| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07545/И |
| Дугаар | 493 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 493
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Төв аймгийн Заамар суманд байрлах “Заамар хаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 49 байр 1 дүгээр орц, 11, 12 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Нарийн гол гоулд” ХХК-д холбогдох
465,037,016 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баасандорж, хариуцагчийн төлөөлөгч С.Мижиддорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Заамархаан” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Нарийн гол гоулд” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 86/14 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээний 1.1-т заасны дагуу захиалагч тал буюу “Нарийн гол гоулд” ХХК нь өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлолт явуулахаар төлөвлөсөн талбайгаас олборлох блокуудад металлын агуулга бүхий элсийг олборлож, боловсруулах, техникийн ба биологийн нөхөн сэргээлт хийх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах эрх, үүргийг гэрээнд заасан журмаар гүйцэтгэх, гүйцэтгэгч буюу “Заамархаан” ХХК тусгай зөвшөөрлийн талбайд явуулсан геологи хайгуулын болон бусад бүхий л төлбөр тооцоог бүрэн тооцож авна. Геологи хайгуулын зардал болон бусад бүхий л төлбөр тооцоог барагдуулж дууссанаас хойш олборлосон металлын 30 хувийг тухайн үеийн ханшаар тооцож захиалагчид шилжүүлэх, гүйцэтгэгч нь ажил үүргийг гүйцэтгэсэн ажлын хөлсөө олборлосон металаас өөрт ноогдох 70 хувийг борлуулсан орлогоос тооцож авахаар гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу манай компани геологи хайгуулын зардал болон бусад бүхий л төлбөр тооцоо болох 542,200,000 төгрөгийг “Нарийн гол гоулд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд олборлосон металлын ашигаас бүрэн тооцож авахаар тохирсон. Геологи хайгуулын болон бусад бүхий л төлбөр тооцоонд дараах тооцоо орно. Үүнд: “Нарийн гол гоулд” ХХК-ийн ерөнхий захирал С.Мижиддоржид бэлэн олгосон төлбөр тооцоо, 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 14,900,000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 40,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 01-ны өдөр 17,000,000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 09-ны өдөр 20,000,000 төгрөг, 2014 оны 9 дүгэр сарын 03-ны өдөр 10,000,000 төгрөг нийт 131,900,000 төгрөг, “Нарийн гол” ХХК-ний хувьцаа эзэмшигч С.Туяад бэлэн олгосон төлбөр тооцоо 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 30,000,000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 180,300,000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 12,000,000 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 88,000,000 төгрөг нийт 310,300,000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөрт 100,000,000 төгрөг нийт олгосон төлбөр 542,200,000 төгрөг. Манай компани “Нарийн гол гоулд” ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын Нарийн гол хэмээх газарт байрлах ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд 2014 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл олборлолтын үйл ажиллагаа явуулсан. 2015 оны 4 дүгээр сард олборлолтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах гэсэн боловч “Нарийн гол гоулд” ХХК-д манай компанитай хийсэн гэрээний үүргээ зөрчин манай үйл ажиллагаа явуулах байсан талбай дээр н.Алтанцэцэг гэдэг захиралтай өөр компани оруулснаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, гэрээний үүрэг зөрчигдсөн. “Нарийн гол гоулд” ХХК-тай байгуулсан гэрээний 10.1-т зааснаар гэрээний ерөнхий хугацаа 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2 жил байх ба гэрээний хугацаа хүчин төгөлдөр байхад “Нарийн гол гоулд” ХХК нь манай компанийг олборлолт явуулах боломжгүй болгон саад хийж гэрээний үүргээ зөрчсөн. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “...Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан байдаг бөгөөд манай компани 2014 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл олборлолтын үйл ажиллагаа явуулан 77,162,984 төгрөгийн цэвэр ашиг олсон /Санхүүгийн тооцоог хавсаргасан/ бөгөөд үүнийгээ “Нарийн гол гоулд” ХХК-иас авах төлбөр тооцоо болох 542,200,000 төгрөгөөс хасаж, нийт 465,037,016 төгрөгийн төлбөр тооцоо үлдсэн. “Нарийн гол гоулд” ХХК-иас 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 465,037,016 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Нарийн гол гоулд” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Заамархаан” ХХК-ийн нэхэмжилсэн 465,037,016 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч “Нарийн гол гоулд” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Заамархаан” ХХК нь хариуцагч “Нарийн гол гоулд” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 465,037,016 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нэхэмжлэгч “Заамархаан” ХХК-ийн нэхэмжилсэн 465,037,016 төгрөгийг хариуцагч “Нарийн гол гоулд” ХХК төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж байна.
Хариуцагч “Нарийн гол гоулд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа байдал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,483,135 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нарийн гол гоулд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,483,135 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Заамархаан” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Заамархаан” ХХК-ийн нэхэмжилсэн 465,037,016 төгрөгийг хариуцагч “Нарийн гол гоулд” ХХК нь төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,483,135 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Нарийн гол гоулд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2,483,135 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Заамархаан” ХХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА