| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/00465/И |
| Дугаар | 249 |
| Огноо | 2016-01-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 11-р байр 0 тоотод оршин суух, Боржгон овогт Сэр-Одын Шүрэнцацрал /РД:УП93012504/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо, 23-р байр 22 тоотод оршин суух, Их мянган овогт Бэгзсүрэнгийн Энхтуяа /РД:ЧИ69112466/,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг 8 дугаар хороо, Зүүн тасганы 2-22 тоотод оршин суух Бэгзийн Сийлэгмаа нарт холбогдох,
Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны 0 тоот байртай дүйцэх хэмжээний орон сууцыг биет байдлаар гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Шүрэнцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорж, хариуцагч Б.Энхтуяа, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Шүрэнцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн эрх зүйн чадамжгүй иргэн Ч.Сэр-Одоос иргэн Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нартай хийсэн хэлцэл буюу дээрх 0-ийн өрөөг худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгосон 1573 дугаартай шийдвэр гаргасан юм. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нар нь эрх зүйн чадамжгүй иргэн миний эх Ч.Сэр-Одоос худалдаж авсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11-0 тоот байрыг Ч.Сэр-Одын асран хамгаалагч С.Шүрэнцацрал миний биед буцааж өгөх үүрэгтэй боловч өнөө хүртэл бусдад дамжуулан худалдсан гээд бичиг баримтыг нь бүрдүүлж өгөхгүй байхын зэрэгцээ тийм байрлалд орших тийм хэмжээний өөр байр худалдаж авах мөнгийг авах гэхээр мөн өнөө хүртэл өгөхгүй намайг хохироож байна. Иймд Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нараас дээрх байрны үнийг өнөөгийн зах зээлийн ханшаар бодож 30,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нэхэмжлэгч С.Шүрэнцацрал миний Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1573 дугаартай шийдвэрээр хүчин төгөлдөр бус болсон хэлцлийн үр дагаварыг арилгуулахаар хариуцагч Б.Энхтуяагаас 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 ба 56.6 дахь хэсгийн заалтын дагуу Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны 0 тоот байртай дүйцэх хэмжээний орон сууцыг биет байдлаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаан нь нэхэмжлэгчийн эх Ч.Сэр-Одтой хариуцагч нар нь байгуулсан гэрээнээс үүдэлтэй маргаан юм. Чингэлтэй дүүргийн шүүх 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн эрх зүйн чадамжгүй иргэн Ч.Сэр-Одоос иргэн Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нартай хийсэн хэлцэл буюу дээрх 0 тоот өрөөг худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгосон 1573 дугаартай шийдвэр гаргасан юм. Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нар нь эрх зүйн чадамжгүй иргэн болох нэхэмжлэгчийн эх Ч.Сэр-Одоос худалдаж авсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 0 тоот өрөөг Ч.Сэр-Одын асран хамгаалагч С.Шүрэнцацралд буцааж өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч нар нь сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч нь тэднийг хүлээж хугацаа алдсан байдаг. Нэхэмжлэгч нь нэг талаас шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс нөгөө талаас өөрт учирсан хохирлыг барагдуулахаар шаардах эрхийнхээ дагуу хариуцагч нараас шаардсан юм. Нэхэмжлэгчийн хувьд 2 хүүхэдтэйгээ ээжтэйгээ хамт амьдардаг учраас тэдэнд толгой хорогдох орон байр л хэрэгтэй байна. Хариуцагч нар нь уг 0 тоот өрөөг нэхэмжлэгчид эргүүлэн өгөх боломжгүй бол уг 0 тоот өрөөтэй дүйцэхүйц өрөөг гаргуулах хүсэлтэй байна.
Хариуцагч Б.Энхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Сэр-Одын Шүрэнцацралын нэхэмжлэлд дурдсан буюу нэхэмжилсэн 30,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Ч.Сэр-Одыг тус 0 тоот өрөөг 2,500,000 төгрөгөөр худалдана гэсний дагуу худалдан авч 1,900,000 төгрөгийн засварыг хийсэн. Үүнд: Тус 0 тоот нь 1999 оноос 2004 он хүртэлх ус, дулааны төлбөрөө төлөөгүйгээс халуун усны шугамыг угаар тасдаж авсан. Угаалтуур, суултуур хагарсан, сантехникийн хаалт болон холбох хэрэгсэл байхгүй. Гадна хаалга татан ороход сууриараа нурж орсон эвдэрсэн, модон хаалгатай, хана тааз нийтдээ барзгар тосон будагтай, цонхнууд нь бүгд хагарсан, Цахилгааны монтажгүй байсан тул их засвар хийсэн. Энхтуяа би тус 0 тоотод нийт 4,400,000 төгрөгийн зардал гаргасан ба иргэн н.Амартуяад 5,800,000 төгрөгөөр худалдсан. Тус 0 тоот өрөөг худалдан авах болсон шалтгаан нь н.Сэр-Од нь 0 тоот өрөөгөө 2,500,000 төгрөгөөр зараад өөрийн гэсэн хашаа байшинтай болох хүсэлтэй, олон жилээр орон сууцны ашиглалтын /ус дулааны/ төлбөрөө төлөөгүй тул хувьчлан өгөхгүй орон сууц байсан тул СӨХ-оос байнга хөөгөөд байгаа гэж Ч.Сэр-Од ярихад нь тус болж уг 0 тоот өрөөг Б.Энхтуяа би худалдан авсан. Иймд С.Шүрэнцацралын нэхэмжлэлийг үгүйсгэж байна гэжээ.
Хариуцагч Б.Сийлэгмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2004 онд миний дүү Б.Энхтуяа нь Ч.Сэр-Одоос 0 тоот өрөөг 2,500,000 төгрөгөөр худалдаж авна гээд өөрөө 0 тоот өрөөтэй тул миний нэр дээр авсан. Миний бие өөр зүйл мэдэхгүй тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй байна. Хариуцагч Б.Энхтуяа нь уг 0 тоот байрыг худалдаж авсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Хэдийгээр хариуцагч Б.Энхтуяа нь энэ байрыг худалдаж авсан гэж байгаа боловч жинхэнэ өмчлөгч нь мөн эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч талын хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийнхээ хүрээнд уг 0 тоот өрөөний Улсын бүртгэлийн лавлагааг одоог хүртэл гаргуулаагүй, хэрэгт лавлагаа авагдаагүй байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч Б.Сийлэгмаагийн хувьд уг 0 тоот өрөөний хууль ёсны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн хэдий ч энэ тухай баримт лавлагаа хэрэгт мөн л авагдаагүй байгаа. Хариуцагч нарын өмгөөлөгчийн хувьд би эдгээр лавлагааг гаргуулах хүсэлт гаргаагүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн нотлох зүйл гэж үзэж байна. Өнөөдөр нэхэмжлэгч нь уг байрыг худалдсан эсэх асуудал эргэлзээтэй байгаа. Өмнөх шүүх хуралдаануудад нэхэмжлэгч нь хариуцагчаас ямар ч мөнгө аваагүй гэсэн тайлбар өгдөг хэдий ч одоо болохоор 0 тоот өрөөтэй дүйцэхүйц байр авъя гэж нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Бодит байдлаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэх асуудлыг нэхэмжлэгч нь тодорхой болгох ёстой юм. Үүний дараа шаардах эрхийн асуудал ярих нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь удаа дараалан шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байсан. Нэхэмжлэгч С.Шүрэнцацрал нь хэлцэл хийгдэх үед учир мэдэх насандаа хүрсэн байсан. “Хөх асар” орон сууцны конторт 0 тоот өрөөний ашиглалтын төлбөрийг хэн төлсөн, хэн уг байрыг зассан гэдгийг өнөөдрийн шүүх хуралдааны явцад тодруулах нь зүйтэй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйл, 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсгүүдэд заасан хугацааны асуудал энэ хэрэгт яригдана. Талууд 2004 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хэлцийн үүрэгтэй холбогдуулан маргаж байгаа бөгөөд уг хэлцэл нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан гэрээний үр дагавар дагуулсан хэлцэл мөн. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанууд дууссан байна. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч С.Шүрэнцацрал нь хэзээнээс Ч.Сэр-Одын хууль ёсны асран хамгаалагчаар томилогдсон тухай харах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тухай ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа дүйцэхүйц өрөө гэдэг ойлголт нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч нь үнэлэгдэх боломжгүй тодорхойгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нар нь уг 0 тоот өрөөг худалдаж аваад, хөрөнгө оруулалт хийж, засч сайжруулсан тул хэрвээ худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийг буцааж авах гэж байгаа бол тухайн үеийнх нь байдлаар буцааж өгөх ёстой гэж үзэж байна. Хариуцагч Б.Энхтуяа болон хариуцагч Б.Сийлэгмаа нар нь н.Амартуяа, С.Шүрэнцацрал нарын хоорондын асуудлаас болж хохирох нөхцөл байдал үүсээд байгааг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Шүрэнцацрал нь хариуцагч Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нарт холбогдуулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны 0 тоот байртай дүйцэх хэмжээний орон сууцыг биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж үзлээ.
2004 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ч.Сэр-Од, Б.Сийлэгмаа нарын хооронд Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны 0 тоот өрөөг 2,500,000 төгрөгөөр худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу тус орон сууцны өмчлөх эрх худалдан авагч тал болох Б.Сийлэгмаад шилжсэн.
Б.Сийлэгмаа нь 2005 оны 5 дугаар сард иргэн Т.Амартуяад уг байрыг худалдсанаар Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны 0 тоотын өмчлөгчөөр Т.Амартуяа бүртгэгдсэн болох нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1573 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдож байх ба зохигч маргахгүй байна.
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2064 дугаартай шийдвэрээр Ч.Сэр-Одыг иргэний эрхзүйн чадамжгүйд тооцож, түүний асран хамгаалагчаар С.Шүрэнцацралыг томилсон байх ба уг шийдвэрийг үндэслэн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1573 дугаартай шүүхийн шийдвэрээр Ч.Сэр-Од, Б.Сийлэгмаа нарын хооронд байгуулагдсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны 0 тоот өрөөг 2,500,000 төгрөгөөр худалдах худалдан авах тухай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон байх ба уг шийдвэр хүчин төгөлдөр байна /хх-ийн 8 дугаар тал/.
Нэхэмжлэгч нь “Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1573 дугаартай шүүхийн шийдвэрээр “0” тоот өрөөг худалдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон боловч уг “0” тоот өрөөг хариуцагч нар нь иргэн Т.Амартуяад худалдсан байх тул хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны 0 тоот өрөөг биет байдлаар гаргуулах боломжгүй байх тул уг “0” тоот өрөөтэй дүйцэх хэмжээний орон сууцыг биет байдлаар гаргуулна...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, маргаж байх ба үндэслэлээ “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй,...нэхэмжлэлийн шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн “0” тоот өрөөг, боломжгүй бол үнийг нэхэмжлэх эрхтэй байхад Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны 0 тоот өрөөтэй дүйцэх хэмжээний орон сууцыг биет байдлаар гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны 0 тоот байртай дүйцэх хэмжээний орон сууцыг биет байдлаар гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байх боловч ийм байр хаана байдаг болох, ямар шинжээр нь түүнийг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны 0 тоот байртай дүйцэхүйц гэж үзэж байгаа нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт ямар нэгэн баримтыг ирүүлээгүй байна.
Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны 0 тоот байртай дүйцэх хэмжээний орон сууцыг биет байдлаар гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Шүрэнцацралын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Энхтуяа, Б.Сийлэгмаа нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр байрны 6 дугаар орцны 0 тоот байртай дүйцэх хэмжээний орон сууцыг биет байдлаар гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Шүрэнцацралын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийг тус нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА