Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1205

 

 

 

 

 

 

 

 

2020            07            01                                         2020/ШЦТ/1205

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч М.Батзаяа,   

Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

Хохирогч Э.Энхбаатар,

Шүүгдэгч Ц.Ц нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Ц холбогдох эрүүгийн 2006 02385 1470 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ц нь ..... тоотод Э.Энхбаатарыг эхнэртэйгээ хардаж улмаар толгойн тус газарт нь лоомоор цохиж зулайн хуйханд шарх, зулайн, духны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн сарвууны алганы зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Ц.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэрэг болсон өдөр 22 цагийн орчимд Энхбаатартай цохисон нь үнэн” гэх мэдүүлэг[1],

 

Хохирогч Э.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[2],

 

Шүүгдэгч Ц.Цгийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хөлөө хугалчихаад гэрээсээ гарахгүй 3-4 сар хэвтсэн. Би хувиараа сураар адууны хэрэглэл хийж зах дээр зардаг юм. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр захиалгын эд зүйлээ хийж дуусчихаад 19 цагийн үед зах дээр байнга өгдөг таньдаг лангууны хүнд өгчихөөд тэр хүмүүстэй 2-3 шил архи уучихаад 20 цагийн үед зодоон болсон дэлгүүрээс хүнснийхээ зүйлийг аваад орсон. Тэгээд зодоон болдог хашаанд эхнэрийгээ тосох санаатай гараад явж байхад дэлгүүрийн хажуу талын нийтийн байрны цонхон дээр эхнэртэй адилхан хүн харагдахаар нь тус нийтийн байр луу орж эхнэрээ асуугаад буцаж гарахдаа тус дэлгүүрийн арын хашаанд явж байгаад хохирогч Энхбаатартай таарсан чинь айлын хашаанд согтуу юу хийж явааг асуухад би хүн хайж явна гэсэн ингээд уг асуудлаас болж бид хоёр маргалдаж зодолдсон...” гэх мэдүүлэг[3],

 

Хохирогч Э.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед дэлгүүр дээрээ байж байгаад хойд хаалгаараа бие засах гээд дэлгүүрээсээ дөнгөж гартал нэг эрэгтэй хүн гартаа төмөр лоом барьчихсан шууд миний толгой руу нэг удаа цохиод авсан. Тэгээд дахиад цохих гээд далайхаар нь би лоомтой гарыг нь барьж аваад ноцолдоод бид 2 газар унасан...” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч А.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр орой 22 цагийн үед үл таних согтуу хүн Э.Энхбаатартай маргалдсан хүн гэнэт гартаа лоом төмөр барьсан манайх руу айл андуурч орж ирэхээр нь гаргасан чинь манай 2 давхараар явж байснаа дахиж манай хаалгыг татахаар нь гарах хаалга хажууд байгаа гэсэн чинь гараад явсан. Тэгээд уг хүнийг бууж байгаа эсэхийг цонхоороо харсан чинь дэлгүүрийн худалдагч Э.Энхбаатар дэлгүүрийнхээ цаана зогсож байснаа уг хүнтэй таарч айлын хашаанд байна гар гэж хэлж байсан.  Тэгэхээр нь би явчихлаа гэж бодоод өрөөндөө орсон. Ингээд удаагүй нөгөө хоёр зодолдож маргалдаж байгаа юм шиг чимээ сонсогдохоор нь цонхоороо харсан чинь нөгөө хоёр 1 давхрын үүдний орчим байсан учраас надад харагдахгүй байсан. Тэгээд Энхбаатар чимээгүй болчихоор нь эхнэр лүү нь нөхөр чинь хүнтэй зодолдоод байх шиг байна гэж утсаар хэлсэн. Тэгээд эхнэр нь гарч ирээд эгч бид хоёрыг дуудахаар нь гарсан чинь 1 давхрын хаалганы орчим Э.Энхбаатар нөгөө хүнийг дээр нь дарсан, гарыг нь барьсан байж байсан бөгөөд төмөр лоом хажууд нь байсан. Тэгээд нөгөө хүнийг босч ирээд дахиж зодож магадгүй гэж бодоод гар хөлийг нь Энхбаатар хүлж цагдаа эмнэлэг дуудаж, цагдаа ирэхээр нь би гэртээ орсон...” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Т.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 14-ний орой 22 цаг өнгөрч байхад манай нийтийн байрны 2 давхарт амьдардаг Эрдэнэцэцэг “нөхөр чинь гадаа хүнтэй зодолдоод байх шиг байна” гэж утсаар хэлэхээр нь нөхрийгөө гаргасныг мэдээгүй байсан учраас гайхаж сандраад хойд талын хаалгаар буюу хойд зүг рүү гарсан чинь хойд хаалганы хажууд үл таних согтуу хүнийг дээрээс нь дарсан байдалтай толгойноос нь битүү цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд юу болсныг асуухад бие засахаар гарсан чинь уг согтуу хүн үгийн зөрүүгүй толгой руу лоомоор цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[6],

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 5827 дугаартай:

“1. Э.Энхбаатарын биед зулайн хуйханд шарх, зулайн, духны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн сарвууны алганы зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэх боломжтой” гэх дүгнэлт[7],

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[8],

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9]

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл[10]

Шийтгэх тогтоолын хуулбар[11] зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь ...... тоот хашаанд Э.Энхбаатартай маргалдан улмаар толгойн тус газарт нь лоомоор цохиж зулайн хуйханд шарх, зулайн, духны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн сарвууны алганы зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний эмтрэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Ц.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэрэг болсон өдөр 22 цагийн орчимд Энхбаатартай цохисон нь үнэн...” гэх[12],

Хохирогч Э.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх[13],

Шүүгдэгч Ц.Ц яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхбаатартай таарсан чинь айлын хашаанд согтуу юу хийж явааг асуухад би хүн хайж явна гэсэн ингээд уг асуудлаас болж бид хоёр маргалдаж зодолдсон...” гэх[14],

 Хохирогч Э.Энхбаатар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед дэлгүүр дээрээ байж байгаад хойд хаалгаараа бие засах гээд дэлгүүрээсээ дөнгөж гартал нэг эрэгтэй хүн гартаа төмөр лоом барьчихсан шууд миний толгой руу нэг удаа цохиод авсан...” гэх[15],

Гэрч А.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...цонхоороо харсан чинь дэлгүүрийн худалдагч Э.Энхбаатар дэлгүүрийнхээ цаана зогсож байснаа уг хүнтэй таарч айлын хашаанд байна гар гэж хэлж байсан. Ингээд удаагүй нөгөө хоёр зодолдож маргалдаж байгаа юм шиг чимээ сонсогдохоор нь цонхоороо харсан чинь нөгөө хоёр 1 давхрын үүдний орчим байсан учраас надад харагдахгүй байсан...” гэх мэдүүлэг[16],

Гэрч Т.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд юу болсныг асуухад бие засахаар гарсан чинь уг согтуу хүн үгийн зөрүүгүй толгой руу лоомоор цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүд[17], Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 5827 дугаартай дүгнэлт[18] зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Э.Энхбаатарын толгойн тус газар лоомоор цохиж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Э.Энхбаатарт Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 5827 дугаартай дүгнэлтээр “зулайн хуйханд шарх, зулайн, духны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн сарвууны алганы зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстад цус хуралт, 1 шүдний эмтрэл” гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Э.Энхбаатарын толгойн тус газарт лоомоор цохисон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаан холбоотой байна.

 

Шүүгдэгч Ц.Цгийн үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Э.Энхбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт “Надад гомдол санал байхгүй, хохирлын мөнгөө нэхэмжлэхгүй”[19] гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ц.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Ц.Ц уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Шүүх шүүгдэгч Ц.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Ц.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Цг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                М.ТҮМЭННАСТ

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 69 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[6] Хавтас хэргийн 33 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 73 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас

[11] Хавтас хэргийн 76 дугаар хуудас

[12] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[13] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[14] Хавтаст хэргийн 69 дүгээр хуудас

[15] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[17] Хавтас хэргийн 33 дугаар хуудас

[18] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас

[19] Шүүх хуралдааны тэмдэглэлээс