| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0589/Э |
| Дугаар | 582 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 582
2020 06 17 2020/ШЦТ/582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Б.А, М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А, М.Б нарыг холбогдох яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909038920526 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн байлдагч, тоотод оршин суудаг, одоо Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид хугацаат цэргийн алба хааж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.А /регистрийн дугаар /,
2.Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эцгийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.А, М.Бнар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Батжаргалтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зовхинд зулгаралт, дух, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, яллагдагч Б.А нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ иргэн Б.Дөлгөөнтуяатай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохиж эрүүл мэндэд нь зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд цус хуралт, уруулд шарх, 3 шүдний паалангийн эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “…Тэр өдөр бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид хоёр тамхилах гэж гарч байсан. Гадаа байж байхад Бадрал нь таньдаг эмэгтэй найз нь байна гээд Хулантай юм яриад зогсож байсан. Би Бадралыг яаруулаад явъя гэхэд цаанаас Дөлгөөнтуяа гэх охин үгээр доромжилж эхэлсэн. Тэр охинтой маргалдсан чинь намайг үсдээд алгадсан. Би болиоч гэж хэлэхэд цаанаас Батжаргал гэх залуу гарч ирээд “чи эмэгтэй хүн зодлоо” гээд үгийн зөрөөгүй намайг цохсьон. Намайг цохиод буцаж машиндаа зугтаад очиж суусан. Би ардаас нь хөөж очоод машиных нь цонхоор Батжаргал гэх залууг цохьсон. Би цохиод буцаад явсан. Гэтэл ардаас 3 найзаа дагуулж ирээд намайг бүлэглэж зодсон. Зодуулаад байж байхад Бадрал хажуунаас орж ирээд намайг өмөөрөөд Батжаргал гэх залууг 2 удаа цохьсон. Зодооны явцад би Дөлгөөнтуяа гэх охиныг санаатай цохиогүй. Зодооны үед санаандгүй тохойгоороо цохьсон. Ийм зүйл болсон...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оноож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-43-44, 85/,
Шүүгдэгч М.Бшүүхийн хэлэлцүүлэгт “…Тухайн өдөр хүүхдийн 100-н мохитогийн урд бид хоёр хамт явж байсан. Би Хуланг таньдаг ба бид хоёр юм ярьж байсан. Дөлгөөнтуяа нь сэтгэл санааны байдал тавгүй, найз залуутайгаа муудалцсан гээд нилээн согтуу явж байсан. Хулан бид хоёрыг юм яриад зогсож байсан чинь бид хоёр руу хараалын үг урсгаж, доромжилж эхэлсэн. Тэрнээс болоод Дөлгөөнтуяа, Алтайсайхан 2 муудалцсан. Тэр хоёр маргалдаж байхад Дөлгөөнтуяа нь Алтайсайханы үснээс зулгаагаад үсдчээд тавихгүй байсан. Тэр хоёр салгах гээд дийлэхгүй байхад Батжаргал хажуунаас гүйж орж ирсэн. Алтайсайханыг хэл амаар доромжлоод хажуунаас нь өшиглөсөн. Зугтаад машин руугаа орсон чинь Алтайсайхан гүйж очоод машинд нь сууж байхад нь наад талын цонхоор цохьсон. Батжаргал буцаж гүйж гарч ирээд маргалдсан. Маргалдаад байж байхад 3 залуу гарч ирсэн. Тэр 3 залуу Батжаргалтай нийлээд Алтайсайханыг бүлэглэж зодсон. Би өмөөрөөд Батжаргалыг 2 удаа цохьсон. Тэр 3 залууг Батжаргал, Дөлгөөн нар нь танихгүй гэсэн...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би хохирогч Батжаргалтай маргалдаж байгаад Батжаргалын баруун шанаа хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Хохирогч Батжаргалыг машин дотроо сууж байхад нь Алтайсайхан хоёр удаа нүүр хэсэгт нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-50-51/,
Хохирогч А.Батжаргалын “...Алтайсайхан гэх хар өнгийн пальто, хар өнгийн гутал, хар өнгийн өмд, цамцтай эрэгтэй чи хэн бэ гээд миний машин дээр ирээд машины цонхоор миний хамар луу баруун гараараа 2 удаа цохиод миний хамарнаас цус гараад машиндаа хамрынхаа цусыг тогтоогоод тэгээд машинаас буугаад хоёр эмэгтэй найзыгаа үл таних 2 эрэгтэй хүнээс салгах гээд яваад очтол Бадрал гэх цагаан цэнхэр өнгийн куртик, жинсэн өмдтэй залуу миний нүүрэн тус газар буюу дух хөмсөг рүү 2 удаа баруун гараараа цохисон ...тэр үед миний хамарнаас дахиж цус гараад толгой эргээд би доошоо суугаад байж байгаад цусаа тогтоогоод хартал тэр хавьд хүн байхгүй байсан. тэр залуу над дээр чи хэн бэ гээд машины цонхон дээр ирээд шууд үгийн зөрүүгүй гараараа миний нүүр хэсэгт нэг удаа цохисон. ...Бадрал гэх залуу нь миний нүүр хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тэгээд манараад байж байхад найз найз Дөлгөөнтуяаг Алтайсайхан гэх залуу цохичхоод зугтаасан гэсэн ...Шинжээчийн дүгнэлт дээрх гэмтлүүдийг эхлээд Алтайсайхан нь нэг удаа гараараа цохисон, дараа нь Бадрал нь 2 удаа гараараа цохиж гэмтээсэн. ...Миний биед учирсан хамрын хугарал гэмтлийг намайг машинд сууж байх үед Алтайсайхан эхэлж миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тухайн үед миний хамраас цус гарсан. ...Бадрал ирээд миний хамар, зүүн талын зовхи хэсэгт нэг удаа гараараа цохисон. Бадралд цохиулаад миний хамраас дахиад цус гарсан ба зүүн нүд, зовхи хавдаж улайсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-24-25, 67/,
Хохирогч Б.Дөлгөөнтуяагийн “...Алтайсайхан надаас салаад машины цонхоор Батжаргалын нүүр хэсэг рүү цохисон. ..Мохитогийн урд талд Алтайсайхан зогсож байхаар нь би хөөе гээд дуудсан. Тэгтэл Алтайсайхан баруун гараараа миний нүүрний зүүн тал руу 1 удаа шанаадаад би газар унасан. ...Алтайсайхан миний шүд рүү цохиод зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-21-22/,
Гэрч О.Халиунаагийн “...гэнэ хажуу талаас нэг залуу гараад ирсэн чинь Дөлгөөнтуяаг өө тэр байна гэсэн тэр залуу гүйж ирээд Дөлгөөнтуяагийн нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохичхоод зам хөндлөн гараад зугтаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹12613 тоот актын “…А.Батжаргалын биед хамар ясны хугарал, зүүн зовхинд зулгаралт, дух, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-17/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹12624 тоот актын “…Б.Дөлгөөнтуяагийн зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд цус хуралт, уруулд шарх, 3 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Шинэ гэмтэл байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт /хх-17/,
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-55, 62/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59, 65/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-63/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-76-79/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-93-95/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.А, М.Бнар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Батжаргалтай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн зовхинд зулгаралт, дух, хамрын нуруу, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн шүүгдэгч Б.А нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ иргэн Б.Дөлгөөнтуяатай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараар цохиж эрүүл мэндэд нь зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд цус хуралт, уруулд шарх, 3 шүдний паалангийн эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч А.Батжаргал, Б.Дөлгөөнтуяа, гэрч О.Халиун нарын мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №12613, №12624 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч Б.А, М.Бнарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.А, М.Бнар нь бүлэглэж хохирогч А.Батжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “бүлэглэж” үйлдсэн,
мөн шүүдэгч Б.Аы хохирогч Б.Дөлгөөнтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.А, М.Бнарын дээрх үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нарын зүгээс хохирогч Б.Дөлгөөнтуяа, А.Батжаргал нарт учирсан хохирлыг шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан ба хохирогч нар нь “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэхгүй зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.А, М.Бнарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.А, М.Бнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тус бүр 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.А, М.Б нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн,
мөн шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “хоёр хүний” эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, М.Бнарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, М.Бнар нь энэ тогтоолоор тус бүрт нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.А, М.Бнар нь энэ тогтоолоор тус бүрт нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.А, М.Бнар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.Бадралд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР