Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 584

 

 

 

 

 

 

 

     2020           06          17                                        2020/ШЦТ/584

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          хохирогч Х.Сэлэнгэ,

          хэлмэрч С.Бямбадэлгэр,

          шүүгдэгч Х.Ө, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Ө-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2009009400563 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байр, 269 тоотод оршин суух хаягтай,

2018 оны 10 дугаар сарын 08-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Х.Ө /регистрийн дугаар /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Яллагдагч Х.Ө нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр агсам согтуу тавин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр зөрчлийн арга хэмжээ авагдсан, мөн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянхангай” нэртэй амралтын газарт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Х.Сэлэнгэтэй гэр бүлийн харилцаа салж, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны эзэмшил, өмчлөлтэй холбоотой харилцан үл ойлголцлоос болж маргалдах явцдаа Х.Сэлэнгийг зодож эрүүл мэндэд нь дух, шанаа, хацар, хүзүү, уруул, завжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Ө шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…эхнэр Сэлэнгэ амралтын газар ирээд хүүхдүүдээ авч явна гээд маргалдсан, улмаар над руу нулимаад хуц гэж хэлсэн, тэгэхээр нь би гарын араараа цохисон чинь хамраас нь цус гарсан, нэг даа
алгадсан, ууцан дээр нь баруун гараараа чанга цохисон, би уруул хамрын хэсэгт
нь цохисон, ам руу нь цохисон, Сэлэнгийн биед гэмтэл учруулснаа хүлээн
зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-6-7/,

 

Хохирогч Х.Сэлэнгэ шүүхийн хэлэлцүүлэгт “…Х.Ө битүүний өдөр хоёр хүүхдээ аваад цагаан сараар золгочихоод хүргээд өгнө гэсэн. Шиний хоёрны өдөр хоёр дахь охин миний утас руу мессеж бичээд ээж намайг аваач гэсэн. Би яах юм бэ наанаа байж бай гэсэн. Ээж ирээд ав гэж хэлсэн. Ээжээ санаад байна ирээд яаралтай ав гэсэн. Би очоод хүүхдүүдийнхээ хувцас, цүнхийг бэлдэхэд муухай харсан. Өчигдөр шинийн нэгэнд бид нар ах дүү, гэр бүлээрээ яриад чамайг заавал 1 сар шоронд оруулна, ухаан оруулна гэж байна гэсэн. Буруу юм зөндөө хийсэн байна. Байраа буцаагаад авна. Таван хүүхдээ авна гэсэн. Битий худлаа яриад бай, би чамайг тэсэхгүй байна гэсэн. Шууд дайраад цохьсон. Шоконд орсон. Гадаа гараад дахиад зодсон. Намайг янхан, хулгайч гэсэн. Намайг нүүрээ цохисны дараа нүүр чинь муухай болсон хохь чинь гэсэн. Тэгээд цагдаад хэлсэн...” гэв.

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “...би нөхөр Хархүүгийн Өнөрбаяр гэдэг хүнээс 2019 оны эхээр салаад 1 жил болж байгаа бөгөөд дундаасаа 5 охинтой ба хүүхдүүд маань над дээр бүгд байгаа, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр цагаан сарын баярын өдөр болж байсан учир нөхөр Х.Ө нь хүүхдүүдээ өвөө, эмээ дээр нь авчирсан золгуулж байна чи хүрээд ир, Ану-Хулан ээжийгээ санаад байна гэж гар утасны дугаараар мэссэж бичсэн, би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын зусланд байрлах Баян-Хангай амралтын баазад байрлах хадам ээж Саранчимэгийн гэрт очсон, /Манай нөхөр Х.Ө нь хэлгүй, сонсгол муутай групп байдаг, дохионы хэлээр ярьдаг хүн юм./ Тэгээд би нөхөр Х.Өын ээж Саранчимэгтэй золгочхоод байж байтал нөхөр Х.Ө нь дохионы хэлээр чамд би байр өгөхгүй, хүүхдүүдээ би авах болно, бид нар гэр бүлээрээ ярьсан, би чамайг шоронд хийх талаар хэлээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь Х.Өт би чамд итгэхгүй, бичиг хийлгээд өг, Мандахбаяр ах чинь надад байрыг өгсөн чи яахлаараа авдаг юм бэ? тэгвэл би чамайг Мандахбаяр ахад чинь хэлнэ талаар дохионы хэлээр хэлтэл нөхөр Х.Ө нь шууд нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөж, үснээс гараараа зулгааж толгойг доошоо дараад нүүрэн тус газарт сөхөж гараараа цохиж, нуруу хэсэг руу гараараа цохиод байсан, би тухайн үед шоконд ороод өөдөөс нь хариу үйлдэл хийж чадаагүй, намайг зодож байхдаа ядуу хулгайч, янхан, тэр байрнаасаа зайлаарай би байраа буцааж авна гэж дохионы хэлээр хэлсэн, Х.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, эрүүл саруул байсан, санал гомдол байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹3024 тоот актын “…Х.Сэлэнгийн биед дух, шанаа, хацар, хүзүү, уруул, завжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, гэмтлүүд тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ
гэмтлүүд байна…” гэсэн дүгнэлт /хх-25-26/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-52/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-63-64/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Х.Ө нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр агсам согтуу тавин гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээр зөрчлийн арга хэмжээ авагдсан, мөн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянхангай” нэртэй амралтын газарт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Х.Сэлэнгэтэй гэр бүлийн харилцаа салж, дундын өмчлөлийн эд хөрөнгө болох орон сууцны эзэмшил, өмчлөлтэй холбоотой харилцан үл ойлголцлоос болж маргалдах явцдаа Х.Сэлэнгийг зодож эрүүл мэндэд нь дух, шанаа, хацар, хүзүү, уруул, завжинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь дээр дурьдсан хохирогч Х.Сэлэнгийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн №3024 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Х.Өын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч Х.Өын хохирогч Х.Сэлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Х.Өын дээрх үйлдлийн улмаас хохирогч Х.Сэлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Х.Өын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Х.Өнөрбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Үүнээс гадна шүүх шүүгдэгч Х.Өнөрбаярт 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч х.Өнөрбаяр нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар” буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө нь энэ тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Х.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Х.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР