Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2022/0059

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 02/12 дугаар тогтоолын хавсралтын 2.5-д “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох” гэсний 2-т “Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах, Нийтийн эдэлбэрийн газарт авах, 0,18 га” гэж заасан газраас “Б” ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсэг, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтын 2-т “Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв” гэж заасан газраас “Б” ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 784 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, өмгөөлөгч Э.Ж

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2020/0857/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-аас нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 02/12 дугаар тогтоолын хавсралтын 2.5-д “Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээ тогтоох” гэсний 2-т “Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах, Нийтийн эдэлбэрийн газарт авах, 0,18 га” гэж заасан газраас “Б” ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсэг, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолын хавсралтын 2-т “Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард, 14, 15 дугаар байруудын дунд байрлах 1884 м.кв” гэж заасан газраас “Б” ХХК-д олгосон 840 м.кв газартай давхацсан хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 784 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.5, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Анхан шатны шүүх нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1320 дугаар захирамж буюу тус захирамж гарах үндэслэл болсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээр байна гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Аливаа газрыг зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоосны үндсэн дээр “нийтийн эдэлбэр газар”-т хамааруулан ойлгох бөгөөд нэхэмжлэгч “Б” ХХК нь 2012 оноос хойш тус 840 м.кв газрыг эзэмшиж мөн 2011 онд “амины орон сууц”-ны зориулалтаар өмнөх эзэмшигч нь эзэмшиж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх үндэслэлгүйгээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.2. Анхан шатны шүүх “Б” ХХК-ийн газар эзэмших эрх үүсэхээс өмнө хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газар гэж тогтоосон мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

3.3. “Б” ХХК нь 2012 оноос хойш өөрийн эзэмших эрх бүхий газар дээрээ барилга барьж, үйл ажиллагаа явуулахаар хөрөнгө оруулалт татаж холбогдох бүх зөвшөөрлийг авсан байхад нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1110 дугаар захирамжаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд захиргааны үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

3.4. Хуульд “нийгмийн зайлшгүй шаардлага” бий болсон зайлшгүй тохиолдолд бусдад эзэмшүүлсэн газрыг нийтийн эдэлбэрт ашиглах тухай зохицуулсан бөгөөд манай компанийн эзэмших эрх бүхий газрыг нийтийн эдэлбэрт ашиглах тухай тохиролцсон зүйлгүй, Засгийн газраас холбогдох шийдвэр гаргаагүй байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоол гаргаж, 2012 оноос хойш манай компанийн эзэмшил, ашиглалтад буй 840 м.кв газрыг хүчээр нийтийн эдэлбэр газарт оруулан тогтоосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/1110 дугаар захирамжаар “Нийтийн эрх ашгийг хөндөж, нийтийн эзэмшлийн газарт газар олголт хийгдсэн” гэсэн үндэслэлээр “Б” ХХК-ийн үйлчилгээний орон сууцны зориулалттай 840 м.кв газрын 00013923 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 02/12 дугаар тогтоолоор Л.Энэбишийн өргөн чөлөө, Ачлал их дэлгүүрийн ард 14, 15 дугаар байрнуудын дундах тоглоомын талбайг нийтийн эдэлбэрийн газарт авч, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар тогтоолоор нийтийн эдэлбэрт газраар тогтоосон газрын байршил, талбайн хэмжээ, хил заагийн солбицлыг баталсан байна.

2.2. Нэхэмжлэгчээс дээрх захирамж, тогтоолуудыг эс зөвшөөрч “... бусдын газар эзэмшихтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхлыг манай компани зөрчсөн зүйл байхгүй ... манай компанийн эзэмших эрх бүхий газрыг нийтийн эдэлбэр газарт оруулан шийдвэрлэсэн нь хууль бус ... ” гэж, хариуцагчаас нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т зааснаар “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газарт” хуульд өөрөөр заагаагүй бол төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглах тул хувь хүн, хуулийн этгээдэд уг газрын эзэмших эрхийн олгосон нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа” хэмээн газрыг хууль зөрчиж олгосонтой холбон тайлбарлажээ.

2.3. Анхан шатны шүүх маргаан бүхий акт, хариуцагчийн татгалзлын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлага тус бүрд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр “нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газар нь хүүхдийн тоглоомын талбай бүхий газар болох нь нийтэд илэрхий баримт бөгөөд .... нийтийн эдэлбэр газарт газар эзэмшүүлсэн захирамжаа өөрөө хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг зөрчөөгүй байна” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

2.4. Хэрэгт авагдсан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/117 дугаар захирамжаар “Б” ХХК-д Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 840 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд “өмнөх зориулалт, талбай, байршил, амины орон сууц 700 м.кв, өмнөх шийдвэр 2011 оны 780” гэсэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 224 дүгээр шийдвэрт[1] “... Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газрын баталсан “Гурван өндөр” СӨХ-ны ашиглах газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтын схем зурагт “Б” ХХК-д олгосон газрын байршилд орон сууцны барилга барихаар төлөвлөгдсөн нь тухайн эзэмшил газрыг захиргааны байгууллагаас зориулалтаар нь олгосон байна...” гэж дүгнэжээ. Гэтэл маргаан бүхий 840 м.кв газар нь анхнаасаа ямар зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд олгогдсон болох, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан байсан нь тодорхойгүй, энэ талаар ямар ч баримт цуглуулаагүй нь буруу байна.

2.5. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 21.1.1-д “Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах” хэмээн тус тус зааснаар маргаан бүхий газрыг бусдын эзэмшилд олгох үед “нийтийн эдэлбэр газар”-т хамаарахаар төлөвлөгдсөн эсэх, нийтийн эзэмшлийн газрыг хууль зөрчин бусдын эзэмшилд олгосон эсэх, эсхүл бусдын эзэмшил, ашиглалтад нэгэнт олгогдсон газрыг нийтийн эзэмшилд ашиглахаар шийдвэрлэж байгаа эсэх талаарх баримтыг цуглуулж, маргаан бүхий актуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх нь зүйтэй.

2.6. Анх уг газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхэд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хэрхэн тусгагдсан, нийтийн эзэмшлийн газрыг хууль зөрчиж олгосон эсэхээс хамаарч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох”, эсхүл 49 дүгээр зүйлд заасан “эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах” үндэслэлүүдийн аль нь болох нь тодорхойлогдохоор байтал анхан шатны шүүх үүнийг анхаарч үзэлгүй, “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох”, “эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлах” үндэслэлүүдэд аль алинд нь хамаарч байгаа мэтээр ойлгомжгүй дүгнэлт хийжээ.

2.7. Нэгэнт маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд хамаарах “Нийтийн эзэмшлийн газарт газар олголт хийгдсэн” талаарх баримтууд хэрэгт авагдаагүй энэ тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 784 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар талд,