Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

 

 

           Г.Д, Я.Б, Г.Т, Т.Т,

            Д.Б нарт холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Оргил-Очир,

яллагдагч Я.Б-н өмгөөлөгч Х.Базаррагчаа,

яллагдагч Г.Т, Г.Д нарын өмгөөлөгч Л.Жавзмаа,

яллагдагч Т.Тын өмгөөлөгч Д.Батсүх,

яллагдагч Д.Бгийн өмгөөлөгч Ц.Одончимэг,

хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн төлөөлөгч Э.Уянга,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэхийн гаргасан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1226 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Ариунаагийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Г.Д, Я.Б, Г.Т, Т.Т, Д.Б нарт холбогдох 2014250007486 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Цагаанчууд овгийн Галсангийн Г.Д, Дорноговь аймагт 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хэрэглээний математикч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ буюу 2010 онд Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөх, 2013 онд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, дарга, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Кристал таун” хотхоны 802-1105 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЕЭ87123074/

 

2. Дарханхүүд овгийн Яйчилын Я.Б, Дорноговь аймагт 1963 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дипломатч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, ам бүл 5; эхнэр, хүүхэд, ач нарын хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан хотхоны 57-31 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Алтан гадас одонтой. /регистрийн дугаар: УК63043012/

 

З. Намир овгийн Гонгоржавын Г.Т, Улаанбаатар хотод 1971 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 2; эхийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 28 дугаар байрны 38 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЦД71052070/

 

4. Хаяду овгийн Тогтохбазарын Т.Т, Дорноговь аймагт 1972 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, орчуулагч, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Хууль эрх зүйн хэлтэст хуульчаар ажиллаж байсан, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 31-130 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЕЮ72111531/

 

5. Хонгор овгийн Доржпүрэвийн Д.Б, Дорноговь аймагт 1969 оны 6 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ам бүл 3; нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Сөүл роял каунти хотхоны 310-101 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: ЕК69061961/

 

Г.Д:

Монгол Улсын Тэргүүн Шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод 150 тонны даацтай автопүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан, өөрийн төрсөн эгч Г.Улзмаа, найз Н.Энхболд нарын нэрээр үүсгэн байгуулсан өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 135,292,300 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж, пүүний үндсэн эд ангиудын үнэ эрс нэмэгдсэн гэх үндэслэлээр 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гэрээний үнийн дүнг өсгөж 199,792,300 төгрөгийн үнийн дүнтэй нэмэлт гэрээ байгуулан, уг санхүүжилтыг “Эн Ай Ди Би” ХХК-иар дамжуулан авсан атлаа 62,676,000 төгрөгөөр чанар, ашиглалтын шаардлага хангахгүй автопүүг Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт барьж байгуулан 2010 оны 10 дугаар сарын 7-ны өдөр өөрийн ахласан ажлын хэсгээр акт үйлдэн хүлээн авч, Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын албанд хүлээлгэн өгч, улсын төсвийн хөрөнгийн 137,116,300 төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан,

Монгол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Б, тус компанийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Т, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Т, иргэн Д.Б нартай бүлэглэн “Эрдэнэс таван толгой” ХК-аас 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Бтай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулан хууль бусаар сонгон шалгаруулахын тулд гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлж, нарийн бичгийн даргаар өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Тг томилсон тушаалыг 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гаргуулж, улмаар дээрх сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцлийг хааж “Говь повер” ХХК-д давуу байдал олгосон тендерийн баримт бичгийг Г.Тгээр боловсруулан хууль бусаар зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгүүлж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн компанийг хууль бусаар сонгон шалгаруулсан, улмаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсууриар “Говь повер” ХХК-тай 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,700,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулуулж, гэрээний урьдчилгаанд “Эрдэнэс таван толгой” ХК-аас 700,000,000 төгрөгийг “Говь повер” ХХК-д шилжүүлэн авсан,

2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах” тухай тогтоол гарч, “Эрдэнэс таван толгой” ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болж “Говь повер” ХХК-тай байгуулсан дээрх гэрээг хүчингүй болгосон байхад “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бгаар гэрээ цуцалсантай холбогдуулан тус компанид гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7,413,055,365 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргуулан, Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Т нарыг тус иргэний хэргийн шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж, “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжилсэн 7,413,055,365 төгрөгөөс 5,328,916,262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700,000,000 төгрөгийг хасч үлдэх 4,835,164,509 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412,495,807 төгрөгийн 50 хувь буюу 206,248,247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн хууль бус Эвлэрлийн гэрээг байгуулуулснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарч,

Г.Д нь төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж “Эрдэнэс таван толгой” ХК-д нийт 5,535,164,509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан,

 

Я.Б:

“Эрдэнэс таван толгой” ХК-аас 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт Г.Дгийн хамаарал бүхий түүний эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Бтай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулж шалгаруулахын тулд 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлөн нарийн бичгийн даргаар  Г.Дгийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Тг томилж, улмаар Г.Тгийн Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин хууль бусаар зохион байгуулж сонгон шалгаруулсан “Говь повер” ХХК-тай 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,700,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж гэрээний урьдчилгаанд 700,000,000 төгрөгийг “Говь повер” ХХК-д шилжүүлсэн,

2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас “Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах тухай” тогтоол гарч, “Эрдэнэс таван толгой” ХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсны улмаас “Говь повер” ХХК-тай байгуулсан дээрх гэрээг хүчингүй болгож, 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 01/706 дугаартай мэдэгдэл хүргүүлсэн атал “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бгийн гэрээг цуцалсантай холбогдуулан гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэг нийт 7,413,055,365 төгрөгийн хохирол нөхөн төлөхийг шаардсан хууль бус нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэлээр тус компанийн Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Т нарыг томилон оролцуулж, “Эрдэнэс таван толгой” ХК нь “Говь повер” ХХК-ийн нэхэмжилсэн 7,413,055,365 төгрөгөөс 5,328,916,262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700,000,000 төгрөгийг хасч үлдэх 4,835,164,509 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412,495,807 төгрөгийн 50 хувь буюу 206,248,247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хууль бус Эвлэрлийн гэрээ байгуулснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гаргуулсан зэрэг үйлдлээр Г.Дгийн зохион байгуулсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж “Эрдэнэс таван толгой” ХК-д нийт 5,535,164,509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Г.Т:

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Д, тус компанийн гүйцэтгэх захирал Я.Б, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Т, иргэн Д.Б нартай бүлэглэн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 425 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллахдаа өөрийн хамтран амьдрагч Г.Улзмаагийн төрсөн дүү, тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дгийн хамаарал бүхий, эхнэр Г.Уянгынхаа нэрээр иргэн Д.Бтай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-д давуу байдал олгож, уг сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцөлийг хаах зорилгоор тендерийн баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж боловсруулан, тендерийн урилгыг гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй “Говь нирун” ХХК, “Далайн хилэнц” ХХК, “Зууны мөрөөдөл” ХХК, “Хар-Арслан” ХХК-д тус тус хүргүүлж, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй “Ёл Ази” ХХК, “Тахидаг хайрхан” ХХК-д хүргүүлээгүй атлаа хүргүүлсэн мэтээр хуурамч баримт бүрдүүлэх зэргээр тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулах ажлыг зохион байгуулж, Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт заасныг зөрчин “Говь повер” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулснаар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Б 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Говь повер” ХХК-тай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,700,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулж гэрээний урьдчилгаанд 700,000,000 төгрөгийг “Говь повер” ХХК-д шилжүүлэх нөхцлийг бүрдүүлж, Г.Дгийн зохион байгуулсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж “Эрдэнэс таван толгой” ХК-д нийт 5,535,164,509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

 

Т.Т:

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах тухай” тогтоол гарсантай холбогдуулан “Эрдэнэс таван толгой” ХК нь цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болж гэрээг цуцалсантай холбогдуулан “Говь повер” ХХК-ийн захирал Д.Бгийн гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэгт нийт 7,413,055,365 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шүүхэд гаргасан хууль бус нэхэмжлэлтэй иргэний хэрэгт “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/818 дугаартай итгэмжлэлийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаарагийн хамт оролцохдоо “Говь повер” ХХК-ийн хууль бус 7,413,055,365 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 5,328,916,262 төгрөгийг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700,000,000 төгрөгийг хасч, үлдэх 4,835,164,509 төгрөгийг, нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412,495,807 төгрөгийн 50 хувь буюу 206,248,247 төгрөгийг тус тус “Эрдэнэс таван толгой” ХК төлөхийг хүлээн зөвшөөрсөн хууль бус Эвлэрлийн гэрээ байгуулснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гаргуулсан зэрэг үйлдлээр Г.Дгийн зохион байгуулсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж “Эрдэнэс таван толгой” ХК-д нийт 5,535,164,509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

 

Д.Б нь:

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Д, тус компанийн гүйцэтгэх захирал Я.Б, Худалдан авалт ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Т, Хууль эрх зүйн хэлтсийн хуульч Ш.Бадмаараг, Т.Т нартай бүлэглэн 2013 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй “Говь повер” ХХК-ийг Г.Дгийн эхнэр Г.Уянга, өөрийн төрсөн дүү Д.Баярхүү нарын нэрээр иргэн Д.Дашдондогоос Г.Дгийн хамт худалдан авч, “Эрдэнэс таван толгой” ХК-аас зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр, “Цагаан хад” гэх газарт Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэгчийг сонгох тендерт Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Д, гүйцэтгэх захирал Я.Б, Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Т нарын дэмжлэгтэйгээр хууль бусаар шалгарч, улмаар 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Бтай Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17,700,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, урьдчилгаа 700,000,000 төгрөгийг “Говь повер” ХХК-д шилжүүлэн хүлээн авсан,

Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Таван толгойн нүүрсний уурхайг түшиглэн гаалийн бүс байгуулах тухай” тогтоол гарсантай холбогдуулан “Эрдэнэс таван толгой” ХК цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болж, дээрх гэрээ нь цуцлагдсан байхад “Говь повер” ХХК-д гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг, алдагдал зэрэгт нийт 7,413,055,365 төгрөгийн алдагдал хүлээсэн мэтээр шүүхэд хууль бус нэхэмжлэл гарган “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийн 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01/818 дугаар итгэмжлэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Ш.Бадмаараг, Т.Т нараар нэхэмжлэлийн 5,328,916,262 төгрөг буюу гэрээний урьдчилгаанд төлсөн 700,000,000 төгрөгийг хасч, үлдэх 4,835,164,509 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагын алдагдалд нэхэмжилсэн 412,495,807 төгрөгийн 50 хувь буюу 206,248,247 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрүүлсэн хууль бус эвлэрлийн гэрээ байгуулснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1473 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гаргуулсан үйлдлүүдээр Г.Дгийн зохион байгуулсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор урвуулан ашиглаж “Эрдэнэс таван толгой” ХК-д нийт 5,535,164,509 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,

Я.Б, Г.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар,

            Т.Т, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн З6.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Д, Я.Б, Г.Т, Т.Т, Д.Б нарт холбогдох хэргийг Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн, хангалттай нотолж чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг төгссөн цаг хугацаатай холбоотой үйл баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоолгүйгээр прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн, шүүх Г.Дгийн зохион байгуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх Я.Б, Г.Т, Т.Т, Д.Б нарын ямар үйлдэлд хэн, хэрхэн хамтран оролцсон, тэдгээрийг буруутгаж байгаа үйл баримтад гэм буруугийн ямар хэлбэрээр оролцсон болохыг хангалттай нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзжээ.

Хяналтын шатны шүүхийн тогтоолд заасан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх боломжгүй байна гэж үзэн Г.Д нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцааж, яллагдагч Г.Дд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчилж хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагч Я.Б, Г.Т, Т.Т, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

            Прокурор Ж.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ: “... Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 237 дугаар тогтоолоор “Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 404 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Г.Д, Я.Б, Г.Т, Т.Т, Д.Б нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэх”-ээр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан.

Гэвч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхгүйгээр 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “Хэргийг прокурорт буцаах” тухай 1226 дугаар захирамжийг гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” зохицуулалтын хүрээнд шүүгч мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх”; 1.2 “хэргийг прокурорт буцаах”; 1.3 “хэргийг түдгэлзүүлэх”; 1.4 “хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх” шийдвэрийн аль нэгийг гаргахаар хуульчилсан.

Дээрх шүүгчийн шийдвэрүүдийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2, 33.3, 33.4 дүгээр зүйлүүдэд нарийвчлан зохицуулсан ба 33.3 дугаар зүйлд “шүүхээс хэргийг прокурорт буцаах” журмыг хуульчилж өгсөн.

Тодруулбал, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ”. Үүнд: 1.1 “хэргийг буруу тусгаарласан бол”; 1.2 “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”; 1.3 “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж заасан болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчин Г.Д нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхгүйгээр прокурорт буцаасан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1226 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Яллагдагч Я.Батсуурийн өмгөөлөгч Х.Базаррагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна. Улсын Дээд шүүх заахдаа “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шат” гэсэн. Тэгэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд шүүх, прокурорын хууль хэрэглээний зөрүү, маргаан гараад байх шиг байна. Хэрвээ прокуророос хэрэг шилжиж ирснээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үе шат үүсэж байна гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар шүүх 15 хоногийн дотор өөрийн санаачлагаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах боломжтой гэж үзэж байна. Тэгэхээр энэ эрхийнхээ хүрээнд шүүх шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1, 33.3 гэсэн хоёр зүйлийг би ялгаатай ойлголт гэж үзэж байна. 15 хоногийн дотор шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хэн нэгнээс санал авалгүйгээр шийдвэрлэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасныг барих ёстой. Харин хэлэлцүүлэг хийгээд явж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлд заасныг барих ёстой. Харамсалтай шүүгчийн захирамждаа энэ 2 зүйлийг хоёуланг нь барьсан байсан. Тийм учраас шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулаад хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.” гэв.

 

Яллагдагч Г.Т, Г.Д нарын өмгөөлөгч Л.Жавзмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурор өөрийн эрх хэмжээний асуудал. Улсын Дээд Шүүхийн 2017 оны 237 дугаар тогтоолд “хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр” гэж байгаа. Тэгэхээр дахин хэлэлцүүлнэ гэдэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаасаа дахин хэлэлцүүл гэж ойлгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасныг яаж хэрэглэх вэ гэдэгт прокурор, шүүхийн хууль хэрэглээний зөрүү байна. Улсын Дээд Шүүхийн тогтоолд зааснаар дахин хэлэлцүүлэхээр шүүх хуралдаанаар хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна.” гэв.

 

Яллагдагч Т.Тын өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тусгайлан гаргах санал байхгүй. Шүүгчийн хувьд зайлшгүй гаргах ёстой шийдэл байсан. Гэхдээ процессын хувьд зөрчил гэж үзэж бичсэн прокурорын эсэргүүцлийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл байхгүй.” гэв.

 

Яллагдагч Д.Бгийн өмгөөлөгч Ц.Одончимэг тус шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг буруутгах үндэслэлгүй.” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн төлөөлөгч Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.

 

Прокурор Т.Оргил-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Ж.Ариунаагийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Тус эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Г.Д, Я.Б, Г.Т, Т.Т, Д.Б нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1226 дугаар шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болсон хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Д, Я.Б, Г.Т, Т.Т, Д.Б нарт холбогдох хэргийг хэлэлцээд 237 дугаар тогтоолоор “... мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн, хангалттай нотолж чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг төгссөн цаг хугацаатай холбоотой үйл баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоолгүйгээр прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ...” гэж дүгнэн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн /Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:/ 1.2 дахь заалтад “хэргийг прокурорт буцаах;” гэж,

            мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахгүй байж болно” гэж,

            6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:” гэж,

            мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ:” гэж тус тус заасан.

 

            Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатны нэг хэсэг болж хуульчлагдсан ба талууд хүсэлт, гомдол гаргаагүй бол заавал урьдчилсан хэлэлцүүлэг явуулахыг шүүхэд үүрэг болгоогүй байна.

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан шүүгч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх шатанд хэргийг прокурорт буцаахдаа дангаар шийдвэрлэх, эсхүл талуудын хүсэлт, гомдол, өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж шийдвэрлэх журмыг хуульчилсан гэж үзэхээр байна.

 

            Дээд шатны шүүхээс тодорхой дүгнэлт хийсэн нөхцөлд талууд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй тохиолдолд хэргийг прокурорт буцаах асуудлыг дангаар шийдвэрлэж шүүгчийн захирамж гаргасныг хууль зөрчсөн гэж буруутгах аргагүй юм.

 

            Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1226 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ж.Ариунаагийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          Т.ӨСӨХБАЯР

                                                                                                            М.ПҮРЭВСҮРЭН