Б нь хохирогч Д.Эрдэнэ-Очирын нүүр рүү цохих, тохойлдсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтайгаар, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Т.Бийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогч хохирол төлбөрийг барагдуулсан, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Т.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Эрдэнэ-Очир нь “энэ хэрэгт хохиролтой холбоотой ямар нэг маргаан байхгүй тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”[16] гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Т.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Т.Б уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Т.Бид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Т.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Прокурорын зүгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргаж, яллагдагчид танилцуулах ажиллагаа болон яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар тус тусдаа хийгдэх ажиллагаа болохыг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас
[8] Хавтас хэргийн 35 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 37-39 дүгээр хуудас
[10] Хавтас хэргийн 10-11 дугаар хуудас
[11] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[12] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас
[14] Хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 14 дүгээр хуудас
[16] Хавтас хэргийн 46 дугаар хуудас