| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/09383/И |
| Дугаар | 276 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, “Их тэргүүн” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Тулга констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Энерготех сервис” ХХК-д холбогдох
11,581,956 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шаравжамц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тулга констракшн” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Энерготех сервис” ХХК-тай гадна дулааны шугамын ажил гүйцэтгүүлэхээр 2013 оны 7 сарын 01-ний өдөр 2013/55 тоот гэрээ байгуулсан юм. Уг гэрээгээр “Энерготех сервис” ХХК нь 270 метр урттай, 3 хос шугамтай дулааны сувгийг, 287,051,641 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Хариуцагч “Энерготех сервис” ХХК нь зургийн дагуу ажлаа хийгээгүй бөгөөд 270 метр урттай ажил хийхээр тохиролцсоноос 210 метр урттай ажил хийсэн тул дутуу хийсэн ажил дээр нэмээд 317 метр дулааны шугамын ажлыг хийлгэхээр “Алтанбургастайн шугуй” ХХК-тай гэрээ байгуулан дуусгасан.
Ингээд уг шугамыг ашиглахад дулааны зөвшөөрөл олгогдохгүй байсаар 2016 оны 10 сард ашиглалтанд ороход гүйцэтгэгч “Энерготек сервис” ХХК-ийн 100 хувийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан дараах гэмтэл, гологдлууд илэрсэн юм. Гурван цэгт дулааны Ф 200-ын шугам гагнаасаараа задарсан, үл хөдлөх болон гулсах тулгуурыг зургийн дагуу хийгээгүй, нэг цэгт трубагаа зөвхөн торгоогоод орхисноос салж унасан байв. Эдгээр гэмтэл согогуудыг илэрсэн даруйд нь “Энерго техсервис” ХХК-ийн захирал Ч.Норовсамбууд арга хэмжээ авах хамтран ажиллах талаар олон удаа мэдэгдсэн боловч үл тоомсорлосон тул арга буюу бид өөрсдийн хөрөнгөөр засаж гүйцэтгээд гарсан хохирлоо нэхэмжилж шүүхэд хандаж байна. Иймд уг зөрчил дутагдлыг арилгахад 11,581,956 төгрөг гарсан тул уг зардлыг хариуцагч болох “Энерготех сервис” ХХК-аас гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ
Хариуцагч “Энерготех сервис” ХХК нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчдын дунд байгуулсан 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2013/55 дугаартай гэрээгээр “Тулга констракшн” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна дулааны 1 дүгээр хэлхээний шугам Ф200 мм 2 хос, мөн цэвэр усны Ф150 мм шугамуудыг шинээр 270м газарт ДХ-1-ээс ДХ-7 хүртэл цэгт 287,051,641 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, улмаар хариуцагч тал ажлаа хуваарийн дагуу хийж гүйцэтгэсэн. Харин нэхэмжлэгч ажлын хөлсийг гэрээний 5.4-т заасан ёсоор шилжүүлээгүй болно. Нэхэмжлэгч тал дээрх ажлын хөлсөнд нийт 229,100,000 төгрөг шилжүүлсэн. Мөн хэрэгт авагдсан фотозургууд нь хариуцагч “Энерготех сервис” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил болох үйлчилгээний байрны шугамын зураг уу эсвэл 96 айлын орон сууцны дулааны шугамын зураг уу гэдэг нь тодорхойгүй байна.
Өөрөөр хэлбэл 11,581,956 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага 2013/55 дугаартай гэрээт ажилтай холбоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тулга констракшн” ХХК нь хариуцагч “Энерготех сервис” ХХК-д холбогдуулан 11,581,956 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Талуудын хооронд 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2013/55 дугаартай “Гадна дулаан, цэвэр усны шугам шинээр угсрах ажил гүйцэтгэх” гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Тулга констракшн” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна дулааны 1 дүгээр хэлхээний шугам Ф200 мм 2 хос, мөн цэвэр усны Ф150 мм шугамуудыг шинээр 270м газарт ДХ-1-ээс ДХ-7 хүртэл цэгт 287,051,641 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал нь “...хариуцагч нь гэрээгээр 270 м газарт гадна дулаан, цэвэр усны шугам шинээр хийх үүрэгтэй байсан боловч 210 метр гадна дулаан, цэвэр усны шугам хийж гүйцэтгээд алга болсон. Үүний хөлсөнд 229,100,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Хариуцагчийн дутуу хийсэн ажил дээр нэмээд нийт 317 метр гадна дулаан, цэвэр усны шугамын ажлын “Алтан бургастайн шугуй” ХХК-иар хийж гүйцэтгүүлээд ашиглалтанд оруулсан. “Энерготех сервис” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлаас “гурван цэгт дулааны Ф 200-ын шугам гагнаасаараа задарсан, Үл хөдлөх, болон гулсах тулгуурыг зургийн дагуу хийгээгүй, нэг цэгт трубагаа зөвхөн торгоогоод орхисноос салж унасан” зэрэг зөрчил дутагдал гарсныг манай компани уг зөрчил дутагдлыг арилган засч янзлахад нийт 11,581,956 төгрөгийн зардал гарсан” гэж тайлбарлан, түүнийг нотлохоор “Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Тулга констракшн” ХХК-ийн 96 айлын орон сууцны барилгын гадна дулааны шугамын нэмэгдэл ажлын гүйцэтгэлийн төсөв” гэх баримт /хх-ийн 4-12 тал/-ыг, мөн фото зураг /хх-ийн 13-15 тал/-ыг шүүхэд нотлох баримтаар ирүүлжээ.
Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ “...талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хариуцагч тал нь “Тулга констракшн” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна дулааны 1 дүгээр хэлхээний шугам Ф200 мм 2 хос, мөн цэвэр усны Ф150 мм шугамуудыг шинээр 270м газарт хийхээр тохиролцсон байхад нэхэмжлэгч нь 96 айлын орон сууцны барилгын гадна дулааны шугамын нэмэгдэл ажлыг хийсэн зардлыг нэхэмжилж байна, …уг дулааны шугамд гарсан гэх зөрчил дутагдлууд нь хариуцагч компанийн хийсэн ажлын зөрчил дутагдал мөн эсэх нь тодорхойгүй байна...” гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний шинж, гэрээний талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Талууд 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2013/55 дугаартай “Гадна дулаан, цэвэр усны шугам шинээр угсрах ажил гүйцэтгэх” гэрээг дүгнэсэн, уг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлцсэн тухай баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй хэдий ч нэхэмжлэгчийн “...хариуцагч тал 270 метрт шугамын ажил хийх ёстойгоос 210 метрт хийж, түүнд тохирсон хөлс болох 229,100,000 төгрөгийг төлсөн...” гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэхгүй байна.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар “Зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэжээ
Нэхэмжлэгч тал нь “Энерготех сервис” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 210 мерт шугамд “гурван цэгт дулааны Ф 200-ын шугам гагнаасаараа задарсан, Үл хөдлөх, болон гулсах тулгуурыг зургийн дагуу хийгээгүй, нэг цэгт трубагаа зөвхөн торгоогоод орхисноос салж унасан” зөрчил дутагдал гарсан тайлбарлаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч “Энерготех сервис” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 210 метр дулааны шугамд дээрх зөрчил дутагдал гарсан гэдгийг тогтоосон акт дүгнэлт байхгүй, мөн уг зөрчил дутагдлыг арилгахад 11,581,956 төгрөгийг зарцуулсан гэх байдал нь санхүүгийн баримт, байгууллагын тайлан тооцоогоор тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч нь энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.
Нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан өгсөн “Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Тулга констракшн” ХХК-ийн 96 айлын орон сууцны барилгын гадна дулааны шугамын нэмэгдэл ажлын гүйцэтгэлийн төсөв” гэх баримт /хх-ийн 4-12 тал/, фото зураг /хх-ийн 13-15 тал/-ууд нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажилтай хэрхэн хамааралтай болох, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын зөрчил дутагдлыг арилгахад гарсан зардал, эсхүл хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил дээр нэмж хийсэн ажлын төсвийн алин болох нь ойлгомжгүй, хариуцагчийн хийсэн ажлын фото зураг мөн эсэх нь тодорхойгүй байх тул уг баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх үндэслэлээр “Энерготек сервис” ХХК-иас 11,581,956 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Тулга констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Энерготек сервис” ХХК-иас 11,581,956 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “Тулга констракшн” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Тулга констракшн” ХХКиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200261 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээрсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА