Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 201/МА2017/00012

 

Г.Чинжээгийн нэхэмжлэлтэй,

Найман-Өргөө СӨХ-нд холбогдох хэргийн тухай

 

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Энхцэцэг даргалан, шүүгч Д.Байгалмаа, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан давж заалдах шатны  шүүх хуралдаанаар  Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 138/ШШ2017/00161 дугаар шийдвэртэй, Г.Чинжээгийн нэхэмжлэлтэй, “Найман-Өргөө” СӨХ-нд холбогдох гэм хор учруулснаас үүсэх үүрэг 3 874 896  төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг Г.Чинжээгийн давж заалдах гомдлоор  2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч,  ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцсон:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул

Нэхэмжлэгч Г.Чинжээ

Нэхэмжлэгчийн  өмгөөлөгч М.Энхтуяа

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд

Нэхэмжлэгч Г.Чинжээ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 33-р байрны 43 тоотод орших манай байр нь хамгийн дээд талын буюу тавдугаар давхрын орон сууц юм. Анх 2006 онд худалдан авч ороход  чийг даасан, шарласан байдалтай байсан ба 2013 оноос дусаал гоожиж, 2014, 2015 онуудад борооны болон цасны ус маш ихээр гоожих болсноор чийг ханхалсан, тааз шарлаж шохой нь нурсан, ханын цаас хуурсан, цахилгаан болон барилгын бүтцэд ялзрал үүссэн, балгас мэт болоод байна. Энэ бол Найман Өргөө СӨХ хийх ёстой ажлаа зохих ёсоор хийдэггүйтэй холбоотой юм. Энэ талаар СӨХ-ны захиралд хэлсэн боловч арга хэмжээ аваагүй. Ингээд мэргэжлийн төсөвчинд хандаж байрны засварын ажлын төсвийг хийлгэсэн. Төсөв ёсоор 3833096 төгрөг шаардагдах тооцоо гарсан.  Байрны засварт шаардагдах 3 833 096 төгрөг,  өмнө нь 2014 оны 8 дугаар сарын 10-нд засвар хийхэд зарцуулсан материалын үнэ 41800 төгрөг,  нийт 3 874 896 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөхөөс дараах үндэслэлээр  татгалзаж байна. Юуны өмнө тухайн байшингийн дээврийн ус гоожих явдал нь олон жилийн өмнөөс эхэлсэн ба олон жилийн насжилттай байшингийн дээврийн хар цаас урагдаж, дам нурууны заагууд моралийн элэгдэлд орж хагарсан зэрэг нь СӨХ-ийн буруутай үйлдлээс болоогүй. СӨХ-нд сардаа дунджаар засвар үйлчилгээний хөлс 1 600 000 төгрөг оршин суугчдаас ордог. Энэ мөнгийг ажилчдын хүн амын орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэл, банкны шимтгэл, ус, цахилгааны төлбөр, цэвэрлэгээний материал багаж хэрэгслийн үнэ, шугам сүлжээний засвар зэрэгт зарцуулдаг. Гэвч өөрсдийн боломж нөхцөлд үндэслээд 2016 он 5 дугаар сараас эхлэн  өөр ямар ч ажилд хөрөнгө зарахгүйгээр дээврийн засвар хийдэг хүмүүсийг хөлслөн харъяа байшингуудын дээвэрт хэсэгчлэн болон бүрэн засварыг хийж байна. Нэг айлын дээврийн талбайг хэсэгчлэн засахад 1 600 000 төгрөг болж байгаа нь СӨХ-ны бүтэн нэг сарын засвар үйлчилгээний хөлсний орлоготой тэнцэж байгаа. Гэтэл дээрх оршин суугч 3 өрөө байрны засвар үйлчилгээний хөлсөнд сард 5980 төгрөг төлж байгаа юм. Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сараас эхлэн дээврээс ус гоождог гэх шалтгаанаар засвар үйлчилгээний хөлс 113620 төгрөгийг төлөөгүй, үүргээ биелүүлээгүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 138/ШШ2017/00161 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Найман-Өргөө СӨХ-ноос бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгт 2683167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Чинжээд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас 1316728 төгрөгийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Чинжээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Найман-Өргөө СӨХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 57881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Чинжээд олгон...шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Чинжээ  давж заалдах гомдолдоо: Шүүхээс нэхэмжлэгч намайг СӨХ-нд төлөх засвар үйлчилгээний зардлыг 2015 оны 5 дугаар сараас хойш төлөөгүй учир үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж, засварын зардлын 30 хувийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2015 онд дээврээс ус гоожсоноос болж төлөөгүй биш, 2013 оноос хойш ус гоожиж амьдрах аргагүй болж 2015 оны 4 дүгээр сард байрнаасаа гарсан. Тэр үед СӨХ-нд хэлсэн боловч 2015 оны зун бүр ихээр гоожиж, 4-н давхрын айл руу нэвт гоожсон. СӨХ ийнхүү хайхрахгүй болохоор нь засвар үйлчилгээний хөлсөө төлөөгүй юм. Гэхдээ СӨХ засвар хийвэл миний зүгээс илүү ч хамаагүй мөнгө төлөөд засвар хийлгэе гэж хөөцөлдөж байсныг нотлох баримт бий. Иймд ус гоожиж байраа ашиглаж чадахгүй болсноос болоод төлөөгүй юм. Энэ 120000 төгрөгийг төлөөгүйгээс болоод ус гоожсон мэт, эсхүл тэр мөнгийг төлөөгүй болохоор л засвар хийж чадаагүй мэтээр үзэж 30 хувийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүрэн хангаж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй байна.

            Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дээврийн ашиглалтын хэвийн байдлыг хангах үүргийг тухайн сууц өмчлөгчдийн холбоо хүлээжээ.

            Тухайн орон сууцны байшингийн дээвэр ашиглалтын шаардлага хангахгүйгээс болоод 2013 оноос борооны ус гоожиж нэхэмжлэгчийн орон сууцанд гэм хор учруулсан байх тул Найман-Өргөө СӨХ-г хуулиар хүлээсэн дээрх үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчийн хуулиар хүлээсэн үүрэгтээ хайхрамжгүй хандсан гэм буруутай холбоотой гэж үзэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

            Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсгийг үндэслэн гэм хорын хэмжээг 30 хувиар багасгахдаа үндэслэлээ оновчтой тодорхойлоогүйг зөвтгөх нь зүйтэй байна. Тухайлбал нэхэмжлэгчийн орон сууцанд гэм хор учирсан явдалд түүний 2015 оны 5 дугаар сараас хойш засвар үйлчилгээний зардлыг төлөөгүй явдал нөлөөлөөгүй юм. Гэвч сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн төлсөн засвар үйлчилгээний зардлын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг, хариуцагчийн санаатай буюу хэтэрхий болгоомжгүй үйлдлээс гэм хор учраагүй зэргийг харгалзан үзвэл хариуцагчийн төлбөл зохих гэм хорын хэмжээг 30 хувиар бууруулсан анхан шатны шүүхийн шийдлийг буруу гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.

            Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Г.Чинжээгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 138/ШШ2017/00161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36018 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ЭНХЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                  Д.БАЙГАЛМАА

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.НАРАНБАЯР