| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1155/Э |
| Дугаар | 1211 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 1211
2020 07 01 2020/ШЦТ/1211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Б.Тулга,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мт холбогдох эрүүгийн 2006 01464 1206 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь ........ байрны гадна иргэн Б.Шажинбатыг “машины цонх хагаллаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хэрэг болсон өдөр би эхнэртэйгээ гэртээ байсан. Манай гурван дүү машинд сууж байсан.Тэгээд Шажинбат найз нартайгаа 11-н давхарт архи ууж байсан. Шажинбат нь манай машины цонхыг хагалсан. Би Шажинбатыг цохисон” гэх мэдүүлэг[1],
Шүүгдэгч Б.Мын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баянзүрх хотхоны 107-36 тоот болох өөрийн гэртээ байж байсан. 23 цаг 30 минутын үед манай дүү Баянмөнх над руу залгаад “Агаа таны машины чинь цонхыг хүн хагалсан байна” гэж утсаар хэлсэн. Би гэрээс гараад очиход миний өөрийн эзэмшлийн 25-65 УАА улсын дугаартай “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын цонх хагарсан байдалтай байсан. Тэгэхэд миний машины хажууд үл таних залуу машины хамар дээр хөлөө тавьчихсан зогсож байсан. Би тухайн залууг миний машины цонхыг хагалсан гэж бодоод нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг[2],
Хохирогч Б.Шажинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Баянзүрх хотхоны гадна 2020 оны 2 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнийн 00:00 цагийн үед миний өөрийн эзэмшлийн 2565 УАА улсын дугаартай “Тоёота Сай” маркийн машинд манай хамаатны дүү нар болох Алтан-Оргил, Баянмөнх, Дөлөө нар сууж байсан чинь “нэг эрэгтэй хүн ирээд машины цонх хагалчихсан” гэж намайг манай дүү нар утсаар дуудахаар нь би гэрээсээ гараад машин дээрээ очтол нэг залуу миний машин руу хөлөө жийчихсэн байж байхаар нь би тэр залууг түлхээд хавирсан. Тэгтэл араас нэг залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний амнаас цус гараад би доошоо суугаад цусаа арчиж цэвэрлэсэн...” гэх мэдүүлэг[3],
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3130 дугаартай:
“1. Б.Шажинбатын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[4]
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа[5],
Гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа[6],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7],
Оршин суугаа хаягийн тодорхойлолт[8],
Хохиролтой холбоотой
“Натур” эмнэлэгт үзүүлсэн баримт[9],
Эм, тариа худалдаж авсан баримт[10] зэрэг нотлох баримтууд болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлэг[11] нь түүний өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчих болохыг, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй, нотлох баримтаар үнэлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.М нь ......... байрны гадна Б.Шажинбатыг “машины цонх хагаллаа” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Шажинбатыг цохисон” гэх[12],
Шүүгдэгч Б.Мын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн залууг миний машины цонхыг хагалсан гэж бодоод нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохиж гэмтээсэн...” гэх[13],
Хохирогч Б.Шажинбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...араас нэг залуу миний нүүр лүү гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний амнаас цус гараад би доошоо суугаад цусаа арчиж цэвэрлэсэн” гэх мэдүүлгүүд[14], Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3130 дугаартай дүгнэлт[15] зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Шажинбатын нүүрэн тус газар нь цохиж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Хохирогч Б.Шажинбатад Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 3130 дугаартай шинжээчийн дүгнэлтээр биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Шажинбатын нүүрэн тус газар нь цохисон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг авч үзвэл, шүүгдэгч Б.М нь өөрийн эзэмшлийн “Тоёота Сай” маркийн тээврийн хэрэгслийн цонхыг хохирогч хагалсан гэж андуурч, чухам хэн хагалсан эсэхийг асууж тодруулалгүй, түрэмгий зан авир гаргаж хохирогчийн нүүрэн тус газар цохиж хөнгөн гэмтэл, хохирол учруулжээ.
Иймд шүүгдэгч Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Б.Шажинбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох “Натур” эмнэлэгт үзүүлсэн 120,000 төгрөг[16], эм, тариа худалдаж авсан 441,600 төгрөг[17] нийт 561,600 төгрөгийн баримт[18] авагдсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,
шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан.
Шүүгдэгч Б.Мын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мыг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М нь оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Маас 561,600 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Шажинбатад олгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[11] Хавтас хэргийн 20-21 дугаар хуудас
[12] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[13] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас
[16] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[18] Хавтас хэргийн 37-38 дугаар хуудас