Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 05

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 10-7а тоотод оршин суух Улаан сахиуст овогт Тогтохсүрэнгийн Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар 1-1 тоотод оршин суух Хөхөө овогт Дэчингийн Ганбат, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 462 дугаар байрны 05 тоотод Ваангив овогт Мягмарсүрэнгийн Бямбацэрэн нараас Гэм хорын хохирол 1105787 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Т.Хүрэлбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай бага хүү болох Х.Ананд нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр кесарево хагалгаагаар төрсөн юм. Улмаар кесарево хагалгаа хийсэн эмч Д.Ганбат, сувилагч М.Бямбацэрэн нар цус тогтоогч багажаараа хүүг маань түлсэн байсан. Тухайн үед хүүгийн маань бие муудаж улмаар биеийн байдал нь дээрдэхгүй байхаар нь Улаанбаатар хот эх нялхаст очиж 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлж байгаад ирсэн. Одоо хүүгийн биеийн тайван бус байдалтай уйлагнаад байгаа. Хүү маань төрсөн цагаасаа хойш тархины эм ууж, хоол соольттойгоос болж биеийн шингэн алдаж тархлаа сул байгаа байгаа ба харшил ханиад хүрэх нь амархан болсон учир эм ихээр хэрэглэх шалтгаан болж байна. Энэ бүгдээс хамаараад эхнэр хүүхэд болон манай гэр бүл эрүүл мэнд эдийн засаг болон бусад зүйлээрээ хохирч байна. Эхнэр бид хоёр одоогоор хийсэн ажилгүй хүүгийн эм тариаг авч өгөхөд хүндрэлтэй байна. Иймд Д.Ганбат, М.Бямбацэрэн нараас гэм хорын хохирол 1105787 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ганбат, М.Бямбацэрэн нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Хүрэлбаатарын нэхэмжилж байгаа 1105787 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Т.Хүрэлбаатар нь Д.Ганбат, М.Бямбацэрэн нараас 1105787 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ганбат, М.Бямбацэрэн нар нь 1105787 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Улаан сахиуст овогт Тогтохсүрэнгийн Хүрэлбаатарын нэхэмжлэлтэй Хөхөө овогт Дэчингийн Ганбат, Ваангив овогт Мягмарсүхийн Бямбацэрэн нараас 1105787 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31100 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганбат, М.Бямбацэрэн нараас 15550 төгрөг, орон нутгийн орлогын /5540607728 тоот данснаас/ 15550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Хүрэлбаатарт олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА