Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 13

 

 

            Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюун даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

            Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “ННЗАЗЗ” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын тэргүүн Б-ын Б, тус сумын .. дугаар багийн иргэн С-ийн Т, .. дугаар багийн иргэн И-ны Б нарын нэхэмжлэлтэй,

             Хариуцагч: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргад тус тус холбогдох,

             Нэхэмжлэлийн шаардлага: Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ННЗАЗЗ” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын тэргүүн Б.Б, иргэн С.Т, И.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, хариуцагч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Д, түүний өмгөөлөгч Д.Галтогтох, сумын Засаг дарга Т.Б, түүний өмгөөлөгч В.Давааням,  гуравдагч этгээд “С Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б, түүний өмгөөлөгч Ө.Батболд, П.Еркебулан, нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай төрийн бус байгууллага нь нутаг орны иргэдийн сайн сайхны төлөө тэдний өмнө тулгамдаж буй нийгэмд ихээхэн газар авсан архидалт, мансуурал, ажилгүйдэл, ядуурлыг арилгах, газар шороогоо, малын бэлчээр болон байгаль орчноо хамгаалах чиглэлээр ажилладаг бөгөөд 2012 онд үүсгэн байгуулагдсан. Иргэн С.Т, И.Б бидний хувьд газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон газарт газар эзэмших эрхийг хуулийн дагуу авсан, газар эзэмшиж байгаа иргэд юм.

            Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 29 тоот албан бичгээр “С Т” ХХК нь 426 га газарт уурхайн эдэлбэр газрын зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн хүсэлтийг сумын Засаг даргад хүргүүлсэн. Энэ өдрийн маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6-р хуралдаан болж 03 тоот тогтоолоор /сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай/ 426 га газрыг “С Т” ХХК-д эзэмшүүлэхээр болсон... 

            Энэхүү сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03-р тогтоол, сумын Засаг даргын А/103 тоот захирамж нь нутгийн иргэдийн тэр дундаа 2-р багийн иргэдийн болон бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн шийдвэр болсон.

            “С Т” ХХК-д алт олборлуулахаар газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгосон ИТХ-ын  6-р хуралдааны 03-р тогтоол, сумын Засаг даргын А/103 тоот захирамж нь:

             1. Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлийн 27.1, 27.2 дахь заалтыг зөрчсөн буюу нэг ч удаа иргэдээ сонсох ажиллагаа явуулалгүйгээр шийдвэрлэсэн.

             2. Дээрх эзэмшилд олгосон газарт иргэд малчдын бэлчээрийн газар, өвөлжөө, хаваржаа, намаржаа гээд эзэмшүүлэхээр олгосон газартай давхацсан, зарим иргэд энэ шийдвэрээс болж эзэмших газаргүй болсон нь Газрын тухай хуулийг зөрчсөн.

             3. Сумын хадлангийн бэлчээр, нөөц газар байхгүй болж байна.

             4. Их хэмжээний газар эзэмшүүлэн улмаар алт олборлох болсон нь ус багатай манай нутгийн хувьд газрын үржил шимд маш муу нөлөө үзүүлж бэлчээргүй, усгүй болох аюул нүүрлэх цаг тулгарах тул иргэд бид зөвшөөрөхгүй, ирээдүйн нутгийнхаа бүрэн бүтэн байдал, экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, хамгаалахын төлөө эсэргүүцэж байгаа бөгөөд дээрх үндэслэлээр хууль зөрчсөн илтэд хууль бус шийдвэр болсон гэж үзэж байгаа юм.

             Төр, захиргааны байгууллага иргэдийн нийтлэг эрх, ашиг сонирхол хөндсөн шийдвэр гаргахаас өмнө иргэдээ сонсох ажиллагаа явуулж, багийн иргэдийн нийтийн хурал хийх ёстой. Гэтэл энэ талаар нэг ч удаа сонсгох ажиллагаа явуулаагүй төрийн өмч, бүх ард түмний баялаг болох газрыг гадаадын хөрөнгө оруулалттай компанид эзэмшүүлэх болсон нь хууль зөрчсөн ажиллагаа, иргэдийн эрхийг хөндөж байна.  Мөн ИТХ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23-р зүйлийн 23.4, 24-р зүйлийн 24.3 дахь заалтыг тус тус зөрчиж тэргүүлэгчдээрээ хэлэлцүүлээгүй, төлөөлөгч нартаа хэлэлцэх асуудлын талаар материал хүргүүлээгүй шууд хуралдсан нь хууль зөрчсөн...

              Иймд Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-р хуралдааны 3-р тогтоол, сумын Засаг даргын А/103 тоот захирамж нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

              Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилж, “...өмнө гаргасан А/103 тоот захирамжинд газар олгохдоо нэгж талбар бүр газар эзэмших гэрчилгээтэй байх хуулийн заалтыг зөрчиж гаргасан болохыг Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн “Дутагдал арилгуулах тухай” албан шаардлагыг хэрэгжүүлэн газрыг нэгж талбар бүрийг тусгаж өгсөн болж байна. Засаг даргын А/103 тоот захирамжийг илт хууль бусыг тогтоож, хүчингүй болгох тухай шаардлагаа өөрчлөн, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 тоот захирамжийг илт хууль бусыг тогтоож хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилж байна” гэжээ.

               Нэхэмжлэгч “ННЗАЗЗ” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын тэргүүн Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “С Т” ХХК-ийн захирал Т.Б нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг дарга Т.Бд хүсэлт гаргасан. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаад тогтоол гаргасан байдаг. Энэ хурлын үйл ажиллагаанд алдаа гарсан. ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаагүй. Хуулиар 14 хоногийн өмнө Тэргүүлэгч нар хуралдаад товоо зарлаж, төлөөлөгчдөд 3 хоногийн өмнө мэдэгдэл өгдөг. Энэ бүхэн хийгдээгүй гэдгийг үүгээр баталж байгаа юм. Газрын асуудал гуравхан хоногийн дотор шийдэгдсэн. Т.Б захирлаас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүсэлтээ гаргаад, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маргааш нь хуралдаад, сумын Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр захирамжаа гаргасан байдаг. Ийм учраас тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

               Нэхэмжлэгч И.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С Т” ХХК-д өгсөн газарт хашаа татсанаар малын бэлчээр, амьдрах орчин нөхцөл хашигдаж миний эрх ашиг зөрчигдөж байгаа юм. Манай гэрээс хойш 100 м хүрэхгүй байрлалд байх энгэр газар хашигдсанаар мал бэлчиж чадахгүйд хүрээд байна. Миний бие хавартаа “Мянган хоньт” хэмээх газарт малаа аваад гардаг. Тэгэхэд одоо тэр газарт малаа бэлчээх эрхгүй болж байна. Хаврын цагт хамгийн эрт ногоо гардаг, мал тарга тэвээрэг авдаг газар юм гэв.

               Нэхэмжлэгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ компанийн авсан гэх газраас 1,8 километр зайд амьдардаг. Манай мал тухайн газарт бэлчдэг. Улс орны бэлчээр, ус сүйтгэгдэх аюул бүрдэж байна. Миний болон багийн иргэдийн эрх маш их зөрчигдөж байгаа. Сумын дарга нар шийдвэр гаргахдаа багийн иргэдийн Нийтийн Хурал, ард иргэдэд сонсгох ажиллагааг алийг нь ч хийгээгүй. “С Т” ХХК газрыг маань дээрэмдэх шахуу авч байгаад маш их гомдож байна гэв.

               Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд нэхэмжлэгч “ННЗАЗЗ” төрийн бус байгууллага, мөн нэхэмжлэгч Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн иргэн С.Т, И.Б нарын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг дээр тэдний хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцож байна.

               Миний бие нэгэнт энэ хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж байгаа, эдгээр хүмүүс тайлбараа бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж дэлгэрэнгүй тайлбарлая гэж бодож байна. Нэхэмжлэгч нар 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, тус сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/103  дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сумын Засаг дарга 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар өмнө гаргасан 2017 оны А/103 дугаар захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч нарын анхны гаргасан шаардлага үгүйсгэгдэж ирсэн. Нэхэмжлэгч нарын зүгээс Цагаан-Овоо сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг илт бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан. Өнөөдрийн шүүх хурал дээр “илт хууль бус” гэснийг хасаж, захиргааны актыг хүчингүй болгуулъя” гэж байгаа. Үндэслэл нь юу вэ гэхээр,  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 29 дүгээр албан тоотоор “С Т” ХХК Цагаан-Овоо сумын Засаг дарга Т.Бд хүсэлт гаргасан. Энэ хүсэлтэд “С Т” ХХК Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрт орших “Урд цагаан овоо” нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайг “Сентеррагоулд Монголия” ХХК-иас Ашигт малтмал Газрын тосны газрын 544 тоот шийдвэрийн дагуу шилжүүлж авсан. “Лицензийн талбай 5492.63 га талбай бөгөөд үүний 426 га талбайд уурхайн эдэлбэр газрын зөвшөөрөл олгож бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү”  гэснийг үндэслэж, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болсон. Энэхүү хуралдаан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн гэж бид үзэж байгаа. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны байгууллагын дураараа аашлах, эрх мэдлээ хэтрүүлэх асуудлыг зохицуулж өгсөн. Шинэчлэн найруулсан Захиргааны ерөнхий хуулиар иргэдийн хувьд эрх, ашгаа хамгаалах хэмжээнд очсон хууль гэж миний хувьд үзэж байсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өгсөн хүсэлтийг 10 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцсэн байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4,  24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчсөн. Учир нь, 2017 оны 10 дугаар сарын 24-нд маргааш 9 цагт хуралтай гэдэг товыг төлөөлөгч нарт мэдэгдсэн байдаг.

               Дараагийн нэг асуудал бол 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цагаан-Овоо сумын Засаг даргын А/103 дугаар захирамж гарсан. Энэ захирамж гарсан талаар миний үйлчлүүлэгч нар мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Сумын Засаг дарга Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу А/103 дугаар захирамжаа, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу өөрчилсөн.. Газрын тухай хууль болон Үндсэн хуульд заасны дагуу газар зохион байгуулалтын асуудалд иргэдийн оролцоог хангах ёстой. Захиргааны Ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.2 дахь газар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, мөн сумын Засаг дарга захиргааны акт гаргах тохиолдолд зайлшгүй төлөвлөлт хийх, сонсох ажиллагааг явуулах шаардлагатай гэдгийг хуульчлан зохицуулсан. Иргэдийн энэ эрхийг хангаагүй гэдэг асуудал яригдаад байгаа юм. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох үйл ажиллагаа явуулах ёстой байсан, сонсох үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт байхгүй. Захиргааны акт гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн болон хөндөгдөж болзошгүй иргэдэд сонсох үйл ажиллагаа явуулна гэдэг зарчим алдагдсан гэж иргэд үзэж байгаа. Үүнтэй холбоотойгоор сонсох ажиллагааг хэнд хийх вэ, нэхэмжлэгч гэж хэнийг хэлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч нар өөрсдийнх нь эрх, ашиг сонирхол хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй гэдэг асуудлаараа нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байгаа.

               Иймээс Цагаан-Овоо сумын 2 дугаар багийн иргэд гэдгээр “ННЗАЗЗ” төрийн бус байгууллага, 2 дугаар багийн иргэд болох С.Т, И.Б нар нэхэмжлэл гаргасан. Иргэд тухайн шийдвэр гаргасныг 2018 оны 04 дүгээр сард “С Т” ХХК уурхайн үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ухах, агуулахын байгууламж барих, ажилчдын кемп барих зэргээр газар дээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн цаг хугацаанаас мэдсэн. “ННЗАЗЗ” төрийн бус байгууллагын төлөөлөгч Б.Б тухайн компанийн салбарын хүмүүстэй уулзаж, ямар шийдвэрээр та бүхэн Цагаан-Овоо сумын 2-р багийн нутаг дэвсгэр дээр барилга байгууламж барих үйл ажиллагаа явуулж байна вэ, газар эзэмших эрхийн гэрчилгээ чинь хаана байгаа талаар иргэн хүнийхээ хувьд Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд асуухад, барилга байгууламж барьж байгаа хүмүүс тухайн газар дээр барилга байгууламж барих зөвшөөрлийг холбогдох газраас аваагүй байсан. Үүнтэй холбоотой иргэд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гомдол гаргаж хандсан. Энэ асуудлаас үүдэж иргэд маань эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа юм байна, хөндөгдөж болзошгүй үйл явдал болсон юм байна гэдгийг мэдсэн. Эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэдэг асуудал гарч байгаа учир нь “С Т” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр тус сумын 2 дугаар багийн нэр бүхий 13 иргэний газар давхцсан асуудал гарч байгаа юм. Тус багийн иргэд хуралдаж, бэлчээрийн асуудал хүнд болох юм байна, бид алтны уурхайг оруулаад ирээдүй хойч үед ашигтай байдал байхгүй, тиймээс бид нутаг орноо хамгаалах хэрэгтэй байна гэдэг дээр санал нэгдэж, эдгээр хүмүүсийг шүүх, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн эрх бүхий байгууллагад бидний эрх ашгийг төлөөлж өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлээч гэсэн хүсэлт тавьсан. Ингээд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гомдол гаргаж, үүний дагуу тус газраас Цагаан-Овоо суманд хяналт шалгалт хийгээд албан шаардлага гаргасан. Энэ албан шаардлагыг үндэслэн сумын Засаг дарга 2017 оны А/103 дугаар захирамжаа  хүчингүй болгож,  2018 оны А/39 дүгээр захирамж гаргасан.

             “ННЗАЗЗ” төрийн бус байгууллагын хувьд 2012 онд байгуулагдсан, орон нутгийнхаа газар шороо, бэлчээрийн асуудалд иргэдийнхээ эрх, ашиг сонирхлыг төлөөлөн оролцох зорилготой байгууллага байгаа. Байгууллагынхаа дүрмийн энэхүү зорилгыг хэрэгжүүлэх үүднээс шүүхэд төлөөлж оролцож өгөөч гэсэн хүсэлтийг иргэдээс тавьсаны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь үүссэн. Дүрмийнхээ дагуу тус төрийн бус байгууллага энэ хэрэг маргаанд эрх ашиг нь хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй иргэдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа гэж үзэж байгаа юм. Иргэн И.Бийн хувьд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2-р багийн иргэдийн хүсэл зорилгын үндсэн дээр тэднийг төлөөлөхөөс гадна өөрийнх нь эрх, ашиг сонирхол хөндөгдсөн. Учир нь  И.Б 2011 онд сумын Засаг даргад хүсэлт гаргаж, мөн ондоо сумын Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх нь баталгаажиж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, тухайн газар дээрээ малаа маллан амьдарч байгаа иргэн юм. Иймд И.Б бол өөрийн эрх ашгийг хамгаалах, мөн иргэдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалан нэхэмжлэл гаргаж оролцож байгаа. Нэхэмжлэгч С.Тын хувьд мөн 2-р багийн нутаг дэвсгэр дээр амьдардаг. Мөн өөрийнх нь малын бэлчээрийн асуудал хөндөгдөж байгаа. Хэдийгээр “С Т” ХХК-д олгосон газартай газар нь давхцаагүй ч мал сүрэг дор хаяж 10 километр газарт чөлөөтэй бэлчдэг. Иргэдийн хүсэл сонирхлыг үндэслэж энэ хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байгаа юм.

              Засаг даргын А/103 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу хэрэг үүсгээд явж байх хугацаанд Цагаан-Овоо сумын Засаг даргын А/39 дүгээр захирамж гарсан. Энэ захирамжийг хэргийн материалтай танилцсан цаг хугацаанаас мэдсэн. Захиргааны байгууллага захиргааны акт гаргасан бол ашиг сонирхол нь хөндөгдсөн буюу хөндөгдөж болзошгүй иргэдэд мэдэгдэх ёстой. Нэгэнт шүүхэд хандсан явцын дунд зайлшгүй сумын Засаг даргын 2018 оны А/39 дүгээр захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрх нь үүссэн тул энэ процессыг явуулах шаардлага гарсан. Иймээс эдгээр хүмүүс дээд шатны Засаг даргад 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргасан, хугацаа хэтэрсэн зүйл байгаагүй. Гомдлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээж аваад өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа. Энэ асуудалтай холбоотой аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр албан бичиг ирүүлснийг урьдчилсан хэлэлцүүлэг дээр танилцуулсан. Үүнээс харахад А/39 дүгээр захирамжийг хэрхэн яаж шийдвэрлэх нь ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдалтай байж байна. Мэдээж Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд А/39 дүгээр захирамжийг хүчингүй болгох, өөр бусад байдлаар шийдвэр гаргах эрх хэмжээтэй.  Ажлын хэсэг 2 хоногийн өмнө Цагаан-Овоо суманд газар дээр нь очиж ажилласан. Бүрэн бүрэлдэхүүнээрээ очсон эсэхийг мэдэхгүй байна. Энэ хариуг аваагүй байгаа. Иймээс бид А/39 дүгээр захирамжийн хувьд процессын ажиллагаа хийгдсэн байгаа юм.

              Хариуцагч, Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Д хамгийн анх 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд тайлбар гаргаж өгсөн байдаг. Энэ тайлбар дээрээ “С Т” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 29 тоот бичгийн талаар ямар ч тайлбар бичээгүй байдаг. Энэ тоотыг Б.Б гуай Ц.Д даргаас авсан. Тайлбар дээрээ “...С Т ХХК Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрт 2012 онд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу авсан байдаг...” гэж байгаа юм. Сумын Засаг дарга нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын хүний хувьд яагаад “С Т” ХХК-д үйлчлээд байгааг мэдэхгүй байна. Ашиглах тусгай зөвшөөрлийн хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа явуулах эдэлбэр газар олгох хүсэлтийг сумын Засаг даргад хандаж тавьсан гэж байгаа юм. Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх хүсэлтийг сумын Засаг дарга шууд өгдөггүй. Газрын даамалд өгөөд, даамал хүлээн авч бүртгэх журамтай.  Гэтэл “С Т” ХХК-ийн дээрх бичгийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээж авсан болгож, тухайн өдөр өгсөн 22 тоот баримт гарч ирсэн. Учир нь “С Т” ХХК-ийн өгсөн энэ баримтын хэмжээнд бүртгэлийн дэвтэрт үзлэг хийлгэе гэсэн санал хүсэлтийг 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тавьсан. Үзлэг хийгдээгүй байгаа асуудал нь эдгээр хүмүүс өөрийн эрх хэмжээнд байгаа бичиг баримтыг өөрчлөх нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэж үзэж байгаа юм...  Үндсэн хуульд газар, газрын хэвлий иргэдийн эрх мэдэл, төрийн хамгаалалтад байна гэж заасан байгаа. Өнөөдөр иргэдийн эрх мэдэлд байна уу гэдэг асуудал яригдаж байна. Тэгш эрх, шударга байх зарчим алдагдсанаар эрх ашиг хөндөгдсөн гэх асуудал яригдаж байгаа юм.

              Газрын хэвлийн тухай хуульд заасны дагуу газар, газрын доорх баялаг өнөөгийн болон хойч ирээдүйн төлөө газрыг эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг төр олгодог. Гэхдээ өнөөдрийн газар эзэмшүүлэх үйл явц хариуцлагатай уул уурхайн бодлого байхгүй байна гэдэг асуудлаар эрх ашиг нь хөндөгдөж байна.

              Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа олон компани, ...газрын хэвлийг ашиглаад газрын дээд хэсэгт байгаа хөрс, ургамал, ан амьтан, энэ бүх зүйл хэрхэн яаж хөндөгдөх вэ гэдэг асуудал гарч ирж байна. Иргэд өнөөгийн бидэнд ашигтай байдал байхгүй, дээр нь ирээдүйд ямар ч ашиггүй газар үлдээж, ирээдүй хойч үеийнхээ баялгийг өнөөдөр бид хоол болгож идэхгүй гэсэн зүйлийг ярьж байгаа.

                Иймээс нэхэмжлэгч нар Үндсэн хуульд заасан эрх нь хөндөгдөж байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан юм гэв.

                Хариуцагч Цагаан-овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...”С Т” ХХК нь Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрт 2012 онд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу авсан байдаг.

              “С Т” ХХК-иас уг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд уурхайн үйл ажиллагаа явуулахаар эдэлбэр газар олгох тухай хүсэлтийг сумын Засаг дарга надад хандаж тавьсан. Уг хүсэлтийн дагуу сумын Засаг даргын зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулсан. Ийнхүүиргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар тогтоолоор, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10.00 цагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарлаж, хэлэлцэх асуудлын жагсаалтад “Сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан. Хуралдааны товыг зохих журмын дагуу хүргүүлж, хуралдаан хуулийн дагуу явагдсан бөгөөд нийт 21 төлөөлөгчөөс 17 төлөөлөгч ирж, ирц хангалттай байсан тул хуралдаан эхэлсэн. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө хэлэлцэх үед 14 төлөөлөгч байсан бөгөөд “Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 426 га газрыг ашиглуулах” асуудлаар санал хураахад санал хураалтад оролцсон 14 төлөөлөгчдийн 9 хүний саналаар дэмжигдсэн.

              Ийнхүү уг хуралдаанаас “Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03 дугаар тогтоол гарсан. Тогтоол нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу гарсан учраас илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй байна. Мөн хууль тогтоомжийн дагуу дээрхи тогтоолыг үндэслэж гаргасан сумын Засаг даргын А/103, А/39 тоот захирамжууд нь хуульд нийцсэн тул илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

              Хариуцагч Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын  өмгөөлөгч Д.Галтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

              Нэхэмжлэгч нарын зүгээс Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2017 оны 6-р хуралдааны 03-р тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь  2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хурлын дарга Ц.Дд тус сумын Засаг даргаас хүсэлт ирүүлсэн. Тус хүсэлтэд “...Сумын 2017 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны үндсэн чиглэл, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлаж өгнө үү...” гэсэн байдаг. Энэ хүсэлтийг Хурлын дарга Ц.Д хүлээж аваад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааныг зарласан. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны ирц хангалттай байсан тул дээрх 2 асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан зарлах эсэх асуудлыг хэлэлцэж, хуралдаан зарлах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагын дагуу хурлыг 15 хоногийн өмнө зарлаж, хурлын бэлтгэл хангах үүргийг тус Хурлын ажлын албанд өгсөн. Хурлыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 10:00 цагт хийхээр зарласан. Ажлын алба өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэн, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нийт 21 төлөөлөгчөөс 17 төлөөлөгч ирж, ирц 80,9 хувь буюу хангалттай бүрдсэнээр дээрх 2 асуудлыг хэлэлцсэн. Хоёр дахь асуудалд сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудал байсан. Үүнд газар ашиглуулахыг хүссэн “С Т” ХХК-ийн захирал Т.Б хүрэлцэн ирсэн. Ингээд Т.Бгаас тайлбар авсан. Энэ 2 дахь асуудлыг хэлэлцэх үед 3 төлөөлөгч чөлөө авч, 14 төлөөлөгч үлдсэн байсан. Төлөөлөгч нар дэмжих эсэх асуудалд санал хурааж, 14 төлөөлөгчөөс 9 төлөөлөгч 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж, хурлын тогтоол хуулийн дагуу гарсан учраас хууль бусад тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

            Хариуцагч Цагаан-овоо сумын Засаг дарга Т.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С Т” ХХК нь Цагаан-Овоо сумын нутаг дэвсгэрт 2012 онд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу авсан байдаг. “С Т” ХХК-аас уг ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд уурхайн үйл ажиллагаа явуулахаар эдэлбэр газар олгох тухай хүсэлтийг сумын Засаг дарга надад хандаж тавьсан.

            Уг хүсэлтийн дагуу сумын Засаг даргын зүгээс иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулсанаар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаар тогтоолоор 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарлаж, хэлэлцэх асуудлын жагсаалтад “Сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан байдаг. Хуралдаан хуулийн дагуу явагдаж, 14 төлөөлөгчөөс 9 төлөөлөгчийн саналаар дэмжигдсэн. Ийнхүү уг хуралдаанаас “Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03 дугаар тогтоол гарсан. Дээрхи тогтоолыг нь үндэслэж, сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/103 тоот захирамж гаргаж, 5 жилийн хугацаатай газар ашиглах шийдвэр гаргасан.

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу Мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагыг үндэслэж, уг А/103 тоот захирамжийг тодорхой заалтад өөрчлөлт оруулсан нь хуульд нийцнэ. Мөн тухайн компанид шинээр газар олгосон асуудал биш, өмнө олгогдсон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй талбай дээр нь зөвхөн эдэлбэр газрыг л зааж өгсөн. Тухайн А/103, А/39 тоот захирамжаар олгогдсон эдэлбэр газар нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөлтэй давхцаагүй, тухайн “С Т” компанийн ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй талбай юм.

           Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй компанийн үйл ажиллагаанд засаг захиргааны зүгээс саад хийх эрхгүй, хууль журмын дагуу холбогдох материалуудыг хүлээн авч, хуулийн хүрээнд шийдвэрээ гаргасан.

           “С Т” ХХК Цагаан-Овоо суманд 2012 онд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгуулагаас зохих журмын дагуу авсан байдаг. Нэхэмжлэгч нь  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүсэлт ирээд, маргааш нь буюу 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаад шийдвэрлэсэн гэдэг асуудал яригдаж байна. Эргэж харахад 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр миний нэр дээр  “С Т” ХХК-ийн захирал Т.Бгийн зүгээс хүсэлт албан бичгээр ирүүлсэн байдаг. Энэ хүсэлтийг миний бие  2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр сумын Байгаль орчны байцаагчид цохсон. Иймээс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирсэн бичгийг 10 дугаар сарын 25-ны өдөр цохсон гэдэг нь үндэслэлгүй худал зүйл юм.

           Цагаан-Овоо сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/103 дугаар захирамж гарч  хэрэгжээд явж байтал аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зүйн хяналтын Улсын байцаагч Г.Баярмаагаар ахлуулсан ажлын хэсэг манай суманд очиж ажиллаад сумын Засаг даргад 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12-04-030-ЦО-01 тоот албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагаар “...сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/103 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх хэсэгт заасны дагуу өөрөө хүчингүй болгож, зөвтгөх...” гэсний дагуу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжаар дээрх А/103 дугаар захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Миний хувьд энэ асуудалд эрх хэмжээнийхээ хүрээнд хандаж, хуулийн дагуу ажилласан гэдгээ хэлмээр байна гэв.

           Хариуцагч, Цагаан-Овоо сумын Засаг даргын өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргад холбогдуулж “ННЗАЗЗ” төрийн бус байгууллага, иргэн С.Т, И.Б нараас сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/103  дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ингээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь  сумын Засаг дарга А/103 дугаар захирамжаа өөрөө хүчингүй болгосон байх тул 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан байгаа. Эдэлбэр газар олгохтой холбоотой сумын Засаг даргаас А/103, А/39 гэсэн 2 захирамж гарсан. Анхны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/103 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.2, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоол зэргийг үндэслэж хууль зүйн үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэсэн ерөнхий үндэслэлийг заасан. Энэхүү хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т сум, дүүргийн Засаг даргын Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх эрхийг тусгаж өгсөн. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т “Энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан хамгийн гол тусгай эрх олгосон заалт байгаа. Газрын хэвлийн тухай хуулийн заалтыг давхар барьсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орсон тул энэхүү тогтоолыг барьсан байгаа. Ингээд А/103 дугаар захирамж хэрэгжээд явж байтал, Мэргэжлийн хяналтын газраас газрын нэгж талбар бүр хувийн хэрэгтэй байх ёстой, тус тусад нь заах хэрэгтэй, гэтэл бүхэлд нь 426 га гэж олгосон нь алдаатай тул үүнийгээ зөвтгө гэсэн албан шаардлага өгсөн. Энэ албан шаардлагыг хэрэгжүүлж, 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/39 дүгээр захирамж гаргасан. Захирамж гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсвэл дээд шатны Засаг дарга тухайн захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг баримталсан. Ийнхүү дээрх тусгай эрх олгосон заалтуудаа баримталж А/39 дүгээр захирамжийг гаргасан. Энэ захирамжаар А/103 дугаар захирамжийн 1 дүгээр заалтад өөрчлөлт оруулсанаас биш хүчингүй болгосон зүйл байхгүй. Иймээс А/103, А/39 дүгээр захирамжууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Эдгээр захиргааны актууд нэхэмжлэлд дурдсан иргэдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нотлох баримт шинжлэн судалсны дараа нэхэмжлэлийг хүлээн авах нь зүйтэй байсан уу гэдэг талаар тодорхой тайлбаруудыг нэмэлтээр гаргана. Эдгээр захирамж хуульд нийцсэн, Засаг даргын эрх хэмжээний хүрээнд, хуулийн дагуу гарсан захиргааны акт гэж үзэж байна. Эсрэгээрээ энэхүү ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж эдэлбэр газрыг хуулийн дагуу эзэмшиж, ашигласны үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна. Ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг төрийн эрх бүхий байгууллагаас зохих журмын дагуу авсаар байтал сум, орон нутгаас хамаарах зүйл буюу ашигт малтмал ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болох байдлаар эдэлбэр газрыг олгохгүй эс үйлдэл гаргах нь өөрөө тухайн захиргааны байгууллагын хууль бус үйлдэл болно. Тиймээс дээрх захиргааны актуудыг хуулийн дагуу, эрх хэмжээнийхээ хүрээнд зайлшгүй шаардлагын үндсэн дээр гаргасан гэв.

              Гуравдагч этгээд “С Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ашигт малтмалын  ашиглалтын тусгай зөвшөөрлийг, 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Сентеррагоулд Монголия” ХХК-иас бүрэн шилжүүлж авсан даруйдаа сарын дотор газар ашиглах хүсэлтээ Цагаан-Овоо сум руу явуулсан. Миний гайхаж байгаа зүйл бол, сая иргэн И.Б “...тариалангийн талбай, бэлчээрийн газар байсан...” гэж ярьж байна. Ашиглалтын лиценз олгогдоод хэдхэн сар болж байгаа биш 15 жил болж байгаа. Хайгуулын 9 жил, ашиглалтын 5 жил гээд тухайн газарт 15 жил үйл ажиллагаа явуулсан байдаг. Геологийн бүх мэдээллийг авч үзвэл нийт  68000 метр өрөмдлөгийн ажил хийгдсэн байгаа. Нийт талбайн бүсэд биш “Мянган хоньт” гэдэг газарт юм. Хажуудаа хайгуулын кемп байж байгаа. Сүүлийн 15 жил байнгын уул уурхайн үйл ажиллагаа явагдсан. Гэтэл бид зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж эхлэнгүүт гэнэт газар авсан мэтээр хандаж байгаа нь манай компанийн эсрэг байна гэж харж байна. Манай компани ашиглалтын лиценз аваад сарын дотор хүсэлтээ өгсөн. Нэлээд удаан хугацаанд  хариу хүлээж, 2018 оны 05 сард гэрчилгээгээ авсан. Гэрчилгээ олгохын тулд сумын газрын даамал, аймгийн Кадастарын алба болон аливаа давхцал байна уу гэдгийг шалгах эрхтэй бүх байгууллага шалгасан байгаа. Бид ном ёсоор нь ажиллаад явж байгаа. Үйл ажиллагаа явагдаад, бүтээн байгуулалт эхлээд 8 сар болж байхад нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна гэв.

             Гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Еркебулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өөрөө хууль ёсны дагуу байсан уу гэдгийг ярихаас өөр аргагүй. Хэд хэдэн асуудалд шүүхийн зүгээс зайлшгүй анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээг зөв тодорхойлох ёстой. Нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбар нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хальсан асуудлууд яригдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ярихаас өмнө нэхэмжлэгч нар хуулийн шаардлага хангаж байна уу гэдэг асуудал яригдана.

            Анх шүүхэд нэхэмжлэлийг 1 төрийн бус байгууллага, 2 иргэн гаргасан. Түүнээс биш нэхэмжлэгч нар, тэдний өмгөөлөгчийн ярьж байгаа шиг Цагаан-Овоо сумын 2-р багийн иргэдээс нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, 2-р багийн өвөлжөө, хаваржаа бүхий иргэдээс нэхэмжлэл гаргасан 3 этгээдэд хуульд заасан болзол шаардлагын дагуу эрх олгосон баримт хэрэгт байхгүй. Тиймээс өнөөдөр эдгээр хүмүүс 2-р багийн иргэдийг төлөөлж нэхэмжлэл гаргасан гэсэн зүйл байхгүй байна. Нэхэмжлэгч тус бүр дээр асуудлыг ярих ёстой. Нэгдүгээрт, төрийн бус байгууллага нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотой нийтийг хамарсан асуудлаар нийтийн эрх ашгийг төлөөлж төрийн бус байгууллага нэхэмжлэл гаргах эрхийг тогтоож өгсөн. Хууль тогтоогч хууль гаргахдаа хэн дуртай төрийн бус байгууллага дуртай асуудал болгоноор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээж өгөөгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд 2 шаардлагыг тодорхой заасан.

             1. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь дүрмийн зорилгодоо нийцсэн байх ёстой, дараагийнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолно гэсэн байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах гэж байгаа. Нэхэмжлэлийн үндэслэлээ өвөлжөө, хаваржааны газартай давхцуулж олгосон, бэлчээрийн дутагдал үүссэн, хадлангийн талбайтай давхцсан, газар шорооны асуудал яригдана гэж тодорхойлсон. Гэтэл өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар энэ нөхцөл байдал нь хангалттай тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч өөрөө шүүхэд байгууллагынхаа улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг өгсөн. Энэ нь Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан дүрэмд тавигдах ёстой шаардлагыг хангахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл төрийн бус байгууллага дүрмээ Улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн байх ёстой. Улсын бүртгэлд бүртгүүлсэн, улсын бүртгэгчийн тамга тэмдэг дарагдсан дүрмийг эх хувиар нь, эсвэл нотариатаар баталгаажуулсан баримт гаргаж өгөх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага дээр тодорхой заасан. Гэтэл харамсалтай нь төрийн бус байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн дүрэм дээр Улсын бүртгэлийн тамга тэмдэг байхгүй, өөрсдөө хэвлээд төрийн бус байгууллагынхаа тэмдгийг дарсан байдалтай байсан. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг өгсөн. Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг маш тодорхой тодорхойлсон байна. Энэ үндсэн үйл ажиллагааны чиглэл дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан асуудлаар үйл ажиллагаа явуулна гэсэн ямар ч үг үсэг байхгүй. Энэ байдал нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдана. Төрийн бус байгууллагын эрх зүйн чадварын асуудал яригдана. Төрийн бус байгууллага сүүлийн 3 жилд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ёстой. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Үүнийгээ нотолсон ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Сүүлийн 3 жилд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан гэдгээ юугаар яаж нотолсон юм бэ. Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу Улсын бүртгэлийн байгууллагад үйл ажиллагааны тайлан, татварын тайлан, санхүү төрийн сангийн хэлтэст санхүүгийн тайлангаа өгсөн байх ёстой. Түүнээс гадна газар шороо, байгаль орчноо хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан, уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэл өрнүүлж байсан, жагсаал цуглаан хийж байсан, энэ үйл ажиллагаатай холбоотой орон нутгийнхаа иргэдийн эрх ашгийг ингэж хамгаалж байсан, сургалт зохион байгуулж байсан, уулзалт хийж байсан бөгөөд үүнийгээ нотолсон баримтууд байх ёстой. Энэ баримтуудаа нэхэмжлэгч өөрөө бүрдүүлж өгөх эрх нь хуулиар нээлттэй. Харамсалтай нь өгөөгүй учраас энэхүү төрийн бус байгууллага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх зүйн чадвар гэсэн шаардлагыг хангахгүй байна гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. 

               2. И.Б, С.Т гэсэн 2 иргэн захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Захиргааны актыг хүчингүй болгох уу үгүй юу гэдэг асуудлыг ярихаас өмнө нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж зөрчигдсөн байх ёстой. Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл дээрээ эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн байдлаа тодорхой дурдаагүй. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа ч тодорхой хэлсэнгүй. Нэхэмжлэлийн шаардлага бол сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах гэж байгаа юм. Энэ 2 захиргааны актаар “С Т” ХХК-д 426 га талбайг ашиглуулах зөвшөөрөл олгосон. Энэ 426 га талбайн хүрээнд асуудлыг ярих ёстой. Үүнд; 1-рт, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон нийт талбайн хэмжээ, 2-рт, тухайн орон нутгийн байгууллагаас олгосон эдэлбэр газрын хэмжээ гэсэн 2 ойлголт явж байгаа.

            Өнөөдөр та бүхэн шүүхэд сумын Засаг даргын захирамжаар олгосон газрыг  хүчингүй болгуулах шаардлага тавьж байгаа учраас энэхүү 426 га дотроо асуудлыг ярих ёстой. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон 5492 га талбай дээр асуудал яригдах ёсгүй. Учир нь шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг авч хэлэлцдэг. Анх “Сентеррагоулд Монголия” ХХК 2003-2011 оны хооронд хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан. “Сентеррагоулд Монголия” ХХК-д анх Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэрээр 11614 га талбай дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож байсан. Дараа нь 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастарын хэлтсийн даргын тушаалаар 6121 га талбайг төрийн мэдэлд буцаан авсан. Ингээд 5492 га талбай үлдсэнийг Ашигт малтмалын газрын  2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 544 дүгээр шийдвэрээр “Сентерра гоулд Монголия” ХХК-иас “С Т” ХХК-д шилжүүлсэн. Үүнээс харахад цаад түүх нь 2003 оноос эхэлж байгаа юм. Хэнийх нь эрх, ашиг хөндөгдөж байгааг цаг хугацааны хувьд шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Хэнийх нь хууль ёсны эрх, ашиг сонирхол нь эхэлж үүссэн, хэзээнээс эхэлж энэ хугацааг тоолох ёстой юм бэ, хэний газрыг хэнд давхцуулж олгочихоод байгаа юм бэ гэдгийг ярих ёстой. Нэхэмжлэл гаргасан 2 иргэн “С Т” ХХК-д сумаас газар олгохдоо бидний өвөлжөө, хаваржааны газартай давхцуулж олгочихлоо гэсэн үндэслэлийг гаргаж тавьсан. Сумаас олгосон 426 га дотор ямар ч давхцал байхгүй. Тэр дундаа нэхэмжлэл гаргасан И.Б, С.Т нарын эзэмшлийн газар нь 426 га газартай огт хамааралгүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас томилогдсон ажлын хэсэг газар дээр нь очиж, хэргийн оролцогчдыг байлцуулж албан ёсны дүгнэлтээ гаргасан. Маргаж байгаа гол үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар тогтоосон арга хэрэгслээр хангалттай няцаагдаж байгаа. Эдгээр байдлаас дүгнэж үзэхэд нэхэмжлэл гаргасан 2 иргэний эрх, ашиг сонирхол яаж зөрчигдөж, хөндөгдөж болзошгүй байгаа нь нотлогдохгүй байна.

             Захиргааны актыг хүчингүй болгох нэг үндэслэл бол тухайн захиргааны акт өөрөө хууль зөрчсөн байх ёстой. Хууль зөрчсөн гэдэг үндэслэл дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэд хэдэн тайлбарыг гаргаж тавьсан. Үүнд, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргаас тогтоол, захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчмыг хуульчилж өгсөн. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах үндсэн зарчмыг баримтална” гэж заасан. Энэ зарчмын үзэл санаа нь шийдвэр гаргах болгондоо иргэддээ мэдэгдэнэ, сонсох ажиллагаа хийнэ гэсэн ойлголт байхгүй гэдгийг илэрхийлж байгаа. Эрх нь зөрчигдсөн, хөндөгдсөн тохиолдолд сонсох ажиллагааг хийнэ. “С Т” ХХК-д 426 га эдэлбэр газар олгоход сонсох ажиллагаа хийх хууль зүйн шаардлага байгаагүй. Учир нь энэхүү эдэлбэр газрыг олгоход Цагаан-Овоо сумын 2-р багийн ямар ч иргэний эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй, тухайн газарт албан ёсоор давхцсан айл байгаагүй. Орон нутгийн байгууллага шийдвэрээ гаргахдаа бүх талаас нь шалгаж үзэж байгаа. Ийнхүү олгосон 426 га газраас хэдэн километр алс амьдарч байгаа С.Т, И.Б нарт сонсох ажиллагаа хийнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ талаар мөн Захиргааны ерөнхий хуулийн 27, 28 дугаар зүйлүүдэд маш тодорхой зохицуулсан. Хуулийн 28 дугаар зүйлд сонсох ажиллагаа хийхгүй байх үндэслэлүүдийг заасан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас тогтоол, захирамж гаргахдаа “С Т” ХХК-иас гаргасан өргөдөл, нотлох баримтыг үндэслэж, хуулийн дагуу шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч талаас мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн гэсэн тайлбар хэлдэг. Харамсалтай нь энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэгч талын гаргаж тавьж байгаа тайлбаруудыг үндэслэлгүй гэж үзэж байна.

            Дараагийн нэг асуудал нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн асуудал байна. Сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах асуудал дээр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу дээд шатны Засаг даргад заавал хандаж, хариу авсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нар энэ ажиллагааг огт явуулахгүй, шууд шүүхэд хандсан. Шүүхэд хандаад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 08-р сарын 23-ны өдөр аймгийн Засаг даргаас хариу авсан албан тоотыг шүүхэд өгсөн. Энэ нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэх баримт биш юм.

            Дараагийн нэг анхаарах асуудал бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал байгаа. 2017 оны 10 дугаар сард гарсан захиргааны актуудтай холбоотой нэхэмжлэлийг 2018 оны 05 сард гаргачихаад байгаа. Тиймээс 30 хоногийг хэзээнээс яаж тоолсон нь тодорхойгүй гэв.

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

           1-рт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь заалтыг зөрчсөн буюу иргэддээ сонсох ажиллагаа явуулаагүй гэж байгаа юм. 2003 оноос хойш “Сентеррагоулд Монголия” ХХК үйл ажиллагаа явуулж байгаад 2017 онд “С Т” ХХК-д шилжсэн. Үүнээс харахад харин ч иргэдэд биш “С Т” ХХК-д сонсох ажиллагааг хийх байсан. Гагцхүү гаргасан шийдвэр нь манай компанийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй учраас бид гомдол гаргаагүй.

            2-рт ...дээрх эзэмшилд олгосон 426 га газартай малчдын бэлчээрийн, мөн өвөлжөө, намаржаа, хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон газартай давхцсан гэдэг. Зарим иргэд эзэмшлийн газаргүй болсон нь Газрын тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон.

             3-рт, ...сумын хадлангийн бэлчээр, нөөц талбайгүй болсон гэж байна. Энэ сумын газар нутгийн хэдэн хувийг энэ 426 га газар эзлэх вэ гэдгийг анхаарах ёстой.

            4-рт Их хэмжээний газар олгож, улмаар алт олборлох болсноор манай нутгийн хувьд газрын үржил шим алдагдах, бэлчээргүй, усгүй болох аюул тулгарах тул иргэд бид зөвшөөрөхгүй, ирээдүйн нутгийнхаа бүрэн бүтэн байдал, экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах, хадгалахын төлөө эсэргүүцэж байгаа бөгөөд илт хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна гэж байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, тухайлбал Байгаль орчны яам, Ашигт малтмалын газраас олгосон албан бичгүүд, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн баримт, холбогдох бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байгааг нэхэмжлэгч нар мэдэж байгаа.

             Иймээс нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх асуудал зайлшгүй хөндөгдөнө. Захиргааны акт гэдэг маань өөрөө хууль дүрмээр тогтоогдсон хэм хэмжээний зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтаар шалгаад явахад энэ асуудал зөв үү буруу юу гэсэн асуудал гараад ирнэ. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлээс харагдана. “ННЗАЗЗ” төрийн бус байгууллагын асуудал яригдана. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх ёстой. Нотлох баримтаар гаргаж өгсөн 3 хуудас дүрмийн тухайд Б.Б гэж хүний өөрөө гаргаж байгууллагын тэмдгээ дарж өгсөн баримт байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын архидалт, мансуурал, ядуурал, ажилгүйдлийн эсрэг гэсэн 4 төрлийн үйл ажиллагаанд эрх олгосон баримт байгаа. Үйл ажиллагааны чиглэлээс харахад харин ч “С Т” ХХК-д баярлаж, та бүхний зүгээс үйл ажиллагааг нь дэмжиж, хүмүүсээ яаж ажилтай болгох вэ гэдэгт анхаарлаа хандуулах ёстой. Сүүлийн 3 жилд тогтвортой үйл ажиллагаа явуулсан, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг зохих байгууллагуудад хүргүүлсэн зэрэг нэхэмжлэл гаргах эрхээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймээс та нэхэмжлэл гаргах эрхгүй субъект.

            Нэхэмжлэгч С.Тын тухайд сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/22 дугаар захирамжаар 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр газар авчээ. Энэ нь одоогийн байдлаар компанийн үйл ажиллагаанд нөлөөлөөгүй тул бид хүчингүй болгуулахаар өргөдөл гомдол гаргаагүй. С.Т “С Т” ХХК-ийн 426 га газраас 11 километрийн цаана амьдарч байгаа. Мөн хавтаст хэрэгт ирүүлсэн таны иргэний үнэмлэхний хуулбараас харахад Цагаан-Овоо сумын ..-р багийн иргэн байна. Иймээс нэхэмжлэгч С.Тын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл байхгүй байна. Иргэн И.Бийн тухайд, уурхайн эдэлбэр газраас 200 метрийн зайд амьдарч байгаа нь үнэн. Гэхдээ энэ хашаалсан газартай ямар нэг холбоо байхгүй. Иймээс эдгээр хүмүүсийн яг ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь бүрэн тогтоогдохгүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргах зохицуулалт байгаа. Дээрх 2 иргэнээр малчдаа төлөөлүүлсэн гээд байгаа. Төлөөлүүлсэн баримт хэргийн материалд байхгүй байгаа учраас хуулийн 23.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хууль бус нотлох баримт гаргаж өгөхийг хориглоно” гэж заасан. Өнөөдөр Б.Б гэдэг хүний гаргаж өгсөн байгууллагын дүрмийг Улсын бүртгэлийн байгууллагын тамга тэмдэгтэй, эсвэл нотариатаар баталгаажуулсан байх ёстой. Гэтэл нэг газар шивчихээд, өөрт байгаа тамгаар баталгаажуулах нь хууль бус юм.

           Нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах асуудал зайлшгүй яригдана. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн үндэслэл байна гэж үзэж байгаа. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн  54.1.1 дэх заалтаас эхлээд явна. Тухайлбал, Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын бус, Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийлгээгүй байна. Үүнд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Сумын Засаг даргын А/103 дугаар захирамжийг эсэргүүцэж “Баавайн нутгийн үр сад” гэх төрийн бус байгууллага 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. “ННЗАЗЗ” төрийн бус байгууллага энэ асуудлыг огт хэлэлцээгүй шүү. Харин 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш  30 хоногийн дотор тус гомдлыг хянан хэлэлцэх захиргааны байгууллагад гаргана”, 94.2-т “Энэ хуулийн 94.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад уг хугацаа хэтэрснээс хойш 3 сарын дотор хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхтэй холбоотой гомдлоо гаргана” гэсэн байна. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш одоог хүртэлх цаг хугацааг бодоод үзээрэй. Нэхэмжлэгч эрх зүйн бүрэн чадамжгүй буюу түүнийг төлөөлсөн этгээд байхгүй гэж байгаа. Эрх зүйн чадамжгүй гэдэг нь хуулийн шаардлагуудаар хангалттай тогтоогдоно. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаад байгааг шүүх анхаарах шаардлагатай байна. Анхнаасаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байсан.

           Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг илт хууль бус болохыг тодорхойлсон заалтууд байгаа. Өөрөөр хэлбэл, утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, тухайн байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны акт гаргасан,  хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг шаардсан зэргээр илт хууль бус болно. Мөн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх хэрэгтэй. 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг тодорхойлсон. Мөн хуулийн 12 дугаар зүйлд нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, талбайн зарим хэсгийг буцаан авах зэрэг нь Ашигт малтмалын газрын бүрэн эрх юм.

            Хэрэгт “Сентеррагоулд Монголия” ХХК-аас “С Т” ХХК-д шилжүүлсэн баримт нь байгаа. Ингэхдээ 7.1 тэрбум төгрөгийн татвар төлж авсан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “Харъяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох” гэсэн заалт байна. Ийм үүрэгтэйгээр эдгээр субъектүүд оролцож байгаа. “С Т” ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүсэлтээ явуулсан. Үүнийг Цагаан-Овоо сумын Засаг дарга хүлээн авч танилцаад, 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Байгаль орчны байцаагчид цохсон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх тогтоол гаргасан. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болж, 03-р тогтоол гаргасан. Үүнийг үндэслэж 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сумын Засаг дарга А/103 дугаар захирамжаа гаргасан. Үүнээс харахад 3 хоногийн дотор шийдвэрлэсэн гэсэн зүйл харагдахгүй байна. “Баавайн нутгийн үр сад” төрийн бус байгууллагын гомдлоор аймгийн Мэргэжлийн хяналтын газар шалгалт хийж, албан шаардлага ирүүлсний үндсэн дээр А/103 дугаар захирамжид өөрчлөлт оруулах тухай А/39 дүгээр захирамж гарсан. Иймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч нь “Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны  “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож тус тус хүчингүй болгуулах”[1] нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

             Нэхэмжлэгч нар нь, эхний удаад “Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, сумын Засаг даргын “Газар ашиглуулах тухай” А/103 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах[2] нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дээрхи нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/39 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шүүх хуралдаанаар ...нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дээрхи А/39 дүгээр захирамжийг “илт хууль бус” хасаж, “хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тодруулсан болно.

            Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн өмгөөлөгч нарын тайлбар болон бусад бичгийн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хуулиар 14 хоногийн өмнө товоо зарлаж, төлөөлөгчдөд гурав хоногийн өмнө мэдэгдэл өгөх ажиллагаа хийгдээгүй, ...эзэмшилд олгосон газар нь малчдын бэлчээр, өвөлжөө хаваржааны газартай ...давхацсан, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2 заалтыг зөрчиж, иргэдэд сонсох ажиллагаа явуулаагүй гэжээ.

            Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6-р хуралдааны 03 дугаар тогтоолын[3] хууль зүйн үндэслэлийн тухайд:  

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 “...эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно” мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 “...Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж, хуралдаан болохоос нэг хоногийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд мэдэгдэнэ” талаар хуульчилжээ.

             Хариуцагч Цагаан-Овоо сумын Засаг дарга нь “С Т” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 22 дугаар албан бичгийн[4] дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэхээр, А/407 дугаар албан бичгээр санал[5] оруулж, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хуралдуулахаар зарлаж, /Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудал/-ыг хэлэлцүүлэхээр тогтсон байна. Ингээд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн 6 дугаар хуралдааныг хуралдуулж, хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 80.9 хувийн саналаар, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, өөрчлөлтийн зураглалыг хавсралтаар баталсан болох нь, ...хэлэлцэх асуудал хуралдааны тов, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 26[6], сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар тогтоолууд[7] , ...хуралдааны тэмдэглэл[8], нэхэмжлэгч болон хариуцагчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа бөгөөд дээрхи 03 дугаар тогтоолыг баталсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн  25.1-д  заасныг  зөрчөөгүй байна. 

            Нэхэмжлэгчийн ...2017 оны 10 дугаар сарын 24-26-ны хооронд 3 өдрийн дотор сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 03 дугаар тогтоол, Засаг даргын А/39 дүгээр  захирамжийг гаргасан гэж үзэхээргүй байна.

            Сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийн[9] хууль зүйн үндэслэлийн тухайд:

            Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Газар ашиглуулах тухай” А/103 дугаар захирамж[10] нь хэрэгжиж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 12-04-030-ЦО-01 тоот албан шаардлагын[11] дагуу ... А/103 дугаар захирамжийн 1 дүгээр заалтад,  ... “С Т” ХХК эдэлбэр газар 118 га, тэсрэх бодисын агуулах 3 га, ажилчдын хотхон 5 га, хөрсний овоолгын талбай 300 га[12] ашиглах газрын байршил, зориулалт хэмжээг хавсралтаар баталж, “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/39 дүгээр захирамжаар дээрхи А/103 дугаар захирамжид өөрчлөлт оруулсанаас биш хүчингүй болгоогүй учраас, Засаг даргын А/103, А/39 дүгээр захирамжууд хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэдий ч,  нэхэмжлэгч нь  2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага  гаргасан болно. Тэрээр A/39 дүгээр захирамжийг гаргахдаа, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.3, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2.2, “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03 дугаар тогтоол зэргийг үндэслэжээ.

              Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Алтан цагаан овоо” нэртэй газар 11614.22 га  ...уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрсөн, улсын бүртгэлийн 9019016071 тоот гэрчилгээтэй “Сентеррагоулд монголия” ХХК-д 2042 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар олгожээ[13]. /2012-08-31/ 11614.22 га-5492.63 га /2-р хавсралт/[14].  2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7/6394 шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн[15], ...5492.63 га талбай бүхий МҮ-017111 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдлийг ТR-008739 дугаарт бүртгэн хянаж үзээд,  Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 544 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын МҮ-017111 тоот тусгай зөвшөөрлийг “С Т” ХХК-д шилжүүлсэн байна.

             Түүнчлэн  гуравдагч этгээдэд “С Т” ХХК-д  ... ашиглуулах зөвшөөрөл олгосон 426 га эдэлбэр газар нь нэхэмжлэгч нарын эзэмшил ...өвөлжөө, хаваржаа, онцгой болон энгийн хамгаалалтын бүс газартай давхцалгүй болох нь нэхэмжлэгч  С.Тын “...энэ компанийн авсан гэх газраас 1,8 километр зайд амьдардаг” гэх, И.Бийн “манай гэрээс хойш 100 м хүрэхгүй байрлалд байх энгэр газар хашигдсанаар мал бэлчиж чадахгүйд хүрээд байна” зэрэг тайлбар, ...“Уурхайн эдэлбэр газар болох 426 га, хамгаалалтын 264.5 га, нийт 690.5 га талбайд газрын кадастрын мэдээллийн санд давхцалгүй, “С Т” ХХК-ийн 5492.63 га талбай  /426 га эдэлбэр газар/ нь  тус сумын усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалгүй” болох нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт”[16], хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

             Иймд сумын Засаг дарга нь “С Т” ХХК-ийн 5492.63 га ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй дээрхи талбайгаас ...426 га талбайд эдэлбэр газар ашиглахыг хавсралтаар баталж,  захирамж гаргахдаа холбогдох хуулийг зөрчөөгүй байгаа бөгөөд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу  ...нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлж байгааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байгаа ба ...2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга тухайн захирамжийг өөрчлөх буюу хүчингүй болгоно”  заасныг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Захиргааны ерөнхий хуулийн 27-р зүйлийн 27.1, 27.2 дахь заалтыг зөрчиж иргэдээ сонсох ажиллагаа явуулалгүйгээр шийдвэрлэсэн гэсний тухайд:

            Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн  27.1. “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, хуулийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаархи мэдэгдлийг эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд хүргүүлнэ” гэжээ. Тухайн компанид ...426 га эдэлбэр газар ашиглуулах шийдвэрийг гаргах үед дээрхи хуулийн заалтыг хэрэгжүүлэх шаардлагагүй байсан байна.  

           Гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь ...төрийн бус байгууллага болон иргэдийг төлөөлж нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлгүй, ...урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдагдсан гэсний тухайд: Нэхэмжлэгч “ННЗАЗЗ” төрийн бус байгууллагын улсын бүртгэлд[17] ...архидалт, мансуурал, ядуурал, ажилгүйдлийн эсрэг гэсэн 4 төрлийн үйл ажиллагаанд эрх олгож, Улсын бүртгэлийн 000015867 гэрчилгээнд бүртгэгдсэн байх ба, нэхэмжлэгчийн “...газар шороо, малын бэлчээр болон байгаль орчноо хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох нь нотлогдохгүй байгаа бөгөөд дээр дурьдсан чиглэлээр “Х тайлан” гаргаж байгаа зэргээс үзэхэд …сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх, шүүхэд тухайн байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу нэхэмжлэл гаргах эрх үүсэх зэргийг анхаарах нь зүйтэй юм.

            Нэхэмжлэгч С.Тын иргэний үнэмлэхийн хаягийн бүртгэл нь 6 дугаар баг, И.Б 2 дугаар багийн бүртгэлтэй байгаа хэдий ч сумын 2  дугаар багийн иргэдийг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа талаар тайлбарлаж улмаар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэр бүхий иргэдийг төлөөлж байгаа гэдгээр итгэмжлэл нөхөж ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд нэхэмжлэлийг хэд хэдэн этгээд хамтран гаргах талаар хуульчилсан байгаа бөгөөд хэрэг үүсгэснээс хойш 14 хоногийн дотор төлөөлөгчөө томилохыг санал болгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох талаар хуульчилсаныг, ...2 дугаар багийн иргэдийг төлөөлж нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй, ...иргэний тухайд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байгаа болно.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/39 дүгээр захирамжийг хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэж мэдсэнээр,  ...хүчингүй болгох гомдлыг  аймгийн Засаг даргын нэр дээр гаргаж, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2/1480 дугаар албан бичгээр[18] хариуг ирүүлсэн байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлсэн гэж үзнэ.

            Иймд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 03 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” А/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14.  107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.1, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, Газрын хэвлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Т, И.Б нарын, Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 6 дугаар хуралдааны 03 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/39 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

           

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                     Б.ОЮУН

 


[1] 1-р хавтас хэргийн 71-р хуудас

[2] 1-р хавтас хэргийн 1-3-р хуудас                           

[3] 1-р хавтас хэргийн 6-р хуудас

[4] 1-р хавтас хэргийн 89-р хуудас

[5] 1-р хавтас хэргийн 90-р хуудас

[6] 1-р хавтас хэргийн 78-р хуудас

[7] 1-р хавтас хэргийн 6-р хуудас

[8] 1-р хавтас хэргийн 49-56-р хуудас

[9] 1-р хавтас хэргийн 61-р хуудас

[10] 1-р хавтас хэргийн 8-р хуудас

[11] 1-р хавтас хэргийн 57-59-р хуудас

[12] 1-р хавтас хэргийн 7-р хуудас

[13] 1-р хавтас хэргийн 81-р хуудас

[14] 1-р хавтас хэргийн 84-р хуудас

[15] 1-р хавтас хэргийн 87-р хуудас

[16] 1-р хавтас хэргийн 166-182-р хуудас

[17] 1-р хавтас хэргийн 13-14-р хуудас

[18]  1-р хавтас хэргийн 192-р хуудас