Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00998

 

“Х” ХХК-ийн Багануур салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 103/ШШ2017/00519 дүгээр шийдвэртэй

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 476 дугаар магадлалтай

“Х” ХХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй

Б.Э-, Д.Г- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 80 946 879 төгрөг, зээлийн хүү 19 372 968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 499 577 төгрөг, нотариатын зардалд 14 000 төгрөг нийт 100 833 424 төгрөг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Э-, Д.Г- нар нь тус банкны Багануур салбараас 2015 оны 11 сарын 06-ны өдөр № ЗГ/15/1069 дугаартай зээлийн гэрээг байгуулан 84 000 000 төгрөгийн зээлийг сарын 2,2 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн бөгөөд барьцаанд нь Багануур дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 480 м.кв талбайтай барилга, Багануур дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 3625 м.кв талбайтай газрын хамт мөн Land con60 маркын 3199 УНЛ машиныг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 3 053 121 төгрөг, зээлийн хүү 23 241 168 төгрөг, нийт 26 294 289 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөлгүй удаа дараа хугацаа хэтрүүлж, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш огт төлөлт хийхгүй 309 хоног хугацаа хэтрүүлээд байна. Мөн зээлдэгч нарт зээлийн эргэн төлөлтийг төлөх тухай удаа дараа мэдэгдэж мэдэх хуудас хүргүүлэн дуудаж уулзаж байсан боловч зээлээ төлөхгүй байгаа тул 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №ЗГ/15/1069 тоот гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээл 80 946 879 төгрөг, зээлийн хүү 19 372 969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 499 577 төгрөг, нотариатын зардал 14 000 төгрөг, нийт 100 833 424 төгрөгийг гаргуулах, зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нарын эрхэлж байсан бизнес өөрсдөөс нь үл хамаарах шалтгаанаар доголдож банкнаас авсан зээлийн төлөлт саатсан. Зээлийн төлөлтөд хорь гаруй сая төгрөг төлчихөөд байхад үндсэн зээлээс дөнгөж гурван сая төгрөг хасагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. 100 833 878.81 төгрөг нэхэмжилж байгаа нь буруу гэж бодож байна.

Хариуцагч нарын төлсөн 26 294 289 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлэндээ төлснөөр тооцуулж, үлдэх 57 705 711 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Хүүгийн бодолтод эргэлзэж байгаа, мөн зээл хугацаандаа олгогдоогүй гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүү зэргийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээ цуцлах шаардлагыг зөвшөөрч байгаа гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 103/ШШ2017/00519 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Э-, Д.Г- нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 80 946 879 төгрөг, зээлийн хүү 19 372 968 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 499 577 төгрөг, нотариатын зардалд 14 000 төгрөг нийт 100 833 424 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбарт олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Багануур дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 480 м.кв талбайтай барилга, Багануур дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэр хэсгийн 13 тоотод байрлах үйлдвэрлэлийн зориулалттай 3 625 м.кв талбайтай газрын хамт мөн Land con60 маркын 31-99 УНЛ автомашиныг тус тус дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасагт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагаас тэмдэгтийн хураамжид төлсөн 662 117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 662 117 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 476 дугаар магадлалаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 103/ШШ2017/00519 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 103/ШШ2017/00519 дугаар шийдвэрийн зарим хэсэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 476 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээлд 80 946 879 төгрөг, зээлийн хүүд 19 372 968 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 499 577 төгрөг, нотариатын зардалд 14 000 төгрөг нийт 100 833 424 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргасан.

Миний хувьд энэхүү шийдвэрийн нэмэгдүүлсэн хүүд 499 577 төгрөг төлүүлэх тухай хэсгийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх гомдлыг хангалгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэмэгдүүлсэн хүүд 499 577 төгрөг гаргуулах тухай хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Багануур салбар нь Б.Э-, Д.Г- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд нийт 100 833 424 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ/15/1069 дугаартай “Зээлийн гэрээ”, №БГҮ/15/1069 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч “Х” ХХК нь зээлдэгч Б.Э-, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Г- нарт 84 000 000 төгрөгийг жилийн 26.4%-ийн хүүтэй, 84 сарын хугацаатай бизнесийн хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар өөрийн өмчлөлийн үйлдвэрлэлийн зориулалттай барилга, газрын хамт, мөн Ланд кон 60 маркийн авто машиныг барьцаалжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Зээлдэгч нь гэрээний зүйл болох 84 000 000 төгрөгийг хүлээн авч, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр хийж байсан боловч 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хойш төлбөр хийгээгүй 309 хоног өнгөрч, гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр 100 833 424.15 төгрөгийг, нотариатын зардлын хамт нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 222 дугаар зүйлийн 222.7., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтыг зөрчөөгүй байна. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг ...хүлээнэ” гэж, 453 дугаар зүйлийн 453.1.-д “Зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зохицуулсан тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний 2.1.5., 7.1. дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээсэн байх тул “...шүүх Иргэний хуулийн 453 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нэмэгдүүлсэн хүүд 499 577 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

 Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 103/ШШ2017/00519 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 476 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-, Д.Г- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмонгоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 000 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Х.ЭРДЭНЭСУВД